Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дотнын анд нөхөр Шри Сундэрлал Бахугунаг 94 насандаа таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн тухай ажлын албанаас нь мэдээллээ.
Дээрхийн Гэгээнтэн “Эрхэм нөхрийнхөө гэр бүл хийгээд түүнийг бишрэн хүндэлдэг бүх хүнд эмгэнэл илэрхийлэхийн хамт хойдын буянд нь зориулж залбирал ерөөл өргөе.
Тэрээр байгаль орчныг хамгаалахын төлөө эцэж, цуцахыг үл мэдэн хичээн зүтгэхдээ, “Ахимса” буюу хүч үл хэрэглэх зарчмыг үндсэн үзэл баримтлалаа болгон дагаж мөрддөг байсныг би ихэд бахдан биширдэг байлаа. Уттарханд мужийн Гарвал хотод төрж, өссөн хүний хувиар тэрээр Хималайн бүс нутгийн уул, толгод, гол мөрнийг хамгаалахын чухлыг өөрөө гүнзгий ухамсарлаад зогсохгүй, энэ асуудалд хүмүүсийн анхаарлын хандуулахын төлөө хичээнгүйлэн ажилладаг байлаа.
Нэгэн удаа Бахугуна надад хандан “Та аль чадах хэрээрээ, хүмүүст мод тарьж, арчлахын ач тусыг сайтар хэлж, ойлгуулж өгнө үү” хэмээн хүсэж билээ. Би энэ хүсэлтийг нь хүлээн авч, Ладак, Сикким, Аруначал Прадеш болон бусад нутагт айлчлах болгондоо, байгаль орчныг хайрлан хамгаалах талаар санаа тавьж байхыг олон нийтэд үргэлж сануулдаг болсон юм. Байгаль орчныг хайрлан хамгаалах нь зөвхөн амьдран суугаа нутаг оронд нь төдийгүй нийт бүс нутгийн хэмжээнд чухал болохыг ч бас ямагт нэмж дурддаг болсон билээ.
“Утга учир дүүрэн, сайхан амьдарсны эцэст биднийгээ орхин одсон эрхэм нөхрийн маань тарьсан сайн үйл хэрэг мөнхөд тасрахгүй үргэлжлэх болно. Түүний эхлүүлсэн мод тарих хөдөлгөөнийг дэмжин оролцож, тарьсан моддыг нь арчилж, Эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь энэ эрхэм хүний дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв арга зам болох билээ” хэмээн дурджээ.