Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнөөсөө гарч Зүглаг Хан дуганд зүг морилох үеэр тэнгэр цэлмэг, цаг агаар тогтуун сайхан байлаа. Зүглаг Хан дуганы хашаа ‘Ум ара база на ди’ болон Мэгзэм унших аялгуугаар дүүрэн байв.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийдээ залармагц бага хөлгөний уламжлалын лам хуврагууд Мангала Суттаг пали хэлээр уншив. Цаашлаад Вьетнамын лам хуврагууд ‘Билгүүний зүрхэн” судрыг өөрсдийн эх хэлээр уншлаа. Дээрхийн Гэгээнтэнд энд цугласан олон уламжлалынхан нэгдэн бурханы лагшин, зарлиг, тааллын билэгдэл мандалыг өргөв. Цугласан олонд цай, гамбир тараагдах зуур ‘Билгүүний зүрхэн судар’-ыг төвөд хэлээр уншив.
Номын айлдварын эхэнд Дээрхийн Гэгээнтэн Варанасад болсон олон улсын буддистуудын уулзалтын үеэр Бурхан Багштай бодитой уулзсан тухайгаа айлдав.
“Энэ үед Бурхан Багш түүний айлдвар сургаалд суралцаж хамаг амьтан бүхнийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн хамтаар хоосон чанарыг бодож бясалгаж буйд минь таалалтай байгаа мэдрэмж надад төрсөн.”
“Бурхан Багшаас хойш 2600 орчим жил өнгөрсөн ч түүний гайхалтай айлдвар сургаалыг сонсож сурч, анхааран авлагаа болгон бусдад түгээн дэлгэрүүлж буй шавь нар байсаар байгаа учраас бурханы шашин одоог хүртэл үргэлжилэн дэлгэрсээр байна.
“Ёс суртахууныг чандлан сахиж дээдийн номыг анхааран авлагаа болгохын хамгийн чухал нь бидний сэтгэлд сайн эрдмийг төрүүлэх юм. Би Цаст Төвөдийн нутагт мэндэлж бага балчир наснаасаа дээдийн номонд шамдан суралцсан билээ. Дээдийн номонд сайтар суралцаж сонсох, санах, бясалгахыг анхааран авлагаа болгон дадуулсаар ирсэн билээ. Бурханы номыг анхааран авлагаа болгоно гэдэг нь дотоод сэтгэлээ өөрчлөн засаж хөгжүүлэхийг л хэлж буй юм.”
“Хоосон чанарыг ухаарах гэдэг нь юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ баттай бус, өөрөөрөө бие даан оршдоггүй, зөвхөн нэр томьёоны төдийд л оршдогийг ойлгож ухаарах явдал юм.”
“Бурханы шашны уламжлалтай улс орнуудын олон хүмүүс Бурхан Багшийн айлдвар сургаалийг дахин сонирхон судалж байгаа нь эдгээр айлдвар сургаалуудыг шинжлэх ухаантай адитгах боломжтой учраас юм. Энэ явцдаа хүмүүс урьд өмнө нь боломжгүй гэж боддог байсан бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх болон хоосон чанарыг ухаарах чадамж өөрт нь бий гэдгийг ойлгодог.”
“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр л та өөрийн ба бусдын тусыг бүтээж чадна. Энэрэнгүй сайхан сэтгэл таныг өөрийн хайр халамжаа бусдад түгээхэд хөтлөх болно. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг хөгжлийг чухалчилан дотоод сэтгэлийн үнэт зүйлсийг орхигдуулдаг. Гэвч бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр сэтгэл тайван амгалан болдог. Тийм ч учраас нинжин сайхан сэтгэлтэй хүнийг олон найз нөхөд аяндаа хүрээлдэг юм.”
“Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүүлэхэд анхаарах хамгийн чухал зүйл бол юмс үзэгдэл өөрийн мөн чанараараа бүтээгүй, угтаа хоосон чанартай гэдгийг ухаарах юм. Би бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгаж анхааран авлагаа болгосоор ирсэн бөгөөд надад асар их ач тусаа өгсөн билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн ‘Төвд орохуй’ номын тайлбарыг үргэлжлүүлэн айлдаж дөрөвдүгээр бүлгийг уншив. Энэ бүлэгт эрдэм бүгдийн суурь болох хичээнгүйн тухай айлддаг ба дөрөвдүгээр газрын бодьсадва нарын эрдмийг ‘Гэрэл цацруулагч’ хэмээгддэг тухай дурьдав.
Дээрхийн Гэгээнтэн,
“Миний их ёнзин багш Лин ринбочэ ‘гэрэл цацруулах’ мэт халзан гялалзсан тэргүүнтэй байсан ба Тижан ринбочэ багш минь түүнийг шоглодог байж билээ.” хэмээн дурсан айлдлаа.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд бодь сэтгэлийн увидасыг хүртээх тухайгаа айлдав.
“Өөрийн тусыг бүтээх хамгийн дээд арга бол бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх юм. Шувууд амьтад хүртэл энэрэнгүй сайхан сэтгэлийг мэдэрдэг.”
“Бусдыг хайрласан нинжин сайхан сэтгэл бол амар амгалангийн үндэс суурь билээ. Дэлхийн энх тайван албан ёсны шийдвэр, тунхаглалаас биш харин бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлснээр л ирнэ. Бага балчир наснаасаа мэдэрч өссөн эхийн асрал хайр, элбэрэл дээр суурилан бид дэлхий дээр энх тайвныг бий болгож чадна. Бүхий л сайн сайхны үндэс суурь бол бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл юм шүү.”
Дээрхийн Гэгээнтэн цугласан олныг бусдыг хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх бясалгалд хөтлөн “хамаг амьтан бүгдийг хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл та бүгдийн зүрхэнд саран дэвсгэр болж байна гэж бодоорой” хэмээв.
“Бидний бие сэтгэлийг удирдаж буй ‘би’ гэгч хаана байна вэ хэмээн хайж үзээрэй.”
Дээрхийн Гэгээнтэн бусдад тусалж буй бидний тодорхойлоод буй ‘би’ гэгч нь өөрөөрөө бүтээгүй, бие даан оршдоггүй болохыг айлдав. Дараа нь юмс үзэгдэл хоосон чанартайг бясалган эл билиг билгүүнийг зүрхэн дэх саран дэвсгэр дээр цагаан өнгийн босоо очир болон хувирлаа гэж бодож бясалгаарай хэмээн бясалгалыг үргэлжлүүлэн хөтлөв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Бодь сэтгэлийг хөгжүүлэх болон хоосон чанарыг бодож бясалгах нь миний үндсэн анхааран авлага юм. Та бүхэн ч мөн сайтар шамдан хичээвээс сэтгэлээ өөрчлөн хувиргаж чадна.”хэмээн захилаа.
Сүсэгтэн олны төлөөллийн асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн зөвхөн төвлөрөлийг хөгжүүлэх нь эндүүрэлт үзлийг няцаахад хангалттай биш болхыг онцлов. Тийм учраас нягтлан шинжлэх бясалгал зайлшгүй хэрэгтэй болхыг Дээрхийн Гэгээнтэн нэмж айлдлаа.
Номын айлдварын төгсгөлд олон уламжлалын төлөөлөлүүд Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал өргөлөө. Цаашлаад Жамяан Кянцэ Чоги Лодойгийн туурвисан Дээрхийн Гэгээнтний өлмий бататгах ерөөлийг уншив. Эцэст нь энэ цугласан янз бүрийн уламжлалын төлөөлөлүүд Дээрхийн Гэгээнтэнтэй дурсгалын зураг авахуулсан юм.