Энэтхэг, ХП, Дармасала - Дээрхийн Гэгээнтэн “Өнөөдөр Төвөдийн залуучуудад зориулсан айлдварын хоёр дахь өдөр тохиож байна” хэмээгээд энэ өглөөний номын айлдвараа эхэллээ.
“Бид ‘Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй’ номын үлдсэн хэсгийг тайлбарлах болно. Би номын айлдварын төгсгөлд ихэвчлэн бодь сэтгэлийг төрүүлэх увьдас хүртээдгийн дагуу өнөөдөр хоосон чанартай уялдсан бодь сэтгэлийн увидас хүртээнэ гэж бодож байна.”
“Ловон Басубанду бурханы шашныг эш ба онолын гэж хоёр хувааж тайлбарласан юм. Тэрээр мөн сургаалыг хадгалах хоёрхон арга байдаг нь судлах ба судласан зүйлээ дадлага болгох явдал юм гэжээ. Наландын уламжлалыг дагагчдын хувьд энэ нь ловон Шантаракшитагийн боловсруулсан арга барил болдог. Энэ мэт олон агуу эрдэмтэн мэргэд судалсан, мөрдлөг болгосны үр дүнд бий болгосон уламжлал бидэнд өвлөгдсөн билээ.”
‘Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй’ номын гурав дахь хэсгийг тайлбарлаж эхэллээ. Богд Зонхов энэ хэсэгт их хөлгөний билиг барамидын сургаал болон нууц тарнийн сургаалд хэрхэн суралцсан талаар бичсэн байна. Энэ хоёр хөлгөнд нийтлэг байдаг зүйл бол бодь сэтгэлийг хөгжүүлэх, хоосон чанарыг ухаарах мэргэн ухаанд суралцах явдал юм. Тэрээр мөн Сандуйн анхааран авлагын Үүсгэл ба Төгсгөлийн зэргэмжид хэрхэн суралцсан талаар өгүүлжээ.
“Богд Зонхов дандрын дөрвөн аймгийг судлан нууц тарнийн ёсны дээд түвшинд хүрээд Сандуйн анхааран авлагат хамгийн их анхаарал хандуулсан байна. Тэрээр энэ тухай болон Төгсгөлийн зэргэмжийн тухай чухал хэсгүүдийг ‘Таван зэргэмжийг машид тодруулагч’, мөн түүний хураангуй тайлбар зэрэг номуудад бичсэн байна.”
“Тэрээр “Таван зэргэмжийг машид тодруулагч” номондоо илбийн бие ба гэгээн гэрэлтэй холбоотой хоёр үнэнийг маш гайхамшигтайгаар тайлбарласан байдаг. Эрт үед Жүдод дацангийн хуврагууд Ерпа-д цуглардаг байв. Бид нэг удаа Миняк Цэдэнийг хамба лам байхад илбийн бие нь махбодийн дотор, эсвэл гадна талд илэрдэг эсэх дээр дагсал хаялцсан юм. Миняк Цэдэн хамба ‘Би үүнийг илбийн биеийг олох шатанд хүрээд өөрийн туршлагаараа мэдэж авах болно’ гэж хариулж билээ.”
“Гурван үзэгдэл явагдсаны дараа та хамгийн нарийн гэгээн гэрэлт сэтгэлийн хий дээр суурилсан илбийн биеийг олно. Хийн нарийн энерги нь илбийн биений үндсэн шалтгаан болдог.”
“Тэдгээр гурван үзэгдэл арилах хүртэл энэ нь эс арилсан илбийн бие юм. Дараа нь арилсан илбийн биеийг олох ба улмаар гэгээн гэрэл болон илбийн бие нэгдсэн түвшинд хүрч чадна. Богд Зонхов эдгээр бүх үе шатуудаас туршлага хуримтлуулж чадсан учир тэрээр таалал төгсөхдөө бурханы хутагт хүрсэн нь тодорхой байна. Тиймээс та бүхэн ‘Таван зэргэмжийг машид тодруулагч’ номыг унших нь чухал юм.”
“Үүгээр ‘Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй’ номын гурав дахь хэсэг өндөрлөж байна. Богд Зонхов номд хэрхэн суралцаж, сурч мэдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэн туршлага хуримтлуулсаныг энэ хэсэгт харуулжээ. Энэ дашрамд хэлэхэд Богд Зонхов бид хоёр нэг нутгийн хүмүүс учир надад их дотно санагддаг.”
“Бурхан Шагжамүни нь дээд хувилгаан лагшинт дүрээр заларсан бөгөөд нирваан дүрийг үзүүлэхээс өмнө бурханы хутагт хүрэх бүхий л арга замыг бидэнд харуулсан билээ. Үүнтэй адил Богд Зонхов бурханы хутагт хүрэх бүхий л арга замыг бичиж үлдээсэн арван найман боть зохиолоо бидэнд өвлүүлсэн юм.”
“Хоосон чанарын тухайд Богд Зонхов хутагт Нагаржунайн байр суурийг дагаж байсан тул бид хутагт Нагаржунайн "Ухааны зургаан чуулган" ба ‘Шүтэн барилдлагын магтаал’-д дурдсан Чандракиртигийн тайлбарыг унших хэрэгтэй.”
"Өчигдөр миний дурдсанчлан "Төвд орохуй" номын зургаадугаар бүлгийн төгсгөлд Чандракирти гэгээрлийн тухай тайлбарлажээ.”
Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж
Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд
Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
“Шашны үзэл санаа, дадлагын зорилго нь бусад хамаг амьтдад туслах явдал юм. Бид бусдад туслах ёстой тул би дараах шүлгийг би байнга уншдаг.
Хэдий хүртэл орчлон оршино
Төдийг хүртэл амьд амьтан орших болно
Тэр болтол би хамт оршиж
Амьтны тусыг бүтээх болтугай
Дээрхийн Гэгээнтэн хамаг амьтад аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд зовохыг хүсдэггүй гэдгийг мэдэхийн тулд заавал шалтгаан хайх ёсгүй гэж тэмдэглэв. Амьтан, хүн хоёрын ялгаа нь хүмүүс бид саруул оюун ухаантай учраас ямар зүйл зовлон авчирч, юу аз жаргалтай болгож буйг олж харах боломжийг олгодог. Эртний Энэтхэгийн ‘ахимса’ уламжлал хамгийн багаар бодоход гурван мянган орчим жилийн турш оршин тогтнож иржээ. Энэ нь хайр, энэрэл нигүүлсэлд үндэслэдэг бөгөөд амар амгалан, аз жаргалыг авчирдаг талаар тайлбарлалаа.
“Бурхан Багш шавь нартаа гэгээрэх арга замыг заасан боловч түүнд хүрэх эсэх нь бид бүгдийн гарт байдаг. Хутагт Нагаржуна энэ зам мөр нь өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий үзэл бодлыг үүсгэдэг болохыг харуулсан билээ. Бурхан Багшийн сургаалууд, мөн хутагт Нагаржуна зэрэг Энэтхэгийн эрдэмтдийн тайлбар номууд бидний өөрсдийн төвөд хэл дээр байна. Түүнчлэн Төвөдийн эрдэмтэд ч олон тооны тайлбарууд бичсэн нь өнөөг хүртэл бидэнд өвлөгдөн ирсэн билээ.”
“Урд цагт өөр өөр уламжлалыг дагадаг байсны улмаас бага зэрэг зөрүүтэй байр суурь байлаа. Нэмж дурдахад тарнийн ёсонд хатуу зан үйлүүд байдаг ч үнэн хэрэгтээ хамаг амьтдын дунд жинхэнэ ёсоор дайсан гэж тооцогдох нэгээхэн ч амьтан үгүй.”
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод хандан айлдахдаа өөрийн гол дадлага нь бодь сэтгэлийг төрүүлэх, хоосон чанарыг ухаалгаар ойлгох гэдгийг онцлов. Тэрээр “Хэрэв та нар намайг дагадаг бол энэ бүгд танд ч бас чухал байх болно.” гэв.
Дараа нь бодь сэтгэлийн увидас хүртээхдээ “бүхэн егүзэрийн бясалгал” буюу эхэнд үнэмлэхүй үнэний түвшинд бодь сэтгэлийг бясалгах, дараа нь харьцангуй үнэний түвшинд бодь сэтгэлийг бясалгахыг тайлбарлалаа.
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Өнөд сольж чадахгүй бол
Бурханы гэгээрэлийг бүү хэл
Энэ орчлонд ч жаргалтай байж үл чадна
Ертөнцөд эдэлж буй зовлон бүр
Ер өөрийг бодсоны үр мөн
Ертөнцөд эдэлж буй жаргал бүгд
Ерөөс бусдыг бодсоны үр мөн
Олон зүйлийг өгүүлэх юун
Бурхад бусдыг тусыг хийсэн ба
Эгэл нялхасууд зөвхөн өөрийг
Эрхэмлэн явсны ялгааг үзэхтүн
“Бодь сэтгэлийг төрүүлэх нь бусдыг зовлонгоос гэтэлгэхийг хүсэх, үүний тулд гэгээрэлд хүрэх эрмэлзлэл төрүүлэхийг хэлнэ. Энэ нь бусдыг аз жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хийж, тэдний төлөө бурханы хутаг олохыг хүссэн эрмэлзэл билээ.”
Дээрхийн Гэгээнтэн гүн гүнзгий үзэл санаа, юмс оршин тогтнох байдлын талаарх тайлбарт шилжин бид ‘би’ гэж боддог ч үүнийг эрж хайгаад энэ байна гэх тодорхой зүйл олдохгүй болохыг тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдыг бодь сэтгэлийн талаар эргэцүүлэн бодож, зүрх сэтгэлд нь бодь сэтгэл саран дэвсгэр болон хувирч буйгаар бодохыг уриаллаа. Дараа нь харьцангуй бодь сэтгэл буюу хоосон чанарыг бясалгасан билиг оюун нь саран дэвсгэр дээр очир болон хувирч байна хэмээн бясалгахыг удирдав. Эцэст нь тэрбээр энэхүү увидсыг хүртээж буй багшийн зүрхэнд буй ижил сар ба очир гарч шавь нарын зүрхэнд буй сар ба очирт уусч байгаагаар бясалгахыг заасан юм.
Төвөд залуу оюутны асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн хэн нэгэн буруу зүйл хийвэл тэднийг өрөвдөх сэтгэлээр хандах нь зүйтэй гэв. Түүнчлэн Шантидева гэгээний биднийг зовоход хүргэдэг хүмүүс бидний шилдэг багш байж болно гэсэн зөвлөгөөг дурьдлаа.
“Үйлийн үрийн хувьд, одоо амсч буй өвдөлт ба таашаал нь бидний урд хийсэн үйлээс хамаардаг. Заримдаа хүмүүс тайвширч мөрөө хавчаад “Энэ бол зүгээр л миний үйлийн үр, одоо ямар ч арга байхгүй” гэдэг. Төвөдүүд бид эх орноо алдсан. Гэвч 'энэ бол зүгээр л бидний үйлийн үр’ гэж хэлээд бууж өгөөгүй. Бид өөрсдийн өвөрмөц онцлог, соёлоо хадгалахын тулд чадах бүхнээ хийсэн билээ.”
“Та өөрийн уур хилэнгээ даван туулах гэж оролдож байхдаа уур хилэн, үзэн ядалтын алдаа, энэрэл ба бодь сэтгэлийн давуу талуудын талаар эргэцүүлэн бодох нь тустай. Би өөрийн энэрэл хайрын хүчээр амар амгаланг мэдэрдэг. Миний инээмсэглэлээс та үүнийг харж чадна гэж бодож байна. Хэрэв та өөрийн уурандаа дийлдвэл бусдад болон өөртөө туслах боломжгүй болно.”
Дээрхийн Гэгээнтэн хоосон чанар ба шүтэн барилдлагыг хэрхэн ойлгох талаар асуусан залуу эмэгтэйд хариулахдаа толинд тусч буй тусгал нь хоосон чанарын ерөнхий ойлголт байж болно гэв. Мөн ертөнцийн юмс бүгд хоорондоо нарийн холбоотой оршин тогтдогийг бодож үзэх хэрэгтэй гэлээ. Буддын гүн ухааны олон түвшинд хоосон чанарыг янз бүрээр тайлбарладаг байна.
Төв үзлийн прасангика уламжлал нь угийн мөн чанар байхгүй гэж баталдаг. Аливаа зүйлс бидний өөрсдийн төсөөлөлийн дагуу, нэр томьёо төдийд оршдог гэдгийг тайлбарлалаа.
Дээрхийн Гэгээнтэн юмс үзэгдлийн гадаад байдал нь оршихуйн туйлшралыг үгүйсгэдэг бол дотоод хоосон чанар нь үгүйсгэх туйлшралыг няцаадаг гэдгийг тайлбарлалаа. Тэрээр та бүхэн шүтэн барилдлагыг үнэн болохыг ухаарч чадвал хоосон чанарын чин үнэн утгыг ухаарах болно гэв. Гэхдээ аливаа зүйлсийн туйлын мөн чанарыг олж мэдэхийн тулд та бүхэн агуу их буяны болон билгүүний чуулганыг хураах хэрэгтэй гэж зөвлөлөө.
Энэрэл хайрыг бодь сэтгэлтэй харьцуулан тайлбарлахыг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэл нь зөвхөн амьтдыг зовлонгоос ангижраасай гэж хүсээд зогсохгүй тэдгээрийг зовлонгоос салгахын төлөө тууштай байхыг хэлнэ гэв. Хамаг амьтдыг зовлонгоос салгах чадвар дутагдаж байгаагаа ухаарах үед бурханы хутагт хүрэхт шийдэл төрнө.
Тэрбээр бодь сэтгэлийг төрүүлэх хоёр арга замыг тайлбарлахдаа уг, үрийн долоон шалтгаан ба өөрийгөө бусадтай адилтган үзэж өөрийн оронд бусдыг тавих увидас байдаг хэмээн айлдлаа. Сүүлчийн арга нь илүү үр дүнтэй бөгөөд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ -д дэлгэрэнгүй айлдсан байна.
Дээрхийн Гэгээнтэн сэтгэл хямралын талаархи асуултанд хариулахдаа – хэрэв сэтгэл санаа ганц хүний явцуу хэрэгцээнд төвлөрч байвал сэтгэлийн хямралд орох магадлалтайг тэмдэглэв. Ийм хямралыг давах сайн арга бол бусдад зүрх сэтгэлээ нээж, тэдний сайн сайхны төлөө санаа тавих явдал гэдгийг онцлон айлдлаа.
Энэхүү хоёр өдрийн номын айлдварыг зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл Дээрхийн Гэгээнтэнд энэ удаагийн болон олон арван жилийн турш айлдсан бүх сургаалуудад нь талархал илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг урт удаан насалж, эрүүл энх байхын төлөө залбирлаа.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн,
“Өнөөдөр миний хэлсэнчлэн та бүхний хийж чадах хамгийн сайн зүйл бол судлах, дадлага хийх явдал юм. Өргөн цар хүрээтэй сургалтанд хамрагдаж, сурч мэдсэн зүйлээ оюун ухаандаа нэгтэх хэрэгтэй. Буддын шашин бол зөвхөн сүсэг бишрэлтэй байх бус, олсон ойлголтоо дадлагжуулах явдал юм. Би та бүхэнд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’, ловон Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номуудыг уншихыг зөвлөсөн бөгөөд уншсан зүйлээ ярилцан харилцан бие биедээ туслаарай. Баярлалаа." хэмээн айлдлаа.