Энэтхэг, УТ, Ладак, Лех – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2018 оны 7 дугаар сард төслийн шав тавих ёслолд оролцож байсан, шинээр баригдсан Тиксей номын сан, сургалтын төвийг равнайлав.
Тиксей ринбоче мэндчилгээ дэвшүүлэхдээ Дээрхийн Гэгээнтэн болон бусад хүндэт зочид, Лех хотын орчмын 15 сургууль, коллежийн 3000 оюутанд хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хүний үнэт зүйлсийг сурталчлах, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, Төвөдийн шашин соёлыг хадгалах, Төвөдийн байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлага, түүнчлэн эртний Энэтхэгийн мэдлэгийн талаар илүү их ойлголт, сонирхлыг бий болгох түүний хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Тэрээр эдгээр хүчин чармайлтыг өнөөгийн ертөнцөд ач тустай, хамааралтай зүйл юм гэлээ.
Энэхүү номын сан, сургалтын төв 2020 онд ашиглалтад орсноос хойш Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс суртахуунд суралцах (SEE Learning) хөтөлбөрөөр 350 гаруй оюутан зургаан долоо хоногийн хугацаанд шашнаас ангид (иргэний) ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан талаар тэрээр үргэлжлүүлэн мэдээлэв. Мөн сургалтын төв нь сургуулиуд хаагдсан өвлийн улиралд олон сурагчдад үнэ төлбөргүй хичээл заажээ. Эдгээр ололт амжилтаас гадна сургуулийн олон сурагчид, бакалаврын оюутнууд тус төвийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.
Ладак хотод хүрэлцэн ирсэн бүх оюутан сурагчдыг төлөөлөн нэгэн эмэгтэй оюутан үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Тиксейд тавтай морилохыг хүсээд номын сан, сургалтын төвд тоног төхөөрөмжөөр хангаж байгаад нь Тиксей ринбочед талархал илэрхийлэв. Өөр нэгэн оюутан хэлэхдээ, залуучуудыг сурч, амьдралд бэлтгэх боломжтой энэ төвийг байгуулахад шаргуу хөдөлмөрлөсөн Тиксей ринбочед талархал илэрхийлэв. Тус төв нь зөвхөн суралцах боломжоор хангаад зогсохгүй тэжээллэг хоол хүнсээр хангадаг гэдгийг онцоллоо. Тэрээр Тиксей ринбоче болон түүний ажилтнуудад өгөөмөр сэтгэл гаргаж байгаад талархал илэрхийлж, Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Ладакт дахин хүрэлцэн ирэх боломжтой болсондоо их баяртай байгаагаа хэлээд яриагаа эхлэв. Тэрбээр Ладакийн настай болон залуу хүмүүсийн өөрт нь үзүүлж ирсэн жинхэнэ энэрэл хайр түүний сэтгэлийг ямар их хөдөлгөдийг тэмдэглээд бүгдэд нь талархал илэрхийлсэн юм.
"Ладакийн хүн амыг хамарсан эв эед би маш их талархаж байна. Бид аль нэг угсаатны бүлэгт харьяалагддаг ч бай, бид энэ ба бусад шашиныг шүтдэг ч бай, бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан. Биднийг төрсөн цагаас ээжүүд маань асарч, эцсийн амьсгал авах хүртлээ бид зовлон, жаргалыг адилхан мэдэрдэг. Тиймээс амар амгалан, эв эетэй амьдрах нь бид бүгдийн эрх ашиг юм.”
“Бид шашинд итгэдэг ч бай, үгүй ч бай сайхан сэтгэлийн ач тусыг шашнаас ангид (иргэний) ёс зүйн сургалтын нэг хэсэг болгон зааж болно. Би хаашаа ч явсан бусдад найрсаг ханддаг. Намайг инээмсэглэхэд бусад хүмүүс бас хариу инээмсэглэдэг.”
"Энэтхэг олон мянган жилийн турш хүн бүрийн амар амгаланг бий болгож, илүү аз жаргалтай ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг аз жаргалын эх үүсвэр болох "ахимса"- энэрэл нигүүлсэл ба "каруна" гэсэн хүчирхийлэлгүй байх уламжлалаа хадгалсаар ирсэн. Бид бүгд хамтдаа амьдрах ёстой учраас сайхан сэтгэл нь аз жаргалтай амьдрах гол хүчин зүйл юм.”
Дээрхийн Гэгээнтэн VII зуунд Хятадтай ойр дотно харилцаатай байсан ч Төвөдийн 33 дахь эзэн хаан Соронзон Гамбу Энэтхэгийн деванагари цагаан толгойн загвараар төвөд бичгийн шинэ загварыг зохиохоор сонгосон тухай дурсав. Улмаар Энэтхэгийн их мастер Шантаракшита VIII зуунд Төвөдийн эзэн хаан Тисрон Дэзэний урилгаар Төвөдөд айлчлахдаа төвөдүүдийг Энэтхэгийн Буддын шашны ном зохиолыг төвөд хэлэнд хөрвүүлэхийг уриалж байжээ. Энэ нь төвөдүүдэд санскрит, пали хэлэнд найдахын оронд буддизмын талаар өөрсдийн хэлээр сурах боломжийг олгосон гэдгийг онцоллоо.
Дээрхийн Гэгээнтэн "Ганжуур, Данжуур"-ийн 300 гаруй боть нь шашин, гүн ухаан, шинжлэх ухааны өргөн хүрээний үзэл санааг агуулж байгаа бөгөөд өнөөдөр төвөд хэл нь тэдгээрийг судлах хамгийн алдаа мадаггүй хэл хэвээр байна гэж тайлбарлав. Барууны мэдрэл болон сэтгэл судлаачид оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар буддизмд юу гэж үздэгийг сонирхож байна. Түүгээр ч зогсохгүй Буддын шашны уран зохиолоос авсан шинжлэх ухаан, гүн ухааны материалыг сонгон хятад хэлэнд орчуулснаар Хятадын их дээд сургуулийн профессорууд Төвөдийн буддизм нь Наландагийн оновчтой уламжлалыг илтэд хадгалдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд түлхэц болсон гэдгийг онцоллоо.
Дээрхийн Гэгээнтэн Төвөд нь одоогийн байдлаар Хятадын коммунистуудын хяналтад байж болох ч алсдаа төвөдүүд оюун санааны амар амгаланд хүрэх арга замыг олгон улам бүр өсөн нэмэгдэж байгаа буддын шашныг сонирхож буй хятадуудад туслах боломжтой гэв.
“Өөр нэг зүйл бол дэлхийн дулаарал үнэхээр ноцтой асуудал болж байгааг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Үүний эсрэг хийх эерэг алхамуудын нэг бол мод тарьж, арчлах явдал юм. Энэ утгаараа Тиксейд маш их ногоон байгууламжийг харах нь гайхалтай байна. Энэтхэгийн байгаль орчны идэвхтэн Сундерлал Бахугуна надад Гималайн бүс нутгийн хүмүүст энэ нь ямар чухал болохыг сануулах үүрэг өгсөн билээ. Би амласан болохоор та бүхэн чадах чинээгээрээ хаана ч байсан мод тарьж, арчлаарай.”
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын асуултад хариулахдаа, өрсөлдөөн нь зарим тохиолдолд сөрөг үр дүнд хүргэдэг бол зарим тохиолдолд эерэг үр дагавартай байдаг талаар тодотгов. Тэрээр гүн ухааны мэтгэлцээний жишээг дурдлаа. Энэ нь төвөдийн томоохон сургалтын төвүүдэд явагддаг бөгөөд үүнд өрсөлдөгч болон хариулагчийн хоорондох өрсөлдөөн нь хоёуланг нь асуудлыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг. Үр дүнтэй өрсөлдөөний түлхүүр бол энэрэнгүй сэдэл санаатай байх явдал юм.
Дэлхий дээр яагаад ийм олон шашны уламжлал байдгийг асуухад Дээрхийн Гэгээнтэн бид бүгд бие махбодийн хувьд хоолонд дуртай ч төрөл бүрийн зүйлийн хоолонд дуртай гэж хариулав. Үүнтэй адил өөр өөр философийн үзэл бодлыг судлах нь оюун ухаанаа хурцлахад тусалдаг гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Ладак залуучууд архи, хар тамхинаас тайвшрал авах хандлагатай байгаа талаар хэлэхдээ орчин үеийн боловсролын нэг дутагдалтай тал бол дотоод үнэт зүйлсийн талаар бага зүйл ярьж байгаа явдал гэдгийг онцолсон юм. Үүнтэй холбогдуулан тэрбээр орчин үеийн боловсролыг оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаархи эртний Энэтхэгийн ойлголттой хослуулах нь ач тустай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Дели дэх Жавахарлал Неругийн их сургууль зэрэг дээд боловсролын институтын багш, сурган хүмүүжүүлэгч нартай хэрхэн яаж хамгийн сайн үр дүнд хүрэх талаар зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн анхаарлаа төвлөрүүлэхийн үнэ цэнийг ухаарсан ч анхаарал сарниулах явдлыг хэрхэн даван туулах талаар мэдэхийг хүссэн нэгэн залуу эмэгтэйд хэлэхдээ бид бүгдээрээ таван мэдрэхүйгээ мэддэг гэв. Гэвч оюун ухааныг сургахын тулд оюун санаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөв.
Арга хэмжээ өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн цугларсан олны зүг алгаа хавсран залбирч, гараараа даллаж байлаа.