Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 15 залуу удирдагчдыг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзлаа.
“Та бүхэнтэй өнөөдөр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Залуус та бүхэн мөн өндөр үүрэг хариуцлага хүлээж буй. Дэлхий дээр амьдарч буй 7-8 тэрбум хүмүүс бид үнэн мөн чанартаа ялгаагүй юм. Бид “Дэлхий” гэх энэ нэгэн гэрт хамтдаа амьдрахаас өөр аргагүй үгүй. Гэтэл энд зөвхөн өөрийн улс орныхоо эрх ашигийг бодоод байвал бусдыг хөнөөх зэвсэг үйлдвэрлэхээс өөр зүйл гарахгүй. “Бид” ба “Тэд” гэж бусдыг өөрөөс ялгаж бодох нь үнэндээ цаг үеэ өнгөрөөжээ. Одоо бид нэгэн хүн төрөлхтний төлөө байх цаг нь ирсэн байна.”
Дээрхийн Гэгээнтний хуучны анд сэтгэл судлаач, сэтгэцийн эмгэг судлаач профессор Ричард Давидсон уулзалтанд ирсэн энэрэн нигүүлсэхүйн удирдагч нарыг танилцуулсан юм. Энэхүү уулзалтыг хамтран хөтлөгч Дара Беннэт Гоулман болон түүний нөхөр Дан Гоулман нар уулзалтанд ирж чадаагүй тул цахим сүлжээгээр дамжуулан шууд холбогдон хөтлөж байгаа юм.
Эдгээр залуу удирдагчид өөрсдийн үйл ажиллагаандаа дотоод сэтгэлийн хувьслын арга техник хэрэглэдэг болохыг Дээрхийн Гэгээнтэнд Беннет Гоулман тайлбарлав. Залуус өмнө нь Дээрхийн Гэгээнтний үзэл санааг буулган бичсэн Гоулманы “Бурханы хамгаалагчид” номыг уншиж судласан аж. Өнөөдөр болон маргаашийн энэхүү уулзалтыг ч дараагийн номондоо ороуулах тухайгаа Гоулман Далай Ламд уламжиллаа.
Уулзалтанд оролцож буй залуу удирдагч нар тус бүрдээ товч илтгэл тавиад Дээрхийн Гэгээнтнээс асуулт асуухаар төлөвлөснийг Ричи Давидсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд сонордуулав.
Түүний эхний танилцуулсан удирдагч бол Афганистанаас ирсэн Схабана байсан юм. Тэрээр “Намайг төрөх үед Кабул хотод охид эмэгтэйчүүд эрдэм ном сурахыг хориглодог байв. Тиймээс эцэг, эх маань намайг нууцаар эрдэм ном эзэмшүүлсэн билээ. Би аав, ээжийн сургуулийн бүтээгдэхүүн төдийгүй бусад Афганистан эмэгтэйчүүдийн эр зоригийн үр дүн юм хэмээгээд “Таны захиас надад маш их урам өгдөг. Дэлхийн дулаарлыг багасгахад охидын боловсрол асар их хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
Мөн тэрээр “Афганистанд би охидын сургууль нээж чадсан. Гэтэл өнгөрсөн 8 сард бид эх нутгаа орхихоос өөр аргагүйд хүрсэн тул одоо афган охид сургуульд явж чадахааргүй болсондоо их харамсаж байна. Төлөвлөж эхлүүлсэн бүх ажил маань дуусаагүйгээр барахгүй бид хилийн чинадад амьдрахаар тэмцэж байна. Би үнэхээр хүчин мөхстөж байна” хэмээгээд “Цагаачилж амьдарч байгаагийн хувьд та орон гэрийг юу гэж ойлгодог вэ?” хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Бид бүх хүн төрлөхтний хойшдын ирээдүйг харах хэрэгтэй. Бид арай өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй болжээ. Зөвхөн өөрийн садан төрөл, хот тосгон, улс үндэстэн гэж бодох тусам улам л их асуудал урган гарч ирж байна. Гэтэл хүн бүр жаргалтай амьдрахыг хүсч байдаг. Хэт давчуу сэтгэж буй удирдагч нар хүчирхийлэлээс давж сэтгэж чадахгүй л байна. Гэтэл энэ бол хоцрогдсон арга шүү.”
“Тэд” ба “Бид” гэж бие биенээ ялгаварлан үзэх нь зэвсгээр бүхнийг шийдэхэд хүргэхээс өөр олигтой шалтгаан болохгүй байна. Дэлхий нийтийн зовлон шанлалыг шийдэхийн тулд бид “нэг хүн төрөлхтөн” хэмээх нэгдмэл үзэл санаагаар амьдарч сурах хэрэгтэй.”
“Цагаачлан амьдарсан маань надад ёстой санаанд оромгүй ашиг тус өгсөн юм. Эрх чөлөөт Энэтхэг оронд ирсэнээр би дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй уулзаж учрах боломжтой болсон юм. Ингэсэнээр бид бүгд үнэн мөн чанартаа бүгд адилхан юм байна гэдгийг олж мэдэрсэн юм даа.”
Боливиагаас ирсэн Жеронимогийн эцгийн тал нь Андийн нуруунаас, харин түүний эхийн тал нь Алфийн нуруунаас ирсэн хүмүүс болохыг тэрээр Дээлхийн Гэгээнтэнд уламжлаад Боливын ард түмэн эх дэлхийгээ хамгаалахаар хэрхэн зовж зүдэрч буйг өгүүллээ. Тэрээр өөрийгөө их л ууртай залуу болоод байгааг ажигласан байна. Харин найз нь түүнийг энэрэл нигүүлслийн үнэ цэнийг ойлгож ухаарсан нэгэн багштай танилцуулсан аж. Одоо тэрээр Андийн нуруунд энэрэл нигүүлслийг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцон ажилладаг бөгөөд өнөө цаг үеийн үнэт зүйлийг хэрхэн мэдэрч амьдрах талаар Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Хүмүүс бидэнд энэрэл нигүүслэл хамгийн чухал зүйл байх болно. Эхийн хэвлийд буй хүүхдэд эх нь аз жаргалтай, сэтгэл амгалан байна уу, эсвэл сэтгэл нь түгшиж байна уу гэдэг нь мэдрэгдэж байдаг аж. Бид эхийн хэвлийгээс хүн болон мэндэлж, өсч торниж байгаа нь ээжийн маань хайр энэрлийн хүч билээ. Бид хэдий чинээ нөхцөл байдлын бодит үнэнийг мэдэрнэ төдий чинээгээр хүмүүлэг, нэгдмэл чанарыг үнэлэх болно.”
Америкийн Нэгдсэн улсаас ирсэн хамгийн залуу хүмүүнлэгийн удирдагч Эмма өөрийгөө 14 настай хэмээгээд Нэгдсэн Улсын эрэг орчмын жижигхэн арлаас ирсэн хэмээн танилцуулав. Төрөлх нутгийнх нь үзэсгэлэнт байгалийг сүйтгэж буй пластик хэрэглээг зогсоохоор тэрээр 11 настайгаасаа эхлэн найз нартайгаа хамтран тэмцэж эхэлжээ. Нутгийн ахан дүүс нь эхэндээ тэднийг дэмжиж байсан ч өнөөдөр хаа сайгүй маш өргөнөөр хэрэглэгдэж буй пластик хэрэглээг зогсоох аргагүй болж тэд мухардалд оржээ.
Байгаль өөрийгөө нөхөн сэргээж чадахаа больсоныг хүмүүс хэзээ, хэрхэн мэдэх вэ, үүнийг мэдсэнээр хэзээ нүүх үү, суух уу гэдгээ мэдэж болох уу гэдгийг Эмма мэдэхийг хүсч энд иржээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Дэлхий өөрчлөгдөж байна. Хэрэв энэ хэрээр дэлхийн байгаль орчин хурдацтай өөрчлөгдвөл бид хэзээ нэгэн цагт хаа нэгтээ нүүх хэрэг гарах байх. Гэхдээ итгэл найдвараа алдах нь ямагт тусгүй байдаг. Гуниг гутрал дээр амьдрал хэзээ ч босож байгаагүй тул өөрийн сэтгэлээ өргөж явах хэрэгтэй.”
Энэтхэгт төрж өссөн Зизаныг бага байхад аав нь автомашины ослоор насан эцэслэж, мөн ээж нь ч насан эцэслэсэн аж. Эцэг, эхээ алдсан тэрээр сэтгэлийн шаналалд автаж олон жилийг бясалгал хийж өнгөрөөжээ. Өнөөдөр тэрээр сэтгэл зүйчээр ажилладаг болсон байна. Эхийн хайрыг мэдрээгүй өссөн хүн энэрэл нигүүлслийг хэрхэн хөгжүүлж болох талаар Дээрхийн Гэгээнтнээс асуухаар иржээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Дээр дурьдсанчлан бид бол нийгмийн амьтад юм. Өөр хоорондоо хариу үйлдэл үзүүлж харьцах нь бидний төрөлх араншин билээ. Бид өөрийгөө эзэнгүй зэрлэг ойд төөрлөө гэж бодоё. Тэгтэл хэн нэгэн холоос чамайг чиглэн ирж байна гэж төсөөлөөд үз. Тэр үед чи тэр хүнийг чиний найз уу, дайсан уу гэж бодохгүй. Зөвхөн чи өөртэйгөө адилхан хүнтэй уулзах гэж байгаадаа баярлана шүү дээ.”
Мумбайгаас ирсэн Швэталийн хувьд тэрээр 10 настайдаа өөрийн эргэн тойронд буй ядуу амьдралыг харан цочролд орсоноо ярив. Яг тэр үедээ бага байсан болохоор тэрээр ямар нэгэн дорвитой алхам хийж чадаагүй ч 18 хүрмэгцээ хүүхдүүдэд англи хэл зааж эхэлсэн байна. Хүүхдүүдийн ирээдүйд санаа зовсон ч тэрээр тэдний ирээдүйг өөрчлөх ямар нэгэн олигтой өөрчлөлт хийж чадахгүйгээ мэдэрч хүчгүйдсэн аж. Тэрээр хүчин мөхөстсөн сэтгэлийн төлвөөс хэрхэн гарах арга замыг Дээрхийн Гэгээнтнээс лавлав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Заримдаа хичнээн зүтгэсэн ч бидний зүтгэл талаар болох үе гардаг нь үнэн. Гэсэн ч энэ нь бууж өгөх шалтгаан биш ээ. Бидний зорилго биелэх эсэх нь тодорхойгүй ч хүмүүн бидний саруул оюун ухаан хязгааргүй боломжийг үргэлж бидэнд өгч байдаг юм. Нэгэнт биелэх боломжгүй зүйлд санаагаа чилээх нь ашиггүй.”
“Хэрэв бид үргэлж нэг нэгэндээ харамгүй тусалдаг байсан бол энэ хорвоо ямар байхсан бол гэж би үргэлж боддог” гэж Ганаас ирсэн Грэйс Дээрхийн Гэгээнтэнд хэллээ. Учир нь би энэ уулзалтанд хэн нэгний ачаар л ирж оролцож байна. Би бусдын тусламж дэмжлэгээр өдий хэмжээнд хүрсэн билээ. Ээж маань бидний төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулсан юм. Одоо би бусдад туслах сан ажиллуулдаг. Бид хэрхэн, яаж өөрийгөө болон өрөөлийг бусдад харамгүй тусладаг болгож зоригжуулах вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуув.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өгүүлэхдээ “Бид бол нийгмийн амьтад юм. Эхийн ачаар бид хүн болж төрж, өсөн торниж, анд нөхөд хүмүүс гээд бусад хүмүүсийн ачаар эсэн мэнд өдий зэрэгтэй явж буй” хэмээн онцолсон юм.
Тэнзин Долгорын хувьд хүүхэд насаа Дарамсалад өнгөрүүлжээ. Тэрээр ан амьтан, хорхой шавьжийг хүртэл хайрлах талаар заасан ээж болон эмээгийнхээ хайр энэрлийг санан дурсаж чаддаг ч аав, өвөөгийн талаас ийм дурсамж мэдрэмж тун бага байдгийг хэлээд “Бид яагаад аав, өвөө нартайгаа яагаад ийм дотно байж чаддагүй вэ” гэж асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Миний хувьд ч гэсэн адилхан. Ээж маань их уян зөөлөн хүн байсан бол аав ээж шиг байгаагүй. Аав маань их том биетэй сахалтай хүн байсан. Заримдаа би аавын сахлаас татаж дүрсгүйтэхэд тэрээх их уурладаг байж билээ. Манай авга ах нар ч ялгаагүй. Тэд нар лам байсан. Нэгэн удаа би багадаа уншиж буй судрыг нь ихэд сонирхон харж байгаад хуудсуудыг нь дээр дор оруулчихсан юм. Тэгэхэд их л уурлаж бөгсөн дээр минь өвттөл алгадаж билээ.”
“Наланда их сургуулийн сургалтын уламжлал нь тэвчээр, хатуужил, бодь сэтгэлийг дадуулах явдал юм. Өглөө бүр би сэрэхдээ бусдын төлөө гэсэн сэтгэлийг хөгжүүлэх уншлага уншдаг. Энэ нь бусдыг энэрч хайрласан дотоод сэтгэлийн хүч чадлыг нэмэгдүүлэхэд тусладаг юм.”
Иракийн Курдистан хотын гэр бүлээс гаралтай Билалын хувьд АНУ-д төрж өсчээ. Гэхдээ тэрээр хүүхэд байхын л соёлын ялгааг мэдэрсэн байна. 2011 оны бослогоос хойш тэрээр Ойрхи Дорнодын улс оронд эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажилласан аж. Эцэг, эх нь түүнийг АНУ-д буцаж ирж амьдрахыг хүсч байгаа бол харин тэрээр Орхи Дорнодод энэрэл нигүүлслэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг зорьж байгаагаа Дээрхийн Гэгээнтэнд айлтгаад хэрхэн зорилгодоо хүрэх арга замын талаар асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
“Эцэг эхээ хүндэтгэж үзнэ гэдэг маш чухал шүү. Залуус болон ахмад үеийн дунд үзэл бодлын ялгаа байж болох ч эцсийн бүлэгтээ бид адилхан гэдгээ мартаж болохгүй. Тиймээс хүмүүс хоорондын үзэл бодол зэрэг ялихгүй ялгаанд ач холбогдол өгөхөөс илүүтэй бид нэг л зорилготой хүмүүс юм гэдэг дээр илүү хүчтэй төвлөрч ажиллавал бид харилцан хамаарлын дагуу бие биедээ нөлөөлж чадна.”
Яаж тэгэх билээ хэмээн Билал лавлаж асуулаа.
“Бидний гадаад дүр төрх өөр өөр хэдий ч бид үнэндээ нэгэн гариг дээр хамтдаа амьдрах ёстой биз дээ. Залуучууд та бүхэн “Хэрэв бид эндээс явая гэвэл хаашаа явах билээ дээ” хэмээн бодох хэрэгтэй. Энэ бол тийм ч амар зүйл биш шүү.”
Ирланд гаралтай Ронан харин Жр. Мартин Люьтер Кингийн “Хайргүй хүч бол бодлоггүй хүчирхийлэл юм. Харин хүчгүй хайр бол хүч багатай мэдрэмж юм. Хүч чадлын жинхэнэ утга нь хайр энэрлийг хамгаалах шударга ёсны шаардлага юм, харин шударга ёс бол хайр энэрлийн эсрэг бүх зүйлийг засах хүч юм." хэмээх алдартай үгийг дурьдав.
“Эгэл үг хүч багатай тул эгэлгүй хүчтэй үгийг хэрэглэх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
"Талибаны засаглалын үед Афганистанд охидын боловсрол хууль бус байна. Үүнийг хүн төрлөхтний ижил төстэй байдал өөрчилнө гэдэг нь боломжгүй. Бидний хувьд улс төрийн түвшинд нөлөөлж ажиллах хэрэгтэй болоод байна. Бид маш их хүч тарамдаж байна. Си Жин Пин л гэхэд тоталитаризмын тогтолцоог хөгжүүлж байгаа нь энэ байдлыг өөрчлөхөд сөргөөр нөлөөлж байна.”
“Чухам үнэндээ бид энэ бүх асуудлаас гагцхүү бусдыг бодож бусдын төлөө ажиллаж байж л гарна. Гэтэл улс орнууд хүн төрөлхтөн гэхээсээ илүүтэйгээр зөвхөн өөрийн улс орны л эрх ашигийг хөөцөлдсөөр байна.”
“Өнгөрсөн жил сургуульд явахыг хүссэн Афганистан бүсгүйчүүдийг зэвсгээр далайлган сүрдүүлж байсан. Тэд сургуульд явж чадахгүй л байна. Эмэгтэйчүүдийн боловсролыг Талибанчууд шашны эсрэг гэж үзэж байна. Аливаа шашин сахил ёс суртахууны хажуугаар хувь хүмүүсийн оролцоог харгалзан үзэх ёстой.”
Энэхүү ярилцлагыг хөтлөгч Ричи Давидсон өнөөдөр ийнхүү залуу удирдагч нар Дээрхийн Гэгээн Далай Ламтай уулзаж байгаа нь дэлхий нийтийг энэрэл нигүүлслээр зоригжуулах үйл явдал боллоо гэж үнэлэв.
Дээрхийн Гэгээнтний хувьд “Бид одоо бодитой байх хэрэгтэй. Бид хүн төрөлхтний нэгдмэл байдлаар ажиллаж амьдрахыг дэмжиж, хамтдаа амьдрах цаг нь болсон. Өдөр тутамдаа бясалгадаг энэрэл миний дотоод сэтгэлийн хүчийг нэмэгдүүлж, айдасгүй болгодог юм . Энэ бол амьдралд хамгийн шалгарсан арга юм шүү.” гэлээ.