Энэтхэг, Ладак, Лех- Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвөдийн хүүхдийн тосгон Чогламсарын зүг залрах үеэр сүсэгтэн олны төлөөлөл зам дагуу эгнэн зогсоод Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж байлаа. Цувааны эхэнд хүүхдүүд, цаашлаад Төвөдийн уламжлалт хувцсаар гоёсон уран сайханчид зогсон дуу бүжгийн өргөл өргөж байв. Шивацал талбайн тайзны ойролцоо сарлаг, арслангийн хувцас асаасан бүжигчид мөн дуу бүжгийн өргөл өргөн Дээрхийн Гэгээнтнийг хүндэтгэлтэйгээр угтлаа.
Дээрхийн Гэгээнтэн дагалдан яваа Лех мужийн ерөнхий захирагч Сантош Сукадева, Ладакын өөртөө засах мужийн хөгжлийн консул Таши Гялцен, Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны тэргүүлэгч Түвдэн Цэван, Церин Вандус нар болон Төвөдийн төв засгийн газрын төлөөлөгч Дондуп Таши нарын хамтаар тайзан дээр заларлаа.
Сургуулийн биеийн тамирын талбайд 5000 орчим сүсэгтэн олон цугласан байв. Төвөд болон Энэтхэгийн төрийн дуулал эгшиглэхэд цугласан олон босч хүндэтгэл үзүүлсэн юм.
Төвөдийн төв засгийн газрын төлөөлөгч Дондуп Таши Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг уриад морилон ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Одоогоор Лек хотод 5200, Чан Тан бүсэд нийт 2000 орчим нүүдэлчин төвөдүүд байгааг Дондуп Таши дурьдав.
Цаашлаад тэрбээр Энэтхэгийн засгийн газар болон тус мужийн Өөртөө засах нийгэмлэгийн тэргүүлэгчдэд цагаачлан амьдарч буй төвөдүүдийг дэмжин тусалсаар ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Төвөдийн төв засгийн газрын тэргүүн Пенпа Церинд Ладакт цагаачлан амьдарч буй төвөдүүдэд зөвлөгөө өгч чиглүүлсээр ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Эцэст нь, Дондуп Таши Дээрхийн Гэгээнтэнд дэлгэрэнгүй ажлын тайлангаа өргөн барьсан тухайгаа мэдэгдээд Дээрхийн Гэгээнтнийг өнө удаан залрахыг хүсэмжилэн соёрхол талбилаа.
Зохион байгуулагчдын зүгээс Дээрхийн Гэгээнтэнд дуу бүжгийн өргөл өргөх тухай зарлалаа. Эхлээд хүүхдүүд, дараа нь багш нар дуу бүжгийн өргөл өргөсөн юм. Үүний дараа Лек болон Чан Тан нутгийн 113 сүсэгтний төлөөлөл эрч хүчтэй, хурдан хэмнэлтэй орчин үеийн хэд хэдэн дууны аялгуунд бүжиглэн Дээрхийн Гэгээнтэнд дуу бүжгийн өргөл өргөв.
Цаашлаад Лек болон Чан Тан нутгийн өөр нэгэн сүсэгтэн олны төлөөлөл бэлэг дэмбэрэл, өсөн дээшлэхийг билэгддэг Төвөдийн Аари мужийн уламжлалт дууг дуулж хуурдан Дээрхийн Гэгээнтэнд дуу бүжгийн өргөл өргөв. Бүжигчид дуулахын хамтаар дууны хэмнэлд тааруулан хөлөө дэвсэн чадварлагаар бүжиглэж байлаа.
Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд хандан айлдвар сургаалаа хайрлахыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн,
“Номын ахан дүүс минь, өнөөдөр та бүхэн өөртөө итгэлтэй, цог золбоотой, гэгээлэгээр дуулж бүжиглэлээ. Хамгийн чухал нь та бүхэн бат итгэл, чин сүсэгтэй байна. Та бүхэнд баярлалаа.”
“Төвөдүүд бол Их нигүүлсэлийн гуу сан Жанрайсаг бурхантай онцгой барилдлагатай ард түмэн юм. Соронзон Гомбо хааны үеэс бид өөрсдийн бичиг үсэгтэй болсон билээ. Ингээд Тэсрэн Дэзан хааны үед Наландагийн их багш, оройн дээд мэргэн Шантаракшитаг Төвөдөд урин залсан түүхтэй. Шантаракшита бээр ‘Өөрсдийн бичиг үсэгтэй учраас та бүхэн Бурхан Багшийн айлдвар сургаалыг санскрит, пали хэлнээс төвөд хэл рүү орчуулах нь зүйтэй’ хэмээн зөвлөсөн гэдэг.
“Бурхан Багш болон дараа дараагийн дээдэс мэргэдийн айлдвар сургаалын орчуулга одоогоор 300 гаруй боть ном болсон байна. Дээдийн номыг бид эдгээр эх сурвалжаас судалж суралцаж байна. Төвөдийн мэргэдүүд өөрсдийн тайлбар бүтээлээ туурвихдаа Ганжуур, Данжуурын эх хувьтай тулган үздэг уламжлалтай.”
“Зөвхөн Төвөдийн Бурханы шашны уламжлал л Бурхан багшийн айлдвар сургаалыг учир шалтгаан, логикын үүднээс тайлбарладаг. Бид сонсох сурах, бодож бясалгахыг анхааран авлагаа болгон мянга гаруй жилийн турш бурханы номонд суралцсаар ирлээ.”
“Бурхан Багшийн айлдвар сургаал, билиг билгүүний аль алиныг нь бид өвлөн авч сайтар хадгалсаар ирсэн билээ. Учир шалтгаан, логикт суурилсан сургааль номонд үндэслэн Чапа Чоки Сэнгэ бээр Төвөдийн дагсал хаялцах аргачлал системийг анх боловсруулсан түүхтэй. Алтыг үрж хайлуулж шинжлэн шижир эсэхийг нь шалгадагтай адил бид номын утгыг учир шалтгааны үүднээс ингэж шинжлэн шалгадаг.”
“Төвөдийн уламжлал нь номонд бичигдсэн айлдвар сургаалыг учир шалтгааны үүднээс нягтлан шалгах зарчим юм. Дагсал хаялцах үеэр өрсөлдөгч тал өөрийн гаргасан үндэслэлээ батлахын тулд судар номноос эш татдаг. Хариулагч тал өрсөлдөгч талын үндэслэлийг сонсох зуураа малгайгаа авдаг уламжлалтай. Хэрэв өрсөлдөгчийн үндэслэл, холбогдох эш тайлбар хангалттай биш байвал хариулагч тал малгайгаа өмсөн эш тайлбар үнэн бус, учир шалтгааны үүднээс нотлогдохгүй байгааг мэдэгдээд няцаана.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн,
“Төвөдийн уламжлалын юмсыг учир шалтгааны үүднээс шинжлэн нягталдаг тал нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг ихээхэн татаж байна. Буддын сэтгэл судлалын талаар сонирхон судалж буй эрдэмтдийн тоо улам нэмэгдсээр байна. Дээр айлдсанчилан Төвөдийн бурханы шашны уламжлал бол Бурхан Багшийн айлдвар сургаалыг учир шалтгааны үүднээс нягтлан шинжилж үзсэний дараа анхааран авлагаа болгодог. Тухайлбал, юмс бидэнд тодорхой хэлбэрээр үзэгдэж харагддаг ч сайтар ажиглан шинжилвээс юмсын жинхэнэ мөн чанар харагдаж буй шигээ биш юм.”
“Өнөөдөр маш олон хүмүүс зөвхөн материаллаг хөгжил төдийгээр сэтгэлийн амгаланг олохгүй юм байна гэдгийг ойлгоод байна. Эдгээр хүмүүсийн сонирхолыг сэтгэлийн янз бүрийн түвшнийг тайлбарладаг Төвөдийн бурханы шашны уламжлалын онцлог тал зүй ёсоор татаж байна. Сэтгэлийн түвшинд сэрүүн үеийн ухамсарт мэдэмсэр, нойр, гүн нойр болон зүүдний төлөв зэрэг багтдаг. Нууц тарнийн ёсны айлдвар сургаалд үндэслэн төвөдүүд үхэх үед сэтгэл хэрхэн үе шаттайгаар хураагддаг, гэгээн гэрэл ямар замаар ил гардаг зэргийг таниж мэдсэн байдаг.”
“Клиник үхлийн дараа бясалгалын төлөв ‘түгдам’-д суудаг бясалгаачид бий. Эрдэмтэд энэ төлвийг ажиглаж үзээд одоо илүү нарийн түвшний үйл явцыг нь судалж байна.
“Бид мянга гаруй жилийн турш Бурханы шашны уламжлалаа хадгалж өвлүүлж ирсэн ч зөвхөн өөрсдийнхөө төлөө ингээгүй юм. Эл хиргүй ариун уламжлалаа бид бусадтай хуваалцаж байгаадаа баяртай байна.”
“Дэлхийн нэг, хоёрдугаар дайны асар их түрэмгийлэлийн дараа энх тайвны тухай их ярих болсон. Гэвч энх тайван бол засгийн газрын зарлиг шийдвэр, улс төрийн удирдагчдын амлалт, хэлсэн үгнээс ирэхгүй. Дэлхийн энх тайвны үндэс суурь бол сэтгэлийн амар амгалан юм. Тийм ч учраас урьд өмнө нь бурханы шашин дэлгэрээгүй байсан улс орны хүмүүс одоо бурханы шашныг илүү ихээр сонирхон судалж байна. Бурханы шашин дэлгэрсэн ч хэсэг хугацаанд доройтсон улс орнуудын хувьд ч мөн адил ийм байдал ажиглагдаж байна. Богд Зонхов бээр ‘Их бодь мөрийн зэрэг’-ийн төгсгөлд энэ тухайд ийн ерөөл өргөсөн байдаг.
Бурханы шашин дэлгэрээгүй газар орон хийгээд
Дэлгэрсэн ч доройтсон газар оронд
Амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сэтгэлээр
Хамаг амьтны тус амгалангийн тулд
Хиргүй ариунаар тайлбарлан дэлгэрүүлэх болтугай би
“Бурхан Багшийн шавь, лам хүний хувьд би бурханы шашныг багахан ч болов сонирхож буй хэн бүхэнд тайлбарлан заахыг хичээдэг. Гэхдээ энэ нь шашны номлол гэхээсээ илүүтэйгээр мэдлэг солилцож буй хэлбэр юм. Төвөдөд дэлгэрсэн бурханы шашны уламжлал нь учир шалтгаан логикыг чухалчилдаг учраас бид өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.”
“Сурч боловсрох нь машид чухал. Урьд цагт сурч боловсрох нь зөвхөн сүм хийдэд түшиглэдэг байсан бол одоо цагт ерөнхий боловсролын систем хөгжиж эгэл хүмүүс, хөгшин залуу хэн ч тэр сурч боловсрох боломжтой болоод байна. Урьд цагт сургуулиудад шашны багш байдаг байсан бол одоо цагт гүн ухааны багш гэж бий. Тэд сэтгэлийн амгаланд хөтөлдөг Бурхан Багшийн айлдвар сургаалыг тайлбарлан зааж байна.”
“Буддын шашин бол сүм хийд байгуулах, маани тарни урин унших төдий биш юм. Хамгийн чухал нь хамаг амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлж бусдын тус амгалангийн тулд аль чадахын хэрээр хичээх явдал юм. Залуучууд та бүхэн үүнд анхаарлаа хандуулаарай. Урьдын дээдэс мэргэдүүд бидэнд эл хиргүй ариун уламжлалыг өвлүүлэн үлдээсэн билээ. Тиймээс бидэнд энэ уламжлалыг хадгалж бусадтай хуваалцах үүрэг хариуцлагыг хүлээх учиртай.”
“Муслим, христ гэх мэт бусад шашны уламжлалыг шүтдэг хүмүүс бий, шашин шүтлэггүй хүмүүс ч бий. Бид бүгдээрээ адилхан амар амгаланг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Тийм учраас би шашин хоорондын эв нэгдлийг сурталчилахыг хичээсээр ирлээ.”
“Буддын гүн ухааныг тодорхой тайлбарладаг учраас Төвөд хэл чухал юм. Мэдээж урьд цагт бидэнд орчин үеийн шинжлэх ухааныг тайлбарлах үг хэллэг байдаггүй байлаа, гэвч энэ талын ойлголтонд суралцахын тулд бид эх хэлээ баяжуулж байна.”
Зохион байгуулах хорооны дарга Сонам Церин Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн талархаж буйгаа илэрхийлээд:
“Дээрхийн Гэгээнтэн та төвөдүүд бидэнд соёл уламжлалаа хадгалахад асар их нинжин сэтгэл гарган тусалсаар ирсэн билээ. Өнөөдөр энд морилон ирсэнд танд чин сэтгэлээсээ талархаж байна.”
Цаашлаад тэрбээр Лех мужийн ерөнхий захирагч, Ладакын өөртөө засах мужийн хөгжлийн консул, Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны тэргүүлэгчид, Төвөдийн төв засгийн газрын төлөөлөгч болон Ладакын Эмэгтэйчүүдийн холбоонд талархалаа илэрхийлэв.
Сонам Церин Дээрхийн Гэгээнтний хүсэл залбирал ерөөл бүхэн нь баттай биелэхийг ерөөгөөд өнө удаан залрахыг хүсэмжилэн соёрхол талбилаа. Цугласан олон алга ташицгаав.
Дээрхийн Гэгээнтэн тайзны захад залран цугласан олны зүг мишээн мэндчилэх үед сурагчид Дээрхийн Гэгээнтнийг магтсан дууг өргөв. Тэд зургаан сая төвөдүүдийн зүрхний ганц эрдэнэ, Цаст Төвөдийн орны наран, саран та хэмээн Дээрхийн Гэгээнтнийг магтан дуун өргөл өргөж байлаа.