Энэтхэг, ХП, Дарамсала – Өнөө өглөө Далай Лам өнөөдрийн цахим номын айлдварыг зохион байгуулж буй Италийн “Буддын шашинтны холбоо”-ы гишүүдтэй мэндчилээд суудалдаа залрав. Номын айлдварын өмнө “Зүрхэн судрыг” итали хэлээр уншлаа. Ийнхүү судрыг уншиж дууссаны хойно Италийн Буддын шашинтны холбооны ерөнхийлөгч Филипино Сианна тус холбооны гишүүдийн нэрийн өмнөөс Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэн урин залж, талархлаа илэрхийлж хэлсэн үгэндээ тус холбооны гишүүд Буддын шашны өөр өөр уламжлалыг дагахын зэрэгцээ хэрэгтэй цагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд гар бие оролцож, бусад шашны хүмүүстэй эв найртай, нөхөрсөг харилцаатай байдаг гэж дурдав. Мөн тэд Дээрхийн Гэгээнтнээс урам зориг авдаг гээд номоо айлдахыг урилаа.
Хариуд нь Дээрхийн Гэгээнтэн “Өнөөдөр Италийн ахан дүүс та бүхэн намайг Хутагтын дөрвөн үнэн хийгээд Хоёр үнэний тухай номлоно уу хэмээн урьсан билээ” хэмээгээд айлдвараа эхлүүлэв.
Дээрхийн гэгээнтэн,
“Энэ дэлхий дээр олон янзын шашны уламжлалууд бий. Тэдгээр нь гүн ухааны үзлээрээ өөр хоорондоо харилцан адилгүй боловч бүгд л асрал, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай сургадаг шүү дээ. Энэтхэгт “Ахимса” буюу хүч үл хэрэглэх, хор үл учруулах тухай, “каруна” буюу энэрэн нигүүлсэх тухай үзэл санаа сүүлийн 3000 жилийн турш хөгжиж ирсэн. Юу юунаас илүүтэйгээр Энэтхэгт дэлхийн голлох шашнууд энх тайвнаар, мөр зэрэгцэн оршин тогтнож ирлээ.”
“Дорно болоод Өрнийн орнууд хоорондоо харьцангуй сайн холбоо харилцаатай болсон тул пали болон санскрит хэл дээрх буддын сургаал ном судлахыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.”
“Ловон Шантаракшита бээр тухайн үеийн Төвөдийн хаан Тисрон Дэзэнгийн урилгаар залагдаж ирээд Наландагийн уламжлалыг төвөдүүдэд таниулсан юм. Өөрийнх нь зохиосон “Шалгадагийн товчлол”, “Төв үзлийн чимэг” хэмээх хоёр номонд бичсэнээр тэрбээр гүн ухаан, учир шалтгааны ухаан, танин мэдэхүйн онол буюу эпистимологид гүнзгий нэвтэрсэн нэгэн байсан аж.”
“Наймдугаар зуунаас хойш төвөдүүд төв үзлийн гүн ухааныг учир шалтгааны үүднээс дагаж ирсэн билээ. Ингэхдээ Бурхан Багшийн “Мэргэн ухаант хүмүүн алтыг хайлуулж, зүсэх, үрэн байж жинхэнэ эсэхийг нь шалгадагтай адил зөвхөн намайг хэлсэн хэмээн хүлээн авах бус, шалгаж судалж үзсэний дараа сая итгэн дагаж болно” хэмээн айлдсаныг сайтар үлгэр болгосон юм. Бидний уламжлал учир шалтгаанд түшиглэсэн тул өнөө цагийн ямар ч эрдэмтэн хүсвэл сонирхон судлах боломжтой.”
“Хутагтын дөрвөн үнэн” нь Бурхан Багшийн сургаалын суурь юм. Хэдий тийм боловч Бурхан Багш гэгээрэлд хүрмэгцээ:
Гүн бөгөөд амарлингуй, цацралаас хагацсан, гэгээн гэрэл, хуран эс үйлдсэн
Рашаан адил номыг би олов
Гэвч үүнийг номловоос хэн ч үл ухаарах тул
Аглаг ойдоо анир чимээгүй сууюу хэмээн айлдсан билээ.
“Гэвч урьд цагт хамт бясалгал хийж байсан таван нөхөр нь түүнтэй таарч, номоо айлдахыг нь хүссэнд тэрээр тэдэнд Хутагтын дөрвөн үнэний сургаалаа номлосон юм.”
“Санскрит уламжлалын дагуу Бурхан Багш номын хүрдийг гурвантаа эргүүлж айлдвар сургаалаа айлдсан түүхтэй. Эхний сургаал буюу Хутагтын дөрвөн үнэнийг тэрээр мөн чанар, үйлдэл, үр дагавар талаас нь номлосон байна. Зовлонг таних, түүний шалтгааныг хорих, зовлонгоос хагацсан амгаланд хүрэх, түүнд хүрэх зам мөрд суралцах. Тэрхүү арилгаваас зохилтой зовлонгийн шалтгаан гэдэгт үйлийн үр хийгээд муу сэтгэлийг тухайлан заасан бөгөөд хоёрдугаар номын хүрдийг эргүүлэхдээ эдгээрийн тухай машид дэлгэрэнгүй номлосон юм.”
Тэдгээрийн үр дүнгийн тухайд Бурхан Багш “Зовлонг таниснаар танин мэдэх зүйл гэж үгүй болох ба үйлийн үр хийгээд муу сэтгэлийг ялан дийлсэнээр ахин ялах зүйл гэж үгүй болно” хэмээн номлосон байна.
“Сая эш татсанчлан Бурхан Багшийн анхны айлдвар дахь “Гүн бөгөөд амирлангуй” гэсэн нь Хутагтын дөрвөн үнэнийг илэрхийлж буй. Харин “цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номын хүрдний төгс билиг билгүүнийг хэлж байна. “Гэгээн гэрэл” гэдэг нь Бурхан Багшийн гурав дахь номын хүрдний агуулгыг, тэр дундаа бурхан болох чанар болон “Татагатагарбха судар”-ын агуулгыг айлдаж байгаа юм. Хоёрдугаар номын хүрд эргүүлэхдээ гадаад юмс үзэгдлийн хоосон чанарыг айлдсан бол гуравдугаар номын хүрдийг эргүүлэхдээ дотоод сэтгэлийн мөн чанар гэгээн гэрлийг тайлбарлан айлдсан билээ.”
“Муу сэтгэл гэдэг нь аливаа зүйлсийн мөн чанарын талаарх буруу ойлголтуудтай холбоотой. Хутагт Нагаржуна үүнийг аливаа юмс өөрийн мөн чанараар үнэхээр оршдог гэсэн эндүү ташаа үзэл буюу энэ мунхаг нь муу сэтгэл бүгдийн уг ёзоор мөн гэж тайлбарласан. Түүний шавь Арьяадева бээр “Биеийн мэдэрхүй бүхий л биед түгдэгтэй адил тэрхүү мунхаг нь муу сэтгэлд бүгдэд түгдэг. Мунхагийг арилгаснаар муу сэтгэл бүгдийг дарж чадна” гэж айлдсан юм. Мөн тэрээр шүтэн барилдлагыг ухаарснаар мунхагийг ялна гэж айлдсан байна.”
“Төвөдүүд бид Шантаракшита багшийн ачаар логик, учир шалтгааны ухааныг судлах болсон юм. Ингэснээр Бурхан Багшийн сургаал, тодорхой хэлбэл сэтгэл оюуны талаарх мэдлэг нь шинжлэх ухааны салбарынханд илүү дөхөм болж байгаа хэрэг билээ. Хүн бүр дор бүрнээ сэтгэлийн амар амгаланг олсон цагт сая даян дэлхийд амар амгалан цогцолно гэх ойлголт ихэд түгэж байгаа тул Бурхан Багшийн энэ сургаал орчин цагийн хүмүүст ч хамаатай.”
Хутагтын дөрвөн үнэний талаар зөв ойлгох эсэх нь Хоёр үнэнийг ойлгохоос хамаарна. Үүнтэй холбогдуулан Дээрхийн гэгээнтэн Чандракиртигийн “Төв үзэлд орохуй” номоос эш татан тайлбарласан юм.
“Энд задлан шинжилж үзэх замаар аливаа юмс үнэмлэхүй үнэний түвшинд бие даан өөрийн мөн чанараар орших боломжгүй, гэвч юмс бүхэн харьцангуй үнэний түвшинд тодорхой зүй тогтлоор оршин байдгийг тайлбарласан юм. Хоосон чанарыг ухаарч байж л юмсын үнэн бөгөөд жинхэнэ оршихуйн талаарх буруу ойлголтыг няцаана. Өөрийн дотоодод зовлонгоос ангижирч болно гэдгийг ойлгосон цагт та өөрийн туршлагад тулгуурлан энэ үнэнийг баталж чаддаг болно.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь үргэлжлүүлэн айлдахдаа харьцангуй үнэн ба үнэмлэхүй үнэнийг хунгийн хос жигүүртэй зүйрлэн айлдсан Төвд орохуйн шүлгээс эш татлаа.
Янагуух ба үнэмлэхүйн уужим цагаан жигүүрээ дэлгэж
Хунгийн хаан бээр бусад шувуудыг тэргүүнд
Дүүлэн нисч, хүчит буяны салхийг хөлөглөн
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
Мөн тэрээр Бурхан Багшийн сургаалыг учир шалтгааны үүднээс ойлгох нь чухал болохыг сануулж байлаа. Төв үзэл ба учир шалтгааны арга ухааныг хос арслантай зүйрлэв. Энэ хоёр уламжлалыг Шантаракшита багш анхлан таниулсан бол хожим болон Санпу хийдийн хамба Чапа Чойжи Сэнгэ (1109-69) албан ёсны ном хаялцах сургалтын хэлбэрт оруулсан хэмээн айлдав.
Ингээд асуулт хариулт эхэллээ.
Эхний асуултад хариулахдаа Дээрхийн гэгээнтэн, “Соронзонгомбо хааны хатан болох хятадын гүнж Бурхан Багшийн Зуу дүрийг Лхаст залж ирүүлэхээс өмнө Төвөдөд бомбын ёс оршиж байсныг дурдав. Дараа нь ловон Шантаркшита Тисрон Дэзэн хаанд буддын сургаал номыг энэтхэгээс төвөд хэлнээ орчуулахыг зөвлөсөн юм. Энэ цагаас эхлэн буддын шашин голлох болсон ч бомбын ёс өдгөө ч гэсэн оршсоор л байгаа гэдгийг тайлбарлалаа.
“Хэдийгээр сүүлийн үед барууны хүмүүс буддын шашныг сонирхох нь нэмэгдэж байгаа ч өөрсдийн уламжлалт иудей-христийн шашны уламжлалаа хадгалан, эрхэмлэх нь зүйтэй. Аль ч шашин ёс зүй ба энэрэл нигүүлслийг сургадаг.”
Мөн Дээрхийн гэгээнтэн “Бурхан Багш гэрээ орхих ёсыг дагаж амьдарсан бөгөөд түүний олон шавь мөн гэрээ орхин номын мөрд орсон болохыг, тэдний зам мөрийн суурь нь винайн ёс хийгээд сахил санваар байсан гэдгийг тайлбарлав. Хуврагууд сахил санваараа сайтар сахиж чадвал маш сайн хэрэг. Харин халуун дулаан сэтгэлтэй хүн байхын тулд заавал сахил, санваар сахих хэрэг үгүй хэмээн өгүүлэв.
Оролцогчдын дундаас нэгэн хүн буддын шашны ирээдүй ирэх тавин жилд ямар байхыг асуусанд Дээрхийн гэгээнтэн “Үүнд хариулахад бэрх. Өмнө заларч байсан Кашъяапа бурханы эрин төгссөн. Шагжамүни Бурхан Багшийн сургаал өнөө үед оршиж байна. Гэвч дэлхийн дулаарлаас үүдээд усны хомсдол нүүрлэж болзошгүй байгаа тул ирээдүй баталгаагүй байна” гэж хариуллаа.
Сөрөг сэтгэл хөдлөл хэрхэн үүсдэг талаарх асуултад Дээрхийн гэгээнтэн “Аливаа юмсыг үнэхээр өөрийн талаас бүтэж оршдог мэт бидэнд харагддаг тул бид тэдгээрт шунаж, татагддаг. Харин юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй буюу бусад хүчин зүйл, нөхцөл байдалд дулдуйдаж оршдог гэдгийг ухаарвал бид тэдгээр юмсад өөрөөр хандана” гэж хариуллаа.
“Квантын физикт ч бас юмс харагдаж байгаа шигээ оршдоггүй гэж үздэг. Гэхдээ энэ нь юмсын гадаад оршихуйг ч бас нухацтай авч үзэж байгаа хэрэг юм. Тэгэхээр энэ нь “аливаа объект (орон) хийгээд түүнийг тусгаж авч байгаа субъектив оюун хоёр нь нэгэн мөн чанартай” гэж үздэг Сэтгэл төдийтний гүн ухаантай төстэй байна. Энэ үзэл нь муу сэтгэлийн хүлээсийг сулруулж өгч болох хэдий ч мунхагийн үндэс ёзоорыг булга татахын тулд “аливаа юмс өөрийн зүгээс бүтэж оршдоггүй, нэрийн төдий оршдог” гэсэн шалтгаан-үр дагаварт суурилсан үзлийг ухаарах хэрэгтэй юм.”
Зовлонг номын мөрд, тэр дундаа “энэ зовлонг эдэлснээр хамаг муу үйл барагдах болтугай” хэмээн бодож бодь сэтгэлийг төрүүлж болно гэдгийг Дээрхийн гэгээнтэн “Багшийг Тахихуй”-н залбирлаас уншив.
Иймийн тул нигүүлсэн гэтэлгэгч багш минь,
Эх болсон амьтдын хилэнц, түйтгэр бүгдийг
Эдүгээ надад үлдээлгүй боловсруулж
Амгалан, буян бүгдийг минь бусдад өгсөнөөр
Амьтан бүхэн амгалант болохуй дор адисла
“Бодь сэтгэлийн өөр нэг тал нь “даруу байдал” буюу өөрийгөө бусдаас дорд барихуй юм. Энэ нь сул дорой байна гэсэн үг биш ээ. Хамаг амьтныг гэгээрлийн хутагт хөтлөх хүсэлтэй байна гэдэг нь асар их зориг байгааг илтгэнэ. Бусдыг энхрийлэх сэтгэл хүчтэй болохын хэрээр зориг хүчтэй болж, улмаар их нигүүлсэнгүй сэтгэл хүчтэй төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл хүчтэй төрсөн цагт хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх тэнхээтэй болно.
Нэгэн оролцогч Бурхан Багшийн гэгээрлийг Архадын гэгээрэлтэй харьцуулж тайлбарлаж өгөхийг хүсэхэд Дээрхийн гэгээнтэн “Архадууд муу сэтгэлээ бүрэн дарж чадсан байдаг ч мэдэгдэхүүний түйтгэрээс бүрэн салж чадаагүй. Харин Бурхан бүхий л түйтгэрээс бүрэн ангижирсан байдаг” хэмээн тайлбарлалаа.
Хоосон чанарыг ухаарахад тус болох эх сурвалж санал болгохыг хүссэн нэгэнд Далай Лам Нагаржуна гэгээнтний ‘Төв үзлийн билгүүний үндэс” хэмээх зохиолоос дараахыг уншиж өгөв:
Үйл хийгээд нисваанисыг арилгаваас амгалантай
Үйл хийгээд нисваанис нь атгагаас төрөх ба
Тэрхүү атгагаас цацарсаныг
Хоосон чанараар хорино
Мөн Төвд орохуйн шүлгээс эш татлаа.
Хэрэв өөрийн билэг чанарыг шүтэх болвоос
Түүнийг үгүйсгэснээр бодит зүйлүүд эвдрэх тул
Хоосон чанар юмсыг эвдэхүйн уг шалтгаан болвоос
Тэр нь зохисгүй, тиймийн тул бодит бус
Алины тул бодит эдгээрийг нэн ажиглаваас
Тэр ямагт мөн чанарт бодитоос нааш
Оршихуй олдох бус, тиймийн тул ертөнцийн
Томъёололын үнэнд нэн ажиглалыг бүү үйлд
Дээрхийн гэгээнтэн эдгээр мөрүүдийг байнга уншиж, давтдаг бөгөөд юмс үзэгдлийг шинжлэн үзэхэд өөрийн мөн чанараар бүтсэн зүйл нэгээхэн ч олдохгүй, гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг бус, юм үзэгдэл бүхэн нэр томьёололын төдийд оршдог болохыг эргэцүүлэн тунгаадаг гэлээ.
Жиованна Георгити Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Далай Лам таны өлмий бат оршиж, Итали улсад өөрийн биеэр морилон ирж номоо айлдана гэдэг найдаж байна” хэмээн мэдэгдлээ.
Дээрхийн гэгээнтэн номын айлдвар сонссон хүмүүст зориулан бодь сэтгэл төрүүлэхүйн уншлага уншлаа. Тэрээр ном сонсож буй хүмүүсийг удирдан Бурхан Багшийг өмний огторгуйд урин залж бясалгаад гурван бадаг ерөөлийн уншлага уншив.
Эцэст нь итали хэлээр гарах “Шинжлэх ухаан ба Энэтхэгийн Буддын шашны зохиолууд” цувралын эхнийх болох Бодит ертөнц ном орчуулагдан гарсныг цугласан олонд зарлаж, номын орчуулагчид талархал дэвшүүллээ.