Энэтхэг, Х.П, Дарамсала, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Дарамсала дахь Төвөдийн гол дуган болох Зүглаг Хан дуганд Төвөдийн буддын шашны Сажа уламжлалын лам хуврагууд бат оршил өргөв. Сажа Дагти ринбочэ тэргүүтэй Долма Потан, Пунцог Потан ордноос хамтран энэ удаагийн Бат Оршил өргөх ёслолыг удирдан явуулав.
Сажа Дагти ринбочэ Дээрхийн Гэгээнтнийг өргөөнийх нь хажууд, зам дээр машинаасаа буухад нь угтан авав. Тэд замаар тасралтгүй алхсаар цэцэрлэгт хүрээлэнд ороход тэднийг бөмбөрчин бүжигчид угтлаа. Дээрхийн Гэгээнтэн цэцэрлэгт хүрээлэнгээр морилох зуураа олон нийт рүү инээмсэглэн гараа даллаж, хааяа зогсон бага насны хүүхдүүдтэй мэндчилж байв.
Дээрхийн Гэгээнтнийг сэнтийд заларсны дараа Сажа уламжлалын лам нар хадаг өргөн угтан авснаар ёслол эхэллээ. Цагаан Дарь Эх бурханы тарнийг уншиж байх зуур оролцогчдод цай, бэрээс тараав.
Бат Оршил өргөх уншлагын зан үйл эхэлж Дээрхийн Гэгээнтэнд насны бурхад болох Цагаан Дарь эх, Аюуш, Зүгдэрнамжил бурхадыг өргөв. Дараа нь Сажа Дагти ринбочэ түүнд аяга дүүрэн насны үрлийг өргөв. Дээрхийн Гэгээнтэн нэгийг өөртөө авч, мөн нэг ширхэгийг Сажа Дагти ринбочэд буцаан өгсөн ба дараа нь түүнд халбагаар насан уртгасгах рашааныг өргөлөө.
Сажа уламжлалын өнөөгийн тэргүүн Сажа Тизин Занабазар ринбочэ Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг хүсч, түүнд алтан мандал өргөн, Дээрхийн Гэгээнтний үйлсийг дурдан уншив. Өмнөх тэргүүн Ратна Важра ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд Цагаан Дарь эх бурхан, судар, ариун шүтээн, насны рашаантай бумба, очир ба хонхыг өргөхдөө түүнийг урт удаан наслахын төлөө залбирал уншлага уншиж байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөсөн хонхыг дуугаргаж, Сажа уламжлалын малгайг хэсэг зуур өмслөө.
Авикрита Важра ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал, лагшин, зарлиг, таалалын шүтээний хамт өргөлөө.
Энэ зуур Дээрхийн Гэгээнтэнд янз бүрийн өргөл өргөж буй Сажа уламжлалын лам хуврагууд, энгийн хүмүүсийн цуваа дуганы дундуур явж өнгөрөв. Энэхүү цуваа төвөдийн далбаа барьсан өвгөн буурал хүнээр өндөрлөв.
Сажа уламжлалын Абхая Важра лам Дээрхийн Гэгээнтэнд номт гурван хувцас, бурханы шашны гэлэн ламын барьдаг дулдуй өргөв. Эдгээрийн араас өлзий дэмбэрэлт найман мөнгөн хүрдийг өргөсөн ба дараа нь Дээрхийн Гэгээнтэн Цогчодын идээг хүлээн авахдаа сажа уламжлалын малгайг дахин өмссөн юм. Пунцог Потаны өөр нэг дээд зиндааны залуу лам Асанга Важра өлзий дэмбэрэлт найман мөнгөн хүрдүүдийг өргөснөөр өндөрлөв. Сажа уламжлалын дээд зиндааны лам нар ёслолд өөр өөрийн үүргээ гүйцэтгэсний дараа Дээрхийн Гэгээнтэн тэдэнд талархал илэрхийлэн хадаг, сахиус хайрлалаа.
Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод хандан,
“Өнөөдөр надад Сажа Дагти ринбочэ тэргүүтэй “Долма Потан, Пунцог Потаны лам хуврагууд Цагаан Дарь Эх бурханы үүднээс энэхүү бат оршил өргөх ёслол үйлдлээ.”
“Би Жовжэ Тичэн ринбочэгээс Хэ Базар ба “Мөр ба үр”-ийн номлолыг хүртсэн билээ. Төвөдийн Буддын шашны уламжлал бүр өөрийн гэсэн өвөрмөц сургалттай бөгөөд эдгээрийн нэг нь Сажа ёсны өвөрмөц уламжлал юм. Би Хэ Базар ядмын бясалгалыг өдөр бүр хийдэг болохоор би Сажа уламжлалын эгнээнд багтсан байх гэж бодож байна.”
“Энэхүү Бат Оршил өргөх ёслол үйлдсэнд баярлалаа. Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл, би урт наслахгүй л бол Төвөдийн ард түмний хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Ийм учраас би зуу илүү наслахын төлөө залбирч буй, та бүхэн ч ийнхүү залбираарай.”
“Төвөд бол бидний эх нутаг, Сажа бол Понпорын толгодын Цайвар Шороот (сажа) газар нутгаар нэрлэгдсэн билээ. Төвөдүүд бид буддын шашны уламжлалыг хадгалагчид, тэр дундаа Очирт хөлгөнийг дагагчид мөн. Та нар судар болон тарнийн сургаалын уламжлалыг хадгалж ирсэн. Цаашид ч хадгалж явахыг та бүхнээс хүсч байна.”
“Би Сажа Дагти ринбочег бага байхаас нь мэдэх бөгөөд түүний энэхүү олон жилийн турш хүмүүст үзүүлсэн тус дэм, дээдийн номын үйл хэргийг нь бахархан сайшааж байна. Одоогоор хэлэх ёстой зүйл минь энэ байна."
Дээрхийн Гэгээнтэн сэнтийнээсээ бууж, өөрийн багш нарын нэг болох Дадаг ринбочэгийн тухай дурссан бөгөөд тэрээр, "Лам багш ба шавь нар салахгүй байх болтугай" номын төгсгөлд гардаг "Тэд үргэлж цай, дарс уун, аз жаргал, өлзий сайхнаар үүрд орших болтугай" гэсэн мөрүүдийг давтахдаа сэнтийд заларсан Дээрхийн Гэгээнтнийг хардаг байсан хэмээн баясангуйгаар дурсан ярив.