Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулагчдын нэг, Индонезийн зохиолч, дуучин хатагтай Дэви Листари Дээрхийн гэгээнтэн Далай Ламыг тус улсын мянга гаруй сурагчидтай уулзах гэж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, хүндэтгэлтэйгээр уулзалтад урив. Өнөөдрийн уулзалтын сэдэв нь Бурхан Багшийн өмнөх дүрүүдийн амьдрал, үйлс зохионгуйг өгүүлсэн Жатакамала үлгэрүүд буюу Төрөл дарааллын цадиг-ийн тухай гэдгийг тодруулав. Индонезийн Ява арал дээр байх Боробудур суваргын ханан дээр дээрх үлгэрүүдийн үйл явдлыг дүрслэн сийлсэн байдгийг дурдлаа. Мөн өнөөдрийн арга хэмжээ нь тус улсын Кадам Чойлин нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Нушаандар” номын үзэсгэлэнгийн нээлтийн нэг хэсэг болж буйг тэмдэглэн хэллээ.
Дээрхийн гэгээнтэн Далай Лам уламжлал ёсоор мандал өргөх ёслолыг үйлдсэн Индонезийн уран бүтээлчдэд талархал илэрхийлсний дараа цахим уулзалтад оролцохоор цугласан нийт хүмүүст өглөөний мэнд хүргэлээ.
“Өнөөдөр Индонезийн, тэр дундаа буддын шашны талаар сонирхдог залуустай уулзаж байгаадаа баяртай байна. Би бол буддын шашинтан. Миний өөртөө хүлээсэн нэг гол үүрэг бол шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх явдал юм. Хиндү, христ, ислам, буддын шашин бүгд л асрал хайрыг ихэд чухалчилж сургадаг билээ. Шашнууд бусдад анхаарал халамж тавих, энэрэн нигүүлсэх үзлийг бэхжүүлэх талаар философийн хувьд өөр өөр үзэл баримталдаг. Зарим шашин Эзэн тэнгэр бий гэдэгт итгэдэг бол, бусад нь шалтгаан ба үр дагаварын хуулийг үнэн гэж үздэг. Эцсийн дүндээ аль ч шашны гол зорилго нь сүсэгтнүүдээ сайхан сэтгэлтэй, энэрэнгүй сайн хүмүүс болгоход чиглэдэг юм.”
“Христийн шашинд Эзэн тэнгэрийгээ хязгааргүй энэрэл нигүүлслийг болгоогч гэж үздэг. Исламын шашинтнууд Эзэн бол энэрэнгүй агаад өршөөнгүй гэдэг. Жүүдийн шашныхан Эзэн үнэн зөвийг заагч гэж итгэнэ. Жейнизм болон буддын шашинд бүтээгч эзэн гэдэг ойлголт байхгүй боловч, мөн л хүний сэтгэлийг энэрэнгүй бөгөөд нигүүлсэнгүй болгож хөгжүүлэхийг зорьдог билээ.”
“Миний амьдарч буй Энэтхэг оронд дэлхийн бүх томоохон шашин мянга гаруй жил энх тайвнаар зэрэгцэн оршсоор ирсэн түүхтэй. Исламын шашинтнууд хамгийн ихээр амьдардаг орнуудын нэг болох Индонезийн залуучуудтай уулзаж байгаадаа би ихэд баярлаж байна. Шашин шүтэх, эс шүтэх эсэх нь хувь хүний сонголт билээ. Бид бүгд хүн төрөлхтний нэг хэсэг. Бид хорвоод хүн болж төрсөн цагаасаа эхлэн эхийн энэрэл, хайранд дулдуйдаж хүн болдог билээ. Эхийн энэрэл нигүүлсэл байгаагүй сэн бол бид өнөөдөр өдий зэрэгтэй байхгүй байх байв.”
“Өнөөдөр дэлхий дахинд хүн төрөлхтөн маш их асуудал, зөрчилтэй тулгарч байгаа нь хүмүүс бид нэг нэгэндээ ахан дүүгийн сэтгэлээр хандах явдал дутмаг байгаагаас үүдэлтэй болов уу гэж бодож байна. Бид бүгд хүн. Хүн төрөлхтний суурь үнэт зүйлсийг үл тоомсорлож, аливаа маргаан, үзэл бодлын ялгааг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг хичээх нь их байна. Хэдий тийм ч эдүгээ хүмүүсийн ихэнх нь хүчирхийлэл, дайнаас залхсан нь лавтай. Энэ бүхний үр дагаврыг ухаарсны үндсэн дээр шашнууд асрал хайрын талаар хүмүүст ойлгуулах, ухуулах үүрэг хариуцлага үүрэх шаардлагатай болжээ. Энэ гариг дээр бид зэрэгцэн оршиж амьдрахаас өөр арга үгүй тул дэлхийгээ дайн дажингүй, тайван амгалан болгохын төлөө хүчин зүтгэл гаргах хэрэгтэй байна.”
Дээрхийн гэгээнтэн Индонезид Бурхан Багшийн төрөл дарааллын цадиг-ийг өгүүлсэн 34 үлгэрийг тусгайлан сонирхдог хүмүүс байдгийг дурдаад, энэ зохиолыг туурвисан Арьяашура бээр урьд нь буддын шашинтай байгаагүй ба огт өөр уламжлалыг баримталдаг эрдэмтэн байсан гэв. Тэр цагт Наландагийн их сургуулийн эрдэмтэд түүний эрдэм мэдлэгээс сүрдэж, ном хаялцвал өөрсдийг нь илт давуу дийлэх байх хэмээн санаа зовж, Нагаржуна гэгээнтэнд хандаж тусламж хүсжээ. Нагаржуна хамгийн мэргэн шавь нарынхаа нэг болох Арьяадеваг түүнтэй ном хаялцуулахаар илгээсэн байна. Арьяадева гэгээнтэн Арьяашурад Бурхан Багшийн сургаал номын үнэн мөнийг нотлон тайлбарласаар номдоо оруулжээ. Арьяашура бээр яруу найрагч байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд Бурхан Багшийн төрөл дарааллын цадиг үлгэрүүдийг санскрит хэлээр туурвижээ.
Төрөл дарааллын цадиг-ийг уншихад сонирхолтой боловч, зарим талаараа хэт гоёчилсон мэт санагддаг гэлээ. Энд хамгийн гол анхаарах зүйл нь тухайн үлгэрээс ёс суртахууны сургамж буюу өглөг, ёс зүй, тэвчээр зэрэг бодьсадвын явдал мөр гэж юу болохыг ойлгож авах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Энэ зохиолын үлгэрүүдийн гол цаад санаа нь эртний Энэтхэгийн каруна (энэрэнгүй сэтгэл) ба ахимса (хүч үл хэрэглэх, хорлол үл учруулах) гэсэн ойлголтыг түшиглэсэн юм. Хэдий ихэнх шашинд эдгээр сэдэв байдаг боловч, шашны уламжлалыг дагах эсэхээс үл хамааран бид бүгд энэрэнгүй байж чадвал аз жаргалтай амьдарна.
Төрөл дарааллын цадигт өгүүлсэнчлэн бодьсадва нарын адил бусдын тусын тулд өөрийнхөө амьдралыг золиослох нь үнэхээр үр дүнтэй эсэхийг лавласан асуултад Дээрхийн гэгээнтэн үүнийг оюун ухаандаа тунгааж үзэх хэрэгтэй, ийнхүү өөрийгөө золиосолсны гол үр дүн нь юу болохыг эхлээд үнэлэх хэрэгтэй гэж хариулав.
“Өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд буй корона вирусийн цар тахал болон дэлхийн дулаарлын аюулыг бууруулахын төлөөх алхмыг бид авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд бид зоригтой бөгөөд тууштай хандах хэрэгтэй. Итгэл найдвараа алдаж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй орхиж болохгүй.”
Мөн Дээрхийн Гэгээнтэн нэгэнтээ Боробудур цогцолборыг очиж үзэж байснаа дурсаад, машид гайхамшигтай сайхан сүм байсан хэмээн магтав. Дараа нь гадна талын сүм чухал боловч энэрэл нигүүлсэл ба асрал хайрыг хөгжүүлэх дотоод сэтгэлийн сүм илүү чухал болохыг санууллаа. Энэрэл нигүүлслийг хүн төрөлхийн гайхамшигт оюун ухаантай хослуулж чадсан цагт энэ дэлхий амар амгалан, аз жаргалтай болно. Гэхдээ дан ганц мөргөл залбирлаар биш бодит үйл хэрэг үйлдэж байж энэ нь хэрэгжинэ гэлээ.
Буруу үйлдэлд хэрхэн хандах тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн, шударга ёс ба энэрэн нигүүлсэх хандлагыг баримтлахын чухлыг сануулав. Мөн Төвөдөд байх үест нь болон Энэтхэгт цагаачлан амьдарч байх хугацаандаа олон асуудалтай тулгарч байснаа дурслаа. Гэвч энэ бүхэнд Шантаракшита гэгээнтний Төвөдөд дэлгэрүүлсэн Наландагийн уламжлалын дагуу бясалгал, зан үйлээ үйлдсээр ирсний хүчинд энэ бүгдийг даван дуулсан гэдгээ тэмдэглэн айлдлаа. Тэрбээр “Төвөдүүд бид тууштай, зоригтой хүмүүс боловч хүчирхийлэлд дулдуйддаг гэсэн үг биш ээ. Манай төвөдүүдийн сэтгэлгээ хатуу чанд атлаа цаанаа энэрэнгүй байдагт хүмүүс, тэр дундаа зарим хятад хүн гайхаж биширдэг” гэв.
Нэг залуу Индонез болон Төвөдийн ард түмний хоорондын харилцааны талаар төвөд хэлээр асуулт тавилаа. Далай Лам энэ асуултад “Энэтхэгийн их мастер Дивангара Адиша гэгээн Суматрад очиж Дармакирти гэдэг их мастераар бодь сэтгэлийн тухай хичээл хөтлүүлсэн юм. Дараа нь Адиша гэгээн Төвөдөд очиж ном заах урилгыг хүлээн авч, амьдралынхаа үлдсэн хугацааг тэнд өнгөрүүлсэн байна. Дармакирти багшийг төвөдүүд өдгөө “Алтан Арал”-ын Сэрлинба лам гэж нэрлэдэг. Адиша гэгээн ийнхүү алс хол нутагт аялан хүрч, номоо заасны ачаар өнөөдөр бид ийнхүү харилцан мэдлэг, санал бодлоо солилцох боломжтой болжээ” гэж хариулав.
Дээрхийн Гэгээнтэн Төрөл дарааллын цадиг-аас яг аль үлгэр хамгийн их урам зориг өгдөг болохыг тухайлж дурдсангүй, хамгийн гол санаа нь хүн төрөлхтөн харилцан хамааралтай, нэгдмэл гэдгийг ухаарч, хүн гэдэг утгаараа бүгд адилхан бөгөөд нэг нэгнээсээ харилцан хамааралтай оршдог. Энэ талаас нь хүмүүс бид нэг нэгэндээ хандаж туслах хэрэгтэйг тэмдэглэв. Мөн тэрбээр Энэтхэгт амьдардаг төвөд хүний хувьд уулзаж таарч байгаа хүн бүрийг өөрийнхөө ах, эгч гэж үздэг гэв. Тэмцэл тулаан бол эцсийн дүндээ өөрийгөө хорлохоос цаашгүй тул хүмүүс энх тайвнаар зэрэгцэн оршиж, амьдрах арга замыг олох хэрэгтэй байна гэлээ.
Хэт туйлшрагч үзэлтнүүд үндэстний цөөнхөд таагүй хандаж байгаа энэ үед тэд хэрхэн хандвал зохистойг асуухад Дээрхийн гэгээнтэн,
“Урьд цагт нэг нэгнээсээ алс хол, тусгаар оршдог орны хүмүүс нэг л үнэний тухай, нэг шашныг дагах нь зөв гэж үздэг байсан. Одоо цаг үе өөрчлөгдөөд, шашны олон уламжлал байдгийг, олон талт үнэн байдгийг мэддэг боллоо. Буддын шашны нэг онцлог нь хүний сэтгэл ба сэтгэл хөдлөлийг шинжлэх ухааны үүднээс судлан шинжилж, сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замыг тайлбарладагт оршдог. Наландагийн уламжлалд сөрөг муу сэтгэлийг багасгаж, эерэг сэтгэлийг төгөлдөржүүлэх олон арга замуудыг зааж өгдөг. Буддын шашны сэтгэл судлалыг ямар ч хүн шашин гэдэг талаас нь бус, танин мэдэхүй гэдэг үүднээс сонирхож үзэх боломжтой. Ийм замаар буддын шашин, дэлхий энх тайван, амар амгаланг цогцлооход хувь нэмрээ оруулж чадах юм.” гэж хариуллаа.
Өөр нэг хүн Бурхан Багшийг сэрүүн заларч байх цаг үед хүмүүс илүү амар хялбар гэгээрэлд хүрдэг байсан эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн,
“Бурхан Багшийн айлдварыг сонссон даруйдаа гэгээрнэ гэдэгт итгэдэггүй. Бурхан Багш өөрөө зургаан жил хатуужлыг үйлдсэний дараа бурханы хутагт хүрсэн. Хүн эхлээд Бурхан Багшийн айлдварыг сонсоод, сонссоноо тунгааж, эргэцүүлсний үндсэн дээр баттай ойлголттой болж авах ёстой. Дараа нь тэр ойлгосон зүйлээ бясалгаж, түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, ухаарлыг олж авсны үндсэн дээр дотоод сэтгэлээ өөрчилж чадна.
Төв үзэл буюу Мадхъяамака нь буруу үзлийг арилгах гол ерөндөг мөн. Хүн “миний бие”, “миний үг”, “миний сэтгэл” гэж боддог. Гэтэл энэ бүх шинжийг агуулсан би гэгч хаана байгааг эргэцүүлээд үзээрэй. Би өөрөөсөө өдөр тутам “би хаана байна вэ?” гэж асуудаг. Тэгээд бусдаас үл харгалзан оршдог, бие даасан, өөрийн зүгээс үнэхээр бүтэж бий болсон “би” гэдгийг хайгаад олж чаддаггүй юм. Энэ бол уур шуналыг багасгах маш хүчтэй үр дүнтэй дасгал мөн” хэмээн айлдаад ловон Чандракиртигийн Төвд орохуй-гаас зөв зам мөрөөр замнаж буйг урамшуулан магтсан дараах мөрүүдийг уншиж өглөө.
Билиг билгүүний туяагаар гэрэлтсэн
Бодьсадва нар алганы хээгээ машид тодорхой үзэхийн адил
Ямар мэт гурван ертөнц нь бүхэлдээ анхнаасаа төрсөн үгүйг харах учраас
Үнэний хүчээр гэгээрлийн замд одно.
Хунгийн хаан шувуудын сүргээ тэргүүлэн дүүлэх мэт
Янагуух болон үнэмлэхүйн үнэний цагаан жигүүрээ бүрнээ дэлгэж
Билиг билгүүний үлэмжит салхины хүчийг хөлөглөн
Бодьсадва нар алс тэртээх амгалан гэгээрлийн эрэгт хүрнэ.
Бусдын итгэл найдварыг хөсөрдүүлдэг хүмүүст хэрхэн хандах ёстой тухай асуултад Дээрхийн гэгээнтэн Бурхан Багш хамаг амьтанд бурханлаг чанар оршиж байдаг гэж айлдсаныг сануулав.
“Хүний бие тийм ч чухал биш ээ, гол нь сэтгэл. Сэтгэлийн дотор ухамсрын олон түвшин байдаг. Амьтан бүрт бурханлаг чанар байдаг учраас хамаг амьтан гэгээрлийн хутагт хүрэх боломжтой.”
Хатагтай Дэви Листари, “Дээрхийн Гэгээнтэн тан шиг сэтгэл оюунаа хурц бөгөөд тодорхой байлгахын тулд бид юу хийвэл зохих вэ?” гэж асуулаа. Энэ асуултад тэрбээр,
“Бид маш олон юмст хэт их анхаарч, сатаардаг. Тийм учраас сэтгэл ухамсартаа анхаарлаа төвлөрүүлээд, сэтгэлийнхээ жинхэнэ мөн чанарыг танихыг хичээх нь зөв. Сэтгэлийг тайван тогтуун болгож төвлөрүүлсний дараа “би гэдэг нь хаана байна вэ?”, “сөрөг сэтгэл гэж юу вэ” гэх зэрэг асуултуудыг тунгаах хэрэгтэй. Сэтгэлийн дотоод хүч бэхжихийн хэрээр бидний сэтгэл тогтуун болдог. Сэтгэл оюуны гүнийг танихын хэрээр түүний нарийн түвшнүүдийг мэддэг болно, улмаар гэгээн гэрлийн сэтгэлээ тодруулах боломжтой болох юм. Гэгээн гэрлийн сэтгэл гэдэг Бурханы мөн чанар юм” гэж хариулав.
Дээрхийн гэгээнтэн өнөөдрийн ярилцлагад оролцсон бүх хүнд хандаж, хайрыг хэрэгжүүлж, бусдад түгээх учиртайг дахин сануулав. Хүн бүрд асрал хайр чухал хэрэгтэй гэдгийг тодруулж хэлээд, хүн бүр энэрэнгүй, өршөөнгүй байвал эв найртай, энэрэнгүй нийгмийг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгийг онцоллоо. Энэрэнгүй сэтгэл гэдэг бол бүх хүнд нийтлэг байдаг бөгөөд энэ бол харилцан хүндэтгэл ба бусдаас суралцахын гол үндэс суурь мөн гэдгийг дахин чухалчилж захилаа.
Хатагтай Дэви Листари Дээрхийн гэгээнтэнд талархал илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн уулзалтад оролцож буй бүх хүнийг хамтдаа бодь сэтгэлийг нэг минут бясалгахыг урилаа. Дараа нь тэрбээр бодь сэтгэлийн тус эрдмүүдийг дурдав. Хүмүүс нэг нэгэндээ туслахын тулд бодь сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Бодь сэтгэл төрүүлснээр нүгэл хилэнц арилж, буян хуримтлагддаг. Төрөл дарааллын цадигт буй үлгэрүүд нь хамаг амьтны тусын тулд бурханы хутагт хүрэхийг эрмэлзэх бодь сэтгэл дээр суурилсан гэдгийг хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь “Бодьсадвын явалд орохуй” номоос доорх шүлгүүдийг эш татсан юм.
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй
Бусдын тусыг бүтээхийн хүсэж буй бол Шантидева гэгээнтний айлдсан дараах их зоригдлыг төрүүлэх нь зүйтэй гэв.
Сансар хорвоо хэдий болтол оршиж
Хорвоогийн амьтад хэдий болтол байна
Би бээр тэр болтол ажраад
Амьтны тусыг бүтээх болтугай.