Сүүлийн үед Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дүрвэгсдийн талаар хэлсэн үгийг гол сэдвээс нь таслан авч мэдээлж байна.
Нидерландын Роттердам хотноо 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр олон нийтэд хийсэн ярианы үед дүрвэгсдийн тухай асуусан асуултад Дээрхийн Гэгээнтний өгсөн хариултыг дор нийтлэв.
Хариулт:
"Дүрвэгсэд олноороо Европт ирж байгаа энэ үед Герман тэргүүтэй Европын орнууд тэдэнд тусалж байгаа нь гайхалтай хэрэг. Дүрвэгсдийн ихэнх нь эх орноо өөрийн гэр орон хэмээн үзсээр байгаа ч, тэнд хүмүүс амь насаа алдаж, доромжлуулж, асар ихээр зовж шаналж байна. Тиймээс тэдэнд зугтахаас өөр арга байгаагүй. Европын орнууд эхний ээлжинд тэдэнд орон байр олгож, ялангуяа хүүхдүүдийн боловсрол, залуучуудын мэргэжил боловсролд шаардлагатай зүйлээр хангах ёстой. Эдгээр арга хэмжээний зорилго нь эцсийн эцэст тэдгээр дүрвэгсэд эх орондоо харьж, өөрийн эх орныг сэргээн босгоход оршино. Миний үзэл бодол анхнаасаа л ийм байсан."
"Жишээ нь, бидний төвөд хүмүүс Энэтхэгт суурьшиж байгаа ч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд ихэнх маань төрөлх Төвөд орон руугаа буцах чин хүсэлтэй байдаг. Улс орон бүр өөрийн хэл соёл, амьдралын хэв маягтай байдаг учраас хүмүүс төрөлх эх орондоо амьдарах нь зохилтой. Би ингэж боддог."
Дээрхийн Гэгээнтний хариултыг дараах линкээр дэлгэрэнгүй сонирхох боломжтой. "эндээс"