Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөө өглөө 56 орны 8500 хүн, тэр дундаа Шейравлин ба Жанго нийгэмлэгийн 700 эрэгтэй, эмэгтэй хуврагууд, энгийн хүмүүс Зүглаг Хан дуганд цугларч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр хөөрөөр дүүрэн инээмсэглэн алхаж явсаар Зүглаг Хан дуганд морилон орж ирэв.
"Өнөөдөр Тай Ситү Ринбочэгийн хүсэлтээр Жанрайсиг Жалважамц/Жинасагара бурханы авшиг хүртээх бэлтгэл зан үйл хийх гэж байна. Жанрайсиг бурханыг дөрвөн дандрын ёс дагуу бясалгаж болох ба Жинасагара нь ханьцашгүй дээд дандрын ёсонд багтдаг.”
Дээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханыг энэрэл нигүүлслийн бурхан хэмээн дурдаж, түүнийг магтах хэд хэдэн шүлэг уншив.
Хри, Бурхан бүгд машид магтсан,
Агуу чанаруудыг өөртөө хуримтлуулсан
Алдар нэр нь Жанрайсиг хэмээгдэгч
Ашид энэрэнгүй нэгэнд би мөргөмүй
Таны 1000 мутар Загарвардын 1000 хааныг,
Таны 1000 мэлмий сайн цагийн 1000 бурханыг бэлгэдэх ба
Өөр өөр шавь нарт өөр өөрийн хувиар үзэгддэг
Тойн Жанрайсигт мөргөмү
“Авшигийн бэлтгэл зан үйл үйлдэхийн өмнө Богд Зонховын “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номыг тайлбарлахыг хүссэний дагуу тайлбарлан номлоно. Үүний эхэнд уламжлал ёсоор “Билгүүний зүрхэн" судар уншина.”
Тай Ситү Ринбочэ мандал өргөөд, лагшин, зарлиг, таалалын шүтээн өргөлөө. Энэ үед Дээрхийн Гэгээнтэн Тай Ситү Ринбүүчэтэй эртнээс хоёргүй сэтгэлээр нөхөрлөж ирсэн гэдгийг дурдлаа.
Богд Зонхов Адиша гэгээний “Бодь мөрийн зул” номд үндэслэсэн гэгээрлийн эрдмийн үе шатуудын тухай “Их, Дунд, Товч Бодь мөрийн зэрэг” туурвисныг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлалаа.
“Бурхан Багшийн сургаал зөвхөн итгэл сүсэг бус, учир шалтгаан дээр суурилдаг. Бурхан Багшийн айлдварыг учир шалтгааны үүднээс нягталж, шалгах хэрэгтэйг Бурхан Багш өөрөө айлдсан билээ. Тиймээс хожим нь хутагт Нагаржуна зэрэг Наландагийн их эрдэмтэд Бурхан Багшийн сургаалыг учир шалтгааны үүднээс судалж, түүнийг юутай ч зүйрлэшгүй гайхамшигт багш болохыг нотлон харуулсан юм.”
“Би учир шалтгааны ухаанд суралцсан, гэлэн сахилтай буддын лам хүн. Субъект ба объектын хоёрдмол бус байдлын талаарх буддын Сэтгэл төдийтний үзэл онолыг орчин үеийн шинжлэх ухаан нягталж шалгах боломжтой болжээ. Шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл буддизмын оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны өргөн хүрээтэй бөгөөд үндэслэлтэй тайлбаруудыг биширдэг. Бид дацан хийдэд хүүхэд байхаасаа л оюун ухаан, ухамсарын талаар суралцдаг уламжлалтай. Бид сэтгэл хөдлөлийн 51 төлөв, тэдгээрийн мөн чанрын талаар суралцдаг. Миний хувьд чойрын ухааны Дүйра, Лориг, Дагриг, мөн Парчин, Ум номуудыг үзэж судалсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн энэ хэсэгт Богд Зонховын Шүтэн барилдахуйн магтаал номноос эш татав.
Эгнэшгүй багш түүнийг даган хувраг болоод
Эрхэм бурханы зарлигийг сайтар судалсан
Ирмүүн ёогийн явдал хичээгч нэгэн гэлэн
Их арш түүнээ ийнхүү биширэв ээ
Анх Энэтхэгт цагаачлан ирэхдээ Төвөдүүд Пандит Неру тэргүүтэй Энэтхэгийн засгийн газраас тусламж хүсч, төвөд хүүхдүүдийг эх хэлээр нь сургах тусгай сургууль байгуулж байсныг тэрээр тэмдэглэв. Дараа нь Төвөдөд сургалт судалгааны төв болж байсан томоохон дацан, хийдүүдийг Өмнөд Энэтхэгт дахин байгуулсан байна.
VII зууны үед Төвөдийн эзэнт гүрний Соронзон Гамбу хаан Хятадтай ойр харилцаатай байсан ч Энэтхэгийн Девангари цагаан толгойг дагаж төвөд бичгийн загварыг зохиосон гэдгийг тайлбарлалаа. Нэг зууны дараа ловон Шантаракшитаг Төвөдөд урихад тэрээр төвөд хэлний чадамжийг хүлээн зөвшөөрч, буддын шашны ном шастрыг төвөд хэл рүү орчуулахыг зөвлөжээ. Үүний үр дүнд Ганжуурын 100 гаруй боть буюу Бурхан Багшийн айлдварууд, Данжуурын 200 гаруй боть буюу дараа үеийн эрдэмтдийн ном зохиолыг нэгтгэн орчуулсан бөгөөд бөгөөд эцэст нь Төвөд эрдэмтэн судлаачид 10,000 гаруй бүтээлийг нэмж бичжээ.
Төвөдийн уламжлал нь өргөн уужим, гүн гүнзгий бөгөөд орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах боломжтой юм.
Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр Даваа гараг тул өнөө өглөө маарамбад биеэ шинжлүүлэхэд ямар нэгэн өвчингүй, эрүүл саруул байгааг хэлсэн байна. Тэрээр энэ тухайгаа өгүүлэхдээ инээмсэглэн “Лхамо Дондүв хүү хурай хурай” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номыг үргэлжлүүлэн тайлбарлах үедээ хутагт Нагаржуна болон Асанга нарт хэрхэн мөргөл үйлдсэн хэсгийг тайлбарласан юм. Тэдгээр эрдэмтдийн ном сургаалыг судлах нь юунаас илүү чухал болохыг онцлов.
Дээрхийн Гэгээнтэн хэрэв тэрээр Төвөдөд байсан бол ертөнцийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, өргөжүүлж чадахгүй байсан гэлээ. Цагаачлах үедээ олон янзын улс үндэстний бүхий л давхаргын хүмүүстэй уулзаж, тэднээс суралцаж, санал бодлоо хуваалцаж ирсэн байна. Түүгээр ч зогсохгүй цахим сүлжээ, гар утас зэрэг технологийн шинэчлэл нь түүнийг хаа сайгүй хүмүүстэй санал бодлоо солилцох боломжийг олгосон гэдгийг онцолсон юм.
Тэрээр Свараг Ашрамд хуучин Сиккимийн вант улсад Энэтхэгийн улс төрийн ажилтан асан Аппа Пантитай уулзах үед түүний хэлсэн үгийг дурсан айлдав. Аппа Панти алсыг харан, "Таны айлдварын гэрэл гэгээ дэлхий даяар тархах энэ л газарт та амьдрах нь юутай сайхан” гэжээ.
“Бодь мөрийн зэргийн хураангуй утга” номонд “Өгөх нь амьтдын итгэл найдварыг гүйцэлдүүлэх эрдэнэ” гэж айлдсан хэсгээс эхлэн уг зохиолд зургаан барамидаг тайлбарласан байна. Үүнд, өгөх, ёс суртахуунтай байх, тэвчээр, тууштай хичээл зүтгэлтэй байх, төвлөрөл ба билиг ухаанд суралцах эдгээр багтана.
Дээрхийн Гэгээнтэн билиг ухаанд суралцах хэсгийг тайлбарлахдаа "Төвд орохуй" номонд хутагт Чандракирти хэрэв юмс бодитой оршин тогтнох аваас дөрвөн логик зөрчилтэй тулгарна гэж айлдсаныг онцлон тайлбарлалаа. Тэрээр өдөр бүр эдгээр дөрвөн логикийг эргэцүүлэн тунгааж, бясалгадаг тухайгаа айлдав.
Дээрхийн Гэгээнтэн “Төвд орохуй” номын зургадугаар бүлгийн төгсгөлийн шүлгийн талаар эргэцүүлэн бодохдоо их хөлгөний үзэхүйн мөрийн эрдмийг олохын төлөө зорьж буйгаа мэдэгдлээ.
Ийнхүү оюуны гэрлээр тодруулснаар
Өөрийн гарт буй жүрүра мэт
Үнэнхүү гурван ертөнцийг угаас төрөх үгүй хэмээгээд
Үнэмлэхүй үнэний хүчээр Хорихуйд одмуй
Өнөд Хорихуйд багтсан санаа төгөлдөр боловч
Итгэл үгүй амьтдад энэрлийг төрүүлмүй
Үүгээр ширвага, брадига сэлтийг
Үлдээлгүй оюунаар дарах ч болмуй
Харьцангуй үнэний уужим цагаан жигүүрээ
Хаан галуу бээр дэлгэн сүргийн өмнө нисч
Буяны салхины хүчээр
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн маргааш хүртээх Жанрайсиг бурханы авшигийн өмнөх бэлтгэл зан үйлээ эхэллээ. Энэ зуур цугласан олон ‘Ум мани бадмэ хум’ тарнийг уншиж байв.
Бэлтгэл зан үйлд бодь сэтгэлийг үүсгэх, рашаан хүртэх, сахиус зүүх ба урт, богино гүш өвс хэрэглэж зүүдээ манах хэсгүүд багтсан байв.
Үйл ажиллагаа өндөрлөх үед Дээрхийн Гэгээнтэн цугларсан хүмүүст хандан, "Бид маргааш дахин уулзана." хэмээгээд өнөөдрийн айлдвараа өндөрлөсөн юм.