Энэтхэг, ХП, Дармасала - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг цахим айлдвар явагдах өргөөнд морилон ирмэгц Тайвань дахь лам нар “Билгүүний зүрхэн” судрыг хятад хэлээр уншиж эхлэв.
Уншлага дууссаны дараа ноён Чун Чих Дээрхийн Гэгээнтэнд зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд өнөөдрийн сургаалыг сонсож байгаа гол шавь нар нь тайвань, хятадын сүсэгтнүүд байна гэдгийг айлтгалаа. Тэдний олонх нь Дарамсалад итгэлт олон шавиа дагуулан очдог байсан гэлэн Тензин Жамчен агсаны байгуулсан “Аз жаргал ба билиг оюун” байгууллагад харьяалагддаг ажээ. Чун Чих Дээрхийн Гэгээнтэнд эдгээр бүх шавь нар сурах, бясалгахдаа түүний зөвлөгөө, зааврыг нухацтай авч үздэг хэмээн танилцуулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр Тайвань дахь номын найзуудаа хараад баяртай байна гэж хариуллаа. Тэрээр бидний багш, шавийн харилцаа цаашид олон төрөл дамжин үргэлжлэх болно гэдгийг онцлон тэмдэглэв.
“Өнөөдөр би Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг тайлбарлах болно. Түүнээс өмнө та бүхэнд буддизмын талаар товч танилцуулая.”
“Бурхан Багш Шагжмуни 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгт лагшин мэндэлсэн билээ. Тэрбээр ид шид үзүүлэхийн оронд ном заахыг чухалчилж байсан бөгөөд шавь нартаа “Та өөрөө өөрийнхөө эзэн. Танд тохиолдож байгаа бүхэн өөрийн үйлээс шалтгаална” гэж айлдсан юм. Мөн оюун ухаанаа судлах, сурахыг уриалж бидэнд юуг хүлээн зөвшөөрөх, юунаас татгалзах ёстойг заасан юм. Үүний үр дүнд бидний эрдэм мэдлэг маань хөгжих болно.”
“Хамаг амьтдад туслахаас өөр арга зам байхгүй гэдгийг Бурхан Багш олж харжээ. Тэрээр “Хутагтын дөрвөн үнэн” түүний мөн чанар, үйлдэл, үр дүнг зааж, тайлбарласан юм. Үүний учир нь, бидний хэн нь ч зовохыг хүсдэггүй, бүгд аз жаргалтай байхыг хүсдэг. Аз жаргал ба зовлон нь шалтгаан, нөхцлөөр дамжин бий болдог гэдгийг ойлгуулахын тулд юм. Зовлон, жаргал бүгд санамсаргүй байдлаар бий болдоггүй.”
“Шавь нартаа зовлонг мэдэх хэрэгтэй гэж зөвлөхдөө тэрээр зовлонгийн зовлон, хувирахуйн зовлон, түгээмэл зовлонг тайлбарласан билээ. Хэрэв бид зовлонгоос ангижрахыг хүсч байвал эхлээд зовлон гэж чухам юу болохыг ойлгох ёстой. Энэ нь шалтгаан, нөхцөлгүйгээр үүсэхгүй бөгөөд гадаад хүчин зүйлээс хамаардаггүй. Үйл хийгээд муу сэтгэлийн үр дагаварт зовлон бий болдог.”
“Бид аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд Бурхан Багш аз жаргалын шалтгаануудыг хайх шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх тухай тайлбарласан билээ. Үүнтэй холбоотой зовлонг бид бүрэн даван туулж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Бурхан Багш үүний хариуд зовлон, түүний уг шалтгааныг арилгах боломжтой гэж айлдсан юм. Энэ нь Бурхан Багшийн онцгой сургаал мөн.”
Хутагт Нагаржуна “Билгүүний үндэс” номондоо ингэж айлдсан байдаг.
Үйл хийгээд нисваанисыг арилгаваас амгалантай
Үйл хийгээд нисваанис нь атгагаас төрөх ба
Тэрхүү атгагаас цацарсаныг
Хоосон чанараар хорино
Хоосон чанарыг ойлгох нь аливаа зүйлийн мөн чанарыг буруугаар төсөөлсөн мунхагийн үндсийг арилгах болно. Мөн өөр хэсэгт хутагт Нагаржуна “Шүтэн барилдаж гарсан бүхэн хоосон чанартай, тэр нь төв үзэл мөн. Тиймийн тул хоосон чанаргүй нэгээхэн ч зүйл үгүй” гэж айлдсан байна.
“Хутагт Нагаржунайн үзлийг хамгийн тод тайлбарласан нь Ловон Чандракиртигийн “Төвд орохуй” ном юм. Зургаа дугаар бүлгийн төгсгөлд мэргэн ухааны гэрлээр гэрэлтсэн бодьсадваг дүрсэлсэн байдаг бөгөөд тэрээр гурван ертөнц бүхэлдээ үнэмлэхүй үнэний түвшинд хоосон чанартай болохыг алганы хээ мэт тод хардаг боловч харьцангуй үнэний түвшинд бурханы хутагт хүрэхээр тэмүүлж буй гэдгийг айлдсан байна.”
“Ловон Чандракирти нь аливаа зүйлс өөрийн мөн чанараасаа оршвоос логик зөрчил үүсэхийг тайлбарласан юм. Юмсын мөн чанар нь шүтэн барилдаж үүссэн хоосон чанартай, хутагтын билиг оюун юмсын үнэн мөн чанарыг нотолж, үнэхээр бүтээгүй гэж үздэг. Хэрэв юмс өөрийн мөн чанараар бүтсэн бол хутагтын билиг оюун юмсыг эвдэх мэт үгүйсгэхэд хүргэнэ.”
Богд Зонхов ийнхүү айлдсан байна:
Бурхан таны ханьцашгүй хөлгөний ёсыг
Буй хийгээд үгүйн хязгаарт тэвчин
Буруугүй таны тайлбарлахад эш олсон
Богд Нагаржунайн гол ёсны гүмүда цэцэрлэг нь
Хиргүй айлдлын хот мандал дэлгэрсэн
Хосгүй зарлигийн огторгуйд торолтгүй явагч
Эцэслэн барихын зүрхний харанхуйг арилгагч
Эндүүрэлгүй өгүүлэгчдийн од гаригийг сүрээр дарагч
Цогт Чандракиртийн сайн номлолын
Цагаан гэрлээр тодрон үйлдсэнийг
Авралт багшийн ачаар мэдсэн тэр цагт
Аяа, миний сэтгэл амирлалыг олов оо
Дээрхийн Гэгээнтэн гэгээрэлд хүрэх боломжтой бөгөөд ингэхийн тулд үнэн зам мөрийг дагах шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон айлдлаа. Үүнд ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүний гурван сургаал багтсан болно. Мунхаглалд нөлөөлөх гол хүчин зүйл бол юмс нь харагдах байдлаараа оршдоггүйг ойлгох явдал юм. Дээрхийн Гэгээнтэн орчин үед квант физикчид ч хүртэл үүнтэй ижил төстэй судалгаа хийж байгааг дурдлаа.
Буддизмын гүн гүнзгий агуулга нь шүтэн барилдлага буюу юмс бүгд бусад хүчин зүйлээс хамаардаг гэсэн ойлголтоос үүдэлтэй. Богд Зонхов эдгээр үзэл санаануудыг олон жилийн турш эргэцүүлэн бодож, бясалгадаг байв. Тэрээр мөн нүгэл хилэнцээ арилгах, буяныг хураах, билиг билгүүнийг хуримтлуулах үйлд шамдаж байсан байна.
“Тэрээр Олха нутагт бясалгалд суух үедээ нэгэн шөнө Хутагт Нагаржунаг шадар таван шавьтай нь хамт зүүдлэжээ. Тэдний дундаас хөхөлбөр царайтай ловон Буддапалита урагш алхаж, Богд Зонховт номоор адис өгсөн байна. Дараагийн өдөр нь түүнд "Буддапалита" ном олдож, хоосон чанар, шүтэн барилдлагын чин үнэн ойлголтыг ухаарсан байна. Үүний үр дүнд тэрээр Бурхан Багшийн сургаалд бат итгэлтэй байгаагаа илэрхийлсэн "Шүтэн барилдлагын магтаал" хэмээх энэхүү номоо зохиожээ.”
Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа, “Шүтэн барилдахуйн магтаал” хэмээх энэхүү номын эш лүнг би өөрийн багш Тижан ринбочигээс Богд Зонховын нийт бүтээлүүдийн эш лүн хүртээх үед хүртсэн” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн номоо уншиж эхлэв. Эхний шүлэгт Бурхан Багшийг "Болгоогчийн дээд, багшийн дээд" хэмээн магтан дуулжээ. Хоёр дахь шүлэгт зовлонгийн үндэс нь мунхаг бөгөөд үүнийг шүтэн барилдлагыг ойлгох замаар үндсээр нь арилгаж болно. Буддын зарим сэтгэгчид шүтэн барилдлагыг нотлодог боловч аливаа зүйлийг зөвхөн нэрийн төдийд оршиж буй гэдгийг хараахан тайлбарлаж чадаагүй байна.
Дээрхийн Гэгээнтэн шүлгүүдийг үргэлжлүүлэн уншиж байхдаа оролцогчдод хандан хүн болгонд "би" гэсэн мэдрэмж байдаг гэлээ. Гэсэн ч хэрэв бид үүнийг үнэхээр хайвал юу ч олж чадахгүй. Тэрээр Хутагт Нагаржунайн "Эрдэнийн эрхи" номноос эш татав.
Бодьгал нь газар биш, ус биш,
Гал биш, салхи биш, орон зай ч биш,
Ухамсар биш, бас тэдгээрийн нэгдэл ч бус.
Эдгээрээс өөр бодьгал гэж юу вэ?
Дээрхийн Гэгээнтэн аливаа зүйл бодитой, бие даасан оршихуйтай, бусад хүчин зүйлээс хамааралгүйгээр оршин тогтнодог аваас бид уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулж, гэгээрэлд хүрэх боломжгүй хэмээн тэмдэглэв.
Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдварыг дараах шүлгээр өндөрлөв.
“Аль алин шалтгаанд харгалзваас
Тэр тэр нь өөрийн чанараар хоосон” хэмээх
Ийм номлолоос илүү гайхамшигт
Энгүй айлдвар хаанаас байх вэ.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын асуултад хариулахдаа аливаа юмс үзэгдэл бүгд нэрийн төдийд оршдог гэдгийг ойлгох нь шүтэн барилдлагын үнэмлэхүй чанартай холбоотой гэдгийг тодруулав.
Тэрээр өөрийн туршлагаас жишээ татаж, өглөө сэрмэгцээ ‘Би’ гэгч хаана байгааг хайж, энэ нь зөвхөн шүтэн барилдлагатайгаар л оршиж байдаг гэдгийг бясалгадаг гэлээ.
“Шүтэн барилдлагын ухаан нь хоосон чанарыг нотлох арга ухааны хаан гэж тодорхойлдог, учир нь энэ ухаанааэр мөнхийн хувиршгүй байдал ба үгүйсгэх гэсэн хоёр туйлшралыг нэгэн зэрэг арилгаж чаддаг юм.”
“Бид ямар нэг зүйлийг харахад мэдрэхүйтэй холбоотой мэдрэмж төрдөг, гэвч энэ нь харагдах байдлаараа оршдоггүй гэж дүгнэх нь дотоод ухамсартай холбоотой. Аливаа зүйлс хэрхэн мөн чанараараа хоосон гэдгийг эргэцүүлэн бодох нь тэдгээрийн талаарх бидний бат бөх ойлголтыг багасгана. Гэвч хоосон гэж хэлэх нь байхгүй гэсэн үг биш гэдгийг ойлгох нь чухал юм.”
Дээрхийн Гэгээнтэн нууц тарнийн ёсоор буяны ба билиг билгүүний чуулганыг хэрхэн хураах тухай асуултад хариулахдаа хоосон чанарын талаар итгэлтэй байхын чухлыг онцлон тэмдэглэв. Эхлээд хоосон чанарын талаар бясалгаж, дараа нь ядам бурхадыг бясалгдаг болохыг тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн шүтэн барилдлага болон бодь сэтгэлийг хэрхэн хослуулах тухай асуултанд хариулахдаа "бодь сэтгэлийг хоосон чанартай хамт бясалгах" увидас айлдаж, номын айлдварыг сонсож буй хүмүүст бясалгал заан удирдав. Үүнд эхлээд бодь сэтгэл, хамаг амьтны тусын тулд бурхан болох хүсэл эрмэлзэл нь зүрх сэтгэлд нь саран дэвсгэр болж, харин хоосон чанарын талаар бодож бясалгасан билиг оюун нь тэрхүү саран дэвсгэр дээр босоо байдалтай очир болон хувирч буйгаар төсөөлөх тухай байв.
Энэхүү "Бодь сэтгэлийг хоосон чанартай хамт бясалгах" дадлагыг өдөр бүр хийх чадвартай сүсэгтнүүд өөрсдийгөө Далай Ламын жинхэнэ шавь нарын тоонд оруулж болно гэж хэллээ. Тэрбээр Бурхан Багш, хутагт Нагаржуна, Богд Зонховыг даган дууриадаг шиг миний шавь нар ч намайг өөрсдийн үлгэр дууриал болгох боломжтой гэж айлдлаа.
Лам багшийн тааллыг хэрхэн баясгах тухай асуултанд, өөрийгөө болон бусдыг адилтгаж бодь сэтгэлийг бясалгах, үүнтэй уялдуулан хоосон чанарыг бясалгах нь лам багшийн зорилго тул үүнийг хийж чадвал багшийн таалал баясана гэлээ. Дээрхийн Гэгээнтэн шавь нар хөгжилтэй байх хэрэгтэй, ширүүн догшин царайнаас илүү инээмсэглэж байх нь чухал юм гэж нэмж захилаа.