Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калачакра номын айлдварын талбайн зүг морилох үеэр сүсэгтэн олны төлөөлөл замын хоёр талаар эгнэн зогсоод Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж байлаа.
Тэрээр машид баясгалантайгаар мишээн номын айлдварын талбайд морилон ирэв. Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэн тайзны захад цугласан олны зүг мэндчилээд улмаар тайзан дээр залран буй дээд лам хуврагуудтай мэндлээд суудалдаа заларсан юм.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийндээ залармагц Бодьгаяа дах Рүүт институтын сурагчид хоёр багшийн хамтаар “Билгүүний зүрхэн” судрыг санскрит хэлээр уншиж цугласан олныг баясгалаа. Дараа нь “Билгүүний зүрхэн” судрыг төвөд хэлээр уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Өнөөдөр Бурхан Багшийн гэгээрсэн ариун дагшин Доржданд дэлхийн олон орны хүмүүс нэгэн дор цуглан ном буян үйлдэх боломж бүрдээд байна.” хэмээн энэ удаагийн номын айлдвараа эхэллээ.
“Хамаг амьтан зовлонг хүсдэггүй, амар амгаланг хүсдэгээрээ адил билээ. Хүн төрөлхтөн бидний хувьд зовлонгоос гэтэлж амар амгаланд хүрэх боломж бий. Гэвч аливаа юмс бүгдэд өнгөц хандсаны улмаас бид эцэстээ өөрөө өөрсдийгөө зовлонд унагадаг. Богино хугацааны, түр зуурын таашаалд шунаснаасаа болж бид алддаг.”
“Бид бусад амьтдаас ялгарах саруул ухаантай ч өөрсөддөө төдийгүй бусдад зовлонг таридаг. Бидний үеийнхэн Дэлхийн I, II дайны хор уршигийн гэрч болцгоосон билээ. Гэсэн атлаа Дэлхийн III дайнд бэлтгэж буй мэт нөхцөл байдал үүсээд байна. Хоморголон устгах зорилгоор өндөр хүчин чадалтай зэр зэвсэг үйлдвэрлэхэд эрч хүч, нөөц боломжоо шавхаж байгаа нь харамсалтай.”
“Гэм нүгэл, буруу үйлдлээ ойлгож ухааран түүнийг зогсоож, оронд нь сэтгэлийн амар амгаланг авчрах үйлд шамдах нь чухал юм. Бид дайн тулаанаас урьдчилан сэргийлэн, зэр зэвсгээс татгалзах ёстой. ‘Бид’ ба ‘тэд’ гэж хуваагдан талцахыг зогсоож энх тайван, эв нэгдлийг эрхэмлэн хичээх цаг ирээд байна.”
“Амар амгалангийн жинхэнэ үндэс бол бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл юм. Бид энд ч, тэнд ч уур хилэн, үзэн ядалтанд автаад байвал дэлхий дээр энх тайван, амар амгалан бий болохгүй. Харин бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлвээс бидэнд сайхан ирээдүй цогцлон бий болно.”
“Эхээс мэндлэхдээ хэн ч гартаа буу зэвсэг барьж төрдөггүй, харин эхийн асрал хайраар тэтгэдсээр өсч бойждог. Бид энэ чадвараа өсөж том болсон хойноо ч алдахгүй хадгалж чадваас ихэд тустай юм.”
“Маш олон хүмүүс нэг нэгнийгээ хөнөөхөөр завдаж буйг харах үнэхээр харамсалтай, гунигтай байна. Үүний оронд нэг нэгнээ энэрэн хайрлахын төлөө хичээвээс үр дүн нь ямар сайхан байх билээ. Амьтан бүхэн зовлонг хүсдэггүй, амар амгаланг хүсдэг учраас ‘каруна’ буюу энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлхийн тулд хичээх ёстой юм шүү. Ингэж л дэлхий дээр энх тайван бий болно. Бидний сэтгэл зүрх энэрэл хайраар дүүрэн байваас хэнтэй ч эвтэй байж чадна. Дэлхий дээр энх тайван амар амгаланг бий болгох нь бидний үүрэг хариуцлага гэдгийг ухааран, дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгохын тулд бид аль чадахын хэрээр хичээх нь чухал билээ.”
Дэлхийн бусад шашнууд бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийг нэгэн дуугаар номлодог. Энэрэнгүй сайхан сэтгэл л хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бий болгож чадна. Бид хамаг амьтан амгаланг олох болтугай, зовлонгоос ангид байх болтугай хэмээн залбирдаг. Гэвч дан ганц залбирал ерөөл хангалттай биш ээ. Бид үүнийг бодитойгоор анхаарч нэг нэгэндээ туслах нь машид чухал юм.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн:
“Өмнөх өдрийн номын айлдвараар хоосон чанарын үзэл онолыг голлон тайлбарласан билээ. Үүнийг сайтар бодож бясалгаваас биднийг өөр хоорондоо талцаж хуваагдахад хүргэдэг шунал, уур хилэн, атаа хорслийг дарж чадна. Бидний дотоод сэтгэл энэрэл хайраар дүүрэн байх тусам бид илүү аз жаргалтай, амар амгалан байх болно. Үхэл ирэхэд ч тайван амгалан нойрсож чадах юм.”
“Ингээд бид өнөөдөр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгана. Энд цугласан олны ихэнх нь бурханы хутагийг олохыг зорьж буй бурханы шашинтан юм. Аврал одуулах уншлагийн эхний мөрөнд гардаг бурхан буюу “санжай” гэдгийн эхний ‘сан’ нь төвөдөөр нисванист муу сэтгэл, гэм алдаа бүхнийг ариусгасан, харин нь эрдэм бүгдийг төгс эрхшээсэн гэсэн утгатай юм. Тиймээс бидний хамгийн гол зорилго бол өөрийн төдийгүй хамаг амьтаны тусын тулд нисванист муу сэтгэлийг дарж эрдэмд суралцаж анхааран авлагаа болгох юм. Хэдий чинээ хамаг амьтны тус амгалангийн тулд хичээнэ тэр хэмжээгээр эрдэм, сайн дадлууд бидний сэтгэлд аажмаар аяндаа сууна.
“Огторгуй мэт хязгааргүй хамаг амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэж амар амгаланд хөтлөе гэсэн энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлээрэй. Энэ нь харьцангуй бодь сэтгэлийг төрүүлэхэд тустай юм. Одоо та бүгдийн бясалгасан бодь сэтгэл зүрх сэтгэлд тань саран дэвсгэр болж байна гэж бодоорой.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Юмс үзэгдэл өөрөөрөө бие даан бүтсэн мэт үзэгдэж буй ч шүтэн барилдаж бий болсон учраас зөвхөн нэр томьёололын төдийд л оршиж байна. Өөрийн зүгээс бие дааж бүтсэн зүйл гэж нэгээхэн ч үгүй юм. Бидний бодож залбирдаг Бурхан Багш ч нэр томьёоны төдийд оршин буй гэдгийг ойлгоорой.”
“Юмс үзэгдэл өөийн бие даан бүтээгүй хоосон чанартайг бодож бясалгаад хамаг амьтдыг энэрч хайрласан үнэмлэхүй бодь сэтгэлийн саран дэвсгэр дээр гэрлийн мөн чанартай, цагаан өнгийн таван үзүүрт очир болж хувирлаа хэмээн бясалгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн бодь сэтгэлийн увидасыг хүртээж дүүрсэн гэдгээ айлдаад бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгах нь машид чухал болохыг дахин захисан юм.
“Бодь сэтгэлийг хоосон чанартай хослуулан олон жилийн турш бясалгаж ирснээр миний сэтгэлд эерэг өөрчлөлтүүд гарсан. Та бүхэн ч мөн үүнийг анхааран авлагаа болгон сайтар дадуулваас энэ насандаа амар амгалан байгаад зогсохгүй гэгээрлийн зам мөрөөр замнах бүрэн боломжтой билээ.”
“Би өглөө бүр сэрсэн даруйдаа бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгадаг учраас миний сэтгэл тайван амгалан байдаг. Та бүхэн ч мөн үүнийг анхааран авлагаа болгоорой. Өнөөдрийн айлдвараа энэ хүрээд өндөрлөе.”