Энэтхэг, ХП, Дарамсала - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр өглөө суудалдаа залармагцаа Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номын айлдварыг номлох хүсэлтийг гаргасан Өмнөд Солонгосын лам хуврага, ани нар болон сүсэгтэн олонд хандан тусгайлан мэндчилэв.
“Эрхэм Солонгосын номын нөхөд та бүхэн улс төр, дайн тулаан гэх мэт зөрчилдөөн дунд бурханы шашнаа авч үлдэн, өнө удаан шүтэж ирсэнд баярлалаа гэж хэлье. Хойд Солонгосын цөмийн зэвсэг бол нилээд ноцтой хүнд асуудал юм. Гэсэн хэдий ч Солонгосын хойгт энх тайвныг бий болгохын төлөө бид өөрсдийн үйл хэргээ хийж гүйцэтгэх хэрэгтэй. Өмнөд болон Хойд Солонгосын зөрчилдөөнийг арилгахын тулд та бүгд аль чадахын хэрээр хичээгээрэй.”
“Бурханы шашинд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэж бодож бясалгадаг. Бид үүн дээр суурилан дэлхийн энх тайванг бий болгож чадна. Бурхан Багш дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох сэтгэл судлалын маш нарийн судалгааг гаргаж ирсэн ба сэтгэлийн амар амгаланг уур хилэн, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд алдагдуулдаг болхыг тайлбарласан юм. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг дарах гол ерөндөг бол энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх явдал билээ.”
“Өнөөдөр миний зүгээс бурханы шашны сургааль номлолын талаар багахан тайлбар хийнэ. Үүний дараа бид хамтдаа бясалгана. Эхлээд дүн шинжилгээ хийх бясалгал дараа нь төвлөрөх бясалгалыг хийх болно. Бясалгахдаа бүтэн эсвэл хагас завилгаагаар Бярузана бурханы долоон ёсыг агуулж суух хэрэгтэй. Зүүн гарын алган дээр баруун гарыг тавьж тэгш агуулахуйн мутарлагаар гараа байрлуулна. Мөрөө суллаж, толгойгоо ялимгүй бөхийлгэх хэрэгтэй. Хэлээ тагнайд хүргэж, нүдээ хагас аньсан байдалтай байна.”
“Бүхий л шашны уламжлалууд явдал мөрийн хувьд зөв сайныг номлодог учраас би бүгдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр шашнууд дундаас бурханы шашин болон эртний Энэтхэгт дэлгэрсэн зарим шашинууд гүн бясалгалын аргыг голлодогоороо онцлог юм. Бясалгах үед бидний сэтгэл тайван амгалан болж ирдэг.”
“Эхлээд сэтгэлийг тогтуун тайван болгох хэрэгтэй. Түүний дараа буяны сэтгэл болох бодь сэтгэл хийгээд хоосон чанарын үзэл онолыг бясалгана. Энэтхэгийн зарим нэг шашны уламжлалууд бие даасан ‘би’ гэгчийг байна гэж тодорхойлдог. Харин Бурхан Багш бээр үүнийг үгүйсгэж би үгүйн үзэл онолыг номлосон юм. Бид ‘Би хэмээгч нь хаана байна вэ?’ гэж өөрсдөөсөө асууж үзэх хэрэгтэй. ‘Энэ бие цогцос, сэтгэл оюун хэнийх вэ?’ гэхэд бид ‘Минийх’ гэж хариулна. Гэвч бид ‘би’-г хайгаад үзвэл хаанаас ч олж чадахгүй. Үүнийг сайтар бодож бясалгаарай.”
“Бид зүүдэндээ хүртэл ‘би’ байна гэж зүүдэлдэг. Гэвч тэрхүү ‘би’ хаана байгаа вэ гээд хайгаад үзвэл олж чаддаггүй. Бурханы шашны урсгалууд би үгүйн онолыг бүгд адилхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч бид ‘миний гар’, ‘миний толгой’ гэхчилэн тодорхойлж ярьдаг учраас ‘би’ хэмээгч нь огт байхгүй гэсэн үг биш юм. ‘Би’ нь бодитойгоор байгаа мэт боловч ‘яг хаана байна вэ’ гээд хайгаад үзвэл энэ байна гэж тодорхойлох зүйл байхгүй."
“Би үгүйн үзэл онолыг нарийн түвшинд янз янзаар тайлбарладаг. Бурхан Багш эхлээд ерөнхий түвшинд, дараа нь нарийн түвшинд би үгүйг номлосон юм. Цааш нь нарийн түвшиний би үгүйг улам лавшруулан бясалгаснаар нууц тарнийн номлолын үндэс суурь болох угийн гэгээн гэрлийг олох болно.”
“Биеийн хэсгүүд нэгдэж ‘бие цогцос’ гэсэн ойлголт гарч ирдэгтэй адил ‘би’ хэмээгч нь бие, хэл, сэтгэл гэсэн ойлголтууд дээр суурилан гарч ирдэг. Зарим нэг урсгалын үзэл онолд ухамсарыг ‘би’ гэж тодорхойлж болно гэж үздэг. Гэвч бүгдийн эзэн болсон бие, сэтгэл гэгчийг Бурхан Багшаас ч тэр, хаанаас ч тэр хайгаад олж чадахгүй.”
“Хуврагын чуулган ч мөн адил, өөрийн мөн чанараараа бүтээгүй юм. Гэвч энэ нь огт байхгүй гэсэн үг биш, харин нэр томьёоны төдийд оршиж буй хэрэг юм. Хуврагын чуулганыг ердийн оюунаар харахад байгаа мэт боловч лавшруулан гүнзгийрүүлж үзвэл өөрийн мөн чанараараа оршдоггүйг ойлгоно. Бурхан Багшаас эхлүүлээд өчүүхэн жижиг шавьжид хүртэл ‘би’ гэгч нь байгаа мэт боловч нягталж үзвэл ‘би’-г хайгаад олж чадахгүй гэдгийг бясалгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн Чандракиртигийн ‘Төвд орохуй’-н зургаадугаар бүлгийг өдөр тутам бясалгадаг тухайгаа тодотгов.
Хэрэв юмс үзэгдэл өөрийн мөн чанараас бүтсэн аваас
Түүнийг үгүйсгэснээр юмс үзэгдлийг эвдэхтэй адил,
Хэрэв тийм бол тэгш орших билгүүн үзэгдлийг эвдэх шалтгаан болно
Энэ нь зохисгүй учир аливаа бодит оршихуй гэж үгүй
“Хэрэв юмс үзэгдэл өөрийн мөн чанараар бүтсэн гэж үзвэл хутагтын хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь үзэгдлийг эвдэгч болох юм. Хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь үнэндээ юмсын хэлбэр хийгээд бусад шинж чанарыг шинжилдэггүй. Хэрэв юмсыг өөрийн мөн чанараар бүтсэн, бие даан оршдог гэж үзвэл хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь юмс үзэгдлийн мөн чанарыг зайлшгүй шинжлэх хэрэгтэй болно. Гэвч энэ нь тийм биш юм.”
“Хэрэв хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх юм бол тэдгээр юмс үзэгдэл бүгдээрээ эвдэрч үгүй болно. Юмс үзэгдэлийн оршихуй үгүй болох нь хоосон чанарын тэгш агуулах билгүүнээс өмнө оршиж байсан юмс үзэгдэл түүгээр эвдэрч үгүй болсон мэт болно. Нэг ёсондоо хоосон чанарын тэгш агуулах билгүүн нь юмс үзэгдлийг эвдэх шалтгаан болно гэсэн үг. Алх шаазан ваарыг хагалах шалтгаан болдогтой нэгэн адил хоосон чанар нь юмсын уг мөн чанарыг эвдэж, оршихуйг үгүйсгэх болно. Гэвч өөрийн мөн чанараараа бүтсэн оршихуй гэж үгүй учраас энэ нь учир шалтгааны үүднээс боломжгүй юм. Бид юмсыг өөрийн мөн чанараараа бүтсэн, бие даан оршдог гэсэн энэ буруу үзэл ойлголтыг хэзээ ч дагаж болохгүй.”
Тиймээс юмс үзэгдлийг шинжлэн жижиг хэсгүүдэд хуваах үед эцэстээ тухайн зүйл олдохгүй болдог.
Тиймээс эгэл ертөнцийн юмсын харьцангуй үнэнг лавшруулан шинжлэх шаардлагагүй.
“Хэлбэр дүрс, сэтгэл хөдлөл гэх мэт юмс үзэгдэлийг ‘Өөрийн мөн чанараараа бүтсэн үү эсвэл өөр ямар нэг угаас бүтэв үү?’ гэдгийг лавшруулан нягталж үзвэл тухайн юмс үнэмлэхүй түвшинд ‘төрөх ба эвдэрч үгүй болхоос’ ангид, дээрхи хоёрын аль алинаас нь төрөөгүй хоосон чанартай болохыг мэднэ. Тийм учраас эгэл ертөнцийн юмс үзэгдлийн харьцангуй үнэнийг ‘өөрийн мөн чанараар бүтсэн үү эсвэл өөр бусад угаас бүтсэн үү’ гэж лавшруулан шинжлэх шаардлагагүй. Эгэл ертөнц бол “шалтгаан үр дагавар” гэсэн ойлголтонд суурилж байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.”
“Юмсын угийн жинхэнэ мөн чанар буюу үнэмлэхүй үнэнийг лавшруулан шинжлэхэд дээр өгүүлсэн ‘өөрийн мөн чанараар бүтсэн эсвэл өөр бусад угаас бүтсэн’ гэх үзэл ойлголтууд бүгд хоосон чанарын агаарт уусч арилна. Үүний нэгэн адилаар учир шалтгааны үүднээс нягталж үзвэл дээрхи үзэл ойлголт харьцангуй түвшинд ч мөн няцаагддаг. Тэгэхээр өөрийн мөн чанараар бүтсэн гэх нь ямар шалгадгийн ухаанаар нотлогдох вэ? Энэ бол боломжгүй юм.”
“Дэлхийн найман тэрбум хүмүүс бүгдээрээ амар амгалан, аз жаргалыг хүсдэг бөгөөд бид тэдний нэг юм. Хүмүүс зовохыг хүсдэггүй ч зовлонгийн шалтгаан руу гүйж өөрийгөө болон өрөөл бусдыг зовлонд унагааж байдаг. Бид бусдыг хаяад өөрсдийгөө тэргүүнд тавьдаг. ‘Би зовлонг хүсдэггүй жаргалыг хүсдэг’ гэдгийг санаад хамаг амьтан бүхэн зовлонгоос ангид амар амгалангийн шалтгаан төгөлдөр байх болтугай хэмээн бодож тэдэнд амар амгаланг авчрахын тухайд хичээх хэрэгтэй шүү.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бээр номын айлдвар сонсож буй сүсэгтэнүүдийн сонирхсон зарим нэг асуултанд хариулав. Дээрхийн Гэгээнтэн:
“Бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр сайн дурын ажил хийдэг хүмүүсийн хувьд энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь маш тустай агаад ядарч туйлдахаас сэргийлнэ.’
‘Зарим номыг хэрэгжүүлэгч сүсэгтэнүүд өөрсдийн номын сахил санваартай зөрчилдэх зүйл хийж байгаа нь тэдгээр хүмүүс зөв бурууг сайн ойлгож чадаагүй байна гэсэн үг.’
‘Ухамсар, сэтгэл оюун нь үйлийн үрээр ч бий болоогүй, Бурхан Багш ч үүнийг бүтээгээгүй юм. Ухамсар, сэтгэл оюун нь тунгалаг тодорхой, аливаа юмсыг танин мэдэх чадвартай байдаг.’ гэх зэргийг айлдав.
Дээрхийн Гэгээнтэн Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номноос эш хүртээхийн өмнө ‘Хутагт Нагаржуна бол “Хоёрдугаар Будда” гэж алдаршсан өгүүлэхүйд мэргэн дээдсүүдийн нэг юм. Хутагт Нагаржунай бол гүн гүнзгий үзэл онол, явдал мөрийн сургаалийн үндэслэгч мөн.’ хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Гандан Ширээт Ризон ринбочэгээс Ямандаг ядмын их бүтээл, нямбанд сууж байх үеэр нь түүнээс Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номын тайлбарын эшийг хүртэж байсан тухайгаа дурдлаа. Ингээд Дээрхийн Гэгээнтэн эхний арван гурван бүлгийг уншин эш хүртээв.
Дээрхийн Гэгээнтэн цаашлаад:
“Бодь сэтгэлийг уг, үрийн долоон шалтгаанаар бясалгах болон Шантидэва гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номонд гардаг өөрийн оронд бусдыг тавьж, өөрийгөө бусадтай адилгаж бясалгах хоёр арга бий. Миний хувьд өөрийгөө бусадтай адилгаж бясалгах арга илүү үр дүнтэй байдаг. Би өдөр бүр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулж бясалгадаг. Тийм учраас номын нөхөд та бүгд маань ч гэсэн бодь сэтгэл болон хоосон чанарыг бодож бясалгах анхааран авлагыг дагаж мөрдөөрэй.” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээнтэн бодь сэтгэлийг хэрхэн бодож бясалгах талаар тайлбарлаад бодь сэтгэл бол гэгээрлийн эрдэм бүгдийн үндэс суурь болхыг тодотгов. Мөн ‘Бодь сэтгэлийн анхааран авлагыг хичээнгүйлэн дадуулж зургаан билиг барамидыг төгөлдөржүүлэхэд суралцах нь маш чухал’ гэдгийг цугласан олонд захив.
Эцэст нь тэрээр ‘Бурханы хутагийг олох бодит боломж хүн бүрт байгааг санан бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бодож бясалгах хэрэгтэй. Та бүгд шантарч болохгүй шүү’ хэмээн захиад энэ удаагийн номын айлдвараа өндөрлөсөн юм.