Энэтхэг, Ладак, Лех- Нарлаг сайхан энэ өглөө Дээрхийн Гэгээнтнийг номын айлдварын талбайд залрах үед дунд сургуулийн сурагчид дагсал хаялцан хүндэтгэл үзүүллээ. Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн шүтээнд мөргөөд цугласан олны зүг мэндчилэв.
“Сүүлийн хоёр гурван өдрийн номын айлдвар сайхан болж өнөөдөр та бүхэн надад Бат Оршил өргөх ёслол үйлдэж байна. Багш, шавийн барилдлага хөдлөшгүй бат байх нь өлзийт сайн нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд үүний үрээр багш өнө удаан байдаг юм.”
“Намайг 110 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Мөн та бүхэн намайг харахад 90 гаруй настай гэж хэлэхээргүй байгаа биз?”
“Цаст Төвөд болон Хималайн бүс нутгийнхан надтай маш ойрын барилдлагатай, чин сүсэгтэй ард түмэн билээ. Мөн бурханы шашинтан эсэхээс үл хамааран дэлхийн олон орны хүмүүс надад машид хүндэтгэлтэйгээр ханддаг.”
“Бурхан Багшийн шавь учраас миний үндсэн дадлага бол бодь сэтгэл болон хоосон чанарын ойлголт юм. Та бүхэн ч мөн бодь сэтгэл, хоосон чанарыг бодож бясалгах өөрсдийн гол дадлага болгоорой. Та бүгд хичээвээс би ч энэ ертөнц дээр өнө удаан байхыг хичээнэ.”
Энэ зуур цай, бэрээс тараалаа.
Өнөөдрийн Бат оршилыг судрын ёсны үүднээс Арван зургаан архадын соёрхолын дагуу өргөв. Бат оршилд өргөх ёслолд Бурхан Багш, Арван зургаан архадын соёрхол, Долоон гишүүнт залбирал болон хураангуй мандал өргөх, өнө удаан залран номын айлдвар айлдахыг хүссэн залбиралууд багтсан байв.
Күндэлин ринбочэ хурлыг тэргүүлэн Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөх үеэр олон хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг өнө удаан залрахыг машид хичээнгүйлэн хүсэн залбирч байлаа.
Цаашлаад Бурхан Багшийн шүтээн, судар, хуврагын орхимж, дүүрэн жимстэй бадар аяга, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил тэргүүнтнийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив.
Дээрхийн Гэгээнтний их ёнзин багш Лин ринбочэ болон Тижан ринбочэ нарын туурвисан ‘Өнөд залрахуйн дуулал” хэмээх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Өлмий бататгах дэлгэр ерөөлийг урин унших үеэр хөгшин, залуу нутгийн сүсэгтэн олны урт цуваа тайзны урдуур дүүрэв. Сүсэгтэн олон судар тэргүүтэй олон янзын өргөлийн эд зүйлсийг гартаа барьцгаасан байв. Үүнтэй зэрэгцэн бүрээ бишгүүрийн дуун цангинаж дуучид дуун өргөл өргөсөн юм.
Энэтхэг, Төвөдийн болон бурханы шашны билэгдэл тугийг залснаар өргөлийн цуваа өндөрлөв. Эцэст нь цагаан хувцас асаасан цал буурал өндөр настан Дээрхийн Гэгээнтэнд цагаан торгон хадаг өргөн барилаа.
Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөж бурханы лагшин, зарлиг, таалалын шүтээнийг мөн өргөн бариад өнөөдрийн Бат оршил өргөх ёслолд морилон ирсэнд талархал илэрхийлэв.
Цаашлаад зориулга ерөөл үргэлжилэн Дээрхийн Гэгээнтний туурвисан ‘Шашин бадрахуйн ерөөл’, ‘Үнэний хүч’ залбирал ерөөлийг урин уншив.
Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтнийг цугласан олонд хандан үг хэлэхийг хүсэв.
“Надад онцгойлон захих зүйл байхгүй. Шавь нарын итгэл бат, сүсэг бишрэл чин үнэн байх тусам багш өнө удаан залардаг. Би нийгмийн янз бүрийн хүмүүстэй уулзаж ирлээ. Өмнө дурьдсанчлан намайг 110 гаруй насална гэсэн шинж тэмдгүүд бий. Дээдийн ном хийгээд хамаг амьтны тус амгалангийн тулд аль чадахын хэрээр хичээсээр ирсэнийг минь та бүхэн мэдэж байгаа. Цаашдаа ч би номын үйл хэргээ үргэлжлүүлэх болно.”
“Хэдийгээр харагдах байдал нь номонд шамдагч нэгэн мэт боловч дотоод сэтгэлийн хамгийн эрхэм эрдмийг орхигдуулсан хүмүүс байдаг. Хамгийн гол нь бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх нь чухал шүү. Бусдад чиглэсэн хорлолыг бүрэн тэвчих хэрэгтэй. Хорлолийг тэвчиж, зохист сайн үйлд шамдаж чадваас бид бурхадыг баясгаж чадна.”
“Би өдөр бүр бодь сэтгэлийг хоосон чанартай уялдуулан бясалгадаг. Та бүхэнд ч ийм чадвар бий. Эхлээд биеийн чухал хэсгүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэн биеэ суллах хэрэгтэй. Дараа нь ажиглан шинжлэх бясалгалыг хэсэг хугацаанд дадуулаад эцэст нь бие сэтгэлийг нэгтгэн бясалгана. Үүнийг сайтар анхааран авлагаа болгож чадваас дадлага туршлага аяндаа хуримтлагдаж эхлэнэ. Аажмаар таван зам мөрт хөтлөгч бодь сэтгэл төрж хоосон чанрын үзэл ойлголтуудыг таних болно. Ийнхүү үе шаттайгаар урагшилсаар эцэст нь бурханы хутгийг олох болно.”
Бурхан, ном, хуврагын чуулганд би
Бодийн хутаг хүртэл аврал одуулая
Өглөг тэргүүтэй хоёр чуулганы үрээр
Хамаг амьтны тусын тулд бурхан болтугай
“Сүүлийн хоёр гурван хонгийн номын айлдварууд эхэн, дунд, адагт маш сайхан боллоо. Энэхүү номын айлдварыг зохион байгуулсан байгууллага, орон нутгийн удирдлагууд, Ладакын Буддын холбоо, Ладакын хийдүүдийн холбооны төлөөлөгчид болон цагдаа, хамгаалалтын албаны ажилчид, сайн дурынхан болон бусад бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн түүнчлэн сүсэгтэн олон та бүхний чин сүсэг бишрэл, зөв сайн хандлагад баярлалаа. Та бүхний итгэл, сүсэг бишрэл надад жил бүр Ладакт ирэх урам зориг өгч байна. Баярлалаа.”
Цугласан олон халуун дулаанаар алга ташив.