Энэтхэг, Шинэ Дели - Өнөөдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гүрүграм дахь Салван ерөнхий боловсролын дунд сургуулийн зүг хөдлөх үед цаг агаар сэрүүн, бага зэрэг үүлэрхэг байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Салван Боловсрол-Итгэл нийгэмлэгийн тэргүүн Сушил Дутт Салван угтан авч сургуульд урин заллаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг цай, жигнэмэг зооглон түр саатах үеэр Гүрүграм дахь нийт 58 ерөнхий боловсролын дунд сургуулийн багш ажилчид Дээрхийн Гэгээнтний мэндийг мэдэн ёсолж байв.
Дээрхийн Гэгээнтэн тайзан дээрх том асрын зүг морилон тэнд цугласан 6000 орчим сурагчид, багш, эцэг эхчүүдийн зүг харуулан зассан суудалд залрав. Салван Боловсрол-Итгэл нийгэмлэгийн тэргүүн Салван цугласан олны өмнөөс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай мэндчилэв. Тэрбээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Салван Боловсрол-Итгэл нийгэмлэгийн хамтын ажиллагаа 24 жилийн өмнө Дээрхийн Гэгээнтнийг тус сургуулийн Ражэндранар хотхонд морилох үеэр анх эхэлсэн болохыг дурьдлаа. Тус нийгэмлэг Дээрхийн Гэгээнтний асрал хайр, энэрэнгүй сайхан сэтгэлийн тухай сургаалыг ихэд хүндэтгэдэг болохыг мөн онцлов. Тэрбээр цааш нь Дээрхийн Гэгээнтний адисласан зулзаган мод маш сайхан бодь мод болон ургасаныг онцлоод тус сургуулийн хотхоны хувьд онцгой газар болохыг тэмдэглэв.
Тус нийгэмлэгийн тэргүүн Салван “Амьдрал бол суралцахуй юм”, “Бидний хувьд Дээрхийн Гэгээнтнээс суралцах боломж байгаа нь нэр төрийн хэрэг юм” хэмээв.
“Эрхэм ахан дүүс минь” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхлэв.
“Дэлхийн найман тэрбум хүмүүс бүгдээрээ бидний ахан дүүс мөн. Бид бүгд эхээс төрж, бүгдээрээ адилхан эхийн сайхан сэтгэл, элбэрэл хайраар өссөн билээ. Тиймээс дэлхий дээрх хүн бүхэн энэрэнгүй сайхан сэтгэлээс шууд хамааралтай юм.”
“Хүүхдүүдийн хувьд шашин шүтлэг, яс үндсээс үл хамааран нэг нэгэнтэйгээ тоглож нааддаг. Бусад нь инээмсэглэн найрсаг байхад тэдэнтэй дуртайяа тоглодог. Учир нь бид бүгд уг мөн чанараа адилхан учраас юм. Гэвч боловсролын систем бидний хоорондын гадаад ялгааг чухалд авч үзэхийг зааж сургадагаас болж үл ойлголцол, ялгаварлан гадуурхалт бий болсоор байна.”
“Энэтхэг оронд олон зуун жилийн турш “каруна” буюу энэрэл хайр, “ахимса” буюу хүч үл хэрэглэхийг эрхэмлэн дээдэлж ирсэн юм. Бид хүн төрөлхтний хосгүй үнэт зүйл болох эдгээр чанаруудыг дагах нь маш чухал байна. Арслан, бар зэрэг амьтад хурц шүд, савартай байдаг нь бусад амтьдыг агнаж идэш тэжээлээ болгодогийн илрэл юм. Харин хүний дүр төрх бол энэрэл нигүүлсэл хийгээд бусдад хорлолгүй байхыг илэрхийлдэг. Биологийн үүднээс авч үзвэл бид тайван амгалан бодгаль юм.”
“Бид бусдын энэрэнгүй сайхан сэтгэлээс хамааран оршдог учраас бусдад “каруна” ба “ахимса” сэтгэлээр хандах нь чухал юм. Өнгөрсөн он жилүүдэд бид өөрсдийн оюун ухааныг зэр зэвсэг бүтээх, хөрш зэргэлдээ орнуудаа үгүй хийх төлөвлөгөө боловсруулах зэрэгт ашиглаж байснаас болж дэлхий дээр хүчирхийлэл маш их явагдсан билээ.”
“Бид нэг нэгнийгээ хүний дүр төрхөөр нь таньдаг. Хэрэв бид гурван нүдтэй нэгэнтэй тааралдвал ихэд гайхах болно. Бие махбодын хувьд бүгд адилхан нэг нүүр, хоёр гар, хоёр хөлтэй. Тиймээс нийтлэг байдлаараа хүний үндсэн мөн чанар болох энэрэнгүй сайхан сэтгэлийг бүгдээрээ хичээх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хүчирхийлэл явагдсанаар ‘илүү аюулгүй, илүү сайхан дэлхий’-г бий болгосон уу гэвэл ‘үгүй’. Тийм учраас бид аз жаргалтай, амар амгалан дэлхийг бий болгохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Үүний тулд өөр хоорондоо эв найртай байж ахан дүүс шиг амьдрах нь маш чухал юм.”
“Миний хувьд дэлхийн олон орнуудад айлчилж байсан бөгөөд хаана ч очсон хүн болгон адилхан харагддаг. Очсон газар орон бүртээ би инээмсэглэн найрсаг байхыг хичээдэг, хүмүүс ч ихэнхдээ надтай буцаан найрсагаар ханддаг.”
“Дэлхийн энх тайван тэнгэрээс унахгүй. Дэлхийн энх тайван ах дүү, эгч дүүсийн жинхэнэ харилцааг бий болгох, хөгжүүлэхээс шууд хамаарна. Арьс өнгө, үндэс угсаагаараа бид багахан ялгаатай ч энэ нь өөр хоорондоо дайсагнах шалтгаан огтхон ч биш юм. Бид бүгд зэр зэвсэггүй амар амгалан дэлхийг бий болгохыг зорих хэрэгтэй байна. Зөрчил маргаан үүсвэл бид яриа хэлэлцээрийн замаар шийдэх нь чухал юм. Зэр зэвсэгийн ач тус гэж нэгээхэн ч үгүй.”
“Би үүнийг энд хүрэлцэн ирсэн дүү та нартаа онцгойлон захимаар байна.”
“Барууны улс орнууд материаллаг хөгжилд илүү ач холбогдол өгдөг байхад эртний Энэтхэгийн ард түмэн сэтгэлийн боловсролыг чухалчилдаг байсан. Эртний Энэтхэгчүүд ухамсарыг танин мэдэж, чухалчилдаг байлаа. Тэд үхэх үед ухамсар илүү нарийн сэтгэлд хураагддаг болохыг олж мэдсэн юм. Үүнийг гүн нойронд автах үед ажиглаж болдог.”
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн даянчид Төвөдийн лам хуврагуудын нэгэн адил сэтгэл судлалын арвин туршлагатай болохыг тэмдэглэв.
“Үхэх үед бидний таван махбодь нэг нь нөгөөдөө уусдаг ба бүдүүн сэтгэл ч мөн нарийн сэтгэлд уусдаг. Бүдүүн 80 сэтгэл хураагдах явцад гурван үзэгдэл бий болно. Улмаар гэгээн гэрэл урган гарч ирдэг.”
“VII зууны үед тухайн үеийн Төвөдийн хаан Энэтхэгийн Дэванагари үсгэнд суурилсан бичгийн хэл зохиохыг зарлиг болгож байсан түүхтэй. Нэг зууны дараа Тисрон Дэзан хаан Наландагын их бандида Шантаракшитаг Төвөдөд урин бурханы шашны ном сургаалыг төвөд хэлэнд буулгахыг дэмжиж байсан гэдэг. Эдгээрийн үр дүнд өнөөдөр төвөд хэл буддын гүн ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухааныг тайлбарлахад хамгийн оновчтой сайн хэл хэвээр байсаар байна.”
Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн “Өдгөө Төвөдөд уламжлагдан хадгалагдаж үлдсэн эртний Энэтхэгийн сэтгэлийг удирдан залах арга ухааныг Энэтхэгийн сурагчид сонирхон суралцах хэрэгтэй” хэмээн айлдав.
Сурагчдын асуултанд хариулах зуураа Дээрхийн Гэгээнтэн хүн бүхэн сэтгэлийн амар амгаланг хүсдэг болохыг онцоллоо. Сэтгэлээ амар амгалан байлгахын тулд уур хилэн, хардалт тэргүүтэй нисванист муу сэтгэлүүд бидний сэтгэлийг тогтворгүй болгодог, харин ‘каруна’ нь дотоод сэтгэлийн амар амгалан, өөртөө итгэх итгэлийг авчирдаг болохыг ойлгож мэдэх хэрэгтэй. Та бүгд над шиг өглөө сэрэх, орой унтах бүртээ ‘каруна’-г бодож бясалгавал сэтгэл тань амар амгалан байх болно хэмээн айлдав.
Хэнээс урам зориг авдаг болохыг асуухад Дээрхийн Гэгээнтэн өгүүлэхүйд мэргэн, хурц билиг билгүүнт эртний Энэтхэгийн дээдсүүд болох Хутагт Нагаржуна, Чандракирти нараас урам зориг авдаг тухайгаа тайлбарласан юм.
Өөр нэгэн сурагч уур хилэнгээ хэрхэн барьж сэтгэлээ тайван амгалан байлгах талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн ‘каруна’—энэрэл нигүүсэлийг илүү сайн таньж мэдэхийг зөвлөв. Ингэснээр уур хүрсэн ч түүний хүчинд автахгүй байж чадна хэмээн айлдлаа. Цаашлаад Дээрхийн Гэгээнтэн “Уур хилэн, хүсэл шунал бол тогтворгүй; харин энэрэнгүй сайхан сэтгэл бол илүү тогтвортой суурь сэтгэл юм. Тийм учраас урт хугацаандаа энэрэнгүй сайхан сэтгэл нисванист муу сэтгэлээс илүү хүчтэй байдаг.” гэлээ.
“Орчин үед бид материаллаг зүйлд хэт их анхаарал хандуулж байна. Бидний анхааран авлага болгох ёстой хамгийн чухал зүйл бол материаллаг зүйл бус дотоод сэтгэлийн амар амгалан юм.”
“Амин хувиа хичээх байдал давамгайлсан энэ цаг үед хэрхэн энэрэнгүй сайхан сэтгэлийг дадуулах вэ” гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Бид хүүхэд ахуйдаа найз нөхөд, анги хамт олноосоо ихээхэн хамааралтай байдаг ба тэдний төлөө гэсэн бидний энэрэнгүй сайхан сэтгэл ч мөн хүчтэй байдаг. Бид энэ байдлаа хадгалж үлдэх маш чухал юм. Энэрэнгүй сайхан сэтгэл л амар амгалан, өөртөө итгэх итгэлийг авчирдаг.” хэмээв.
“Энд цугларсан Энэтхэгийн охид, хөвгүүд та бүгдийг ‘каруна’ ба ‘ахимса’-г сэтгэлдээ сайтар хадгалан дадуулахыг уриалж байна. Ингэснээр та бүгдийн амьдрал зөв эерэг зүгт чиглэх болно. Энэрэнгүй сайхан сэтгэлээс инээмсэглэл аяндаа төрдөг.”
“Та бүгд том болоод гэрлэх үед жинхэнэ хайр дээр суурилсан гэрлэлт инээмсэглэлээр тодорч харагдана. Харин эд хөрөнгөнд шунасан гэрлэлт түр зуурын, батгүй байх болно. Улс төрчидтэй гэр бүл болоод ч мөн удаан үргэлжлэхгүй. Харин хоёр хүн бие биендээ хайртай учраас гэр бүл болж байгаа бол тэдний гэрлэлт баттай байж урт удаан хугацаанд үргэлжлэх болно. Хэрэв хүмүүс хоорондын харилцаа гүн гүнзгий асрал хайран дээр суурилсан бол тэд ихэнхдээ гэр бүл болцгоодог.”
Гүрүграм дахь Салван ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Смт Рашми Малик Дээрхийн Гэгээнтэн болоод тус айлдвар хөтөлбөрийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн хүн бүхэнд талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн айлдварынхаа төгсгөлд “Хятад, Энэтхэг улс бол дэлхийн хамгийн их хүн амтай улсууд билээ. Хятад улсын хувьд өгсөх уруудах байдал ажиглагдаж байгаа бол Энэтхэг орны хувьд ардчилал, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөг эрхэмлэж байна.”
“Ардчилал, бүх шашны уламжлалуудыг хүндэтгэн үздэг энэ үзэл баримтлал бол шашнаас ангид үнэт зүйл дээр суурилагдсан бөгөөд ухаалаг, зөв зүйл юм” хэмээн онцлов.
“Баярлалаа” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн айлдвар хөтөлбөрөө өндөрлөв.