Энэтхэг, ХП, Дармасала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө дэлгэцийн өмнө суудалдаа суухад түүнийг ‘Стратегийн яриа хэлэлцээрийн хүрээлэн’-ийн гүйцэтгэх захирал Саша Хавличек мэндчилгээ дэвшүүлж ‘Энэрэнгүй удирдагч’ сэдэвт цахим ярилцлагад угтан авлаа. Тэрээр удирдаж буй байгууллага нь дайсагнал, ташаа мэдээллийг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж ирсэн гэж тайлбарлав.
Үүнтэй уялдуулан туйлшрал ба хэт туйлширлыг даван туулахын тулд “Хүчирхэг хотуудын сүлжээ" (ХХС) сүлжээг эхлүүлсэн байна. Энэ нь хотын удирдлагууд, иргэний нийгмийн удирдагчид, компанийн удирдагчид, шашны удирдагчдад эргэн нэгдэх чиглэлээр сургалт явуулах, ялангуяа "бид" ба "тэд" гэж харах зуршил, "өөр байх" гэсэн ойлголтыг эвдэх зорилготой ажээ.
Өнөөдрийн арга хэмжээ нь Луисвилл хотын дарга Грег Фишерийн удирдсан Хүчирхэг хотуудын сүлжээ ба АНУ-ын Хотын Дарга Нарын Бага хурлын түншлэлийн үр дүн юм. Хавличек Дээрхийн Гэгээнтэнд ярилцагад оролцож байгаад нь талархал илэрхийлээд хотын дарга Фишерийг өнөөдрийн модератороор танилцууллаа.
Дээрхийн Гэгээнтэнтэй дахин хамт байх нь нэр төрийн хэрэг мөн хэмээн хотын дарга Фишер хэллээ. Тэрээр 19 улсыг төлөөлсөн 74 хотын дарга нарыг нэгтгэж буй Том Тайт болон Анахайм хотын дарга асан Саша Хавличек нарт талархал илэрхийлээд бид энэрэн хайрлах сэтгэлтэй байвал бэрхшээлийг даван гарч чадна гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн нээлтийн үгэндээ, тэрээр боломж гарах бүрт хүн төрөлхтний нэгдмэл байдлыг онцлодог тухайгаа дурдлаа.
"Бид хүн гэдэг талаасаа бүгд адилхан. Эрдэмтэд биднийг нийгмийн амьтад гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид бие биенээсээ хамааралтай бөгөөд тэсэн үлдэхийн тулд бие биедээ анхаарал халамж тавьдаг билээ.”
“Бид олон бэрхшээлтэй тулгардаг боловч тэдгээрийн ихэнхийг өөрсдөө бий болгосон юм. Өөрийгөө болон өөрийн хэрэгцээ, гэр бүлийн, хамт олны, үндэстний хэрэгцээг хэтэрхий их бодох тусам бид өөрсдийгөө хязгаарлагдмал байдалд оруулдаг. Тулгараад байгаа олон асуудлуудад бид өөрсдөө хариуцлага хүлээдэг тул тэдгээрийг шийдвэрлэж чадна гэж бодох нь зүй ёсны хэрэг мөн.”
“Хамгийн гол нь нэгдмэл хүн төрөлхтөн гэх ухамсарыг төлөвшүүлэх ёстой. Үүнтэй харьцуулвал шашин шүтлэг, үндэстний ялгаа хоёрдогч түвшинд байгааг бид таних шаардлагатай байна.”
“Бусад амьтдын нэгэн адил бидэнд мэдрэхүйн ухамсар бий, гэвч ялгаатай зүйл нь бидний оюун ухаан юм. Бид ирээдүйгээ бодож, төлөвлөж чадна. Өнөөдөр бид бүгд дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болсон бөгөөд технологийн хөгжлөөс хамаарч дэлхий улам жижиг болсоор байна. Бид бүгд хүн гэдгээрээ адилхан учраас дэлхий нийтийн, нийт хүн төрөлхтний хэрэгцээг харгалзан үзэх ёстой. Бид хамтдаа амьдрах ёстой.”
“Би өөрийгөө нэгэн хүн, өөрийн амьдарч буй ертөнцийн нэг хэсэг гэдгээ мэдэрч байна. Тиймээс би хэзээ ч ганцаарддаггүй. Хэнтэй ч уулзсан түүнийг надтай адилхан хүн гэж боддог. Бид танилцуулах шаардлагагүй. Хэрэв тэд хоёр нүд, нэг хамар, амтай бол надтай адил хүн шүү дээ.”
“Энэтхэгт анх ирэхдээ би энэ улс болон миний эх орны нягт уялдаа холбоог эргэцүүлэн бодсон юм. Тухайн үеийн Энэтхэгийн ерөнхий сайдын хэлсэнчлэн Энэтхэг нь бурхан Буддагийн нутаг мөн. Мөн нөгөөтэйгүүр өнөөг хүртэл Энэтхэгийн "ахимса" буюу хүч үл хэрэглэх, "каруна" буюу энэрэнгүй байх зарчим нь амар амгалан ертөнцийн үндэс болохыг нотолж, ашиг тусыг нь ч бид хүртсээр байгаа билээ.
“Дэлхийн энх тайвныг бий болгохын тулд бидний сэтгэлд амар амгалан байх хэрэгтэй хэмээн би олонтаа хэлдэг. Гэтэл сөрөг сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн амар амгаланг алдагдуулж байна. Голчилж материаллаг хөгжлийн талаар санаа зовдог хүмүүс аз жаргал, сайн сайхныг зөвхөн бие махбодь талаас нь боддог. Тэгвэл бидний хувьд сэтгэлийн эрүүл мэнд маш чухал юм. Эртний Энэтхэгийн уламжлал нь бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаархи гүн гүнзгий ойлголтыг бий болгосон бөгөөд өнөөдөр ч гэсэн бид энэхүү мэдлэгт анхаарал хандуулах хэрэгтэй байна.”
“Эхлээд оюун санааг юу үймүүлж байгааг судалж үзэх, дараа нь тэдгээр сэтгэл зовнилыг юу дарж буйг анхаарч үзэхийг зөвлөж байна. Бидний оюун санааг үймүүлж буй сөрөг сэтгэлийн үндэс нь өөртөө төвлөрсөн хандлага, өөрийн мөн чанарын талаарх буруу ойлголт юм. Квант физикчдийн ажигласнаар юмс үзэгдэл нь харагдаж байгаа шигээ оршдоггүй гэдгийг ойлговол бидний буруу бодол багасахыг мэдэж болно. Энэхүү мэдээллийг шашны эх сурвалжуудаас олж үзэх боломжтой боловч иргэний (шашны бус), эрдэм шинжилгээний хүрээнд дахин шинэчлэх бүрэн боломжтой. Бид бүгд хор хөнөөлтэй, сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн хазаарлах, эерэг чанаруудыг хөгжүүлэх талаар мэдэж авах бололцоо бий.”
“Бид сэтгэл хөдлөлийн талаархи ойлголт, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг боловсролын системдээ оруулахыг хичээх ёстой. Хэрэв бид эелдэг, энэрэнгүй байвал шударга байх болно. Энэ нь итгэлцэл, тогтвортой байдал, нөхөрлөлд хүргэдэг. Одоо та бүхэнд асуулт байна уу?”
Хотын дарга Фишер Хойд Америкийн хотуудын дарга нарыг, мөн дэлхийн бусад өнцөг булан бүрээс Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавьж байгаа хүмүүсийг танилцуулав. Эхлээд Лос Анжелис хотын дарга Эрик Гарсетти зөрчилдөөнийг хэрхэн намжаах талаар асуулт тавьлаа. Дээрхийн Гэгээнтэн түүнд бусадтай ойр дотно байх тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж зөвлөв. Тэрээр Америк улс нь чөлөөт дэлхийн тэргүүлэгч орон гэж тооцогддог бөгөөд Европтой онцгой харилцаатай тул ‘Америк нэгдүгээрт’ гэж бодох нь зохисгүй хэрэг гэлээ. Америк улс бүх дэлхийг харгалзан үзэх ёстой.
Филиппин улсын Замбоанга хотын захирагч Мария Изабель Климако бид энэхүү цар тахлаас ямар сургамж авч болох талаар мэдэхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн түүнд хариулахдаа юуны өмнө энэ талаар маш их санаа зовж байгаа бөгөөд цар тахал арилаасай хэмээн өдөр бүр залбирч байгаагаа хэлэв.
“Өөрсдийн эрүүл мэндээ эрсдэлд оруулан вирусыг судалж байгаа судлаачид, мөн өвчтөн асарч байгаа эмч, сувилагч нарыг би үнэхээр их хүндэтгэж байна. Мэргэжилтнүүдийн бидэнд хэлж байгаа зүйлээс суралцах ёстой. Бид болгоомжтой байх, маск зүүх, зай барих зэрэг тэдний зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн АНУ-ын Чаттануга хотын дарга Энди Беркэд хэлэхдээ орон нутгийн хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй гэв. Тэрээр дайсан болж явсан өнгөрсөн түүхэн үеийг ардаа орхиод оронд нь бие биетэйгээ хамтран ажиллах замыг сонгосон Европын Холбоо (ЕХ) -ны зорилгыг хүндэтгэдэг тухайгаа дурдав. Мөн дэлхийн бусад улс орнууд ЕХ-ны туршлагаас суралцаж, ойр харилцаа холбоо сайтай байх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Хамтран ажиллах, уулзах, хийх ёстой зүйлээ ярилцах цаг ирж байна.
Канадын Эдмонтон хотын зөвлөлийн гишүүн Сара Хэмилтон олон газарт үүсээд байгаа хуваагдлыг даван туулах арга замын талаар заавар зөвлөгөө хүслээ. Дээрхийн Гэгээнтэн өрөөсгөл хандлагыг өөрчилж, эв найрамдал, хүндэтгэлийг бий болгох ёстой гэж мэдэгдэв. Тэрээр Энэтхэгт дэлхийн бүх шашны томоохон уламжлалууд зэрэгцэн энх тайвнаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэсэн юм. Харилцаа холбоо нэмэгдэх тусам салангид хандлага буурдаг. Тэрээр өөдрөг үзэлтэй байдгаа илэрхийлээд, шашны болон иргэний удирдагчид, шинжлэх ухааны эрдэмтэд илүү олон уулзалдаж байвал тэд сайн сайхны төлөө илүү их хувь нэмрээ оруулж чадна гэв.
Хойд Македонийн Скопье хотын захирагч Висар Ганиу Ковид-19-ийн талаархи ташаа мэдээллийг арилгахад орон нутгийн засаг захиргаа хэрхэн тусалж чадах талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн түүнд мэргэжилтнүүд нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарлах нь хичнээн чухал байгааг хэллээ.
Канадын Калгари хотын захирагч Нахид Ненши хүмүүсийг илүү сайн амьдрахад нь хэрхэн туслах талаар зөвлөгөө авахыг хүсээд, энэ жил анхны Төвөд хүмүүс Калгари хотод ирсний 50 жилийн ой тохиож байгааг дурдав. Дээрхийн Гэгээнтэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, түүнчлэн нэмэгдсээр байгаа өс хонзонгийн талаар анхаарах хэрэгтэй гэв. Аливаа зүйлийг илүү өргөн, алсыг харсан тохиолдолд эв нэгдэл дээр анхаарахад илүү хялбар байх болно.
"Бүх зүйлс сайжирч байна. Гэхдээ үл ойлголцлыг арилгах хүчин чармайлт нь боловсрол, хувийн харилцаа зэргээр дамжин үргэлжлэх ёстой. Хүч хэрэглэдэг цаг үе өнгөрсөн. Хэн ч дайснуудаа бүрэн устгаж чадахгүй учраас бид хамтдаа амьдарч сурах ёстой. Бидэнд нүүрэндээ инээмсэглэл тодруулан хамтдаа аз жаргалтай амьдрах нь илүү дээр юм шүү.”
“Канад бол Төвөдүүдийг хүлээн авсан анхны улсуудын нэг бөгөөд тэд аз жаргалтайгаар амжилттай суурьшин амьдарсан билээ. Төвөдүүдтэй хамт амьдардаг орон нутгийн хүмүүс надад хэлэхдээ даруу байдал, шаргуу хөдөлмөрөөр нь тэднийг биширдэг гэж хэлдэг юм.”
Норвегийн Кристиансанд хотын Зөвлөлийн гишүүн Йорген Х.Кристиансен дайн, мөргөлдөөн ба ядуурлын уялдаа холбоог асуув. Дайн мөргөлдөөн нь эдийн засгийн шалтгаанаас гарах нь бага, харин улс төрийн болон үзэл суртлын шалтгаанаас илүү гардаг гэв. Тэрбээр Вьетнамын дайныг жишээ болгон дурдлаа.
Дээрхийн Гэгээнтэн цэргийн мөргөлдөөн буурч байгаа ч ядуурал буурахгүй байгааг онцлов. Тэрээр баян, ядуугийн ялгааг орон нутгийн болон дэлхийн түвшинд бууруулах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэн хэллээ. Мөн цөмийн зэвсгээс ангижрахыг дэмжих хандлага нэмэгдэж байгааг дурдсан юм. Энэ цаг үед олон хүмүүс цөмийн зэвсэггүй ертөнцийг төсөөлж байна.
Дээрхийн Гэгээнтэн АНУ-ын Питтсбург хотын захирагч Билл Педутод хандан, илүү өргөн харилцаа нь өөрийгөө зөвтгөх, уур хилэн, үзэн ядалтаас үүдсэн хуваагдмал байдлыг арилгах цорын ганц арга зам мөн гэлээ. Зарим ухвар мөчид хүмүүс хуваагдмал хандлагатай зууралдаж магадгүй. Нийтлэг бодит байдлыг ойлгоход нь тэдэнд туслах хэрэгтэй. Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн зовнил, төөрөгдөл нь мэдэхгүйгээс болж үүсдэг бөгөөд үүнийг боловсрол, баталгаатай мэдээллээр арилгаж чадна гэдгийг дахин хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Италийн Палермо хотын захирагч Леолука Орландотой энэрэл, ахан дүүсийн барилдлагын ач холбогдлын талаар санал нэгтэй байгаа илэрхийллээ. Хүн төрөлхтөнд тулгардаг олон бэрхшээлүүд "бид" ба "тэд" гэдэгт үндэслэдэг. Тэрээр иудаизм, христ, ислам гэх мэт шашны уламжлалууд биднийг нэг бүтээгч “Эзэн”-ий бүтээл гэж үздэг тул бүгдээрээ ах дүүс гэж итгэдэг. Энэ бол хайр энэрлийн сургаалтай холбоотой хүчтэй үзэл санаа юм.
Харин буддизм, жейнизм, хинду гэх мэт шашны уламжлалууд энэрэл нигүүлслийн ач холбогдлыг онцолдог. Дээрхийн Гэгээнтэн бид бүгд хамтдаа амьдарч, бие биедээ туслах ёстой тул энэрэл нигүүлсэл бидэнд хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэв.
Хотын дарга Грег Фишер Дээрхийн Гэгээнтэнд үргэлж урам зориг хайрладагт нь талархал илэрхийлэхийн зэрэгцээ ярилцагад оролцсон Саша Хавличек болон хотын дарга нарт мөн талархал илэрхийллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс сурч мэдсэн зүйл болох “Хэрэв та бусдыг аз жаргалтай байлгахыг хүсч байвал энэрэл нигүүлслийг дадал болго. Хэрэв та аз жаргалтай байхыг хүсч байвал энэрэн нигүүлслийг дадал болгоорой ”гэсэн өгүүлбэрээр ярилцлагыг өндөрлөв.
"Та бүхний энэрэл нигүүлслийг сурталчлах чиглэлээр хийж буй ажил үйлсэд би маш их талархаж байна" гэж Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.
“Энэрэл нигүүлсэл бол зайлшгүй шаардлагатай зүйл мөн. Бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг байнга анхаарч үзэх ёстой. Өнөөдөр бидэнтэй нэгдсэн бүх хотын дарга нарт талархаж байна. Хэдийгээр нэг хүний ертөнцийг өөрчлөх чадвар хязгаарлагдмал байж болох ч хотын дарга нар бол олон нийтийн удирдагчид учраас өөрчлөлт авчрах боломжтой. Энэ бол найдвар төрүүлэх шалтгаан юм. Бид хүчин чармайлтаа үргэлжлүүлэх ёстой. XXI зуунд хүн бүхэн баяр хөөртэй инээмсэглэж явдаг аз жаргалтай ертөнцийг харахыг би тэсэн ядан хүлээж байна."
"Баярлалаа."