Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр буюу 2022 оны “Дэлхийн өдөр” Дарамсала хотод хэд хэдэн байгууллагуудын зохион байгуулж буй "Бидний ирээдүйн төлөөх ярилцлага" уулзалтын оролцогчидыг хүлээн авч уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн өрөөнд орж ирээд зочдын зүг инээмсэглэн “Өглөөний мэнд” гэж мэндчилэв.
Юуны өмнө, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар шинийг санаачлагч Сонам Ванчук Дээрхийн Гэгээнтэнд хэсэг мөсийг өргөөд, Төвөдийн өндөрлөг дэх цаг уурын өөрчлөлтийн асуудал хойшлуулшгүй зүйл гэдгийг онцлохын тулд Ладакийн Кардунглагийн давааны мөсөн голоос авсан хэмээн тайлбарласан юм. Үүнийг залуучуудын баг дугуй, нийтийн тээвэр, цахилгаан тээврийн хэрэгсэлээр тээн авчирсан бөгөөд “Та бүгд энгийн амьдарвал бид ч ууландаа энгийн амьдрах боломжтой” гэсэн мессежийг хүргэхээр зорьсон юм гэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Байгаль орчны төлөө улам олон хүмүүс санаа тавьж байгаад би үнэхээр талархаж байна. Эцсийн эцэст ус бол бидний амьдралын үндэс юм. Ирэх он жилүүдэд бидэнд олон хүмүүсийн усны эх булаг болсон том гол мөрнүүдийг хамгаалах арга хэмжээ авах үүрэг ирнэ. Миний амьдран буй хугацаанд Төвөдөд цас унах нь багасч, улмаар гол мөрний усны хэмжээ багасч байгааг харж байна.”
“Өмнө нь бид усыг зүгээр л хэрэглэдэг байсан. Бид үүнийг хаанаас үүссэн талаар нэг их бодолгүй, ямар ч хязгаарлалтгүй ашиглах боломжтой гэж үзэж байсан. Харин одоо бид усныхаа эх үүсвэрийг хамгаалах тал дээр илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Давстай ус, далайн усыг давсгүй ус болгож түүгээр олон газарт элсэн цөлийг ногооруулан илүү их хүнс тариалах технологи бий гэдэгт би итгэдэг.”
“Өдгөө бид нар ирээдүй хойч үеэ цэвэр усыг үргэлжлүүлэн хэрэглэх боломжоор хангах нь бидний үүрэг болсон. Энэ нь тэднийг энэрэл хайраар тэтгэж байгаагийн илрэл юм. Хэрэв бид хүчин чармайлт гаргахгүй бол манай дэлхий цөл болох эрсдэлтэй. Ийм зүйл тохиолдвол энэ үзэсгэлэнт цэнхэр гариг зүгээр л хатсан цөл, усгүй цагаан чулуун хөрс болж магадгүй.”
"Усгүйгээр бид оршин тогтнох боломжгүй гэж надад бодогддог. Үүний нэг шийдэл нь олон мод тарих явдал бөгөөд энэ нь олон талын ач тустай гэж зарим энэтхэг найзууд минь хэлдэг. Миний найз Сүндэрлал Бахугуна надаас хүмүүсийг чадах чинээгээрээ олон мод тарьж, арчлахыг уриалахыг хүссэн юм. Би түүнд амлалт өгсөн тул түүний хүслийг биелүүлэхээр хичээж байна."
БНЧУ-ын Байгаль орчны сайд асан Мартин Бурсик Дээрхийн Гэгээнтэнд энэхүү байгаль орчны зүтгэлтэнгүүдтэй уулзаж урам зориг өгсөнд нь талархал илэрхийлэв. Тэрээр тэдний яриа хэлэлцээний гол сэдэв болох дөрвөн сэдвийг тодорхойлов.
1.Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) хамгийн сүүлийн тайланд дурдсан манай гарагийн төлөв байдал.
2.Уур амьсгалын хямралыг нөхөн сэргээх салхины эрчим хүч, нарны эрчим хүч гэх мэт технологийн үүрэг.
3.Төвөдийг зарим байгаль орчны судлаачид Гурав дахь туйлтай тэнцэхүйц гэж үздэг. Түүний мөсөн голууд нь татарч байгаа төдийгүй хайлж буй мөнх цэвдгээс нь метан хий ялгарч байна.
4.Эрчим хүчний ардчилал. Энгийн хүмүүс шууд оролцох боломжтой эрчим хүчний загварыг хэрхэн өөрчлөх вэ.
Бурсик Дээрхийн Гэгээнтэнд хэлэхдээ, "Бидний ирээдүйн төлөөх ярилцлага" уулзалтын үр дүн нь Төвөдийн өндөрлөгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох арга хэмжээ авах зорилгоор Египетэд болох COP27 уулзалтын үеэр тунхаг гаргахад бэлтгэл болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн,
“Өмнө нь бид уур амьсгалыг энгийн зүйл гэж үздэг байсан. Бид уур амьсгалыг зүгээр л байгалийн нэг хэсэг гэж боддог байлаа. Уур амьсгалын зарим өөрчлөлт нь бидний зан үйлтэй холбоотой байдаг тул тус өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хүмүүст мэдлэг олгох ёстой. Бид байгаль орчноо хамгаалах арга замуудад илүү анхаарах ёстой. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх үндсэн ойлголтыг энгийн боловсролын нэгэн хэсэг болгох гэсэн үг юм.”
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор
Үнэнхүү эс соливоос
Бурханы хутагийг олохгүй бөгөөд
Орчлон дор ч жаргалыг үл амсана
Ертөнцийн зовлон юу буй
Тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс төрнө
Ертөнцийн амгалан юу буй
Тэр бүхэн бусдыг жаргуулах сэтгэлээс төрнө
Олныг номлох хэрэг юун?
Эгэлүүд өөрийнхөө л тусыг хийнэ
Бурхад бусдын тусыг зохиодог
Энэ хоёрын ялгааг мэдэхтүн
Дээрхийн Гэгээнтэн,
“Би хаа ч явсан инээмсэглэж, тааралдсан хүмүүс маань хүнийхээ хувьд надтай адилхан гэж боддог. Бусад хүмүүст хандахдаа "бид, "тэд" гэж бодох, тэд бидэнтэй адилгүй гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх нь үл итгэх, тусгаарлагдмал байдалд хүргэдэг. Бид хамтдаа амьдрах ёстой учраас долоон тэрбум хүн төрөлхтөн бүгд үндсэндээ ижил төстэй байдгийг бодох нь илүү их тустай."
Өөрийгөө шинжлэх ухааны зохиолч гэж танилцуулсан Ким Стэнли Робинсон Буддизм шинжлэх ухаанд хэрхэн тусалж болох талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн түүнд хандан, эрдэмтэд хэрэв хүмүүсийн сэтгэл нь хямарвал аз жаргалтай байдаггүйг хүлээн зөвшөөрч байгаа учраас сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замын талаар хэлэлцэх сонирхолтой байна гэлээ. Тэрбээр оюун ухааны ухамсрын талаар илүү ихийг нээн илрүүлж, түүнийгээ бусдад учир шалтгааны үндсэн дээр тайлбарлан ойлгуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Канад улсын иргэн Цэрин Янки хэмээх төвөд бизнес эрхлэгч эмэгтэй дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэхэд бизнес хэрхэн эрхлэх, эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар мэдэхийг хүсэв. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, технологи нь биеийн тав тухыг сайжруулах нэг хүчин зүйл боловч бидний хийж чадах хамгийн чухал өөрчлөлт бол оюун ухаанаа сургах явдал юм гэв.
Эрчим хүчний системийн шинийг санаачлагч Араш Аазами хэлэхдээ эрчим хүч хангалттай бий ч бид үүний төлөө тэмцэж байна. Тэрээр байгаль, хүн төрөлхтөн, эдийн засгийн хэрэгцээг хэрхэн тэнцвэржүүлэх талаар асуув.
Дээрхийн Гэгээнтэн,
“Материаллаг хөгжил нь зайлшгүй шаардлагатай бөгөөд тустай, гэхдээ хэмжээ хязгаар бий. Үүний зэрэгцээ оюун ухаанаа хөгжүүлэх нь бидний хэрэгцээг хангах илүү үр дүнтэй арга юм. Бурхан Багш бусдад туслахын тулд зургаан жилийн турш хатуужил хийж, мацаг барьж байсан. Төвөдийн их йогч Мял Богд, сүүлийн үеэс гэвэл Энэтхэгийн Махатма Ганди нар хичнээн тарчиг нөхцөлд амьдарч байсан ч сэтгэл санааны хувьд асар хангалуун байсан” гэв.
“Байгалийг хэт их ашиглах нь сөрөг үр дагавартай. Бид илүү өргөн, урт хугацааны хэтийн төлөвийг авч үзэн, сэтгэлийн амар амгаланг тэргүүн зэргийн зорилгоо болгох ёстой."
Шинэ Делид төвтэй Эрчим хүч, нөөцийн хүрээлэнгийн (TERI) ерөнхий захирал Вибха Дхаван бид ёс зүй, энэрэл хайр, материаллаг бус амьдралын хэв маягийг байгалийн, эрүүл, аюулгүй орчинд хэрхэн буцааж авчрах вэ гэж асуув.
Дээрхийн Гэгээнтэн,
“Хүн төрөлхтөн бид ахан дүүс бөгөөд хамтдаа амьдрах ёстой. Ийм тохиолдолд бид хатуу хяналтан дор бус эрх чөлөөтэй амьдарч, бусдын үзэл бодлыг тэвчээртэй хүлээн авах чадварыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болно”.
Энэхүү уулзалтын модератороор ажилсан олон улсын дипломат ажиллагаа, мөргөлдөөнийг шийдвэрлэх чиглэлээр арвин туршлагатай, олон улсын хуульч Криста Майдерсма уулзалтанд оролцогчдын өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд өнөөдөр бүх оролцогчид түүнтэй уулзаж байгаадаа маш их баяртай байгаа гэдгийг мэдэгдлээ. Тэрээр удахгүй бид ярилцлагаа эхлүүлж, олон нийтийг идэвхитэй үйл ажиллагаанд уриална гэж нэмж хэлэв.
"Бидний цорын ганц гэр болох энэ гаригийн оршин тогтнох нь бидний гарт бий. Боломжтой бол ирэх жилийн “Дэлхийн өдөр”-өөр энд ахин ирэхийг хүсч байна."
Дээрхийн Гэгээнтэн ойрын 10-15 жилийн хугацаанд ахин дахин уулзахад бэлэн байна гэж хариуллаа.