Дээрхийн гэгээн Далай лам хүмүүсийн "Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?" гэсэн асуултанд "Би эгэл жирийн буддын хувраг хүн" гэж хариулдаг юм. Түүний эгэл амьдралын тухай товч танилцуулж байна.
Дээрхийн гэгээнтэн ойр ойрхон Энэтхэгийн бусад муж, хот болон гадаад улс орнуудад айлчилдаг. Айлчлалын үеэр тэрбээр тусгай цагийн хуваарийн дагуу өдөр тутмынхаа ажил, амралтыг зохицуулдаг ч аль болох өглөө эрт унтаж, өглөө эрт босохыг чухалчилдаг юм.
Дээрхийн гэгээнтэн Дарамсала хотод байх үедээ үүрийн 03:00 цагт босдог. Өглөөний угаалга үйлдсэнийхээ дараа 5:00 цаг хүртэл 2 цагийн турш бясалгал, мөргөл залбирал үйлддэнэ. Өглөөний 5:00 цагт хэсэг зуур гарч алхдаг бөгөөд бороотой үед гүйлтийн зам дээр алхана. 5:30-д өглөөний цайгаа ууна. Түүний өглөөний цай нь ихэвчлэн арвайн гурил, овьёосны зутан, гамбир, цай байна. Өглөөний цай уух зуураа BBC телевизийн англи хэл дээрх мэдээ үзнэ. 6:00 цагаас 9:00 цаг хүртэл ахин өглөөний бясалгалаа хийнэ.
9:00 цагаас эхлэн буддын гүн ухааны ном зохиол үзэж судалдаг. 11:30-д үдийн зоог бэлэн болно. Дарамсала дахь өргөөнийх нь гал тогоонд түүнд зориулж цагаан хоол бэлддэг юм. Харин айлчлалын үеэр заавал цагаан хоол бэлдэх шаардлагагүй. Винайн ёсны дагуу тэрбээр оройн зоог барьдаггүй. Үдээс хойш 12:30-15:30 хүртэл албан өрөөндөө хүмүүсийг хүлээн авч уулздаг. Далай ламыг зорин ирсэн төвөд, гадаад иргэд хуваарийн дагуу бараалхдаг юм. Оройн 17:00 цагт өргөөндөө буцаж морилох ба хөнгөн цай ууна. Дараа нь ахин оройн бясалгалд суух ба 19:00 цагийн үед унтаж амардаг.