Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг хан дуганы өмнөх талбайд морилон гарч ирлээ. Саяхан болсон Шотон дуурийн наадамд оролцсон Төвөдийн хэд хэдэн суурингийн дуурийн 353 жүжигчид түүнтэй уулзахаар дуганы өмнөх талбайд цугларчээ.
Төвөдийн суурин тус бүрийн гоцлол дуучид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг магтан дуулахад бусад гишүүд нэгдэж байлаа. Эхлээд Төвөдийн Бхандра суурингийн дуурийн хамтлагийн төлөөлөгч Дээрхийн Гэгээнтний урт наслахын төлөөх нэг шүлгийн залбирлын эхний хоёр мөрийг дуулав.
Цасан уулсаар хүрээлэгдсэн оронд
Тус, амгалан бүхэн гарахуйн эх
Жанрайсигийн эрхэт Данзанжамц таны
Нас, лагшин зуун зуун галаваар батжих болтугай
Чаунтра сургуулийн жүжигчид мөн өөрсдийн дуугаа дууллаа.
Майнпат суурингийн дуучин Төвөдөд өлзий ерөөлийн залбирал уншиж, дараа нь Биллакупе суурингийн дуучин навч нь хүж болон үнэртдэг арцны модыг дуудаж, аз хийморийн залбирал дууллаа. Дараа нь Мундгод суурингийн дуучин дуулав. Одишагийн хамтлаг ‘Гурван эрдэнийн өргөл’ дууг дуулсан юм.
TСВ-ын хамтлаг “Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урт наслах болтугай...” дууг дуулж, Коллегалын жүжигчид “Та бээр хоосон чанар, энэрэн нигүүлсэхүйн замыг тодруулагч” хэмээн Дээрхийн Гэгээнтний соёрхолыг дуулж мөн Балбын дуурийн дуучид Дээрхийн Гэгээнтэнд зориулж дуугаа дуулав. Дараа нь Калимпонгийн хамтлаг дуулсан юм.
Төгсгөлд нь Төвөдийн дуурийн театрын уран бүтээлчид "Бат итгэл" дуурийн дууг дуулсан юм.
Дуучид дуугаа дуулсаны дараа Дээрхийн Гэгээнтэнд мөргөж, адис хүртлээ.
Дээрхийн Гэгээнтэн цугларсан олонд хандан Лхаст байхад Шотон дуурийн наадам түүний хамгийн дуртай баяруудын нэг байсан гэдгийг дурсан ярьсан юм.
"Би Лхаст байхдаа Шотон баярыг үргэлж сэтгэл догдлон хүлээдэг байсан юм. Наадам дөрвөн өдөр үргэлжилдэг бөгөөд энэ өдрүүдэд би их баяртай байдаг байсан. Дөрвөн өөр хамтлаг үзүүлбэр үзүүлнэ. Гянкарвагийн хамтлаг онцгой сайхан дуулдаг байсныг тод санаж байна. Би дуулж чаддаггүй ч хөгжимд толгой дохин сонсдог байлаа. Тиймээс өнөөдөр өглөө та бүхний дуулахыг сонсоход үнэхээр их таатай байна.”
“Бид цагаачлан ирсэн цагаасаа хойш соёлын өвөө хадгалахын тулд хүчин чармайлт гаргасан билээ. Цагаачлан амьдарч байгаа төвөдүүдэд зарим үед хэцүү байдаг ч ч бид мянга гаруй жил үргэлжилсэн уламжлалаа хадгалсаар ирсэн юм.”
“Би Төвөд дэх төвөдүүдийг урт, удаан хугацаандаа үнэн ялна гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Энэ хооронд эрх чөлөөт орнуудад амьдарч байгаа бид олон талт соёлоо хадгалж, сурталчлахын төлөө чадах бүхнээ хийх болно.”
“Шотоныг энд Дарамсала хотод зохион байгуулсныг мэдээд баяртай байна, та бүхний сэтгэл хөдөлгөм үзүүлбэрт баярлалаа.”
"Би одоо 90 насыг дөхөж байгаа ч намайг 110 наслахыг хүсэн ерөөж байна. Би урт наслана гэдэгтээ итгэлтэй байдаг. Төвөд болон бусад газар дахь Төвөдүүд надад маш их итгэдэг. Би 110 нас хүртлээ амьдрах ёстой гэж бодож байна.”
“Төвөд дэх төвөдүүд, мөн цагаачлан байгаа бид, тэр дундаа Энэтхэгт байгаа төвөдүүд бид нар тулгараад байгаа бэрхшээлээс шантрахгүй байх ёстой. Бид тууштай байх ёстой. Бид Хималайн бүс нутгийн ард түмний дэмжлэгийг хүлээж байна. Би ч бас чадах чинээгээрээ хичээх болно.”
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн Эмэгтэйчүүдийн Холбооны (TWA) уулзалтад оролцсон 175 эмэгтэйд хандан айлдвар айлдахдаа зарим үед эмэгтэйчүүдийг дутуу үнэлдэг гэж санагддаг тухай дурдлаа.
"Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд бол бидний оршин тогтнох үндэс суурь юм. Цагаачлалд амьдарч буй Төвөд эмэгтэйчүүд эхнээсээ хүчтэй байж билээ. Үнэхээр ч бидний хайр энэрэл, энэрэн нигүүлсэхүйн соёлыг хадгалахад эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой үүрэг гүйцэтгэсэн нь маш тодорхой юм.”
“Коммунистууд бидний соёл, уламжлалыг устгах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн. Бид уламжлалаа, тэр дундаа дуурийн урлагаа хадгалсаар ирсэн. Миний хэлсэнчлэн өөрчлөлт Хятадад ирнэ. Бидний эр зориг, шийдэмгий байдал ганхахгүй. Би одоог хүртэл чадах бүхнээ хийсэн, ирэх арван жилд ч хийх болно. Баярлалаа.”
Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүд Дээрхийн Гэгээнтэнтэй хамт зургаа татуулсны дараа дуурийн хамтлаг тус бүр хамтдаа зургаа татуулав.
Дээрхийн Гэгээнтнийг өргөө рүүгээ морилоход жүжигчид Зүглаг хан дуганы талбайд дуулж, бүжиглэн тэдэнтэй хамт үзэгчид баяр хөөртэйгөөр үдлээ.