Энэтхэг, ХП, Дарамсала - Цөмийн зэвсэгтэй таван улс цөмийн дайнд ялж болохгүй, хэзээ ч тулалдаж болохгүй хэмээн мэдэгдэл гаргаж саяхан гарын үсэг зурсан хамтарсан амлалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдний үйл ажиллагааг халуун дотноор сайшааж буйгаа мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн “Дэлхий даяар цэрэггүйжүүлэх, бүх цөмийн зэвсгийг устгахын төлөө тэмцэгч байсны хувьд би үүнийг эерэг санаачилга гэдэгт бат итгэж байна."
“Хэдийгээр олон гайхалтай бүтээн байгуулалт өрнөсөн ч XX зуун бол цөмийн зэвсгийн аймшигт хэрэглээг багтаасан хүчирхийллийн эрин үе байлаа. Энэ бол 200 сая орчим хүн амиа алдсан гэгдэж буй цаг үе юм. Энэхүү хамтарсан мэдэгдэл нь бид улам бүр харилцан хамааралтай ертөнцөд амьдарч байгаа бодит байдлыг илэрхийлж, энэ XXI зууныг энх тайван, хамтын ажиллагааны эрин үе болгох боломжийг илэрхийлж байна."
"НҮБ болон түүний гишүүн орнуудыг оролцуулаад бид бүгдээрээ цөмийн зэвсгийн аюулыг арилгах, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахын төлөө бүхнээ зориулах нь чухал юм." гэжээ.
Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтний нэгдмэл байдалд бат итгэж, бүх хүн төрөлхтний сайн сайхан, аюулгүй байдлыг дээд зэргийн чухал зүйл гэж үздэгээ мэдэгдэв. Иймд улс орнуудын хооронд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд харилцан ойлголцол, дипломат харилцааны зарчмаар яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Хүчирхийлэл хэзээ ч урт удаан үргэлжилсэн энх тайван байдалд хүргэдэггүй гэдгийг түүх хангалттай нотлох баримтаар харуулж байна гэж тэрээр тэмдэглэн бичжээ.