Сүүлийн бадаг нь:
Эдгээр бүгдийг найман номын
Эндүү атгагийн хирээр үл бохирдуулж
Юмс бүгдийг илбэ дор мэдэх билгүүнээр
Шунал үгүй еэ хүлээснээс гэтлэх болтугай.
Энэ бадгийн эхний хоёр мөр нь бодитойгоор номыг анхааран авагчдын хувьд маш чухал санаанууд юм. Ертөнцийн найман ном нь бидний амьдралд ямагт давамгайлах байдлаар учирч байдаг билээ. Эдгээр нь юу гэвэл, хэн нэгэн магтахад хөөрөн баясах, хэн нэгэн дээрэлхэн доромжлоход сэтгэлээр унах, хямрах, амжилт олоод баярлан бахдах, эсрэгээр амжилтгүй байвал хямран доройтох, эд баялаг олоод түүндээ баяр жаргал эдлэх, ядуурахад сэтгэлээр унан гундах, алдар нэрийг таашаан баясах, эсрэгээрээ алдар үгүй бол сэтгэл эс амгалан, гутранги байх зэрэг юм.
Жинхэнэ бүтээлчид бусдыг гэсэн сэтгэлийн дадуулга, бясалгалдаа эдгээр бодлуудыг сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ёстой. Жишээ нь, би энэ яриаг хийж байхдаа цаад сэтгэлдээ “Намайг хүмүүс гайхан бишрээсэй” гэсэн өчүүхэн төдий болов бодолтой байвал миний сэдэл ертөнцийн гэмүүдээр бохирдсон буюу төвөдүүдийн хэлдгээр “Ертөнцийн найман ном”-д автсаны шинж мөн. Ийм гэмүүд гарахгүй байхад анхаарч, шалгаж байх нь маш чухал юм. Үүнтэй адилаар номд анхаарагч минь бусдыг асран тэтгэх үзлийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байж болох ч гэнэтхэн нэгэн өдөр энэ үйлдээ бардах омгийн сэтгэл төрүүлээд, “Би үнэхээр мундаг бүтээлч юм даа” гэж бодвол тэр даруйдаа түүний дадуулга оролдлого нь ертөнцийн гэмүүдээр бохирдох болно. Бүтээлч маань “Миний хийж буй зүйлсийг хүмүүс гайхан бишрээсэй” гэж бодон, хичээл зүтгэлдээ магтаал сайшаалыг хүсвэл энд бас л ялгаагүй гэм гарах юм. Эдгээр бүгд нь номыг анхааран авагчдын бүтээл бясалгалыг үгүй хийдэг ертөнцийн гэмт бодлууд учраас ийм гэмүүд гаргалгүй номын үйлээ цэвэр ариун байлгах нь чухал билээ.
Тэгэхээр ложон буюу оюун судлахуйн сэтгэлийг өөрчлөх, хувиргах айлдвар сургаалууд нь маш хүчтэйг та бүхэн харж байгаа байх. Эдгээр номлол нь таныг үнэхээр сайтар бодож эргэцүүлэхэд хүргэнэ. Жишээлбэл энд нэг ийм сургаал байна.
“Хэн нэгэн намайг дээрэлхэн доромжлоход би баясаж, харин магтан сайшаахад нь үл баясах болтугай. Хэрэв магтаал сайшаалд даган хөөрвөөс тэр даруйдаа миний омог бардамнал ихсэх бол муушаал буруутгалд баясах нь дутагдал, гэмүүдээ засах ухааныг нээж өгөх болтугай.”
Энэ бол үнэхээр хүчирхэг санаа юм шүү.
Энэ хүртэл бид “янагуух бодь сэтгэл” буюу хамаг амьтдын тусын тулд төгс гэгээрлийг олохыг хүссэн, бусдад анхаарсан тэр хүсэл эрмэлзлийг төрүүлэх үйл, дадуулгуудын тухай ярилаа. Тэгвэл “Найман бадагт”-ын сүүлийн хоёр мөр нь “үнэмлэхүй бодь сэтгэл” буюу юмс үзэгдлийн туйлын мөн чанарыг танин мэдэх билиг билгүүнд чиглэсэн бүтээл бясалгалуудтай уялдана.
“Зургаан билиг барамид”-д өгүүлсний адилаар билиг билгүүнийг төрүүлэх нь бодьсадва нарын зорилго мөн боловч ерөнхийд нь хэлэхэд дээр дурдсанаар бурхны шашны зам мөрд арга, билиг гэсэн хоёр тал байдаг юм. Хоёулаа гэгээрлийн утгад багтах бөгөөд учир нь гэгээрэл нь төгс дүрс/лагшин, төгс билиг билгүүний хоёр үгүй нэгдэл юм. Билиг билгүүн буюу хоосон чанарын үзлийг дадуулан бясалгах үйлс нь төгс билиг билгүүний барамидад хамаарах бол агуу их явдлын буюу аргын талын үйлс нь төгс дүрсийг бүтээхтэй холбоотой байна.
Бурхны шашны гэгээрлийн зам мөрийг суурь, мөр, үр гэсэн ерөнхий гурван төлөвт багтааж болно. Бид эхлээд харьцангуй үнэн, үнэмлэхүй үнэн гэсэн хоёр үнэний түвшинд юмс үзэгдлийн суурь мөн чанарын тухай ойлголтыг төрүүлэн хөгжүүлэх бөгөөд үүнийг суурь гэж нэрлэдэг. Үүний дараа бид бодитой зам мөрийн үед бясалгал, шашны зан үйл, дадуулгуудаа арга, билгийн талаас нь нэг болгон бүтээж үйлдэнэ. Эцэст нь үр буюу үр дагаварт нь хоёр үгүй, нэгдмэл төгс дүрс буюу лагшин, төгс билиг билгүүнийг олох юм.
Юмс бүгдийг илбэ дор мэдэх билгүүнээр
Шунал үгүй еэ хүлээсээс гэтлэх болтугай.
Эдгээр мөрүүд нь юмсын мөн чанарыг танин мэдэх бодит бясалгал бүтээлийг хэлж буй боловч бас өнгөц талаасаа бясалгалын дараах үе шатуудад ертөнц, юмс үзэгдлийг харах, үзэх арга замуудыг тодруулсан байна. Юмс үзэгдлийн үнэмлэхүй мөн чанарын тухай бурхны шашны номлолд цаг хугацааг хоосон чанарыг бодитой бясалгах үе мөн бясалгалын дараа хорвоогийн юмс үзэгдэлтэй харьцах үе гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Тэгвэл энэ хоёр мөрөнд хоосон чанарын бясалгалаасаа боссоны дараа хорвоо ертөнцтэй хэрхэн уялдах, хэрхэн хүлээн авах, үзэх дадуулгыг авч үзсэн байгаа юм. Тийм ч учраас энд юмсын илбэ мэт, зэрэглээ мэт чанарыг танин барих тухай өгүүлж буй бөгөөд яагаад гэвэл бүтээлч хоосон чанарт төвлөрсөн нэг үзүүрт бясалгалаас боссоныхоо дараа юмс үзэгдлийг яг л ийм чанараар нь хардаг.
Миний бодлоор энэ мөртүүд маш чухал санааг гаргасан байгаа бөгөөд учир нь заримдаа хүмүүс бодитой тунгийн үеийн нэгэн үзүүрт сэтгэлээр хоосон чанарт төвлөрсөн бясалгал л хамгийн чухаг нь гэж үзэх талтай байдаг. Тэд ийм бясалгалын үеийн туршлага, мэдрэмж, амсалгааг[1] бясалгалын дараах үед хэрхэн хадгалах, ашиглахад бараг анхаарал хандуулдаггүй. Тэгвэл бясалгалын дараах үе маш чухал гэж би хэлэх байна. Ерөөс юмс үзэгдлийн үнэмлэхүй мөн чанарыг таних бясалгалын гол утга учир нь бодитой мэт ургаж буй үзэгдлүүдэд хууртахгүй байхад л оршиж байгаа шүү дээ. Үзэгдлүүдийн мөн чанарыг гүн гүнзгий таньсан нөхцөлд та дүрс үзэгдлүүдээс цааш даван гарснаар хорвоод илүү зохистой, илүү үр дүнтэй, бодитой хандаж чадна.
Би энэ тал дээр өөрсдийн хөрш айлуудтайгаа хэрхэн уялдаж харьцаж амьдрах тухай жишээ байнга татдаг. Та хөршүүдтэйгээ харьцах бараг боломжгүй тийм хотын дүүрэгт амьдарч байгаа гэж төсөөлье. Гэхдээ таны хувьд хөршүүдээ тэр чигт нь үл тоон орхихын оронд тэдэнтэй харьцаж байвал илүү сайн байх нь ойлгомжтой. Тэгвэл үүнийг хэрхэн хамгийн ухаалгаар шийдэх нь та хөршүүдийнхээ зан чанарыг хэр сайн ойлгож мэдэхээс хамаарна. Жишээлбэл, таны яг хажуугийн хаалганы хөрш их нөөц бололцоотой хүн бол түүнтэй нөхөрсөг, байнгын харилцаатай байх нь танд ашигтай юм. Үүний зэрэгцээ энэ хөрш минь нэлээд арга зальтай хүн гэдгийг та таньсан өөрийг чинь мэхэлж, ашиглах явдлаас зайлсхийхийн тулд тодорхой зай барьж харьцахад чухал мэдээлэл болно. Үүний адилаар та юмс үзэгдлийн мөн чанарын тухай гүнзгий ойлголтыг олж чадвал бясалгалын дараа хорвоогийн харилцаанд орохдоо хамгийн нийцтэй, бодитой хэв маягаар хүмүүстэй харилцаж чадна.
Шүлэгт юмс үзэгдэл бүгдийг зэрэглээ мэт үзэх гэж өгүүлсэн нь та өөрийгөө хорвоогийн үзэгдлүүдийг бие даасан, бодитой оршиж буй гэж харж атгаг санаалахаас бүрэн чөлөөлж чадсан нөхцөлд л зэрэглээ мэт үзэгдлүүд ургана гэдэг санааг илэрхийлж буй юм. Бид өөрсдийгөө хүлээсээсээ чөлөөлж чадах л юм бол юмс үзэгдлийн зүүд зэрэглээ мэт шинж чанар зөнгөөрөө ургана. Үзэгдэл байх боловч тэд бие даасан, тусдаа мөн чанартай үзэгдэх боловч эдгээр нь хуурмаг гэдгийг та бясалгалынхаа үр дүнд таньж чадах юм. Юмс үзэгдэл нь урьдын адил бодитой оршихуй бүхий, бие даасан биелэг мөн чанартай биш болохыг мэдрэх болно. Тиймээс “зэрэглээ” гэдэг үг нь та юмсыг хэрхэн харж, хүлээн авч байгаа болон эдгээр юмсын бодит мөн чанарын хоорондын ялгааг онцолж буй юм.
Ингэж төсөөлөн бодож бясалгасны үр дүнд бусадтай уялдах шүтэн барилдлагаа аажим аажмаар мэдэрч, тэдний зовлон шаналлыг гүнзгий ойлгох, өрөвдөх сэтгэл төрөх бөгөөд энэ үеэс эхлэн авах, өгөхийн бодит бясалгалаа хийж эхлэх юм.
Авахыг бясалгах үедээ өөр бусад төсөөллүүдийг хавсран хийх нь ихээхэн тус нэмэртэй. Эхлээд та зовлон шаналал бүхий амьтдад анхаарлаа төвлөрүүлээд, тэднийг энэрэн нигүүлсэх сэтгэлээ үүсгэн, улам хүчтэй болгох ба үүнийгээ тэдний зовлон гасланг бараг тэвчихийн аргагүй тийм мэдрэмж хүртэл ахиулна. Үүнийхээ зэрэгцээ та амьдралд эдгээр амьтанд одоогийн нөхцөлдөө бодитойгоор туслах боломж өөрт чинь байхгүй болохыг ойлгоно. Тиймээс өөрийгөө илүү үр дүнтэй болгож хөгжүүлэхийн тулд энэрэн нигүүлсэх сэдлээрээ тэдний зовлон бүгдийг, зовлонгийн шалтгаан бүгдийг, тэдний сөрөг бодол хийгээд сэтгэл хөдлөлүүдийг авах гэх мэтчилэн төсөөлөн бясалгана. Тэдний зовлон хийгээд сөрөг буруу зүйлс бүгдийг хар утаагаар төсөөлж, өөрийн биед чинь энэ утаа шингэн орж байна гэж төсөөлөх боломжтой.
Энэ бясалгалынхаа хүрээнд та мөн өөрийн сайн юмс, чанар бүгдийг бусадтай хуваалцаж байна хэмээн төсөөлж болно. Өөрийн үйлдсэн гавьяат үйлс, өөрийн эерэг чанар, чадвар болоод авьяас бас бясалгалын явцдаа олсон, ухаарсан мэдлэг, ойлголтуудаа ч энд хуваалцах боломжтой. Та эдгээрийг бусад амьтан бүгдэд өгөх бөгөөд тэд ч эерэг үр дүнг нь хүртэж байна гэж төсөөлнө. Өгөхдөө таны сайн чанар бүгд хурц цагаан гэрэл, гэрлийн урсгалын хэлбэрээр гарч, бусад амьтанд шингэж байна хэмээн бодох юм. Авах, өгөхийн бясалгалыг ингэж үйлдэнэ.
Мэдээж ийм хэлбэрийн бясалгалууд нь төсөөлөл төдий учраас бусдад материаллаг, бодит байдлаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой боловч эдгээр нь таны бусдыг гэсэн сэтгэл, бусдын зовлонг ойлгон өрөвдөх сэтгэлийг нэмэгдүүлэхээс гадна өөртөө төвлөрсөн сэтгэлийн хүчийг бууруулах бодит үр өгөөжтэй юм шүү.
Та ингэж бусад амьтдад туслах, бусдын тусыг бүтээх хүсэл эрмэлзлийг төрүүлэн хөгжүүлэхийн тулд өөрийн сэтгэлээ дадуулан дасгалжуулах юм. Энэ нь төгс гэгээрлийг олохыг хүссэн сэтгэлтэй хамт төрвөл танд бодь сэтгэл буюу хамаг амьтдын тусын тулд төгс гэгээрлийн хутгийг олохыг зорьсон чин хүсэл төрлөө гэж үзэж болно.
Орчуулсан Г.Лутаа