Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөний зэргэлдээх Зүглаг Хан дуганы гадаах талбайд машид баясгалантайгаар мишээн заларлаа. Дээрхийн Гэгээнтний лагшин мэндэлсний 88 жилийн ойн арга хэмжээнд зориулан Төвөдийн Урлагийн институтын уран бүтээлчид ая дууны өргөл өргөхийн хамтаар Дээрхийн Гэгээнтэнд ‘Чэма Чанпу’ өргөн барьж хүндэтгэл үзүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн хойморт зассан сэнтийд заларлаа. Дээрхийн Гэгээнтний ойр дотныхон болон Төвөдийн Төв Захиргааны өмнөх болон одоогийн гишүүд Дээрхийн Гэгээнтний ард болон хоёр талд сууцгаав.
Химачал Прадеш мужийн Ерөнхий сайд өнөөдрийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцох тухай зохион байгуулагчид мэдэгдэв. Энэ хооронд Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч Пенпа Цэрин Төвөдийн төрийн далбааг мандуулж, Төвөдийн урлагийн институтын уран бүтээлчид Төвөдийн төрийн дууллыг эгшиглүүлэв. Дээрхийн Гэгээнтэн хүндэтгэл үзүүлэн мэндчилэхтэй зэрэгцэн цугласан олон ч мөн нэгдэв. Цаашлаад Энэтхэгийн төрийн дуулал эгшиглэж, Дээрхийн Гэгээнтэн дахин хүндэтгэл үзүүлэн мэндчиллээ.
Тус арга хэмжээг зохицуулагч Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч, парламентийн дарга, хууль зүйн хорооны дарга нарыг Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөхыг урив. Дараа нь Дээрхийн Гэгээнтэнд гоёмсогоор чимэглэсэн бялууг өргөн барьлаа. Цугласан олон ‘Төрсөн өдрийн мэнд хүргэе’ дууг аялгуулан дуулахтай зэрэгцэн зочдод бялуу тараалаа.
Төвөдийн Төв Захиргааний ерөнхийлөгч тус арга хэмжээг тохиолдуулан хэлсэн үгэндээ ‘Дээрхийн Гэгээнтний алсын хараа нь нийт хүн төрөлхтөнд асар их ач тустай’ гэдгийг онцлон тэмдэглэв. Цаашлаад тэрбээр ‘Дээрхийн Гэгээнтэн бол дэлхий нийтэд бүрнээ танигдсан бөгөөд бүх нийтийн үүрэг хариуцлагыг төлөвшүүлэн энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө айлдвар сургаалаа харамгүй хайрлаж, санал бодлоо хуваалцан дэлхийн маш олон оронд олонтоо айлчилсан болохыг онцолсон юм.
Тэрээр “Дээрхийн Гэгээнтэн бээр Төвөдийн асуудалтай холбогдуулан АНУ-ын Конгресст Таван зүйл энх тайвны төлөвлөгөөг анх танилцуулж, Страсбург дахь Европын парламентэд “Дундаж хандлага”-ын талаарх өөрийн үзэл баримтлалаа тайлбарлан айлдсан билээ.” хэмээв.
“Дээрхийн Гэгээнтний сониуч зан, шинжлэх ухааны сонирхол нь буддын шашин, орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд үүний үр дүнд ‘Оюун ухаан ба амьдрал’ хүрээлэнгийн нийт 35 удаагийн хурал уулзалтууд зохион байгуулагдсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Дээрхийн Гэгээнтэн ‘шинжлэх ухааны аль ч салбар бүхий л төрөлхийтэн хийгээд байгаль орчинд өчүүхэн төдий ч хор хүргэхгүй байхыг нэн тэргүүний зорилгоо болгох хэрэгтэйг цаг ямагт захиж сургасаар ирсэн’ гэдгийг Пенпа Цэрин мөн онцолсон юм.
Дээрхийн Гэгээнтний айлдвар сургаалыг дагаж мөрдөн газар орон, шашин шүтлэгээрээ талцан хуваагдахыг тэвчин эв нэгдлийг эрхэмлэхийг Пенпа Цэрин нийт төвөдүүдэд уриаллаа.
Цаашлаад тэрээр “Энэ бол Дээрхийн Гэгээнтний лагшин мэндэлсэн өдөрт зориулвал зохистой жинхэнэ өргөл юм.” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Төвөдийн парламентийн дарга Кенпо Сонам Тэнпэл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Амдо нутагт лагшин мэндэлснээс хойш 1959 онд Төвөдөд албан ёсны сургалтаа дүүргэж, гэвш Лхаарамба цол хамгаалах хүртэлх амьдралын гол үйл явдлуудыг магтан өгүүллээ.
“Дээрхийн Гэгээнтэн та 16 настайдаа Төвөдийн ард түмний удирдагч болсон билээ. Гэвч 1959 онд эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн юм. Энэтхэгт цагаачлан ирээд Дээрхийн Гэгээнтэн та алсын хараагаар ард түмнээ удирдан томоохон хийд дацангуудыг дахин сэргээн байгуулж, төвөд хүүхдүүдэд зориулан сургууль, номын өргөөг шинээр үүсгэн байгуулсан билээ. Таны ачаар Төвөдийн цагаачид бид боловсролтой хүмүүс болсон юм.”
“Дээрхийн Гэгээнтэн та цагаачлан амьдарч буй Төвөдийн засаг захиргаанд ардчилсан тогтолцоог анх нэвтрүүлэн 2001 онд анхны ардчилсан сонгуулийг явуулж өөрийн улс төрийн эрх мэдлийг шинээр байгуулагдсан засгийн газарт хэсэгчилэн шилжүүлсэн билээ. 2011 оны дахин сонгуулиар Дээрхийн Гэгээнтэн та улс төрийн эрх мэдлээ сонгогдсон удирдагчдад албан ёсоор бүрэн шилжүүлсэн билээ.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтний санаачилсан “Дундаж хандлага” нь Төвөдийн асуудлыг Төвөд болон Хятадад харилцан ашигтайгаар шийдвэрлэх зорилготой гэдгийг парламентийн дарга Кенпо Сонам Тэнпэл онцлов.
“Одоогоор Төвөдөд Дээрхийн Гэгээнтний лагшин мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь бүү хэл Дээрхийн Гэгээнтний гэрэл зургийг ч залах эрхгүй байгаа боловч Төвөдийн ард түмний зүрх сэтгэл, итгэл үнэмшил хэвээр байна. Дээрхийн Гэгээнтэн ч мөн “Төрөлх Төвөдөд суугаа Төвөдийн ард түмэн миний зүрх сэтгэл, залбиралд үргэлж байсаар байгаа хэмээн цаг ямагт онцолдог” хэмээн Кенпо Сонам Тэнпэл нэмж тэмдэглэв.
Дараа нь Маклеод Ганж дахь дунд сургуулийн сурагчид дуу бүжгийн өргөл өргөв. Нас нь бага балчир хэдий ч тэдний хувцаслалт, үйл хөдлөл, бүжгийн хөдөлгөөн Төвөдийн уламжлалыг үнэхээр гайхалтайгаар харуулж байлаа. Үүний дараа ТОЕПА нийгэмлэгийн уран сайханчид "Дэлхийг гийгүүлэх гэрэл" бүжгийн өргөл өргөлөө.
Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд хандан айлдвар сургаалиа айлдахыг урив.
Дээрхийн Гэгээнтэн,
"Өнөөдөр би та бүхэнд өөрийн өдөр болгон уншдаг залбирал ерөөлөө өргөхийг хүсч байна”.
‘Орчлон хэдий хүртэл оршино
Төдий хүртэл амьтад оршино
Амьтад оршихтой зэрэгцэн би бас оршиж
Амьтдын зовлонг амирлуулах болтугай
“Орчлонд амьтад оршсоор байх ахуйд би тэднийг амар амгалантай болгохын тулд ахин дахин төрсөөр байх болно.”
“Урьдын сайн үйлийн үр, залбирал ерөөлийн хүчээр Амдод мэндэлж тэр цагаас хойш би хамаг амьтдын тусын тулд аль чадахын хэрээр хичээсээр ирсэн билээ.”
“Өнөөдөр та бүхэн миний 88 насны ойг тэмдэглэж байгаа ч толинд өөрийгөө харах үед 50 гаруй настай мэт мэдрэмж надад төрдөг. Миний царай хөгширч, үрчлээтээгүй байна. Үүнээс гадна миний бүх шүд бүрэн бүтэн, залуу цагт ямар байсан яг тэр хэвээр байгаа тул юуг ч зажилж чадахаар байна.”
“Би Төвөдөд мэндэлж Далай Лам хэмээх алдараар Төвөдийн үйл хэргийн төлөө зүтгэхийн зэрэгцээ хамаг амьтдын сайн сайхны төлөө аль чадахын хэрээр хичээсээр ирлээ. Итгэл найдвараа алдалгүйгээр, шийдэмгий, тууштай байж, чадах бүхнээ хийсээр байна. Би хэнд ч, тэр бүү хэл Төвөдөд хатуу ханддаг Хятадын удирдагчдад ч уурлаж хорсдоггүй. Хятад улс түүхэндээ Буддын шашинтай орон байсаар ирснийг тэнд зочлох үеэрээ би олон сүм, хийдүүдээс олж харсан юм.”
“Төвөдийн соёл уламжлал, шашинд дэлхий нийтэд ач тустай мэдлэг бий гэдэгт би итгэдэг. Гэсэн хэдий ч би бусад бүх шашинд хүндэтгэлтэйгээр ханддаг. Учир нь аль ч шашин асрал хайр, энэрэл нигүүлсэлийг хөгжүүлэх, дадуулахыг уриалдаг учраас тэр юм.”
“Намайг 100 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Мөн миний зүүдэнд ч ийм шинж тэмдэг илэрдэг. Өнөөг хүртэл би цаг ямагт бусдын сайн сайхны төлөө л хичээсээр ирсэн бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн хичээсээр байх болно. Хамаг амьтныг энэрч хайрласан тэдний тус амгалангийн тулд гэсэн энэ л сэтгэл дээр суурилан та бүхэн намайг урт удаан наслаасай хэмээн залбираарай.”
“Бидний сүүлчийн уулзалтын үеэр Мао Зэдун миний шинжлэх ухааны үзэл бодлыг магтсан ч шашныг хор гэж шүүмжилсэн. Шашны утга учир нь зөвхөн залбирах биш, харин бусдад тусалж, бусдын тус амгалангийн тулд хичээхэд оршдог гэж би боддог. Коммунист сэтгэлгээнд хүртэл ийм сэдэл байгаа гэдэгт би итгэдэг. Өнөөдөр Маотай уулзсан бол түүнийг ятгаж чадах байсан болов уу гэж би заримдаа боддог юм. Шашин бол бусдын тус амгалан, сайхны төлөө хичээж, тэдний төлөө хичээж амар амгалантай амьдрахыг хүсдэг.”
"Дээр хэлсэнчлэн намайг дахиад 15, 20 жил амьдарч номын үйл хэргээ үргэлжлүүлнэ гэсэн шинж тэмдгүүд бий. Энэ хугацаанд зэр зэвсэг устаж, цэргийн хүч хэрэглэхээ болих зэрэг сайн өөрчлөлтүүд дэлхий дахинд гарна хэмээн найдаж байна. Хүмүүн төрөлхтөн эвтэй найрамдалтай, амар амгалан амьдарч сурах болтугай.”
“Ном сударт ‘дэлхий эцэстээ галд шатаж сөнөнө’ гэж бичсэн байдаг. Гэсэн хэдий ч тэр цагийг хүртэл бид илүү тайван амгалан, найрсаг амьдрах хэрэгтэй байна. Одооноос эхлэн аль чадахын хэрээр хичээвээс цаг нь ирэхэд бид өөрсдийн сайн эрдмээ дэлхийн бусад гарагт хүргэх боломжтой.”
"Би Далай Лам гэдэг нэр алдарт төдийлэн санаа зовдоггүй. Харин бусдын тус амгалангийн тулд хичээх нь миний хамгийн эрхэм зорилго юм. Мэдээж, надад амьд явахын тулд идээ унд хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү өөр зүйл надад хэрэггүй. Миний хамгийн гол, эрхэм зорилго бол хамаг амьтдын тус амгалан юм. Та бүхэнд баярлалаа."
Үүний дараа Мевон Зүглаг Петон загвар сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтэнд дуу бүжгийн өргөл өргөлөө. Сурагчдын төлөөлөл “Бид бүгдээрээ Дээрхийн Гэгээнтэн таныг өнө удаан залраасай хэмээн залбиран энэхүү дуун бүжгийн өргөлийг өргөж байна.” хэмээв. Үүнийд дараа Төвөдийг дэмжигч Японы эмэгтэйчүүд намуухан зөөлөн аялгуут дуун өргөл өргөсөн юм.
Төвөдийн урлагийн институтын үлээвэр хөгжимчдийн баг Химачал Прадеш мужийн Ерөнхий сайд Суквиндэр Синг Суку тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирснийг мэдэгдэв. Тэрбээр гэр бүлийнхэн болон дагалдан яваа хүмүүсийн хамтаар Дээрхийн Гэгээнтэнтэй халуун дулаанаар мэндчилээд Химачал уламжлалт малгай, ороолтыг өргөн барилаа.
Химачал Прадеш мужийн Ерөнхий сайдыг үг хэлэхийг урив. Тэрбээр “Юуны өмнө Дээрхийн Гэгээнтэнд лагшин мэндэлсний ойн халуун мэндийг мэндийг хүргэе. Дээрхийн Гэгээнтэн та бол асрал хайр, үнэнч нөхөрлөлийн үнэ цэнийг цаг ямагт сургасаар ирсэн билээ. Та бид бүхэнд хэмжээлшгүй их баяр баясгаланг бэлэглэдэг. Төвөдийн ард түмний төдийгүй дэлхий нийтийн тус амгалангийн тулд цаг ямагт хичээсээр ирсэн Дээрхийн Гэгээнтэн та бидний дэргэд өнө удаан залран буй нь үнэхээрийн их адистэд юм.” гэлээ.
Цаашлаад тэрээр,
“Дээрхийн Гэгээнтний лагшин мэндэлсний ойн арга хэмжээг тохиолдуулан Дээрхийн Гэгээнтний боловсролын тогтолцоог бүрэн тэгш, зөв болгох хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд аль чадахын хэрээр хичээхийг би та бүхнээс хүсч байна. Бид Дээрхийн Гэгээнтний айлдвар сургаалыг дагаж мөрдөн утга учиртай амьдрах ёстой. Нэн ялангуяа хүүхэд залуучууд та бүгдийг онцгойлон анхаархыг уриалж байна.” хэмээн тэмдэглэв.
"Дээрхийн Гэгээнтэн, та 60 гаруй жилийн турш Химачал Прадеш мужийг таалан болгоолоо."
Ерөнхий сайд Дээрхийн Гэгээнтэнд гараа өргөхөд Дээрхийн Гэгээнтэн хариу үйлдэл үзүүлэв.
Гольфын тэргэнд суух хүртлээ тэд дуганы талбайн голоор хамтдаа алхав. Дээрхийн Гэгээнтэн, ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэний хамтаар уулзалтын танхимын зүг морилов.
Дээрхийн Гэгээнтний лагшин мэндэлсний баярт ойн арга хэмжээ бүхэл өдрийн турш дуганы гадаах талбайд, цаашлаад үдэш болтол Төвөдийн урлагийн институтын үзүүлбэрээр үргэлжилсэн юм.