Энэтхэг, Ладак, Лех - Өнөөдөр өглөө нар мандмагц Лех хотын Шивацал номын айлдварын талбайг зорин ирсэн сүсэгтэн олноор дүүрэв. Ойролцоогоор 45 мянга орчим сүсэгтэн олон өнөөдрийн номын айлдварыг сонсохоор цугларсан байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гольфын тэргээр Шивацал номын айлдварын талбайн асарт морилов. Түүний урд лам хуврагууд бүрээ бишгүүр үлээн хүндэтгэл үзүүлэхийн хамтаар шар өнгийн торгон шүхэрийг тэргэний дээгүүр эргэлдүүлж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг мишээн мэндчилэв. Энэ зуур орон нутгийн сурагчид дагсал хаялцан Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын асарт залсан Бурхан Багшийн дүрийн өмнө хүндэтгэл үзүүлэн зул өргөлөө. Сэнтийдээ залрахын өмнө тэрээр тайзны захад зогсоход цугласан олон машид хүндэтгэлтэйгээр мэхийв.
Дээрхийн Гэгээнтний сэнтийн хоёр талаар Ладакын дээдэс, лам хуврагууд заларсан байлаа. Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны гишүүд Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Өнөөдөр би Ладакт Бурхан Багшийн айлдвар сургаалаас та бүхэнд тайлбарлах гэж байна. Бүх шашны уламжлалууд энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж, бусдад туслахыг зааж сургадаг учраас би тэдэнд хүндэтгэлтэй ханддаг. Бүх шашны уламжлалыг би үнэлж хүндэлдэг. Дэлхийн олон орнуудаар айлчлах үедээ аль болох олон газраар зочилж, шашны янз бүрийн номын үйл ажиллагаанд оролцохыг хичээсээр ирсэн юм.”
“Дэлхийн хүн төрөлхтөн бид олон янзын шалтгаанаар өөр хоорондоо дайтсаар байна. Энэ дунд шашны нэрийг барьж дайн байлдаан өдөөх нь хамгийн эмгэнэлтэй хэрэг юм. Тийм учраас би шашин хоорондын эв нэгдлийг бий болгохын тулд аль чадахын хэрээр хичээсээр ирсэн юм.”
“Ладакчуудын ихэнх нь буддын шашинтай ч нэлээдгүй хүмүүс муслим, христ болон Энэтхэгийн бусад уламжлалыг шүтдэг. Хэдийгээр тэд өөрсдийн уламжлалыг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг ч эцэстээ бүгд амьтдын тусыг бүтээх арга замд тулдаг. Христийн шашныхан тухайлбал боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү анхаардагаараа алдартай. Эдгээр бүх уламжлалууд бүгдээрээ сайн үйлсэд хичээдэг. Тийм учраас бид өөр хоорондоо эв найртай байх хамгийн чухал. Ингэснээр бид нэг дор цуглаж хүчээ нэгтгэн бие биенээ илүү сайн таньж ойлголцох болно.”
“Өнөөдөр би та бүхэнд Жалсрай Тогмэд Самбугийн ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ номыг тайлбарлана. Энэ номыг туурвисан Жалсрай Тогмэд Самбу бээр Үлчү агуйд бясалгал бүтээлээ үйлддэг, амьтан бүгдийг энэрч хайрладаг эрдэнийн дээд бодь сэтгэлийг голлон анхааран авлагаа болгосон эрхэм нэгэн билээ. Маргааш та бүхэнд хүртээх Жанрайсаг бурханы авшигын бэлтгэл бүтээл юм шүү.”
“Энэ номын дамжлага тайлбарыг би Киннаүри болон Күннү ринбочэ багшаасаа хүртсэн юм. ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ бол бодь сэтгэл, бодьсадвын зам мөрийн тухай айлдсан асар их тустай ном билээ. Би өглөө бүр сэрсэн даруйдаа бодь сэтгэлийг бясалгадаг. Өөрийн хийгээд бусдын тусыг бүтээхэд үүнээс илүү эрхэм дээд арга зам гэж үгүй. Бодь сэтгэлийг бясалгах нь орчлон хэдий оршино тэр болтол амьтан бүгдийн тус амгаланг бүтээе гэсэн урам зоригийг надад өгдөг.”
“Бусдад туслая, тэдэнд өчүүхэн төдий ч хор хүргэхгүй байя гэж бодох үед сэтгэлд амар амгалан аяндаа төрдөг. Үүний ачаар бие маань эрүүл саруул байж, тайван амгалан унтаж амарч байна.”
Дээрхийн Гэгээнтэн,
“Дэлхий нийтээрээ энх тайвны тухай ярьцгааж байна. Өнгөрсөн зуунд болсон Дэлхийн I, II дайн бол маш эмгэнэлтэй үйл явдал юм. Энэ дайнд зориулагдан олон тооны зэр зэвсгүүд бүтээгдсэн. Бусдыг дарж, өөрсдийн ялалтыг тунхаглахыг зорьж байгаа цагт ‘дайныг зогсооё’ гэсэн хоосон уриалга гаргах нь зохисгүй юм. Бид бүгдээрээ өөр хоорондоо холбоотой, нийгмийн нэг хэсэг гэдгийг юуны өмнө санах нь чухал юм шүү.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Хэдийгээр үзэл бодлоороо ялгаатай ч бид өөр хоорондоо тэмцэх шалтгаан огт байхгүй. Бид хүн төрөлхтөн гэсэн нэгдмэл нэг ойлголттой байж энх тайвныг бий болгохийн тулд бүх нийтээрээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Энэ цаг үед бид урьд урьдынхаас илүү нэг нэгнээсээ харилцан хамааралтай тул ахан дүүсийн харилцааг бий болгох нь маш чухал байна.”
“Бид бүгд бага балчир наснаасаа асрал хайр, энэрэл нигүүслээр тэтгүүлэн өссөн билээ. Хүүхдүүд багадаа бие биендээ маш нээлттэй, адил тэгш байдлаар ханддаг. Харин том болох тусам бусдыг ялгаварлан хандаж эхэлдэг тал бий.”
“Бид эдийн засгийн хөгжлийн хувьд харилцан адилгүй ч эв найрамдалтай амьдрах нь чухал болоод байна. ‘Тэд’ ба ‘бид’ гэсэн ялгаа заагийг арилган харилцан ашигтай харилцааг чухалчилах хэрэгтэй.”
“Энх тайваныг бий болгоно гэж амаараа ярих нь хангалтгүй юм. Бардам зан, атаа хорсол, уур хилэн, үзэн ядалтаа багасгаж, бусдыг хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр л бид дэлхийд жинхэнэ энх тайвныг бий болгож чадна. Бид бүгдээрээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж хүнд байдалд байгаа гэдгээ ухаарч бие биендээ туслах ёстой.”
“Хүний угийн мөн чанар нь энэрэнгүй юм. Бага байхдаа бид өөр хоорондоо тэмцэх талаар өчүүхэн төдий ч боддоггүй. Харин өсч том болохын хэрээр ‘бид’ ба ‘тэд’ гэсэн ялгаа зааг гаргаж эхэлдэг. Үүний оронд бид нийт хүн төрөлхтнийг бидний нэг гэж бодох нь зүйтэй. Дэлхийн энх тайван тэнгэрээс унахгүй, газраас урган гарахгүй. Чандракирти ‘Төвд орохуй’ номондоо зам мөрийн эхэн, дунд, адагт бодь сэтгэлийн тус эрдэм ямар их үнэ цэнэтэй болохыг магтан өгүүлсэн байдаг. Тийм учраас бид нисванист муу сэтгэлээ дарж бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь машид чухал юм. Энэ талаар ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ номонд айлддаг.
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэл бол миний үндсэн бясалгал бөгөөд миний өдөр болгон уншдаг залбирал ерөөлийн гол нь энэ хэмээгээд доорх шүлгийг уншлаа.
‘Орчлон хэдий хүртэл оршино төдий хүртэл амьтад оршино.
Амьтад оршихтой зэрэгцэн би бас оршиж
Амьтдын зовлонг амирлуулах болтугай
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Одоо номын айлдвараа эхлэцгээе. Дээр хэлсэнчлэн би энэ номыг Күннү ринбочэ Тэнзин Гялцэн багшаараа хөтлүүлэн заалгасан юм. Төвөдөд байх үед Лин ринбочэ багш маань ч энэ багшаар ном заалгасан байна. Тэр үед би Күннү ринбочэ багшаар ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ номыг хөтлүүлэх хүсэлтэй байгаагаа Лин ринбочэ багшдаа айлтгахад багш маань ихэд сайшаан хүлээн авч билээ.
“Күннү ринбочэ багштайгаа анх уулзахдаа Шантидэва Гэгээнтний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номыг үзэж судалсан эсэхийг асуухад багш маань ‘Энэ бол миний үндсэн бүтээл, дадуулахуй’ хэмээн айлдаж билээ. Багшаараа энэ номыг хөтлүүлснээр миний сэтгэлд асар их эерэг сайн өөрчлөлтүүд гарсан. Тэр цагаас хойш би энэ номыг байнга өөртөө ойр байлгасаар ирсэн юм.”
“Ядам бурхадын бясалгал бүтээл үйлдэхдээ бид өөрсдийгөө ядамд төсөөлөн бясалгадаг. Гэвч ‘Бодьсадвын явдалд орохуй’ ном, амьтан бүгдийг энэрч хайрласан бодь сэтгэлийг бясалгах нь түүнээс илүү их ач тустай юм шүү.”
Дээрхийн Гэгээнтэн ‘Бодьсадвын гучин долоон гарын авлага’ номыг тайлбарлан айлдаж эхэллээ. “Номын эхний мөрөнд Их нигүүлсэлийн гуу сан Жанрайсаг бурханд аврал одуулсан байна. Урдын сайн ерөөлийн хүчээр бид өнөөдөр Жанрайсаг бурхантай ойрын барилдлагатай байж түүний тарнийг урин уншсаар байна.”
“Цаашлаад зохиогчийн ам тангарагыг өгүүлсэн мөртүүд байна. Тоо томшгүй олон Бурхад бодь сэтгэлийг үндсэн бясалгал бүтээлээ болгож, улмаар амьтдын тусыг бүтээсээр ирсэн. Тиймээс Бурхан Багшийн шавь бид нар ч мөн бодь сэтгэлийг анхааран авлагаа болгон бодож бясалгах нь машид чухал.”
“‘Бурхан Багшид аврал одуулья’ гэж залбирах төдийд бус Будда /Бурхан Багш/ гэдэг үгний утга учрыг өөрсдөөсөө асууж тунгаах хэрэгтэй. Төвөдөөр ‘Сан-жай’ гэдэг үгний эхний үе бол ‘нисванист муу сэтгэлийг бүрнээ дарсан нэгэн’ гэсэн утгатай. Харин хоёр дахь үе нь юмсын угийн мөн чанар буюу хоёр үнэнийг танисан, эрдэм бүхнийг төгсгөсөн гэсэн утгатай юм. Тийм учраас Будда гэдэг нь нисванист муу сэтгэлийг бүрнээ дарж юмсын жинхэнэ мөн чанарыг илтэд мэдэх нэгнийг хэлж байгаа юм.”
“Шалтгаан нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр төгс гэгээрэлд хүрэх боломжгүй. Бид амьтдын тусын тулд Бурханы хутгыг олье хэмээн бодол шийдвэрийг сэтгэлдээ төрүүлэхээс гадна нисванист муу сэтгэлээ ялж мунхагийн харанхуйгаа арилгах нь хамгийн чухал. Үүний тулд өөрсдийн бурханлаг чанараа ашиглах хэрэгтэй.”
“Та бүхэн ч мөн бодь сэтгэлийг хөгжүүлэн, хоосон чанарыг бодож бясалгаваас дотоод сэтгэлийн эерэг сайн өөрчлөлтүүдийг мэдрэх болно. Хамаг амьтдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлээс гадна хоосон чанарыг бясалгах нь чухал. Бурханы шашны бүх уламжлалууд энэ тухай зааж сургадаг ч зөвхөн Төв үзлийг баримтлагчид (Прасангика, Мадьяамака) л юмс үзэгдэл бүхэн өөрөөрөө бүтээгүй, бие даан оршдоггүй болохыг зааж сургадаг. Юмс үзэгдэл зөвхөн нэр томьёоны төдийд л оршдог. Юмс янз бүрийн үйлдлүүд үзүүлж буй мэт харагдах боловч энэ нь зөвхөн нэр томьёоны төдийд юм.”
“Төвөд болон Хималайн бүс нутагт уламжлагдан ирсэн бурханы шашин бол бодь сэтгэл хийгээд хоосон чанарыг хослуулан дадуулдаг хиргүй ариун уламжлал юм.”
“Бид эхлээд дээдийн номыг сонсож судлаад дараа нь бодож бясалгадаг. Ингэж сайтар бодож бясалгаснаар сонсож судалсан ном сэтгэлд жинхэнэ эрдэм болдог юм. Би та нарт хий хоосон зүйл яриагүй, харин өөрийн амьдралын туршлага дээр үндэслэн тайлбарлаж байгаа юм шүү. Та бүхэнд ч бодь сэтгэлийг хөгжүүлэн хоосон чанарыг ухаарах чадамж бий. Дээдийн номын мөрт орсон хүмүүсийн хувьд буяны чуулганыг хураах зэхэл бүтээл бол өөрийн сэтгэлийг номхотгох юм.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн мөнх бусыг санан эрдэнэт хүний төрлийг олж төрсний шимийг гаргахын тулд өөрийн нутгийг орхин одох, аглагт суух зэрэг бодьсадвын үндсэн дадуулахуйг анхааран авлагаа болгохын чухалыг онцоллоо. Дараагийн шүлэгт саар нөхрийг тэвчин буяны садан багшийг шүтэж Чухаг дээд гуравт аврал одуулан нүглийг тэвчих талаар айлдсан болохыг тайлбарлалаа.
“Шунал, уур хилэн бол бидний сэтгэлийн угийн мөн чанар биш юм. Хэрэв тийм байсан бол бид үүнээс өөр сэтгэлийн төлөв байдлыг хэзээ ч мэдрэхгүй байх байсан. Гэвч нисванист муу сэтгэл бол зөвхөн түр зуурийнх, харин бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл бидний угийн мөн чанар учраас дадуулах тусам улам хүчтэй болдог. Сэтгэл угаас цэвэр тунгалаг, юмсын мөн чанарыг бүрэн гүйцэд мэдэх чадамжтай.”
“Сэтгэлийн зовлонг амирлуулж, түүнээс гэтлэх боломжтой юу гэвэл ‘тийм’. Учир нь мунхаг бол сэтгэлийн жинхэнэ мөн чанар биш юм. Мунхагийн харанхуйгаас болж бид юмсыг өөрөөрөө оршдог, бие даан бүтсэн гэж харан уур хилэн, үзэн ядалтанд автдаг. Сайтар ажиглан шинжилвээс нисванист муу сэтгэлээс ангижирч бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр сэтгэлийн амар амгаланд хүрч болхыг та бүхэн олж мэдэх болно.”
“Сэтгэлээ өөрчлөн засах боломж бидэнд бий. Хятадын коммунист намынхан Төвөдүүдийг маш хүнд зовлон бэрхшээлд унагаасан ч тэдэнд уурлан хорсохын оронд мунхагийн харанхуйгаасаа болж ийм зүйл үйлдэж байгаа гэдгийг санах үед энэрэн нигүүлсэх сэтгэл аяндаа төрдөг. Багшийг шүтэх ёсны номонд үүнийг ийн хураангуйлан айлдсан байдаг юм.
"Ивээлт багш минь,
Та хамаг амьтны хилэнц зовлон бүхнийг
Энэ мөчид над дээр юүлж хайрла.
Миний буян заяаг бусдад бэлэглэж,
Амьтан бүгдийг амирлуулж соёрх.”
Номын төгсгөлийн хэсэгт Бодьсадва Жалсрай Тогмэд Самбу бээр энэ номыг туурвисан тухай Лхазүн ринбочэгийн зүүлт байгааг Дээрхийн Гэгээнтэн дурьдлаа. Уг зүүлт тайлбарт Лхазүн ринбочэ дараах захиасыг үлдээсэн болохыг мөн нэмж айлдав.
Хамаг амьтан бүгдийн тус амгаланг бүтээхийг
Хэдий ихээр хүсэвч хүч мөхөсдөн
Харууслын нулимс нүдийг минь бүрхэж,
Энэрэл нигүүлсэл сэтгэлийг минь норгов
Тиймээс би энэ сургаалийг та нартаа хичээнгүйлэн захимуй.
Их хөлгөний уламжлалын охь шим, хамаг амьтан бүгдийн амар амгалангийн эх үндэс болсон бодь сэтгэлийг үүсгэн хөгжүүлж, хамаг амьтдад туслахын тулд би энэ номыг туурвив. Энэ буяны үрээр бүхнийг мэдэгч Бурхан Багшийн айлдвар сургаалиуд, тэр дундаа судар, тарнийн ёсыг хослуулагч Богд Зонховын хамгаас дээд ариун уламжлалыг барьж, хадгалж, түгээн дэлгэрүүлж буй дээдэс богд багш нарын минь хүсэл бүхэн саадгүйгээр аяндаа биелэх болтугай. Орчлонгийн эцэс хүртэл Дээдэс богд багш нарын өлмийн лянхуа баттай орших болтугай.”хэмээн зориулга ерөөл өргөөд эцэст нь уг номыг бүтээн хэвлэсэн Доржэ Цэвэнгийн хүсэл бүхэн нь биелэх болтугай” гэсэн ерөөлөөр зүүлт тайлбараа төгсгөсөн байна.
Дээрхийн Гэгээнтэн “Би Лхазүн ринбочэг мэднэ. Лхазүн ринбочэ нэг удаа Цагаан Дарь эх бурханы үүднээс надад Бат Оршил өргөх ёслол үйлдэхэд Цагаан Дарь эх бурханы тааллаас цагаан өнгийн гэрэл цацран надад шингэсэн тухай айлдаж билээ. Энэ нь таныг урт наслахын шинж тэмдэг хэмээн бат итгэлтэйгээр надад хэлсэн юм.”
“Өнөөдрийн номын айлдвараа энэ хүргээд өндөрлөе. Маргааш би та бүхэнд Их нигүүлсэлийн гуу сан Жанрайсаг бурханы авшиг хүртээх болно. Энэ удаагийн авшиг “Үйлийн дандар”-т багтдаг тул өглөөний цайндаа мах, өндөг, загас хүртэж болохгүй шүү."
Дээрхийн Гэгээнтэн дахин нэг удаа тайзны захад залран цугласан олны зүг мэндчилэв. Гольфын тэргэндээ залрахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Ладакийн бөмбөрчид тэргүүтэй ойр тойронд цугларсан олонтой мөн мэндчиллээ. Дээрхийн Гэгээнтэн замын хоёр хажуугаар эгнэн зогссон сүсэгтэн олны зүг мэндчилэнгээ өргөөнийхөө зүг алгуурхан морилсон юм.