Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө танхимд орж ирмэгцээ цахим уулзалтанд оролцож буй хүмүүсийн зүг гараа дохин мэндчилэв. Шри-Ланк дахь Мьянмарын сүмийн лам нар Пали хэлээр уншлага уншиж эхэллээ. Дараа нь Малайзын Теравада Буддын Зөвлөлийн гишүүд, дараа нь Индонезийн Бханте Сантасито нар мөн уншлага уншлаа.
Үзэгчдэд хандан Дээрхийн Гэгээнтэн төвөд хэлээр айлдвар айлдсан бөгөөд доктор Түвдэн Жинпа түүний хэлснийг англи хэл рүү орчуулав. Энэ хооронд орчуулагчид хятад, хинди, солонгос, япон, вьетнам, орос, монгол, испани, франц, итали, герман, балба, тай, синхал, индонези, ладахи зэрэг бусад хэл рүү орчуулж байлаа.
“Өнөөдөр Бурхан Багшийн шавь бид нар хоёр дахь өдрөө уулзаж байгаад үнэхээр баяртай байна. Ер нь Бурхан Багшийн сургаал 5000 жил үргэлжлэх бөгөөд үүний 2600 нь өнгөрсөн гэж үзэж буй. Уламжлалт буддын шашинтай орнуудад энэ уламжлал бат бөх оршсоор байна. Үүнээс гадна дэлхийн бусад улс орнуудад ч буддизмыг сонирхох хандлага улам нэмэгдэж буй билээ. Иймд дээдийн номыг дэлгэрүүлэхийн тулд бид юу хийж чадах талаар Буддын шашин шүтдэг бид бүгд бодох нь чухал юм.”
“Бид харилцан яриа хэлэлцүүлэг өрнүүлүж өөр өөр уламжлалаа илүү сайн ойлгох хэрэгтэй.”
“Буддизмд Пали болон Санскрит гэсэн хоёр үндсэн урсгал байдаг бөгөөд тэдгээрт харьяалагддаг хүмүүс хоорондоо ярилцах хэрэгтэй. Жишээлбэл би Бодьгаяад очихдоо Махабоди сүмд байнга мөргөл үйлдэхийн зэрэгцээ Тайландын сүмд байдаг найзуудтайгаа байнга уулздаг.”
“Бид бие биенийхээ номын тайлбарыг илүү сайн ойлгох хэрэгтэй. Буддизм юу заах ёстойг шашны зан үйлийн хувьд бус, сэтгэл зүй, гүн ухааны үүднээс сонирхдог хүмүүс бас байдгийг бид анхаарах ёстой. Тиймээс бид Буддизмыг уламжлалт үүргийн хувьд ч, оюун ухааны шинжлэх ухааны хувьд шашингүйн хүрээнд дэмжихийн тулд хамтран ажиллах шаардлагатай.”
“Одоо би Маха-Сатипаттана судрыг үргэлжлүүлэн тайлбарлая. Оршил нь хэсэгт тухайн цаг үеийн тодорхой бичсэн байна. Будда Каммасадхамма хэмээх хотод Курусын дунд заларч байжээ. Тэрээр лам нарт хандан: "Хуврагууд аа, амьтныг ариусгах, уй гашуу, зовлон зүдгүүрийг даван туулах, гэгээрэлд хүрэх нэгэн арга зам бий - Энэ бол дөрвөн санамсар төгөлдөр оршихуй юм гэж айлдсан байна.”
“Энэ бол Буддагийн сургаалын цөм нь бөгөөд эцсийн зорилго нь нирвааны хутагийг олох юм. Эхний алхам бол ухамсартай байх замаар бие, хэл яриа, оюун санааны сөрөг талыг хязгаарлах явдал юм. Дараагийнх нь замын мөн чанар буюу амин хувиа хичээхийг тэвчих, хоосон чанарыг ухаарах зэрэг билиг оюуныг хөгжүүлэхтэй адил төвлөрлийн сургалт юм.”
“Бурхан Багш дөрвөн санамсар гэж юу болохыг тайлбарласан байна. Тэрээр сэтгэл санаагаа тогтворжуулахын тулд нам гүм газар тухлан сууж бие дээр төвлөрнө. Дараа нь тэрээр амьсгал татах, гаргах дээр төвлөрнө, богино эсвэл урт амьсгалах эсэхээс үл хамааран амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ . Ийм ухамсар, мета-ухамсарыг хадгалснаар амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлдэг.”
“Ийнхүү биеийг анхаарал, ухамсарын объект болгон авдаг. Хэвтэх, зогсох, алхах, суух ямар ч үед бие дээр төвлөрсөн анхаарал санамсарыг олох ёстой. Хэрэв ингэж төвлөрч чадахгүй бол бидний сэтгэл санаа үймж олон асуудлын эх үндэс бий болно.”
“Бие махбодид анхаарал хандуулах нь чухал боловч оюун ухаандаа анхаарал, ухамсартай байх нь бүр илүү чухал билээ. Чадварлаг шаварчин хүн шавар ваар хийхдээ богино эсвэл удаан эргүүлэх шаардлагатайг мэддэгтэй адил бясалгал хийдэг туршлагатай хүн шаардлагатай бол анхаарал, ухамсарыг бүхий л үед ашиглаж чаддаг.”
“Биеийн оршихуй ёс, мөн чанар нь зовлонгийн чанартай гэж үздэг. Тиймээс зовлон гэж юу вэ, түүний эх үндэс нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй."
Өдөр тутмын амьдралдаа санамсарын бясалгалыг хэрэгжүүлэх талаар айлдахдаа Дээрхийн Гэгээнтэн лам хуврагууд 15 хоногт нэг удаа Пратимокша судрын (ангид гэтлэхүйн санваарын судар) товч ба дэлгэрэнгүй хувилбарыг уншиж гэмээ наминчлах сожонгийн зан үйлд зайлшгүй оролцох ёстой байдгийг тайлбарлав. Тэрээр XIII Далай Лам дацан хийдийн лам хуврагууд жилдээ нэгээс доошгүй удаа хайлангийн үеэр Пратимокша судрыг уншиж байх журам гаргасан гэж өөрийн багш Лин ринбочэ айлдаж байсныг дурсан ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Пратимокша судрыг өөрөө цээжилснээр Төвөдөд байхдаа зуны хайлангийн хурлын үеэр нэг удаа унших боломж олдсон бөгөөд дараа нь Энэтхэгт цагаачлан ирснээсээ хойш хэд хэдэн удаа уншсанаа дурсан ярив. Уг судар нь дацан хийдийн үйл ажиллагааг нарийвчлан гаргасан бөгөөд сахил хүртэж буй лам нарт хэрхэн амьдрах талаар зааварчилгаа өгдөг. Энэ нь лам хуврагууд өдөр тутмынхаа зан үйлийг ухамсарлаж, ухамсартай байлгах нь хичнээн чухал болохыг ухааруулдаг ажээ.
Анхаарах нэг зүйл бол судрыг заавал цээжээр унших ёстой. Зуны их хайлангийн үеэр ахмад лам уншлагаа дуусгаж чадахгүй бол түүний дараагийн лам өмнөх ламын орхисон хэсгээс үргэлжлүүлэн уншиж болдог заншилтай байжээ. Дээрхийн Гэгээнтэн нэмж айлдахдаа Өмнөд Энэтхэгт дахин байгуулагдсан томоохон дацан хийдүүдийн лам хуврагууд жилдээ нэгээс доошгүй удаа судрыг бүхэлд нь уншдаг энэхүү сайхан уламжлалаа хадгалахыг зөвлөв.
Тэрээр судрыг үргэлжлүүлэн уншихдаа “Маха-Сатипаттана сударт биеийн янз бүрийн хэсгүүдийг нарийн дүрсэлсэн байдаг. Биеийн хэсгүүдийг үнэн зөвөөр нь таних хэрэгтэй. Эцсийн эцэст бие махбодь бохир бодисуудаас бүрддэг гэдгийг ухаарах шаардлагатай.” гэлээ.
“Лам нар үхээрийн газарт очиж, ялзарсан ба ялзарч буй цогцсыг харж, бие махбодийн жинхэнэ мөн чанарыг эргэцүүлэн боддог уламжлал бий. Тэд өөрсдийн биеийг жишин бодож, " Миний бие энэ цогцостой адил, эцэстээ ийм болно, ийм хувь тавилангаас ангид биш" гэж боддог. Энэ нь зовлонгийн мөн чанарыг таних боломжийг олгож, өөрийн жинхэнэ мөн чанарыг ойлгох арга зам болдог юм. Бие махбодын талаарх бидний таамаглалын үндэс нь өөртөө, эзэн болсон “би” гэгчтэй холбоотой. Гэвч “би” нь түүнийг бүрдүүлдэг олон хэсгүүдээс ангид тусдаа байх боломжгүй гэдгийг харуулж байна. Биеийн үнэн мөн чанарыг ухаарвал шуналыг арилгана.”
"Дараа нь мэдрэхүйн талаар эргэцүүлэн бодох ёстой. Бид байгалиасаа тааламжтай мэдрэмжинд татагдаж, тааламжгүй зүйлд дургүй болно. Мэдрэмжийг ухамсарлах нь бидэнд хариу үйлдэл хийхдээ хэт туйлшрахаас сэргийлнэ. Хүсэл шунал нь сэтгэлийн түгшүүр, атаархалыг төрүүлдэг. Хэрэв бид хүсэл шуналыг бууруулвал сэтгэлийн түгшүүр багасах болно.”
“Мэдрэмж хаанаас ирдэг, яагаад тэдэнд хариу үйлдэл үзүүлдэг талаар асууж магадгүй. Бидний дуртай, дургүй зүйлүүд бий. Энэ дургүйцлийг уур хилэн, үзэн ядалтаар илэрхийлдэг.”
“Дараа нь бясалгалаа оюун ухаанаас оюун санааны объект руу шилжүүлнэ. Бидний итгэдэг олон зүйл оюун санааны төсөөлөл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хоосон чанарыг ойлгоход ойртуулдаг. Бодит байдалд бат бөх, бие даасан оршин тогтнох зүйл байхгүй тул тэдэнтэй зууралдах үндэс нь бүхэлдээ байхгүй болно гэсэн үг юм.”
“Санамсар нь эхлээд бие махбодоос мэдрэхүй, мэдрэхүйгээс оюун ухаан, оюун ухаанаас үзэгдлийн мөн чанар луу шилжиж улам гүнзгий ойлголтыг бий болгоно.”
“Би өөрийн өдөр тутмын дадлага хийхдээ хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номноос эш татан аливаа зүйлийн мөн чанарын үүднээс хоосон чанарыг бясалгадаг юм.”
Цахим сүлжээгээр холбогдож буй үзэгчдийн асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн бурханы шашны гол зарчим нь итгэл дээр биш, харин мэдлэгт суурилдаг гэдгийг тодруулав. Тэрхүү мэдлэг нь судлах, эргэцүүлэн бодох, бясалгах замаар бий болдог. Богд Зонхов энэ тухай “Онол өгүүлэхүй” номондоо,
Эхэнд би агуу ихээр суралцахыг эрэлхийлэв
Дунд нь бүхий сургаалыг увидаст ургуулав
Эцэст нь өдөр, шөнөгүй анхааран авлага болгов
Энэ бүх буяна номыг дэлгэрүүлэхийн төлөө зориулав гэж айлдсан байна.
Дээрхийн Гэгээнтэн хэрэв хувь хүн суралцаж, бясалгах цаг гаргаж чадвал амар амгалан амьдралын үндэс суурь тавигдана гэж зөвлөв. Энэрэнгүй сэтгэлд хөтлөгдөж Бурхан Багш шинжлэн бясалгах замаар гэгээрэлд хүрсэн гэдгийг нэмж тайлбарлалаа.
“Амьсгалдаа анхаарал хандуулснаар бид төвлөрөх чадвартай болох бөгөөд ямар нэгэн хүчин чармайлт гаргалгүйгээр хийдэг зүйлдээ анхаарал хандуулж, оюун санааны сахилга батыг хөгжүүлдэг. Оюун санааг тайвшруулах үйл явц явагдсанаар бид оюун ухаан гэж юу болохыг мэдрэх боломжтой.”
“Тарнийн уламжлалд оюун ухааны янз бүрийн түвшнийг хүлээн зөвшөөрдөг. Үхэх үед нийтдээ 80 төсөөлөл шингэдэг бөгөөд эцэстээ сэтгэлийн хамгийн нарийн чанар болох гэгээн гэрэл илрэлч бий болдог. Туршлагатай йогч энэ үе хүртэл ухамсараа алдахгүй байж чаддаг.”
Дээрхийн Гэгээнтэн асуултад хариулахдаа “самата” болон “випассана” хоёрын ялгаа нь бясалгалын объектод бус харин бясалгалын хэв маягт байх ёстой гэдгийг тодотгов. "Самата" бол оюун ухааныг нэг цэгт төвлөрүүлэх бөгөөд "Випассана" нь дүн шинжилгээ хийх судалгааг агуулдаг гэлээ.
Тэрээр цааш нь зовлонгийн үнэний дөрвөн шинж чанарт анхаарлаа хандуулахыг уриалав. “Мөнх бус, зовлонгийн чанар, хоосон чанар, би үгүй.” Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” зохиолоос өөрийн үйл ажиллагаандаа ашигладаг хоёр шүлгийг эш татав.
Бодгаль нь газар биш, ус биш,
Гал биш, салхи биш, орон зай биш,
Ухамсар ч биш, бүгдээрээ ч биш.
Эдгээрээс өөр юу байх вэ?
Бодьгал нь бодитой байдаггүй шиг
Зургаан цогцсын хэсгээс бүрддэг тул
Тиймээс бүрдүүлэгч бүгд ч
Нэгдмэл учраас бодит бус
“Бид “миний бие”, “миний яриа” гэх мэтээр ярьдаг учраас эдгээр зүйлийн эзэн хүн бий гэж үздэг. Эцсийн эцэст бид “би”-г хайгаад олдохгүй байна, гэхдээ ердийн түвшинд “чи, би” байдаг гэж хэлж болно. Сэтгэл төдийтний үзлээр үүнийг ухамсрын тасралтгүй үргэлжлэл гэж үздэг бол төв үзлээр зөвхөн нэр томёололын түвшинд л тодорхойлох боломжтой гэж үздэг.”
“Хоосон чанарыг нарийн тайлбарласан хутагт Нагаржуна болон Чандракирти нарын гайхамшигт ном зохиолууд бий. Тэдгээрээс өдөр бүр би уншиж бодож бясалгадаг. Нагаржуна, Чандракирти нарыг дурдахад би урд өмнө Нагаржунайн цугласан шавь нарын захад нь сууж байсан мэт сэтгэл төрж, надад маш дотно санагддаг юм.
Зохицуулагч Эрхэм хүндэт Нарампанавэ Ананда Наяк Дээрхийн Гэгээнтний сургаалыг сонсох урам зориг өгсөнд талархаж байгаагаа илэрхийлээд төгсгөлийн үг хэлэв.
“Энд цугларсан хүн бүр сургаалаас олон талын ойлголт авч чадсан. Энэ удаагийн "сатипаттана" сургаал хүн бүрийн хувьд чухал сургаал боллоо. Та бүхнийг өдөр бүр дасгал хийхийг урьж байна. Царт тахал үргэлжилсээр байгаа энэ үед энэхүү агуу сургаалыг тайлбарлан айлдсан Дээрхийн Гэгээнтэнд үнэхээр талархаж байна. Бурхан Багшийн сургаал хамаг амьтдыг ивээх болтугай.”
Цахим сүлжээгээр оролцож буй хүмүүс нэгэн зэрэг өөрсдийн уламжлал дагуу "Садху, садху, садху" хэмээлээ.