Энэтхэг, УП, Матура, - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос гарч, Самиами Каршни Гурушаранандажи Махаражигийн урилгаар Ямуна голын эрэг дээрх Матура хотод айлчилав. Түүнийг Шри Удасин Каршни Ашрамд очиход ашрамын ажилтнууд хүлээж авч, Махараж-жи байрлан буй өрөө хүртэл бараа болон явлаа.
Бага зэрэг амарсныхаа дараа Дээрхийн Гэгээнтэн Кришнагийн гол сүм рүү хүндэтгэл үзүүлэхээр явав. Махараж-жи түүнийг индэр дээр залрах хүртэл дагалдан явсан бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлж хийдийн хуврагууд угаалга үйлдэн Дээрхийн Гэгээнтний хөлийг сүү, тараг, гүргэм, шар тос, зандан модны үнэр шингээсэн үнэрт усаар угаав.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэнд зориулан залбирал уншлага уншиж түүнд тахил өргөсөн ба дөрвөн Ведийн залбирлаас уншлага өргөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн цугларагсдад хандан санскрит хэл дээрх аялгуут уншлагыг сонсоход сэтгэл нь их хөдөлж байгаа тухайгаа хэлэв.
“Би залуу байхдаа санскрит хэлийг Калапа сурах бичгээс сурч байсан боловч энэ нь надад нэлээд хэцүү байсан юм. Энэтхэгийн хамгийн эртний философийн уламжлал болох самхягийн сургууль болон хожим нь жейн ба буддын шашны уламжлалууд санскрит хэлийг ашигладаг байжээ. Буддын шашны сургаалийг пали, санскрит хэлний аль алинаар нь бичсэн байдаг бөгөөд харин Наландагийн их сургуулийн багш нар, тухайлбал Нагаржуна, Асанга, Буддхапалита нар бүгд санскритээр сургаалиа бичжээ. Өнөөгийн эрдэмтэд Нагаржунагийн “Билгүүний Үндэс”, Дармакиртигийн учир шалтгааны ном зохиолууд чанарын маш өндөр түвшинд бичигдсэн тухай надад хэлж байсан юм. Санскрит хэл ба уг хэлний дүрмийн судалгаа нь Төвөдийн таван гол шинжлэх ухааны нэгэнд багтдаг байсан. Тиймээс бид санскрит хэлийг ихээхэн хүндэтгэдэг билээ. Сайхан уншлага уншсан та бүхэнд талархалаа илэрхийлье.”
"Энэтхэгийн эртний уламжлал болох хүч үл хэрэглэх, энэрэнгүй байхыг чухалчилсан ‘ахимса’, 'каруна' уламжлал нь Энэтхэгт төдийгүй дэлхий даяар энэ цаг үед нэн чухал хэвээрээ байна. Учир нь Энэтхэг улс удаан хугацааны турш сүсэг бишрэл, хүлцэл тэвчээртэй байдлын үлгэр жишээ болж ирснээс үүдэлтэй гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд энэ нь дэлхий ертөнцийн өөр нэгэн суралцах хэрэгтэй зүйл юм. Энэтхэгчүүд та бүхэн шинжлэх ухаан, технологи гэх мэт орчин үеийн мэдлэгийг судалж байхдаа ч эрт дээр үеэс энд үүссэн оюун ухаан, сэтгэл хөдлөлтэйгээ хэрхэн ажилладаг талаарх уламжлалт мэдлэгээ хадгалахыг хичээх хэрэгтэй. Энэ нь ямар шашин шүтлэгтэй байгаагаас үл хамааран 7 тэрбум хүн бүхэнд ач тустай билээ.”
Дээрхийн Гэгээнтэн эрдэмтэд энэрэнгүй сэтгэлийг хүний үндсэн шинж чанар гэж үзэж байгааг цохон тэмдэглэв. Гэхдээ боловсролын систем үүнийг хөгжүүлэх, өргөжүүлэхэд илүү их анхаарах ёстой. Тэрбээр хүүхүүдийг цэцэрлэгээс эхлээд их дээд сургууль хүртэл сэтгэл санаагаа эрүүл байлгах, өөрсдийн муу сэтгэлийг хазаарлах, сэтгэлийн амар амгаланг олж авах чадвартай болгон хүмүүжүүлэх нь ямар их ач холбогдолтой болохыг дурдав. Тэрбээр Махараж-жи болон түүний ашрамын гишүүд энэхүү уламжлалыг хадгалахын тулд хүчин чармайлт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Махараж-жи нар ашрамын лам нартай цуг үдийн зоог барилаа. Уламжлалт байдлаар навчин дээр, мөн вааран аяганд бэлтгэсэн хоолны үеэр Ашрамын сурагчид сайхан шүлэг уншлаа.
Үдийн хоолны дараа өрөөндөө буцаж ирээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махараж-житэй маргаашийн хөтөлбөрийнхөө талаар товч ярилцсан бөгөөд хөтөлбөрт өглөө хэсэг хугацаанд хамтдаа бясалгах боломж байгаа гэж найдаж байгаагаа илэрхийлэв.