Энэтхэг, ХП, Дарамсала - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын шинэ номын сан, архивын байранд “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй: Дэлхий дахинд зүрх сэтгэлийг боловсруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохоор 200 орчим хүмүүс цугларсан байлаа. Тэдний олонхи нь Эмори их сургуулийн “Энэрлийн төв” болон Эмори их сургуулиас хэрэгжүүлж буй “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” төслийн багийнхан байв. Уг төслийн Энэтхэг дэх баг болох Тонг-лэн институтынхан ч мөн хүрэлцэн ирсэн байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залармагцаа тайзан дээрх тус хурлын хүндэт зочдын зүг халуун дулаанаар мэндчилэв. Тэдний дунд Эмори их сургуулийн ерөнхийлөгч, ректор болон Энэрлийн төвийн захирал нар байлаа.
“Далай Ламын итгэл” сангийн ажлын албаны нарийн бичгийн дарга Жампэл Лхүндүп эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээн үг хэлэв. Тэрбээр хуралд оролцогчид болон зочид төлөөлөгчдийн амар мэндийг айлтгалаа. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэнд уг эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэнд нь ихэд талархаж байгаагаа илэрхийлж, Дээрхийн Гэгээнтний энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх хичээл зүтгэлийн ачаар биелэлээ олсон маш олон хөтөлбөрүүд буйг онцлон тэмдэглэв. Эцэст нь энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдваруудыг хадгалан хамгаалж хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Далай Ламын номын сан, архив”-ын байранд болж байгаа хамгийн анхны эрдэм шинжилгээний хурал болохыг онцлов.
Эмори их сургуулийн Энэрлийн төвийн захирал, тус эрдэм шинжилгээний хурлын модератор доктор Тэнзин Нэги Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн уламжлалт номын уншлагыг төвөд болон англиар уншив. Доктор Тэнзин Нэги Дээрхийн Гэгээнтэнд тус хуралд морилон ирсэнд талархал илэрхийлээд Дээрхийн Гэгээнтэн Эмори-Төвөдийн хамтын ажиллагаа анх 1998 онд эхлэсэн цагаас хойш Эмори их сургуулийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэнийг тэмдэглэв. Тэрбээр цааш нь ‘Бидний хамтын ажиллагааны сэтгэл, оюуны боловсролыг хөгжүүлэх зорилго бол хүний үнэ цэнийг ойлгуулан таниулахыг чухалд үздэг Дээрхийн Гэгээнтэний хүсэл зорилгыг агуулж буй юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” төсөл хөтөлбөрийн эхлэл анх 2019 онд тавигдсан. Үүний зэрэгцээгээр ‘Эмори-Шинжлэх ухаан’ хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 15 жилийн хугацаанд Төвөдийн сүм хийдүүдэд шинжлэх ухааны сургалтыг нэвтрүүлээ.’ хэмээв.
Эмори их сургуулийн ерөнхийлөгч Грегори Л.Фэнвэс Дээрхийн Гэгээнтэнд тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд энэ хуралд оролцох боломж гарсан нь түүний хувьд нэр төрийн хэрэг юм хэмээв. Тэрбээр 2 жилийн өмнө Эмори их сургуулийг сонгож ажиллах болсон гол шалтгааны нэг бол бусдын тусыг чухалчилдаг, мөн түүнчлэн үйл ажиллагааны хувьд тухайн үйл хэрэг хэр зөв сайн болохыг судалж нягталдаг нь ихэд таалагдсаныг тус тус дурьдав.
Эмори их сургуулийн ерөнхийлөгч Фэнвэс цаашдын зорилго, тэмүүлэл, бусдын сайн сайхны төлөө гэсэн энэрэнгүй сайхан сэтгэлийн тухай илтгэв. Тэрбээр Дээрхийн Гэгээнтэн эдгээр сайн чанаруудыг өөрийн үйлдлээр харуулдаг болохыг онцолсон юм. Эмори их сургуулийн ерөнхийлөгч Фэнвэс Танин мэдэхүйд суурилсан Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх болон Эмори-Төвөдийн Шинжлэх ухааны хөтөлбөрүүд бидний боловсролын талаарх ойлголт, хандлагыг өөрчилж буйг нэмж тэмдэглэв. Зарим хүмүүс аливаа нээлтийг шинэ зүйл учраас зөв сайн зүйл гэж үздэг ч үүнийг энэрэнгүй сэтгэлийн дурангаар нягталж шалган үзэх хэрэгтэй гэдгийг мөн онцлов.
Эмори их сургуулийн ерөнхийлөгч Фэнвэс Дээрхийн Гэгээнтэнд арван таван жилийн турш Эмори их сургуулийн хүндэт профессор байгаагийн баталгаа болгож өргөмжлөл гардууллаа. Тэрбээр Дээрхийн Гэгээнтний билиг билгүүн хийгээд аливааг харах тодорхой тунгалаг оюуныг магтав. Цаашлаад өөрийгөө бурханы шашны эгэл хуврага хүн гэж танилцуулдаг хүн дэлхий нийтэд үлгэр дуурайлал болж, асар өндөр амжилтанд хүрсэн нь боломжтой зүйл мөн үү гэсэн асуултын хариулт бол “Тийм” юм хэмээв.
Эмори их сургуулийн захирал Рави В.Бэлламконда тус сургуулийн “Ухаалаг зүрх сэтгэл мэдлэгийг эрэлхийлдэг” гэсэн уриаг эш татаад ДОХ болон Ковидоор өвчилсэн хүмүүсийн амийг аврахад тус сургуулийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэхийн сацуу тархины хавдарын чиглэлээр судалгаа хийдэг тухайгаа дурьдав.
Бэлламконда өөрийн төрж өссөн эртний Энэтхэгийн мэдлэг, соёлоор хүрээлүүлсэн орчны талаар дурдаад бодож бясалгах тусгай орчинг бий болгох хэрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр цаашлаад “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийн үндсэн зарчимыг танилцуулаад уг хөтөлбөрийн үр дүнд дэлхийн энх тайван, хүмүүс хоорондын ойлголцол сайжрах нь дамжиггүй юм хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд оролцогчдод хандан төвөдөөр мэндчилгээ дэвшүүлсэнийг англи хэл рүү орчуулж байлаа.
“Өнөөдөр их олон хуучны нөхөд маань энд цугласан байна. Гандан Ширээт асан Ризон ринбочэ өнгөрсөн шөнө таалал барсан тухай гунигтай мэдээг өнөөдөр өглөө би сонслоо. Хэдийгээр энэ бол орчлонгийн жам боловч багш нарын маань нэг учраас миний хувьд гунигтай байна.”
“Би Гандан Ширээт асан Ризон ринбочэг Ладакт урт хугацааны нямбанд сууж байх үеэр очиж байсан. Ризон ринбочэ өөрийн маш удаан хугацааны турш сууж бясалгаж байсан суудалд намайг суулган Хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’ номын тайлбарын эшийг надад хайрласан юм. Багш маань ийн таалал барсан явдал надад Дөрвөн үнэнг бодогдуулж байна:
Шүтэн барилдсан бүхэн мөнх бус
Цувиралт бүхэн зовлонтой
Бүгд хоосон чанартай, би үгүй
Гагцхүү нирваан л амгалан болой
“Зовлонгийн шалтгаан болох мунхагын гинжийг таслаагүй цагт бид орчлонгийн зовлонг эдэлсээр л байх болно. Юмс үзэгдэл хэрхэн, яаж үзэгдэж, харагдаж байгаасаа үл хамааран өөрийн мөн чанараар бүтээгүй буюу хоосон чанартай юм.”
Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын ‘Шүтэн барилдлагын магтаал’-аас эш татав:
Эгнэшгүй багш түүнийг даган хуврага болоод
Эрхэм бурханы зарлигийг сайтар судалсан
Ирмүүн ёогын явдал хичээгч нэгэн аяга тахимлага
Их арш түүнээ ийнхүү бишрэв ээ
“Богд Зонховын ‘Шүтэн барилдлагын магтаал’-д ийн өгүүлсэнийг Ризон ринбочэ багш маань өөр дээрээ бүрэн хэрэгжүүлж гэлэнгийн сахилаа сайтар сахин, бүхий л гол ном судруудыг Лин ринбочэ тэргүүтэй багш нараараа заалган хөтлүүлж, тэр бүү хэл Чандракиртигийн ‘Төвд орохуйн өөрийн тайлбар’ номыг хүртэл цээжилсэн байдаг юм.”
Ризон ринбочэ багш маань сахил хүртэн Бурхан Багшийн ном сургаалиудыг судалж эхэлсэн ч тухайн үеийн Төвөдөд сурч мэдсэнээ дадуулах боломж төдийлэн байгаагүй тул Энэтхэгт дүрвэн ирсэнийхээ дараа үүнд цаг гарган хичээж эхэлсэн тухайгаа надад айлдаж байж билээ. Энэхүү дадуулахуйн гол суурь бол бодь сэтгэлийг төрүүлэх хийгээд хоосон чанарыг ойлгох юм. Ризон ринбочэ багш маань Богд Зонховын айлдсанчилан ‘Ирмүүн ёогын явдал хичээгч нэгэн аяга тахимлага
Их арш түүнээ ийнхүү биширвээ.’ хэмээхийг бүрнээ гүйцээсэн нэгэн юм.
Ийнхүү оюуны гэрлээр тодруулснаар
Өөрийн гарт буй жүрүра мэт
Үнэнхүү гурван ертөнцийг угаас төрөх үгүй хэмээгээд
Үнэмлэхүй үнэний хүчээр Хорихуйд одмуй
Өнөд Хорихуйд багтсан санаа төгөлдөр боловч
Итгэл үгүй амьтдад энэрлийг төрүүлмүй
Үүгээр ширвага, брадига сэлтийг
Үлдээлгүй оюунаар дарах ч болмуй
Харьцангуй үнэний уужим цагаан жигүүрээ
Хаан галуу бээр дэлгэн сүргийн өмнө нисч
Буяны салхины хүчээр
Бурханы эрдмийн далайн дээд чинадад одмуй
“Бодьсадва нар цаг ямагт бусдын тусыг хичээж байдаг учраас тэдний хувьд номонд суралцах хамгийн эрхэм гол зорилго бол хамаг амьтан бүгдийн тусыг бүтээх юм. Бидний хувьд энэ дэлхий дээрх хүмүүст туслах нь их чухал байна.”
“Бидний хэн нь ч тэр зуугаас илүү наслах магадлал бага. Тийм учраас амьд ахуйдаа номонд шамдан суралцаж, дадуулах замаар өөрсдийн дотоод сэтгэлийг өөрчлөх хэрэгтэй гэдэгт би итгэдэг бөгөөд үүнийг би цаг ямагт хийсээр ирсэн. Хамгийн гол нь сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралд дадуулах нь маш чухал юм. Миний хувьд энэрэнгүй сайхан сэтгэл, шүтэн барилдлагын тухай үзэл ойлголтууд их ач тустай байсан учраас та бүхэнтэй хуваалцахыг хичээдэг билээ.”
“Миний амьдралд хүнд хэцүү цаг үе олонтоо тохиож байсан юм. Миний үед дэлхийн I, II дайнууд, Солонгосын дайн, Вьетнамын дайн гэх мэт их олон дайны хор уршигийн гэрч болж байсан. Бид одоо дэлхий дээр энх тайвныг бий болгох хэрэгтэй байна. Гадна талын зэр зэвсэгт найдахын оронд дотоод сэтгэлийн амар амгалан, энэрэнгүй сайхан сэтгэлээ хамгаалах нь маш чухал. Дэлхийн энх тайвны үндэс суурь бол энэрэнгүй сайхан сэтгэл юм.”
“Дэлхийн энх тайван тэнгэрээс унахгүй, харин бусдын төлөө гэсэн энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхээс бий болно. Энэрэнгүй сайхан сэтгэлийг заавал шашинтай холбохгүйгээр, шашинаас ангид арга замаар өөртөө дадуулах боломжтой. Миний хувьд ойрын хэдэн арван жилийн турш энэрэнгүй сайхан сэтгэлийг бусадтай үргэлжлүүлэн хуваалцаж чадна хэмээн итгэж байна.”
“Би энэрэнгүй сайхан сэтгэлийг өдөр ч шөнө ч бодож бясалгадаг. Номын нөхөд та бүгдээс ч мөн үүнийг хүсч, уриалмаар байна.”
Доктор Лувсан Тэнзин Нэги энэрэнгүй сайхан сэтгэл бол амар амгалан, аз жаргалын хамгийн гол хүчин зүйл гэдгийг дахин тэмдэглээд тус эрдэм шинжилгээний хурал ирэх хоёр өдрийн турш энэрэнгүй сайхан сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх талаар илүү дэлгэрэнгүй авч хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” төслийн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийн дөрөв дэх ботийг, хиндү хэлэнд буулгасан өмнөх гурван ботийн хамтаар танилцуулав. Дээрхийн Гэгээнтэн бээр:
“Та бүгдийн хийж буй үйл хэрэгт би үнэхээр сэтгэл хангалуун байна.” гэлээ.
“Миний хувьд энд дэлхийн дулаарлын талаар мөн дурьдмаар байна. Дэлхийн дулаарал эрчимтэй явагдсанаас маш олон сөрөг үр дагаварууд гарах болно. Эцэстээ манай дэлхий галаар эвдрэх шинж байна.”
“Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” төслийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчидын асуултанд хариулах үеэрээ Дээрхийн Гэгээнтэн бидний сэтгэл оюун хэрхэн яаж ажилладагийг ойлгохын чухлыг онцлов. Дээрхийн Гэгээнтэн цаашлаад “Үүнийг ойлгосноор амин хувиа хичээх бодол, айдас, уур хилэн тэргүүтэй нисванист муу сэтгэлүүд зовлонд унагадагийг, харин энэрэнгүй сайхан сэтгэл, нээлттэй уужим сэтгэл оюун дотоод сэтгэлийн амар амгаланг авчирдагийг ойлгох болно. Хэрэв бид оюун ухамсар хаанаас эхлэлтэй, хэрхэн яаж бий болсоныг нягталж үзвэл эхлэл үгүй, тасралт үгүй үргэлжилдэг болохыг нь ойлгоно.” хэмээн айлдлаа.
Энэтхэгийн Тонг-лэн нийгэмлэгийн тэтгэлэгээр суралцаж буй өсвөр насны нэгэн сурагч хэдийгээр сэтгэлээ тогтвортой тайван байлгахыг хичээж байгаа ч эцэг, эхээсээ хол амьдрах амаргүй байгаа талаар ярив.
Дээрхийн Гэгээнтэн “Чиний сурч боловсорч байгаа нь зөвхөн чиний өөрийн тусын тулд биш гэдгийг сайтар бодоорой. Чамд сурч мэдсэнээ гэр бүл, нутаг орныхондоо зориулах боломж бий. Хэцүү цаг ирэх үед ганцаардаж, сэтгэлээр унахгүйгээр сэтгэлийн хаттай, зоригтой байгаарай. Бусдын тусын тулд юу хийж чадах талаар сайтар бодоорой” хэмээн захив.
Нутаг орныг минь бусниулсан тэдгээр хүмүүсийг хэрхэн уучилж өршөөх вэ гэсэн асуултанд “нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд харж тэвчээрийг дадуулах хэрэгтэй ” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
Сурч мэдсэнээ хэрхэн бусдад хуваалцах вэ гэсэн өөр нэг сурагчын асуултанд Дээрхийн Гэгээнтэн “хүмүүс бид аливааг нягталж дүн шинжилгээ хийх чадвартай маш хурц оюун ухаантай. Тийм учраас үүнийгээ ашиглан тухайн нөхцөл байдлыг шинжлээд юу хийхээ тодорхойлж чадна” хэмээв.
Доктор Лувсан Тэнзин Нэги хурлын эхний хэсгийн хаалтын үйл ажиллагааг зарлав. Тэрбээр Дээрхийн Гэгээнтэнд цаг гарган морилон ирсэнд талархав. Цаашлаад “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” төслийн хүрээнд хураасан буян бүхнээ Дээрхийн Гэгээнтний өлмий бат оршихын төлөө, мөн түүнчлэн тус төсөл хөтөлбөр газар бүрт дэлгэрч боловсролын салбарын салшгүй нэг хэсэг болохын төлөө зориулья хэмээн зориулга ерөөл өргөв.
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь:
“Энэрэнгүй сайхан сэтгэлтэй, бусдад хорлолгүй байснаар л энх тайван бий болно. Зовлон бэрхшээл хэзээд тохиолдох ч хэрэв сэтгэл амар амгалан бол бид зовлон бэрхшээлийг төвөггүй даван гарч чадна.” хэмээн айлдав.