Энэтхэг, Бихар, Бодьгаяа - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калачакра талбайд заларсан даруйд лам хуврага болоод сүсэгтэн олны төлөөлөл “Билгүүний зүрхэн” судрыг хятад хэлээр уншив. Цай, гамбир тараагдсаны дараа цугласан олон бие, хэл, сэтгэл хийгээд гурван цагийн буян бүхнээ мандал болгон өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн:
“Өнөөдөр ариун дагшин Доржданд бид олуулаа цуглараад байна. Дарь Эхийн даган соёрхолыг хүртэх хүсэлт тавьсаны дагуу энэ удаагийн даган соёрхолыг та бүхэнд хүртээж байна.”
“Өмнөх өдрүүдийн номын айлдварт гарсанчлан энэ ариун дагшин газарт бид бүгдээрээ өөрийн хийгээд бусдын тусыг хийх хамгийн дээд арга болох бодь сэтгэлийг бодож бясалгах хэрэгтэй. Алс хойчдоо бурханы хутагийг олоход ч бодь сэтгэл хамгийн чухал нь юм. Бодь сэтгэлийг бодож бясалгаснаар бид энэ амьдралаа утга учиртай болгож чадна.”
“Шантаракшита гэгээн Цаст Төвөдийн оронд заларсан тэр цагаас хойш төвөдийн ард түмэн бодь сэтгэлийг бодож бясалгаж ирсэн билээ. Бодь сэтгэлийг бодож бясалгах тусам бидний сэтгэл тайван амгалан, баяр баясгалантай болно, бие махбодь эрүүл оршино, мөн түүнчлэн тайван амгалан унтаж амарна. Өдөр, шөнийн алинд ч сэтгэл амар амгалан байх болно.”
“Өнөөдөр би та бүхэнд 21 Дарь Эхийн даган соёрхолыг хүртээнэ. Ринжун Жарза болон Сүрга Жарза номуудад энэ увидасыг айлдсан байдаг. Би Төвөдөд байхдаа Дадаг ринбочэ багшаасаа 21 Дарь Эхийн болоод бусад олон авшиг, адис жинлавыг хүртсэн. Сүрга Жарза номыг Дадаг ринбочэ багшаасаа хүртсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэвч Энэтхэгт ирсэнийхээ дараа Тижан ринбочэ багшаасаа энэ номын увидасыг хүртсэн юм.”
“Эхлээд би бэлтгэл номын уншлага уншина. Энэ хооронд та бүхэн ‘Дээдийн ном газар бүхэнд дэлгэрэх болтугай, дээдэс багш нар, хуврагын чуулган, шавь сүсэгтэн олон бүгдээрээ урт удаан наслах болтугай’ хэмээн чин сэтгэлийн угаас бодож залбираарай. Та бүгд урт насалж, сэтгэлээ номхоруулан, арвин буяныг хураах хэрэгтэй гэдгийг мөн санаарай. Миний оройд Жанрайсиг бурхан заларч буй. Тиймээс та бүгд төрлөөс төрөлд Жанрайсиг бурхантай үргэлжид холбоотой байх болно.”
Дээрхийн Гэгээнтэн 21 Дарь Эхийн даган соёрхолыг эхлэхийнхээ өмнө өнгөрсөн хоёр өдрийн турш дээдийн номыг товчлон ерөнхийд нь тайлбарласан тухайгаа дурьдав. Мөн түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн Төвөд, Монгол, Хятад болон Гималайн бүсийн ард түмэн эрт дээр үеэсээ олон үе дамжин бурханы шашныг шүтэж судалж ирсэн учраас номын онцгой барилдлагатай юм гэдгийг онцолсон юм.
Дээрхийн Гэгээнтэн:
“Өмнийн огторгуйд Бурхан Багш, түүнийг тойроод шадар найман бодьсадва - Манзушир, Жанрайсиг, Очирваань, Майдар, Китигарба, Акшагарба, Сарваниваранавишкамбини, Самантабадра болон хутагт Нагаржуна, Арьяадева, Асанга, Васубанду, Дигнага, Дармакирти, Гунапраба, Шагжапраба тэргүүтэй Энэтхэгийн их мэргэд бодитойгоор заларсан байна гэж бодоорой.” хэмээв.
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн бодьсадвын санваар хүртэх уншлагыг гурван удаа тэргүүлэн уншив.
Чухаг дээд гуравт аврал одуулья
Нүгэл хилэнцээ наминчилья
Бусдын буянд даган баясья
Бурхан бодьсадва бүгдийг сэтгэлдээ хадгалья
Бодийн хутгийг олох хүртэл
Бурхан, Ном, Хуврагын чуулганд аврал одуулья
Өөрийн болон бусдын тусыг бүтээхийн тулд
Үнэт бодь сэтгэлийг төрүүлье
Бодь сэтгэлийг төрүүлээд
Хамаг амьтан бүгдийг өөрийн хүндэт зочинд урья
Бодьсадвын сэтгэл зохист явдалаар явж амьтаны тусын тулд
Бурханы хутгийг олох болтугай
Үүний дараа Дарь Эх бурханы даган соёрхол хүртээх зан үйл эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн “Би өөрийгөө Дарь Эх бурхан болгож бясалгасан” хэмээн айлдаад 21 Дарь Эх бурханы лагшины өнгө, чимэг, эрдмийг доороос эхлэн цагийн зүүний дагуу нэг бүрчлэн тайлбарлав.
1. Улаан лагшин, нэг нигуур, хоёр мутартай, баруун мутраар дээдийг өгч буй мутарлагтай бөгөөд түүгээр эрхэнд хураах бумба барьсан Түргэн бөгөөд Баатар Дарь Эх заларч байна.
2. Намрын саран мэт цагаан лагшинтай, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд өвчин хийгээд ад донг амирлуулагч цагаан бумба барьсан Их Амирлуулагч Дарь Эх заларч байна.
3. Лагшины өнгө нь шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд нас буян арвидуулагч шар бумба барьсан Алтан өнгөт Дарь Эх заларч байна.
4. Лагшины өнгө нь шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд насыг арвидуулагч шар бумба барьсан Алтан өнгөт Дарь Эх заларч байна.
5. Наран дэвсгэр дээр лагшины өнгө нь улбар шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд сэтгэлийг булаагч бумба барьсан ХУМ-ын Дууг Дуурсгагч Дарь Эх заларч байна.
6. Наран дэвсгэр дээр лагшины өнгө нь хүрэн, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд бүднэрийг согтоогч бумба барьсан Гурван Ертөнцийг Машид Ялагч Дарь Эх заларч байна.
7. Наран дэвсгэр дээр лагшины өнгө нь хар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд арвис тарнийг буцаагч бумба барьсан Бусдын Хүчийг Дарагч Дарь Эх заларч байна.
8. Наран дэвсгэр дээр лагшины өнгө нь улаан хүрэн, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд дайсныг дарагч бумба барьсан Дүдийг Дарагч Дарь Эх заларч байна.
9. Лагшины өнгө нь цагаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд аюулаас аврагч бумба барьсан Чухаг Дээд Гурвыг Бэлэгдэгч Дарь Эх заларч байна.
10. Лагшины өнгө нь улаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд дүдийг дарж, эрхэнд хураагч бумба барьсан Дүдийг Дарагч ба Ертөнцийг Эрхэнд Хураагч Дарь Эхзаларч байна.
11. Лагшины өнгө нь улбар шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд үгээгүйгээс аврагч бумба барьсан Гогдогч ба үгээгүйг дарагч Дарь Эх заларч байна.
12. Лагшины өнгө нь улбар шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд өлзий хутагийг бүрдүүлэгч бумба барьсан Өлзийг Зохиогч Дарь Эх заларч байна.
13. Лагшины өнгө нь улаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд дайсныг дарагч бумба барьсан Гал Бадруулагч Дарь Эх заларч байна.
14. Лагшины өнгө нь хар, ялимгүй хилэнт дүртэй, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд тотгорыг хатгагч бумба барьсан Хилэнт Дарь Эх заларч байна.
15. Лагшины өнгө нь цагаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд хилэнцийг амирлуулагч бумба барьсан Их Амирлуулагч Дарь Эх заларч байна.
16. Лагшины өнгө нь улаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд арвис тарнийг арвидуулагч бумба барьсан ХУМ-аас Гэтлэгч Дарь Эх заларч байна.
17. Лагшины өнгө нь улбар шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд арвис тарнийг дарагч бумба барьсан Ертөнцийг Хөдөлгөгч Дарь Эх заларч байна.
18. Лагшины өнгө нь цагаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд хорын өвчнийг дарагч бумба барьсан Хорын Өвчнийг Амирлуулагч ба Арилгагч Дарь Эх заларч байна.
19. Лагшины өнгө нь цагаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд тэмцэл ба муу зүүдийг амирлуулагч бумба барьсан Тэмцэл ба Муу Зүүдийг Арилгагч Дарь Эх заларч байна.
20. Лагшины өнгө нь улбар шар, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд халдварт хижиг өвчнийг дарагч бумба барьсан Халдварт Хижгийг Дарагч Дарь Эх заларч байна.
21. Лагшины өнгө нь цагаан, нэг нигуур хоёр мутартай, баруун мутар нь дээдийг өгч буй байдалтай бөгөөд элдэв үйлсийг бүтээгч бумба барьсан Үйлс Бүтээгч Дарь Эх заларч байна.
Бүгд нэг нигуур, хоёр мутартай, зүүн мутраар авралыг өгч буй байдалтай бөгөөд удбал цэцэг барьсан, амирлангуй бөгөөд мишээнгүй нигууртай, хив торго, эрднийн олон чимэгтэй, саран ба лянхуан дэвсгэр дээр бодьсадвын байдлаар заларч байна.
Үүний дараа шавь нар Дарь Эх бурханы зарлиг болоод таалалын даган соёрхол хүртлээ. Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал өргөснөөр 21 Дарь Эхийн даган соёрхол хүртээх зан үйл өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтэн Хутагт Нагаржунайн ‘Бодь сэтгэлийн тайлбар’ номын айлдварын 67-р мөрнөөс үргэлжлүүлэн айлдлаа.
“Юмс үзэгдэлийг өөрийн мөн чанараар бодитой бүтсэн гэж үздэг мунхагийг бид арилгах хэрэгтэй. Юмсыг өөрийн мөн чанараар бүтээгүй, хоосон чанартай гэдгийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй цагт гэгээрэлд хүрэх боломжгүй юм.”
“Бид хоосон чанарт суралцан туршлага хуримтлуулснаар хамаг амьтан бүгд үйл хийгээд нисванисын эрхээр зовдог болохыг, энэ үйл ба нисванисын хир буртагийг хоосон чанарыг таньсан билэг оюунаар бүрэн арилгах боломжтой гэдгийг ойлгож мэдэх болно. Ингэснээр нэгэн цагт эх минь болсон амьтан бүгдийг зовлонгоос салгая, амар амгалантай болгоё гэсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар өөрт бий болно. 105-р мөрт айлдсанчлан их хөлгөний зам мөрийн дээд нь бодь сэтгэл учраас бодь сэтгэлийг төрүүлэхээр хичээх нь хамгийн чухал нь юм.”
Дээрхийн Гэгээнтэн ‘Бодь сэтгэлийн тайлбар’ номын эш лүнг уншиж дүүргэлээ.
“Бид бүгд Бурхан Багшийн гэгээрсэн, хожмоо хутагт Нагаржуна тэргүүтэй дээдэс мэргэдүүдийн заларч ирсэн, бясалгал бүтээлээ хийж байсан адис жинлав ихтэй энэ газарт Бурхан Багш ямар айлдвар сургаал айлдаж, шавь нараас юуг хүсч, ерөөж байсан түүний дагуу дээдийн номонд шамдан хичээлээ. Энэ сайн үйлээр хураасан буян бүхнээ хамаг амьтан бүхэн амар амгаланг олох болтугай хэмээн зориулаарай.”
Номны айлдвар Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номын ерөөлөөр өндөрлөв.
Эрдэнэ мэт дээдийн бодь сэтгэл
Эс төрсөн нэгэнд төрөх болтугай.
Төрсөн нэгэнд үл доройтоод
Улам дээшилж аривидах болтугай
Хөлгөний дээд номын арван явдлыг
Ёсчлон үйлдэж, хичээн бүтээх үест
Бодь сэтгэлтэн үргэлжид нөхөр болоод
Өлзий хутагийн далай зүг бүхэнд түгэх болтугай
Тус номын айлдварыг зохион байгуулсан ‘Далай Лам-Итгэл’ сангийн нарийн бичгийн дарга Жампэл Лхүндүб цугласан олны өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд өглөгийн эзэд хийгээд хамтран ажилласан байгууллагуудын нэрсийг дурьдан, санхүүгийн тайланг танилцуулав. Зумчун Таши англиар мөн давтан товчхон танилцуулав.
Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэн тайзны өмнө залран цугласан олны зүг дахин мэндчилээд өөрийн өргөөний зүг мориллоо.