Бурхан Багш хэдийгээр тэртээх 2500 гаруй жилийн өмнө Энэтхэгт заларч, айлдвар сургаалаа түгээн дэлгэрүүлж байсан ч түүний айлдвар сургаалууд өнөөдөр ч асар их үнэ цэнэ, ач тустай хэвээрээ байна. Орчин үеийн шинжлэх ухаан материаллаг зүйлсийг өндөр түвшинд хөгжүүлж байгаа бол бурханы шашин нь шинжлэх ухааны эрдэмтдэд шинэлэг ойлголт болох сэтгэл оюун ба сэтгэл хөдлөлийн талаар гүн мэдлэгийг агуулдаг билээ. Бурханы шашин, шинжлэх ухаан хоёрыг хослуулж чадваас бие, сэтгэлийн амар амгалан, цаашлаад нийгмийн сайн сайхныг бий болгох нэгдмэл аргыг бид олж чадна.
Бурханы шашны тойн хуврага хүний хувьд би өөрийгөө хиргүй ариун Наландагийн уламжлалыг залгамжлагч гэж үздэг. Наландагийн их сургуульд бурханы шашныг хэрхэн зааж, судалж байснаас Энэтхэгийн хөгжлийн оргилыг харж болно. Хэрэв бид XXI зууны буддист мөн л бол зөвхөн сүсэг бишрэлд дулдуйдах бус Бурхан Багшийн айлдвар сургаалыг сонсож, судалж, нягтлан шинжлэхийг анхааран авлагаа болгох учиртай.
Бурхан Багшийн их дүйчин өдөр тохиодог зуны сар нь Бурхан Багшийн эхээс мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлснийг санан буянд шамддаг онцгой өдрүүд билээ.
Бурхан Багшийн айлдвар сургаалийг дагагч та бүхэнд сайн сайхныг хүсээд энэ өдрүүдэд бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэн утга учиртай амьдрахыг уриалж байна.
Ерөөл өргөсөн Далай Лам.
2024 он 5 дугаар сар 9.