Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө, цагаан сарын их ерөөлийн сүүлийн өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн намтар буюу Цадиг номыг айлдахаар Зүглаг Хан дуганд морилов.
Дээрхийн Гэгээнтнийг Зүглаг Хан дуганд морилох үеэр лам хуврагууд бүрээ бишгүүр үлээхийн сацуу Дээрхийн Гэгээнтний оройд тод шар өнгийн шүхэрийг намируулан эргүүлж байлаа. Дээрхийн Гэгээнтэн баруун зүүн тийш харан инээмсэглэн аль чадахын хэрээр цугласан олныг адислаж байв.
Дуганы талбайн хойморт Дээрхийн Гэгээнтэн бээр Гандан Ширээт Ламтай мэндчилээд суудалдаа заларсан юм.
Брайбун хийдийн унзад ‘Билгүүний зүрхэн судар’ болон ‘Дамжлагын дээдсүүдэд өргөх залбирал’-ыг цог жавхаатайгаар уншлаа. Энэ зуур номын айлдварыг сонсохоор цугласан 12,000 гаруй сүсэгтэн олонд цай, тахилын будаа тараагдаж байв.
Дээрхийн Гэгээнтнийг номын айлдвар айлдахыг албан ёсоор хүсч Гандан Ширээт Лам болон Төвөдийн төрийн тэргүүн лагшин, зарлиг, таалалын бэлэгдэл мандал өргөв. Үүний дараа хийд дацангуудын тэргүүн хамба асан дээдсүүд, мөн одоогийн хамба лам нар Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан:
“Лхасад цагаан сарын их ерөөлийг хурдаг энэ өдрүүдэд бид олуулаа цугладаг уламжлалтай. Энэ уламжлал 600 гаруй жилийн турш үргэлжилж ирсэн билээ. Хэдийгээр Цаст Төвөдийн оронд одоогоор их ерөөлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй ч, цагаачлан амьдарч буй төвөдүүд бид Төвөдийн ард түмний итгэл найдвар, сэтгэлийн хүчээр энэ уламжлалыг хэвээр хадгалан үргэжлүүлж байна. Цагаан сарын их ерөөлийн гол чухал хэсэг бол жилийн эхний шинийн арван тавны тэргэл сартай өдөр Бурхан Багшийн намтар буюу Цадиг номыг тайлбарлан номлодог уламжлал юм.” хэмээн айлдав.
Мөн тэрээр:
“Миний өмнөх дүр XIII Далай Лам Түвдэнжамцын нэр нь ‘Чадагчын Шашны Далай’ гэсэн утгатай. Харин миний нэр Данзанжамц буюу ‘Шашныг Баригч Далай’ бөгөөд урд дүрийнхээс илүү өргөн утгатай юм.” хэмээн хошигнов. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн зүүн хойд зүгийн Силин нутаг буюу Богд Зонховтой нэг нутагт мэндэлсэн тухайгаа дурьдлаа.
Дээрхийн Гэгээнтэн:
“Богд Зонхов Бурханы шашныг агуу ихээр дэлгэрүүлсэн билээ. Тэрээр дээдийн номыг улам гүнзгийрүүлэн дэлгэрүүлж, ‘Гурван аймаг савын ном’-ын утга агуулгад хэрхэн суралцаж дадуулахыг тодорхой заасан юм.” болохыг онцлов. Би түүнийг даган дуурайж түүнтэй адил үйл хэрэг хийхийн тулд ерөөл тавьж хичээдэг.”
“Намайг бага байхад хятад цэргийн дарга Ма Буфан орон нутгийн захирагч байсан. Би 3-4 настай байхдаа түүнтэй уулзаж байлаа. Хэдийгээр би бага балчир ч гэлээ түүнээс төдийлэн айж эмээгээгүй, эрхэмсэг байдал маань түүнийг намайг XIII Далай Ламын хойд дүр мөн гэж дүгнэхэд хүргэсэн юм.”
“Тэр цагаас хойш би дараах залбирал ерөөлөөс урам зориг авч аль чадахын хэрээр амьтаны тусыг агуу ихээр хийхийг хичээсээр ирсэн юм.”
Дээдийн ном дэлгэрээгүй газар оронд дэлгэрэх болтугай
Дэлгэрсэн боловч доройтсон бол
Хамаг амьтдын тус, амар амгалангийн төлөө
Агуу их энэрэл нигүүслээр би
Энэ эрднийн дээдийг ариунаар дэлгэрүүлэх болтугай
“Барууны эрдэмтэд Бурхан Багшийн сургаал, тэр дундаа буддын сэтгэл судлалыг илүү ихээр сонирхон судалж байна. Бурханы ном Төвөд, Монгол, Хятадад хэсэг зуур доройтох үе байсан хэдий ч одоо эргэн сэргэж байна.”
“Миний хувьд Далай Лам гэсэн нэрийн дор Бурхан Багшийн ном сургаал, гурван суртгаал болох шагшаабад, самади, билгүүний суртгаалыг дадуулах шашны үйл хэргийг аль чадахын хэрээр агуу ихээр бүтээхийг хичээсээр ирсэн юм.”
“Цаст Төвөдийн оронд Ловон Шантаракшитагын хичээл зүтгэлээр эртний Цогт Наландагын хиргүй ариун уламжлал дэлгэрч хадгалагдсаар ирсэн билээ. Энд хамгийн гол нь нисваанисыг хорьж, сэтгэлээ номхотгохыг номонд суралцах дадуулахтай хослуулах нь чухал болохыг үргэлж захьдаг.”
“Төвөдүүд бид хэдийгээр цагаачлан амьдарч байгаа ч ёс заншил уламжлалаа маш сайн хадгалж үлдэж чадсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн намтар буюу “Цадиг” номыг тайлбарлаж эхлэв. Амьтанаар тахил өргөхийг цээрлэдэг Бодьсадвагийн тухай өгүүлэх хураангуйлсан мөртүүдийг айлдав.
“Амьтанд гэм хор хүргэх нь хэзээ ч амгаланд хүргэдэггүй, харин энэрэл нигүүлсэл, ёс суртахуун, тэвчээрт суралцваас бусдад гэм хор хүргэхгүй байж чадна. Тиймээс амгаланг хүсэгч хэн бүхэн эдгээр сайн чанаруудад суралцахад өөрийгөө зориулах ёстой.”
“Бурхан Багшийн айлдсанаар бурхадууд бусдын хилэнц түйтгэрийг усаар угаагаад арилахгүй, бусдын зовлонг өөрийн мутраар авахгүй. Өөрт байгаа эрдмийг шавь нартаа шууд өгөх боломжгүй юм. Харин дээдийн номыг номлож амьтдыг зовлонгоос аварна. Бурхан Багш өөрийн туршлага дээрээ үндэслэн эдгээр сургаал номоо айлдсан гэдгийг сайтар бодож санах нь маш чухал юм.”
“Өнөөдөр бидэнд Бурхан Багшийн ном сургаалд суралцах боломж бүрэн байна. Бид бурханы номыг өөрсөддөө дадуулахаас гадна бусдад тайлбарлан ойлгуулах боломж ч бий. Бид эш татахаас гадна Хутагт Нагаржунай болон түүний шавь нарын адилаар учир шалтгааны үүднээс мөн тайлбарладаг. Монгол болон Хятадад Наландагийн энэ уламжлал, зарчим маш хүчтэй дэлгэрсэн боловч хэсэг хугацаанд доройтсон юм. Эдгээр газар оронд дээдийн ном дахин цэвэр ариунаар сэргэн дэлгэрээсэй хэмээн би байнга ерөөл тавьж залбирдаг.”
“Дээр айлдсанчилан өөр өөр цаг хугацаанд боловч Богд Зонховтой нэг газар оронд төрсөн би дээдийн номыг амьтдын тусын тулд агуу ихээр дэлгэрүүлж хадгалан үлдээхийн төлөө аль чадахын хэрээр хичээж ирсэн билээ.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн намтар буюу Цадиг номыг үргэлжлүүлэн айлдав. Урд нэгэн төрөлдөө Бурхан Багш тэнгэрүүдийн хаан Шакра болж мэндэлсэн түүх байлаа.
Шакра хааны намтарт бодьсадва нар ямар ч хэцүү цаг үед бусдыг зовоох нүгэл хийдэггүй талаар гарч байлаа.
“Эгэл доод төрөлхтөнүүд хэрцгий догшин авираасаа болж нүгэл хилэнцийг хураадаг. Дундаж нэгэн хэдий өрөвдөх ч сэтгэл тавгүй үедээ нүгэл хилэнц хураадаг. Дээдсүүд ямар ч тохиолдолд аминдаа тулсан ч энэрэнгүй сэтгэлийг хадгалж, зөвийн заагийг барьж чаддаг.”
Бурхан Багш өмнөх төрлүүддээ ч өөрийн аминд тулсан ч амьтдыг энэрэнгүй сайхан сэтгэлээр хайрлан хамгаалдаг байжээ. Мэргэн нэгэн амьтдад гэм хор хүргэх нь огтоос зохимжгүй гэдгийг санаж, тэдэнд гэм хор учруулахаас зайлсхийдэг, сүсэг бишрэлт нэгэн амьтан бүхнийг энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлхийг хичээдэг байх хэрэгтэй.
Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд бодьсадвын хоёр түвшинг хослуулдаг бүхэн егүзэрт бодь сэтгэлийг тайлбарлан айлдлаа.
“Хэдийгээр цөвүүн цагт амьдарч байгаа ч бидэнд бурханы номыг сонсох, бодож бясалгах боломж байна. Хүн бүхэн амар амгаланг хүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрч зовлонгийн шалтгаан бол үнэндээ бидний дотоод сэтгэлд байгаа мунхаг, амин хувиа хичээх үзлээс бий болдог гэдгийг сайтар бодож тунгаах хэрэгтэй.”
“Хамаг амьтан бүхэн бидэнтэй адилхан гэдгийг сайтар бодоорой. Тэд зовлонг хүсдэггүй, амар амгаланг хүсдэг. Бид бурханы номтой учирсан ийм сайхан газар оронд байна. Бидэнд өдөр бүр бодь сэтгэл болон хоосон чанрын үзэл онолд суралцах боломж байна. Үнэхээр хувьтай хэрэг юм.”
“Энэ мөчид “Хамаг амьтан бүхэн зовлонгоос гэтэлж амар амгалантай байгаасай, ингэвээс юутай сайхан сайхан бэ. Би тэднийг зовлонгоос гэтэлгэж амар амгаланд хөтөлье” гэж сайтар бодоорой. Ийм замаар хамаг амьтан бүхнийг зовлонгоос гэтэлгэе гэсэн амлалт, шийдэмгий байдлыг өөртөө төрүүлээрэй. Тэдэнд амгаланг авчрахыг хүсч, зовлонгоос гэтэлгэхийн тулд би өөрөө энэ үнэн зөв үзэл онолд суралцаж Бурханы хутагийг ольё гэж бодоорой.”
“Бид юуны учир зовдог вэ гэвэл юмс үзэгдлийг өөрийн эрхээр бүтсэн, баттай оршиж буй мэт үзэж түүнд мунхагаар шунадагт оршиж буй. Хэрэв юмс үзэгдлийг тав, эсвээс долоон ухааны учир шалтгааны үүднээс нягтлан шинжилвээс энэ, тэр гэх зүйл огт олдохгүй. Юмс үзэгдэл үнэндээ шүтэн барилдлагаар, гагцхүү нэр томьёоны төдийд оршиж буй юм. Юмс үзэгдэл бүхэн ерөдийн түвшинд бидний хэл авиагаар дамжуулан нэрлэсэн нэр томёоны төдий юм.”
“Бурхан Багш Тас цогцолсон уулнаа хоосон чанарын тухай үзэл онолоо айлдсан билээ. Юмс баттай бус, өөрийн мөн чанараараа бүтээгүй болохыг сайтар бодоорой.”
“Хамаг амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл болон хоосон чанарыг бодож бясалгах энэ хоёр зарчим дээр үндэслэж бурханы хутагийг олдог. Эндээс л бурханы дүрст лагшин хийгээд номын лагшин төрдөг юм.”
“Бодь сэтгэлийг хоосон чанарыг таньсан билиг билгүүнтэй хослуулснаар бид сэтгэлээ жинхэнээр өөрчилж чадна. Тийм учраас би өглөө бүр, сэрсэн даруйдаа бодь сэтгэл болон хоосон чанарыг бясалгадаг. Энэ бол миний хамгийн гол үндсэн дадлага юм шүү. Ядам бясалгах нь маш сайн хэрэг ч эдгээр хоёр үндсэн зарчимыг суурь болгоогүй цагт төдийлэн үр дүнд хүрэхгүй.”
“Өнөөдрийн номын айлдвар энэ хүрээд өндөрлөж байна.”
Талархалын мандал өргөсний дараа унзад Дээрхийн Гэгээнтний туурвисан “Үнэний хүч” ерөөлийг уншив.
Тэргүүний оройд эргэлдүүлж буй шар өнгөтэй ёслолын шүхэрийн дор Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг инээмсэглэн мэндчилсээр дуганы талбайгаар өргөөнийхөө зүг аажуухан алхав.