Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө өргөөнд орж ирэн инээмсэглээд “Энэрэнгүй удирдагчдын уулзалт”-ын 2 дахь өдрийн хуралдаанд оролцохоор суудалдаа суулаа.
Ричи Дэвидсон “За ингээд эхлэе” гээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сайхан унтаж амарсан эсэхийг асуухад “Үргэлж 9 цаг” гэж хариулав.
Дэвидсон:
"Өчигдөр бид нийгмийн оролцоо ба сайхан сэтгэлийг төлөвшүүлэхийг хэрхэн тэнцвэржүүлэх талаар судалж үзсэн. Бид хэзээ бие дааж гэрээсээ гарах вэ, гэр гэж юу вэ, зовлон бэрхшээлийн дунд гоо сайхныг хэрхэн олох вэ гэж ярилцсан билээ. Бид энэрэнгүй сэтгэлийн багш болсон аавуудын үүрэг, залуучуудад өдөр бүр тулгардаг бэрхшээлүүдийн өмнө итгэл найдвараа хэрхэн хадгалж чадах талаар судалж ярилцсан билээ. Өнөөдөр амьдрал гэж юу вэ, үүний талаар тантай саналаа хуваалцаж, танаас асуулт асуух долоон хүн байна."
Ирландаас ирсэн Ронан хамгийн түрүүнд Дээрхийн Гэгээнтэнд хандан:
“Өчигдөр та бид бүгдэд өнөөдөр амьд байгаа найман тэрбум хүний тухай, нэг хүн төрөлхтөн гэдгийг хэрхэн таних ёстой талаар ярьсан. Би таниас өөр байр суурьтай байлаа. Учир нь би Ганди, Мартин Лютер Кингийн үлгэр жишээг дагадаг хүчирхийлэлгүй, хүлцэнгүй иргэний бүлгийг зогсоох хөдөлгөөний улс төрийн бодлогыгдэмжиж байсан явдал юм.”
“Бид зөвхөн тогтвортой байдлын хямрал биш, цаг уурын онцгой асуудал гэдгийг ойлгуулах гэж оролдсоныхоо төлөө шоронд хоригдсон энхийн төлөө тэмцэгчид юм. Бид мөхлийн замд явж байгаа бөгөөд энэрэн нигүүлсэхүйн хүч хангалттай биш байна. Дэлхийг өөрчлөх ямар ч боломжгүй юм шиг санагдаж байна. Эв нэгдлийн тухай, тийм сайхан зүйлийг төсөөлөх нь боломжгүй зүйл мэт санагдах нь эргэлзээнд автуулж байна.”
“Бид өөрсдийн зовлон зүдгүүрээ таны урд гаргаж тавихаар ирсэн. Би дээрх хөдөлгөөнд байхдаа өөрийн хязгаарыг давсан юм. Миний бие хэдэн хэсэг болж тасарсан. Би өөрийгөө стресст оруулж үүнээс болж бие маань архаг өвдөлт, ялангуяа өвдөг шархирч өвддөг шиг, бүх биеэр минь тархсан өвдөлтийг мэдэрсэн юм. Үүнд эмчилгээ хангалтгүй байна. Би хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна.”
“2019 оны өвөл надад амиа хорлох тухай бодол төрсөн. Олон жилийн өмнө дүү маань дугуйнаасаа унаж, нас барахад нэг хүүгээ алдсан аав, ээжийнхээ өмнө тийм зүйл хийж чадахгүй юм шиг санагдсан нь надад саад болсон юм. Намайг зогсоосон өөр нэг хүчин зүйл бол 2020 оны 3 сард би тантай уулзана гэсэн бодол миньбайв. Альберт Камюгийн бичсэнчлэн “Өвлийн дунд би дотроо дийлдэшгүй зун байгааг олж мэдэв. Энэ нь намайг аз жаргалтай болгодог. Учир нь энэ ертөнц намайг хэчнээн хүчтэй шахаж байсан ч миний дотор илүү хүчтэй, илүү сайн зүйл байдаг гэж хэлдэг."
"Надад асуух асуулт алга. Харин хамтдаа чимээгүй сууя гэж хүсмээр байна."
Хэсэг хугацаанд дуугүй суусны дараа Дээрхийн Гэгээнтэн үг хэлэв.
“Чи мэдэж байгаачлан би дөрвөн үүрэг өөртөө хүлээсэн билээ. Юуны өмнө сэтгэл ханамжгүй байдал их байгааг харж байна. Хүмүүс бие махбодийн гэхээсээ илүүтэй сэтгэлийн зовиуртай тулгардаг бөгөөд үүнийг тайвшруулж болно. Бид дэлхий ертөнц үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг харалгүй сөрөг бодол тээж явдаг. Тиймээс бидний сэтгэл санааны зарим нэг зовиур, шаналалыг бид өөрсдөө бий болгосон юм. Бид заримдаа аливаа зүйлийг илүү өргөн өнцгөөс харж, тийм ч муу биш гэдгийг харах хэрэгтэй болдог. Бидэнд энэрэн нигүүлсэхүйн үндэс бий.”
“Хүмүүс бид бар гэх мэт махчин амьтантай адилгүй. Бид нийгмийн амьтад учраас бусдын төлөө санаа тавьдаг, энэ нь бидний бусад сайн чанаруудын үндэс суурь болдог. Бидний хэн нь ч тусгаарлагдаагүй, бид нийгмийн нэг хэсэг мөн. Бидэнд нөхөрлөл бий. Хамт олныг эрхэмлэх нь хүний үндсэн мөн чанар юм.”
“Одоо бид энэ дэлхий бидний “Цорын ганц гэр” гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дулаарлын үр дагавар нь өөр асуудал боловч энэ дэлхий тааламжтай газар юм шүү. Би эх орноо алдаж, цагаачлан амьдарч байгаа ч Энэтхэг орон надад ихэд зочломтгой хандсан юм. Би энд болон бусад газар олон хүмүүстэй уулзаж, хүмүүс бид бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан гэдгийг ажигласан билээ.”
“Би эх орноо алдаж, цагаачлан амьдарч байна. Гэвч бид хаана ч байсан хүн хэвээрээ л байна. Би хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэд үргэлж инээмсэглэдэг. Цахим сүлжээ, телевиз, радиогоор дамжуулан бид дэлхийн бусад оронтой харилцах боломжтой. Хүн ам бүхэлдээ нэгдэж, долоогоос найман тэрбум хүн манай гэр бүлийн нэг хэсэг болоод байна. Бид хамтдаа амьдрах ёстой. Бид өөр гариг руу зугтаж чадахгүй. Тэнгэрт сар үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч бид тэнд амьдрах боломжгүй."
Энэтхэгээс ирсэн Анжу сэтгэл санааны хямралд автсан гэр бүлд өссөн тухайгаа ярьжээ. Тэр зүрхэнд биш толгойд өвдөлт мэдрэх нь илүү хөнгөн үү гэж асуув.
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид хоёр түвшний зовлон шаналал, эсвэл өвдөлтийг харж болно. Нэг нь бие махбодийн түвшинд, нөгөө нь сэтгэлийн зовиуртай холбоотой. Биднийг тав тухгүй байдалд оруулдаг бүх зүйлийн шалтгааныг судлах хэрэгтэй. Бид тэдгээрийг даван туулах арга зам, арга хэрэгслийг бараг үргэлж олж чаддаг. Би маш олон асуудалтай тулгарсан ч оюун ухаанаа ашиглан тэдгээрт дүн шинжилгээ хийснээр сэтгэл санаагаа тайван байлгаж чадсан юм.”
“Хүнийг амьтнаас ялгаатай байлгаж буй нэг зүйл бол бидний хариу үйлдэл үзүүлдэг, мөн төлөвлөх, урьдчилан бэлдэх чадвар юм.”
“Цагаачлан ирээд Төвөдүүд бид ганцаараа биш, хүн төрөлхтний нэг хэсэг гэдгээ олж мэдсэн билээ. Бид маш олон хүн тусласан. Нутгаасаа дүрвэж, уулсын дундуур явж байхдаа ирээдүйд яах бол гэсэн бодолд автаж байв. Гэсэн ч Энэтхэгт ирээд биднийг халуун дотноор угтаж буй олон хүнийг бид олж харсан юм.”
Гэр бүл нь Тайванаас гаралтай ч Техаст төрж өссөн Кристин өөрийн түүхээс ярив. Тэрээр нийгмийг эмчлэхүрийг тариалахын тулд зохиолч, сэтгүүлч болохоор шийдсэн ч сонинд ажиллах нь түүнийг эмгэнэлт явдлын дараа ахин эмгэнэлт байдалд оруулсаар байгаа мэт санагджээ. Бусдын зовлон зүдгүүрийг харах нь ямар нэгэн байдлаар мэдрэлгүй болоход хүргэдэг гэж тэр тайлбарлав. Тэр уй гашууг тэвчихэд хэтэрхий хүнд санагдсан үед хэрхэн даван туулах талаар асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн:
“Бид асуудлыг хэрхэн дүгнэж байгаа нь бэрхшээлийг хэрхэн даван туулахтай шууд холбоотой. Юмс бүхэн шалтгаан, нөхцөлтэй холбоотой, тэдгээр нөхцөл, шалтгааны заримд нь бид өөрөө хувь нэмэр оруулдаг.”
“Зарим бага насны хүүхдүүд өнгөрсөн амьдралаа санаж байгаа нь хойд нас байгаагийн нэг үзүүлэлт юм. Гэхдээ хамгийн гол нь би хүн болж төрсөндөө баяртай байдаг. Мэдлэг бидэнд зориг өгнө. Хэрэв бид нэг л удаа амьдардаг байсан бол бид сэтгэлээр унаж магадгүй. Урд хойд нас байгаа нь надад өөдрөг үзэл бодлыг авчирдаг. Буддын шашны уламжлалд оюун ухааныг сургах олон арга байдаг тул сэтгэлээр унах шаардлагагүй.”
“Өөртөө хүлээсэн үүргийн талаар эргэн ярихад, юуны түрүүнд хүн гэдэг үүднээс би бусад хүмүүсийг илүү аз жаргалтай амьдрахад нь туслах үүрэгтэй. Материаллаг хөгжил дэвшлийг үл харгалзан хүмүүс бүх төрлийн сэтгэлийн зовиуртай тулгардаг. Би энэ сэтгэлийн таагүй байдлыг багасгахад туслахаар шийдсэн билээ.”
“Хоёрдугаарт, би буддын шашны лам хүний хувьд шашин хоорондын эв найрамдлыг дэмжихийн төлөө зүтгэж байна. Бүх шашин халуун сэтгэлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрдөг. Зарим нь бүтээгч Эзэнд итгэдэг, зарим нь үйлийн үрд итгэдэг. Надад шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд зөрчилдөөн үүсч байгааг сонсохоор анагаагч эм хор болж хувирсан мэт гунигтай санагддаг.”
“Гуравдугаарт, Төвөд хүмүүсийн тухай бодох ёстой, учир нь тэд надад итгэж найддаг. Тэд өөрсдийн шийдэмгий байдлыг бэхжүүлэхийг надаас хүлээж байна. Төвөдийн ард түмэн уламжлал ёсоор ёс суртахууны зарчмуудаа хадгалахын тулд Далай Ламд ханддаг.”
“Дөрөвдүгээрт, би зөвхөн залбирлаар бус мэдлэгээр дамжуулан Бурхан Багшийн сургаалыг амьд байлгахыг хичээж байна. Энэ бол оюун санааны мөн чанарын тухай гайхалтай тайлбарыг агуулсан уламжлал юм. Жишээлбэл хүн насан эцэслэх үед гэгээн гэрэл бий болж, оюун санааны хамгийн нарийн төлөв байдалд шилждэг. Энэ нь хойд нас луу явах бөгөөд эцэстээ бурханы гэгээрэлд хүрэхийг хүртэл үргэлжилдэг талаар маш нарийн тайлбарладаг."
Мексикээс ирсэн Рамсес мэдлэг боловсролд маш дуртай гэдгээ илэрхийлэв. Тэрээр залуу багш нарыг энэрэнгүй байлгахын тулд хэрхэн урам зорин өгөх талаар мэдэхийг хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн:
“Боловсрол нь бусад амьтадтай харьцуулахад хүн төрөлхтөнд маш чухал, учир нь бидэнд боловсрол олох боломжтой маш өндөр хөгжсөн тархи бий.”
"Би энэрэнгүй сэтгэлд итгэдэг. Хүн хичнээн чадвартай байсан ч ганцаараа амьд үлдэж чадахгүй. Бид амьдарч буй нийгмээсээ хамаарна. Бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах нь өөрт ашигтай. Би өглөө сэрсэн даруйдаа бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулан уншлага уншдаг. Энэ нь намайг өөртөө итгэлтэй болгож, дотоод хүчин чадал өгдөг.”
Нью-Йоркоос ирсэн Кристал Дээрхийн Гэгээнтэнд түүний дэргэд байгаа нь том бэлэг боллоо гэв. Тэрээр таван жилийн өмнө ах нь амиа хорлосон тухай дурслаа.
“Үхэл цорын ганц сонголт болсон нь ямар их зовлон зүдгүүр байгааг харуулж байна” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. "Тийм учраас асуудалтай тулгарах үед тэдгээрийг илүү өргөн өнцгөөс харах нь маш чухал."
"Тэр яаж ийм байдалд орсон юм бол гэж би гайхдаг байсан" гэж Кристал үргэлжлүүлэн, "Зургаан сарын дараа би ч бас ахын оронд очсон мэт болсон юм. Өвдөлт мэдэрч, яаж ч чадахгүй байгаагаа мэдэрсэн. Одоо би уй гашуу, хохирол амссан хүмүүсийг нэгтгэж, хамтдаа нэгдэх замаар зовлонг нь арилгах ажил хийж байна. Миний асуулт, хохирол амссан хүний хувьд та уй гашуугаа хэрхэн даван туулсан бэ?"
Дээрхийн Гэгээнтэн:
"Үнэн, та бусдын төлөө бодож, зөвхөн өөрийгөө бодохоо больсон байна. Асуудалтай тулгарвал бид оюун ухаанаа ашиглан тэдгээрийг даван туулж чадна. Бид өөртөө "Би бол хүн, би ганцаараа биш" гэж хэлэх ёстой. Бид хэзээ ч итгэл найдвараа алдсан мэдрэмж авах ёсгүй. Өргөн бөгөөд урт хугацааны хэтийн үзэл бодол нь дотоод сэтгэлийн хүч чадлыг авчирдаг.”
“Би өдөр тутам уншдаг Энэтхэгийн их багш Шантидевагийн нэгэн шүлгийг санаж байна.
Орчлон хорвоо хэдийг хүртэл оршино
Төдийг хүртэл амьтад оршино
Тэр цагт амьтдын зовлонг арилгахын тулд
Би бээр ч орших болтугай
Баруун Энэтхэгээс ирсэн Випул Дээрхийн Гэгээнтэнээс дэлхийн залуучуудад ямар дадал, зуршил зөвлөх талаар асуув.
“Дахин хэлэхэд, миний өдөр тутам уншиж бясалгадаг Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”-ншүлгүүдийг уншиж, эргэцүүлэн бодох нь туйлын тустай гэж боддог.”
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй
Бодь сэтгэлийн хөлгийг хөлөглөөд амгалангаас амгаланд зорчихоос саруул ухаант хэн бээр татгалзах билээ
"Эдгээр шүлгүүд энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нь хэчнээн чухал болохыг ойлгуулдаг."
Румын улсын иргэн Габриела өөрийгөө багийн хамгийн ахмад гишүүн, харин хэвлийд байгаа хамгийн залуухүний хамгаалагч гэж тодорхойлов. Тэрээр дарангуйлагчийн засаглалын дор айдас дунд өссөн гэдгээ тайлбарласан юм. Түүний эх орон Укриан, ОХУ-тай хиллэдэг тул айдас нь дахин сэргэсэн байна. Тэрээр өөрсдийн ашиг олохоос илүүтэй бусдын эрх ашгийг чухалчилдаг бизнесийн удирдагчидтай хамтран ажилладаг ажээ. Ингээд айдсыг хэрхэн даван гарах талаар асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн:
"Айдсын эсрэг тал нь танд тохиолдсон үйл явдлыг хянах чадвар юм. Тоталитар тогтолцоо нь хүний мөн чанартай харшлах тул төдөлгүй өөрчлөгдөх болно.”
“Айдсын хувьд хоёр төрөл байдаг: жинхэнэ айдас нь тодорхой үндэслэлтэй, нөгөөх нь бидний оюун санааны төсөөллөөс үүдэлтэй. Хэрэв та сэтгэл хөдлөлдөө автвал хоосон байшинд ч хулгайч харагдана гэсэн Төвөдийн хэлц үг бий.”
"Бид нөхцөл байдлыг бодит эсэх талаар бодож үзэх хэрэгтэй. Бид өөрсдийгөө энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байлгах ёстой гэдгийг үргэлж өөртөө сануулах нь зүйтэй юм. Үүний үр дүнд бий болсон сэтгэлийн амар амгалан нь бидэнд бие махбодийн тайвшралыг авчирна. Бид эрүүл мэнддээ анхаарч, илүү тайван унтаж чадвал дотоод нөөц бололцоогоо хамгийн сайн ашиглаж чадна. Бид энэрэн, нигүүлсэх үзэл баримтлалыг дагаж чадвал бидэнд илүү өргөн цар хүрээтэй, илүү алсын хараа, хүч зориг бий болно."
Төгсгөлд нь Ричи Дэвидсон хуралдааныг хаан үг хэллээ.
“Шинжлэх ухааны эрдэмтэн хүний хувьд энэхүү уулзалт миний зүрх сэтгэлийг маш хүчтэй тэтгэлээ. Дэлхийг өөрчлөх та бүхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Гэгээнтэн танд цаг зав гаргасанд баярлалаа, уулзалтын санааг гаргасан Тара, Дан хоёрт баярлалаа. Дээрхийн Гэгээнтэн та биднийг нэгтгэж чадлаа. Та урт удаан насалж, эрүүл энх байх болтугай."
Дээрхийн Гэгээнтэн түүнд,
“Та бүхэнд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийх нь миний үүрэг юм. Баярлалаа." гэж хариулав.