Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө өргөөний зэргэлдээ орших Зүглаг Хандуганы цэцэрлэгт хүрээлэнд “Монлам” их толь бичгийн нээлтэнд оролцов. Зочдын дунд Сажа Дагти ринбочэ, 42, 43-р Сажа Тизин, Бон уламжлалын тэргүүн, Төвөдийн Төв захиргааны гишүүд, дэмжигчид оролцов.
Дээрхийн Гэгээнтэн цэцэрлэгт хүрээлэнгээр алхах зууртаа олон нийттэй уулзаж ярилцах цаг гаргаж байлаа. Тэрээр заримтай нь гар барин, заримтай нь цөөн хэдэн үг сольж, өөрт нь өргөсөн сарнай цэцэг болон бусад зүйлсийг адислав. Тэрээр ковидтой холбоотой олон сарын хязгаарлалтын дараа хүмүүстэй ойроос харилцаж байгаадаа таатай байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан:
“Төвөдүүд бид шашин, соёлын баялаг уламжлалтай. Бид Төвөдөд байхдаа үүнийг бусад уламжлалтай харьцуулж мэддэггүй байсан ч цагаачлан ирсэн даруйдаа өв соёл маань ямар их үнэ цэнэтэй болохыг ухаарсан юм. Энэ бол сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулах, сэтгэлийн амар амгаланг бий болгох арга замуудын гол цөм болсон практик уламжлал юм. Би өдөр тутмын дадлагадаа бодь сэтгэлийг үүсгэх, хоосон чанарын ойлголтыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд энэ хоёюул хамтдаа надад гүн гүнзгий амар амгаланг өгдөг.”
“Бусад шашны уламжлалыг дагагчид сүсэг бишрэлд гол анхаарлаа хандуулдаг бол бид өөрсдийн оюун санааны хандлагыг өөрчлөхийг хичээдэг. Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”-д тайлбарласнаар бидний дайсан нь тэвчээрийг төлөвшүүлэхэд хамгийн сайн багш минь болдог билээ. Үүнийг сайтар тунгаан бодож чадвал сөрөг нөхцөл болгон таатай нөхцөл болох боломжтой. Тиймээс оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг ойлгох нь Наландагийн уламжлалын гол цөм нь юм.”
"Хүмүүс дэлхийн энх тайвны тухай ярьдаг, гэвч таны зүрх сэтгэлд уур хилэн, үзэн ядалт байгаа бол энх тайвны тухай ярих нь ердөө л хоёр нүүртэй үйлдэл юм. Дэлхийн энх тайвныг бий болгохын тулд бусдад энэрэн нигүүлсэхүйн (каруна) үндсэн дээр хүчирхийлэл үл үйлдэх (ахимса) эртний Энэтхэгийн уламжлалыг төлөвшүүлэх хэрэгтэй.”
“Төвөдийн сэтгэгчид Хятадын уламжлалаас алийг нь авч, Энэтхэгээс алийг нь хүлээн авах талаар нэлээдгүй бодож үзжээ. Тэд аль илүү ашигтай гэж үзсэн зүйлээ л авсан байна. Эртний Энэтэхэгийн үнэт уламжлалыг хүлээн авснаар Төвөдүүд бид янз бүрийн бэрхшээлтэй тулгарсан ч оюун ухаанаа дадлагжуулах дадлага хийж дотоод сэтгэлийн амар амгалангаа хадгалсаар ирсэн юм. Бусад хүмүүс хүндрэлтэй тулгарах үед нойрны эм, тайвшруулах эм ууж эхэлдэг. Харин бидэнд ингэх шаардлага байхгүй.”
“Бид анх цагаачлан ирээд Энэтхэгийн Засгийн газраас хүүхдүүдээ эх хэлээр нь сургах Төвөдийн тусгай сургууль байгуулахад тусламж хүссэн. Төвөд хэлээ хадгалан үлдэх нь бидний шашин, соёлоо хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй байсан юм.”
“Энд цугларсан бүх найз нөхөд, номын андууддаа хандан хэлэхэд, бидний үнэт зүйл маань сэтгэлийн амар амгаланг бий болгож, түүнийгээ хадгалахад тусалдаг гэдгийг сануулмаар байна.”
Төвөдийн төв захиргааны Мэдээлэл, олон улсын харилцааны хэлтсийн модератор Тэнзин Чимэ нээлтийн үг хэлэхдээ Сажа Дагти ринбочэ, Сажа уламжлалын 42, 43-р Тизин Ратна Базар ринбочэ, Занабазар ринбочэ, Бон уламжлалын тэргүүн, Менри Тизин ринбочэ зэрэг бүх зочдыг халуун дотноор угтан авч үг хэллээ. Тэрээр уг арга хэмжээний нээлтэд зориулж дэнлүү асаасныг дурдаад хүндэт Лувсан Монламыг өөрийн удирдсан “Монлам” их толь бичгийн төслийг танилцуулахыг хүсэв.
223 боть толь бичгийг “Далай Ламын итгэл” сангийн дэмжлэгтэйгээр 200 гаруй хүн есөн жилийн турш хамтран эмхэтгэсэн гэдгийг тэрээр тэмдэглэн хэллээ. Энэхүү толь бичиг нь зөвхөн ном хэлбэрээр гараад зогсохгүй 37 программ, бүрэн хэмжээний цахим хуудастай болж, үе үе шинэчлэгдэж ирсэн байна.
Гэвш Монлам 200,000 гаруй оруулгатай энэ толь бичиг нь дэлхийн аль ч хэлний хамгийн том толь бичгүүдийн нэг гэдгийг бахархалтайгаар мэдэгдэв. Энэ нь Төвөдийн соёл асар их гүн гүнзгий болохыг илэрхийлнэ гэлээ. Энэ ажлыг амжилттай өндөрлөсөн нь Төвөдийн соёл уламжлалыг хадгалахад томоохон хувь нэмэр оруулах түүхэн амжилт болсон юм гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ,
“Цагаачлан амьдарч буй бид өөрсдийн соёл, уламжлалаа хадгалахын тулд илүү их хүчин чармайлт гаргаж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Бид дараагийн арван жилийн хугацаанд үүнийг шинэчлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно.” гэлээ.
“Би энэхүү толь бичиг бүтсэн буяныг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт удаан насалж, хүссэн зорилго бүхэн нь биелэхийн төлөө зориулж байна. Би 223 боть иж бүрдлийг Дээрхийн Гэгээнтний ажлын албанд өргөж байна. Төвөдөд нарлаг өдрүүд удахгүй ирэх болтугай” гэлээ.
Дээрхийн Гэгээнтнийг дахин үг хэлэхийг урив.
“Төвөдүүд бид Энэтхэг, Хятадын дунд амьдарч ирсэн ч Соронзон Гамбу хааны үед Энэтхэгийн загварт тулгуурлан өөрийн бичгийг бий болгосон. Хожим нь Шантаракшита энэ боломжийг ашиглан Төвөдүүдийг буддын шашны ном зохиол, Бурхан Багшийн айлдварууд, Энэтхэгийн тоо томшгүй олон эрдэмтдийн зохиол бүтээлийг эх хэл рүүгээ орчуулахыг уриалсан юм. Тэр цагаас хойш бид энэ уламжлалыг хадгалан авч явж байна.”
“Иймээс би Энэтхэг найзууддаа “Та нар урьд нь бидний багш байсан, гэвч бид Наландагийн уламжлалыг оюун ухаан, логик зарчмаар хадгалж чадсан учраас одоо бид та нарын багш болсон байж магадгүй” гэж хэлдэг.”
“Бидэнд уур уцаартай тэмцэх, хайр, энэрэл нигүүлслийг төлөвшүүлэх арга ухаан бий. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлийг түгээх нь хувь хүмүүсийн сэтгэл санааны амар амгаланг бий болгодог бөгөөд энэ нь эргээд гэр бүл болон олон нийтэд эерэг нөлөө үзүүлдэг. Өнөөгийн хүмүүс бид хоорондоо үнэхээр, маш их холбоотой байгаа тул ийм аргууд нь дэлхийн энх тайвныг тогтооход ч чухал хувь нэмэр оруулж чадна. Сэтгэлийн амар амгалан байхгүй бол дэлхий дахинд амар амгалан байхгүй.”
“Бурхан Багшийн сургаалын хамгийн чухал зүйл нь түүний сургаалыг шууд хүлээн авч болохгүй гэж зөвлөсөн явдал юм. Тэрээр дагагч шавь нартаа түүний үгийг шалгаж, алтны дархан шижир алтныг хэрхэн шалгадаг шиг судлах ёстой гэж айлдсан юм. Бид Дигнага, Дармакирти зэрэг логик судлаачдын бүтээлийг уншихад тэд бусдын үзэл бодлыг үнэлж, дүгнэхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж байсныг олж хардаг.”
“Өнөөдөр Хятадын коммунист намын хатуу үзэлтнүүд Төвөдийн соёлыг сайн ойлгохгүйгээр шүүмжилж байна. Одоогоор бид энэ 223 ботийг Хятад руу илгээх боломжгүй байж болох ч Тайваньд биднийг ямар соёл хадгалан үлдээснийг үнэлэх хүмүүс байх болно.”
"Бид Хятадаас бүрэн тусгаар тогтнохыг эрэлхийлээгүй ч шашин, соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй. Бид энэ мэдлэгийг Хятад ахан дүүстэйгээ хуваалцахад бэлэн байна. Энэ нь бидний эв найрамдлыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”
“Бидний соёл Энэтхэгээс гаралтай бөгөөд өнөөдөр бидэнд үүнийг илүү сайн таниулах бүхий л арга бий. Эртний Энэтхэгийн мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах нь маш их ашиг тустай гэж би бодож байна. Би Дели дэх боловсролын ажилтнууд болон бусад хүмүүстэй үүнийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар ярилцахыг тэсэн ядан хүлээж байна. Хамгийн чухал зүйл бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг ойлгох явдал бөгөөд энэ нь оюун санааны амар амгаланг бий болгож, урт хугацаандаа дэлхий дахиныг амар амгаланд хөтлөх болно.”
“Хятадын хатуу үзэлтнүүд манай шашин, соёлын үнэ цэнийг буруугаар ойлгодог. Хятад хэл рүү хөрвүүлж буй энэ толь бичиг тэдэнд тодорхой ойлголт өгч магадгүй юм.”
“Хятадад суралцаж байсан миний таньдаг төвөд хүн надад хэлэхдээ, бид хэдийгээр Хятадын улс төрийн хяналтад байгаа хэдий ч урт хугацаанд бүх зүйл өөрчлөгдөж, бид тэдэнд оюун санааны түвшинд туслах болно гэж билээ. Мао дарга надад “Шашин бол хор” гэж хэлсэн нь шашны талаар сайн мэдэхгүй байсны улмаас л юм. Хятадад сэтгэл санааны дарамт их байна. Бид тэнд байгаа хүмүүст сэтгэлийн амар амгаланг хэрхэн олохыг ойлгуулж чадна.”
“Бид цагаачлан ирэхдээ мэдлэг, соёлынхоо чадавхийг мэдэрч, түүнийгээ хадгалан үлдээхийн төлөө зоригтой, тууштай ажилласан. Би ганцхан хүн, би чадах бүхнээ хийсэн, тиймээс энд цугларсан та бүгд үүнд хувь нэмрээ оруулж чадна."