Энэтхэг, Шинэ Дели - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Бодьгаяагаас Делид хүрэлцэн ирлээ. Өнөө өглөө тэрбээр Т.Н.Чатурведигийн дурсгалын лекцэнд нээлтийн үг хэлэхээр уригдан Энэтхэгийн Төрийн удирдлагын хүрээлэн (ЭТУХ) руу морилов.
Т.Н.Чатурведи Энэтхэгийн Захиргааны албаны (ЭЗA) нэр хүндтэй гишүүн байлаа. Тэрээр тэтгэвэрт гарсныхаа дараа Энэтхэгийн ерөнхий хянагч, ерөнхий аудитор, дараа нь Карнатака мужийн захирагчаар ажиллаж байжээ. Дээрхийн Гэгээнтнийг хүрэлцэн ирэхэд Чатурведигийн гэр бүлийнхэн, ЭТУХ-ийн ерөнхий захирал С.Н.Трипати, Неругийн дурсгалын музей, номын сангийн дэд захирал Р.К.Мишра болон бусад хүмүүс хүлээн авч Т.Н.Чатурведигийн дурсгалын танхимд түүнийг дагалдан явав.
Дээрхийн Гэгээнтэн баяр ёслолыг нээхийн тулд зул асаахад оролцов. Түүнийг ЭТУХ-ийн ерөнхий захирал С.Н.Трипати дагалдан явж, Атулиндра Нат Чатурведи угтан авсан бөгөөд Аатил Нат Чатурведи үзэгчдэд танилцуулан түүнийг үг хэлэхийг урьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн:
"Би Төвөдөд хүүхэд байхдаа эртний Энэтхэгийн сэтгэлгээний талаар суралцсан. Дараа нь би энэ оронд цагаачлан ирж, Энэтхэгийн төрийн зочин болж, амьдралынхаа ихэнх хугацааг энд өнгөрөөж байна. Энэ үед би "каруна", "ахимса" зэрэг эртний Энэтхэгийн сэтгэлгээний шинж чанаруудыг үнэлдэг болсон. Эдгээр ойлголтууд хүн төрөлхтний практикт хэрэгтэй.”
“Хэдийгээр надад Махатма Гандитай уулзах боломж олдоогүй ч Пандит Неру, Индира Ганди, Лал Бахадур Шастри нартай уулзаж, тэдэнтэй ярилцсаны үр дүнд тэднийг чин сэтгэлээсээ хүндлэх болсон билээ. Энэтхэг бол ардчилсан улс бөгөөд олон шашны уламжлалыг шашинаас ангид зарчмын дагуу хамтдаа амьдардаг газар бөгөөд энэ нь гайхалтай зүйл юм.”
"Миний амьдрал oдоо "каруна" болон "ахимса"-г сурталчлахад зориулагдсан ч жирийн хүнийхээ хувьд би тэдгээр хүмүүсийг бахдан биширч байгаагаа илэрхийлж байна. Бид бүгдээрээ адилхан хүн төрөлхтөн. Бид адилхан төрсөн бөгөөд ээжийнхээ энэрэнгүй сэтгэлийн ачаар амьд үлддэг. Хүмүүс бидний мөн чанар нь энэрэнгүй байх явдал юм. Бид нийгмийн амьтад. Бид оршин тогтнохын тулд нийгмээс хамааралтай учраас бид эргээд нийгмээ дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр амьд байгаа найман тэрбум хүн төрөлхтөн бүгд хамтдаа амьдарч сурах ёстой.
“Бид “каруна” ба “ахимса”-гийн тухай ярихдаа бидний ялгааны тухай биш, харин бидний ижил төстэй байдал дээр анхаардаг. "Каруна" байгаа газарт "ахимса" аяндаа бий болдог. Хэрэв таны дотор "каруна" байгаа бол энэ нь танд дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгнө. Үүний үндсэн дээр та бусад хүмүүсийг ах, эгч дүүс гэж харж болно.
"Хүмүүсийг "бид" ба “тэд" гэж хуваах нь хоцрогдсон. Үүний оронд бид тэдгээрийг "каруна" ба "ахимса" гэсэн ойлголтоор бодох хэрэгтэй. Хэрэв бид "каруна" хэмээх энэхүү үнэ цэнтэй бодлыг төлөвшүүлбэл айдас, уур хилэн, үзэн ядалтаас ангид байх болно. Бид тайван унтаж, бие махбодь маань эрүүл энх байх болно.”
“Миний амьдрал хэцүү байсан ч бэрхшээлүүд нь эдгээр гүн гүнзгий дотоод үнэт зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг өгсөн юм. Хүн төрөлхтөн бид бүгд адилхан бөгөөд хамтдаа амьдрах ёстой учраас үндэсний, үзэл суртлын болон шашны онцлогт тулгуурлан зөвхөн явцуу хүрээнд бодох нь мунхаг хэрэг юм.”
“Би Т.Н.Чатурведигийн тухай бодохдоо тэрээр амьдралаа “каруна” ба “ахимса”-гийн үзэл санаагаар амьдарч байсныг санаж байна. Би одоо 87 настай ч сэтгэл санаа тайван байгаа болохоор наснаасаа залуу харагдаж байна. Гэсэн ч гадна талдаа үзэмжтэй байх нь "каруна"-гийн дотоод гоо үзэсгэлэнг илэрхийлэхтай адил тийм чухал биш юм."
Дээрхийн Гэгээнтэн сонсогчдын асуултад хариулахдаа материаллаг үзэлтэй орчин үеийн боловсрол ихэвчлэн барууны орнуудаас гаралтай болохыг дурдав. Өнөөдрийн боловсролын систем нь хүмүүсийг жинхэнэ сайхан сэтгэлтэй болгохын тулд эртний Энэтхэгийн сэтгэлгээний дотоод үнэт зүйлстэй хослуулах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна. Материаллаг хөгжил дэвшил нь олон ашиг тусыг авчирдаг ч энэ нь дотоод амар амгалан, дотоод хүч чадлын үнэ цэнээс үүсэлтэй биш гэдгийг онцоллоо.
Зөвхөн энэ, эсвэл тэр үндэстний тухайтад бус нийт хүн төрөлхтний тухай бодох цаг болсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. XXI зуунд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тулгараад байгаа бид бие даасан улс үндэстний тухай бодох боломжгүй гэж тэрбээр хэлэв. Бид хамтдаа амьдарч сурах хэрэгтэй. Дэлхийн дулаарлын ноцтой байдал нь бид үүний эсрэг юу хийж чадах, дэлхийн байгалийн экологийг хамгаалахын тулд юу хийж болох талаар ярих ёстой гэсэн үг юм.
Дээрхийн Гэгээнтэн байгаль дэлхийгээ хамгаалах тухайд, бид байгалийн нэг хэсэг бөгөөд бидний амьдрал байгалиас шалтгаалдаг гэдгийг бид өөртөө сануулах хэрэгтэй гэж зөвлөв.
Түүнийг уурладаг эсэхийг асуусанд Дээрхийн Гэгээнтэн, ловон Шантидэвагийн “Бодьсадвын явдалд орохуй” номыг судалсан хүний хувьд энэрэл нигүүлсэл нь гол дадал учраас энэ нь маш ховор тохиолддог гэж хариулав.
Тэрбээр ‘каруна’ нь бусдын шоолох, дарлалд өртөх сул дорой байдлын эх үүсвэр гэдгийг үгүйсгэв. Өөрийн нийгмийнхээ төлөө анхаарал тавих нь өөртөө анхаарал тавих арга мөн гэдгийг тэрээр дахин тэмдэглэлээ. Тэрээр, Төвөд болон Гималайн бүс нутгийн хүмүүсийн хамгийн их үнэлдэг зүйл бол тэдний бие биедээ туслах чин сэтгэлийн хүсэл юм гэдгийг онцолсон юм.
Дээрхийн Гэгээнтэн "Хиймэл оюун ухааныг хэрхэн эерэгээр ашиглах вэ" гэсэн асуултад хичнээн боловсронгуй машин байсан ч тэдэнд хүний оюун ухаантай өрсөлдөх урт зам бий гэж хариулав.
Өнөөдрийн үлгэр дууриалал гэж үздэг хүнээ нэрлэхийг хүссэнд Дээрхийн Гэгээнтэн түүний үнэхээр биширдэг хүн бол Энэтхэгийн агуу их мастер Хутагт Нагаржуна мөн гэж хариулав. Тэр эрт дээр үед амьдарч байсан ч түүний сургасан зүйл бол хэрхэн зөв сэтгэх тухай сургаал юм. Тэрээр Буддаг дагалдагч нарт хандан хэлсэн "Ухаалаг хүмүүс алтыг шатааж, зүсэж, үрж сорьдог шиг хуврагууд минь, та нар намайг хүндэлсэндээ биш харин миний үгийг туршиж үзсэнийхээ дараа хүлээж авах хэрэгтэй" гэсэн зөвлөгөөг зүрх сэтгэлдээ шингээсэн нэгэн байсан гэдгийг тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн “Би бүх шашны уламжлалыг хүндэтгэдэг ч Буддын сургаалын өвөрмөц онцлог нь биднийг судлахыг уриалж байдаг” гэв.
Зохицуулагч, ЭТУХ-гийн ажилтан Амитабх Ранжан Дээрхийн Гэгээнтэнд “каруна” нь дотоод хүч чадал, сэтгэлийн амар амгаланг авчирдаг гэдгийг онцолсонд нь талархал илэрхийлэв.
Дараа нь Т.Н.Чатурведигийн хоёр дахь хүү Аваниндра Нат Чатурведи Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулав. Доктор Р.К.Мишра талархлын үг хэлэхдээ: “Бид бүгдээрээ “каруна”-гийн талаар Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсох завшаан тохиолоо. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа." гээд яриагаа өндөрлөв.