Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө нар дөнгөж мандахтай зэрэгцэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөнөөсөө заларч Зүглаг Хан дуганд морилон ирэв. Урдын нэгэн адил Дээрхийн Гэгээнтэн баруун зүүн тийш харан цугласан олны зүг инээмсэглэн мэндчилж байлаа. Мөн энэ зуураа хүүхдүүдтэй цөөн үг солилцохоор олны өмнө түр зогсож байв.
Зүглаг Хан дуганд морилсон даруйдаа Дээрхийн Гэгээнтэн өчигдррийн нэгэн адил хот мандлыг чиглэн суудалдаа залраад Дэмчог ядамын авшиг хүртээх бэлтгэл бүтээлийг үйлдэж эхлэв. Номын уншлага унших зуураа Дээрхийн Гэгээнтэн хийдийн хананд өндөрт залсан бурхадын зүг харж хүндлэл үзүүлж байлаа.
Энэ зуур лам хуврагууд болон цугласан олон 21 Дарь Эхийн магтаал, зүрхэн тарнийг урин уншив.
Дээрхийн Гэгээнтэн бэлтгэл бүтээлээ дүүргээд сэнтийдээ залрав. Үүний дараа лам хуврагууд ‘Билгүүний зүрхэн судар’-ыг уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн:
“Билгүүний зүрхэн” судар бол маш гүн гүнзгий утгатай ном шүү. Тус эрдэм ч ихтэй, энэ номыг уншиж байх үедээ анхааралтайгаар бодож үзвэл Бурхан Багшийн агуу сургаалын тухай, хоосон чанар, улмаар хэрхэн яаж гэгээрэлд хүрэх зам мөрийг маш товчоор хураангуйлж тайлбарласныг ойлгох болно.”
Дээрхийн Гэгээнтэн авшиг хүртээх номын айлдварт гарч болох саад зэтгэрийг арилгах үүднээс зэтгэрийн балинг гаргах зуураа “Өчигдрийн номын айлдварт гарсанчлан үнэндээ ‘тэр байна’ гээд заах гадаад саад зэтгэр гэж байхгүй. Гол зүйл бол бидний дотоод сэтгэлд байгаа өөрийгөө энхрийлэх, юмс үзэгдлийг өөрийн мөн чанараар бүтсэн гэх мунхаг юм. Эдгээр бүгд бидний сөрөг сэтгэл хөдлөлөөр илэрдэг.” хэмээн тайлбарлалаа.
“Юмс өөрийн мөн чанараар бүтээгүй, баттай бус, зөвхөн нэр томьёоны төдий оршдог гэдгийг таньсан цагт бид орчлонгийн хүлээснээс гэтэлнэ.”
“Би өөрийгөө хоосон чанарыг оносон гэж хэлж чадахгүй ч юмс үзэгдэл нэр томьёоны төдийд оршдог, өөрийн мөн чанараар бүтээгүй гэдэг нь надад тодорхой харагддаг. Энэ хоосон чанарын үзэл онол дээр бид хамаг амьтан бүхнийг зовлонгоос гэтэлгэе гэсэн бодь сэтгэлийг нэмж хослуулан бясалгах хэрэгтэй. Бусдыг үргэлж өөрөөсөө илүүд дээгүүр тавьдаг байх нь асар уужим сэтгэл бөгөөд зөвхөн өөрийгөө бодож амин хувиа хичээх нь эсрэгээрээ машид явцуу байх болно.”
"Багшийг тахихуй”-д энэ талаар тодорхой айлддаг.
Үнэндээ өөрийгөө энхрийлэх архаг өвчин энэ нь
Үл хүсэх зовлон үүсэхийн шалтгаан мөн хэмээгээд
Өрвөлзөн хариу нэхэхийг өслөн бариад
Өнөд “би”-г баримтлах их адыг дарахуй дор адисла
Эх болсон амьтдыг энхрийлж, амгаланд хүргэх сэтгэлийг
Эх хязгааргүй эрдэм гарахуйн үүд гэж үзээд
Эх болсон хамаг амьтад миний дайсанд боссон ч
Эх тэднийг аминаас ч илүү энхрийлэхүй дор адисла
Өөрийгөө энхрийлэх нь доройтол бүгдийн үүд
Эх бүгдийг энхрийлэх нь эрдэм бүхний суурь
Үнэхээр иймийн тул өөрийг бусдаар солихуйн егүзэр дор
Үргэлж анхааран авлагыг шим болгохуй дор адисла
“Хэрэв бусдыг энэрч хайрлаваас гадна талд биднийг хорлох дайсан огтоос байхгүй болно.”
“Бүх шашны уламжлалууд бусдын тусыг хичээдэг ч зөвхөн бурханы шашин л зовлонгийн шалтгааныг нарийн зааж сургадагаараа үнэхээр гүнзгий юм.”
“Би нэг удаа зүүдэндээ машид нандин Жанрайсиг бурхан залаастай байдаг Лхасын Зуугийн сүмд очиж байна гэж зүүдэлсэн юм. Тэр үед Жанрайсиг бурхан мэлмийгээрээ дохиж намайг өөр лүүгээ дуудав. Ойртон очтол Жанрайсиг бурхан намайг тэврээд ‘Хичээхийн дээдээр хичээхтүн, бүү шантар’ хэмээн айлдсан юм.”
“Бидний дотоод сэтгэл амар амгалан байваас эл амар амгалан бусдад ч нөлөөлнө. Ийм замаар бид дэлхийн амар амгаланг бий болгож чадна.”
“Өнөөдөр би Нагбува уламжлалын Дэмчог ядамын авшигийг хүртээнэ. Бид юуг анхааран авлага болгох ёстой вэ гэвэл өөрийгөө энхрийлдэг амин хувиа хичээх ба юмс өөрийн мөн чанараар бүтсэн гэх буруу үзлээсээ салахын тулд өдөр, шөнийн алинд ч алгасаралгүйгээр хичээх явдал юм. Үүнийг би бясалгаж, өөрийн үндсэн анхааран авлага болгон хичээсээр ирсэн билээ. Та бүгд үүнийг анхааран авлагаа болговоос Далай Ламын шавь болно шүү.”
Дээрхийн Гэгээнтэн Дэмчог ядамын гурван уламжлал байдаг талаар айлдав. Лүебагийн уламжлалыг Жүдод, Жүдмад дацангуудад анхааран авч бясалгаж байна. Үүнээс гадна Гантападагийн уламжлал бий. Гуравдугаарх нь Кришначарягийн уламжлал юм. Дээрхийн Гэгээнтэн багадаа Датаг ринбочэгээс энэхүү уламжлалын ван авшигийг хүртсэн гэдгээ дахин тодотгов.
Дээрхийн Гэгээнтэн авшиг айлдаж эхлэхийн өмнө шавь нарт дээд өмсгөл, оройн үснэр, нүд халхлах улаан даавуу болон цэцгийн эрхэс тэргүүтнийг Гандан Ширээт Лам болон бусад гол лам нарт тараалаа.
‘Шавь нар өөрсдийгөө хөх өнгийн Дэмчог ядам болгон бясалгаарай. Хэрэв цагаан, улаан, хар гурван үзэгдлийг дэс дараалан шингээн зөв бясалгаж чадваас бие болон сэтгэлийн ердийн төлөвүүд хураагдаж гэгээн гэрэл аяндаа ил гарах болно.”
Дээрхийн Гэгээнтэн бодьсадвын санваарыг дахин хүртээгээд бүхэн егүзэр бодь сэтгэлийг хэрхэн бясалгахыг тайлбарлалаа.
“Бодь сэтгэлийг өөрсдийн зүрхэндээ саран дэвсгэрт хувирган бясалгаад түүний дээр хоосон чанарыг босоо очир болгон бясалгаарай.”
“Шавь нар хот мандлын хөшгийг нээн хот мандалд орлоо гэж бодоорой. Багш би шавь та нарт нууц тарнийн санваар хүртээсний дараа шавь нарын эглийн бие хоосон чанарын агаарт уусч тэндээс хамт төрсөн угийн гэгээн гэрэл ба түүний уналга хий хоёул ядам болон хувирлаа хэмээн бясалгаарай.”
Цаашлаад шавь нарт хандан ‘Нууц тарнийн санваарыг хүртэж түүнийг ёсчилон сахих нь Их бүтээлчийн зам мөрийг дагах гол үндэс юм шүү’ хэмээн айлдав. Шавь нар нууц тарнийн бясалгал бүтээлийг олонд зарлаж болохгүй, нууцаар үйлдэх ёстойг мөн сануулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн эхлээд бумбын авшигыг хүртээв. Бумбын авшиг нь үүсгэлийн зэргэмжийг бясалгах эрх өгдөг. Дараа нь төгсгөлийг зэргэмжийг бясалгах эрхийг өгдөг нууцын, билиг билгүүн болон үгийн авшигуудыг хүртээв. Бумбын авшиг нь биеийг, нууцын авшиг нь хэлийг, билиг билгүүний авшиг нь сэтгэлийг ариусгах бөгөөд дөрөв дэх буюу үгийн авшиг нь бие, хэл, сэтгэлийг нэгэн зэрэг ариусгадаг талаар Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.
Авшиг хүртээх номын айлдвар өндөрлөж Дээрхийн Гэгээнтэн төгсгөлийн бүтээлийг үйлдэж эхэлсэнтэй зэрэгцэн лам хуврагууд болон сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтний өлмийг бататгах ерөөл уншиж өргөлийн эд тэргүүтнийг барьсан Монголчууд цуван зогсов.
Дээрхийн Гэгээнтэн хийдээс өргөөнийхөө зүг морилох зуур замын хоёр талын сүсэгтэн олон түүний анхаарлыг татахыг хичээцгээж байв. Зарим нь даллаж, зарим нь талархалаа илэрхийлж, зарим нь итгэл найдвар дүүрэн харцаар чимээгүйхэн харан инээмсэглэж байлаа.