Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Сэрүүн манан татсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайн зүг морилох зуураа замын хажуугаар эгнэн зогссон Ладакийн бөмбөрчид тэргүүтэй сүсэгтэн олны зүг инээмсэглэн мэндчилж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайн үүдэнд түр саатан Бодьгаяа сүмийн удирдах зөвлөлөөс бүтээлгэсэн Бурхан Багшийн шүтээнийг равнайлахаар саатав. Энэ үед тус сүмийн удирдах зөвлөлийн гишүүд Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэлтэйгээр угтсан юм. Дээрхийн Гэгээнтэн Намжал дацангийн лам нарын хамтаар шүтээнийг аравнайлж цэцгэн тахил өргөлөө.
Улмаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахилгаан тэрэгнээсээ буун тайзны захад түр саатан энд цугласан 50,000 орчим сүсэгтэн олны зүг мэндчилэв. Энэхүү номын айлдварт оролцохоор цугласан 50,000 орчим хүмүүсийн дунд дэлхийн 50 гаруй орны 15,000 орчим сүсэгтнүүд оролцож байна. Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн шүтээнд хүндэтгэл үзүүлээд тус номын айлдварт хүрэлцэн ирсэн Сажа Гонма, Сажа Тизин, Гандан Ширээт, Шарба Цорж, болон Төвөдийн Төв Захиргааны парламентийн дарга, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Пенпа Цэрин нартай мэндлээд сэнтийндээ заларсан юм.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ залармагц теравада уламжлалын лам хуврагууд ‘Мангала Сутта’-г пали хэлээр уншив. Дараа нь ‘Билгүүний зүрхэн’ судрыг төвөд хэлээр уншин Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөсөн юм. Энэ зуур цай, гамбир тарааж байв.
“Дээдийн номыг сонсохдоо бид юуны түрүүнд өөрсдийн сэдлээ сайтар шалгах хэрэгтэй.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа эхэллээ.
“Энэ бол багш, шавь хэн хэнд нь хамаатай юм шүү. Дээдийн номын айлдварын үед олз ашигт дурлах гэх мэт “ертөнцийн найман зүйл” гэдгээс татгалзах нь зүйтэй. Багшийн хувьд амин хувиа хичээхгүй байх, харин шавь нар ертөнцийн эгэл жаргалд шунахгүй байх нь чухал юм. Хамаг амьтны тусын тулд бурханы хутагийг олоё гэсэн сэдлээр дээдийн номыг сонсох нь хамгийн эрхэм билээ.”
“Чухаг дээд гуравт аврал одуулан бодь сэтгэлийг төрүүлэх уншлагыг бүгдээрээ хамтдаа уншицгаая. Бурхан, Ном, Хуврагын чуулган бол авралын орон юм. Хамаг амьтдыг зовлонгоос гэтэлгэн төгс гэгээрэлд хөтлөхийн тулд бурханы хутагийг олоё гэсэн сэдлээр чухаг дээд гуравт аврал одуулаарай.”
“Бурхан Багшийн сургаалтай учирсан шавь нар бидний хувьд, түүний айлдвар сургаал бол өөрийнх нь бодит туршлага дээр үндэслэсэн гэдгийг ойлгох нь чухал билээ. Бурхан Багш нисванист муу сэтгэлийг бүрнээ ялсан нэгэн мөн. ‘Уттаратантра’ сударт айлдсанчлан амьтан бүхэнд бурханлаг чанар бий, гэвч бидний сэтгэл мунхагийн хир буртагаар хучигдсан учир олон янзын зовлонг амссаар байна.”
“Нисванист муу сэтгэл нь бидний сэтгэлийн жинхэнэ мөн чанарт байдаггүй, олдмол учир түүнийг арилгах боломжтой. Өөрөөр хэлбэл бид бүгдэд Бурхан Багштай адил төгс гэгээрэлд хүрэх боломж бий.”
“Нисванист муу сэтгэл нь сэтгэлд ул мөр үлдээн дадал болж үлддэг. Гэвч үүнийг арилгах боломжтой. Нөгөө талаас сэтгэл бол гэгээн гэрлийн мөн чанартай учраас сэтгэлээ ариусгаснаар бид бурханы хутагт хүрэх бүрэн боломжтой юм. Нисванист муу сэтгэл бол түр зуурын олдмол, харин сэтгэлийн жинхэнэ мөн чанар нь гэгээн гэрэл гэдгийг анхаараарай.”
“Удаан хугацааны турш бодь сэтгэлийг хоосон чанартай хослуулан өдөр бүр бясалгаж ирсэн өөрийн туршлага дээрээ үндэслэн хэлэхэд нисванист муу сэтгэлийг арилгах бүрэн боломжтой гэдэг нь надад улам тодорхой болж байна. Хэдийгээр миний “амирлан оршихуй”-н бясалгалын туршлага төдийлөн гүнзгий биш ч барилдлагын мөрийг олох боломж надад бүрдээд байна.”
“Нисванист муу сэтгэлийг дардаг ерөндөг нь бодь сэтгэл хийгээд хоосон чанарын ойлголт юм. Бид бодь сэтгэл, хоосон чанарыг анхааран авлагаа болгон хөгжүүлж чадваас Бурхан Багшийн нэгэн адил бурханы хутагийг олж чадна. Сэтгэлийн нарийн түвшинд бид бүгдээрээ адилхан бурханлаг чанартай учраас гэгээрлийн зам мөрд шамдая гэсэн баттай, чин сэтгэлийн зорилго, хүсэл эрмэлзлэлийг өөртөө төрүүлээрэй. Ингэж бид гэгээрэлд хүрнэ.”
Дээрхийн Гэгээнтэн,
“Ловон Васубандугийн айлдсанчлан бурханы шашныг эшийн буюу сургаал номлолын, онолын буюу тэрхүү сургаал номлолыг анхааран авлага болгосноор сэтгэлд төрж буй эрдэм хэмээн хоёр ангилдаг. Зөвхөн айлдвар сургаал сонссон төдийгөөр бидний сэтгэлийн гэмүүд арилахгүй. Уншиж сонсоноо бодож бясалган улмаар өөртөө дадуулах нь машид чухал юм шүү. Ийн суралцаж чадваас нисванист муу сэтгэлийн хүч суларч эцэстээ арилах болно.”
Дээрхийн Гэгээнтэн цаашлаад,
“Өнөөдрийн номын айлдвараар Хутагт Нагаржунайн ‘Номын чанарыг магтахуй’ хэмээх номыг тайлбарлана. Эхний шүлгэнд ‘Амьтан бүгдэд байх номын мөн чанарт мөргөмүй, үүнийг үл мэдвээс гурван ертөнцөд эргэлдэнэ’ гэжээ. Нарийн түвшинд бурханы таалал ба бидний сэтгэлийн жинхэнэ мөн чанар адилхан юм. Тиймээс эхлээд номын мөн чанарт мөргөж буй. Үүнийг үл ухаарваас ертөнцийн элдэв зовлонг амссаар байх болно гэж айлджээ.”
“Бид юмсыг өөрийн мөн чанараараа бие даан бүтсэн гэж үздэг эндүүрлийн улмаас мунхагт автдаг. Үүний оронд юмс өөрийн мөн чанараараа бүтээгүй, хоосон чанартай, зөвхөн нэр томьёоны төдийд оршдог болохыг ахин дахин санан баттай ойлголт төрүүлээрэй. Сэтгэлийн гэгээн гэрэл нисванисын хийгээд мунхагийн түйтгэрээр хучигдсан цагт бид зовлонг мэдэрнэ. Харин энэ хоёр түйтгэрийг гүйцэд арилгаснаар бид орчлонгоос чөлөөлөгдөн төгс гэгээрэлд хүрнэ.”
Дээрхийн Гэгээнтэн 19-р шүлэгт гарч буй нисванисын таван түйтгэрийн нэг болох ‘хүсэл шунал’-ыг тайлбарлав.
Цаашлаад нисванист муу сэтгэл бол түр зуурын олдмол учраас ерөндөгийн хүчээр дарах боломжтойг дахин айлдаад амьтан бүгдэд бурханы хутагийг олох чадамж буйд талархан дээдийн номонд шамдахыг санууллаа.
“Хэдийгээр хүсэл шунал, уур хилэн хүчтэй илэрдэг ч тэднийг арилгах бүрэн боломжтой юм шүү. Та бүхэн үүнд итгэл төгс байгаарай.”
“Өнөөдөр та бүхэн ариун дагшин энэ газарт цугларан ‘Номын чанарыг магтахуй’ номын тайлбарыг сонслоо. Би өдөр болгон орчлон хэдий хүртэл оршино төдий хүртэл би амьтны тусыг бүтээе гэсэн сэдлээр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгадаг. Номын нөхөд та бүхнийг ч мөн аль чадахын хирээр ингэж хичээхийг би уриалж байна.”
Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал өргөн Дээрхийн Гэгээнтний туурвисан ‘Үнэний хүч’ ерөөлийг уншив.