Нэгдүгээрт, Дээрхийн гэгээн Далай лам өөрөө хувь хүнийхээ хувьд хүмүүсийг амар амгалан, аз жаргалтай байхад уриалдаг бөгөөд сэтгэл амгалангүй байхад биеийн тав тух ч аз жаргал авчирдаггүй бол сэтгэл амгалан үед бие махбодийн өвчин шаналал ч тайван байдлыг эвдэж чадахгүй гэдгийг ойлгуулахад анхаардаг юм. Тэрээр энэрэл нигүүлсэл, уучлал өршөөл, хүлцэл тэвчээр, сэтгэлийн ханамж, сахилга бат, дэг журам зэрэг хувь хүний үнэт зүйлс хийгээд халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмждэг. Бид бүгд хүн төрөлхтнийхээ хувьд ижилхэн, бүгдээрээ аз жаргалыг хүсэж, зовлонгоос ангид байхыг эрмэлздэг бөгөөд шашин шүтлэггүй хүмүүс ч эдгээр хувь хүний үнэт зүйлсийг амьдралдаа дадуулснаар ашиг тусыг нь хүртэх боломжтой гэдгийг тэрээр тогтмол сануулан айлддаг билээ. Дээрхийн гэгээн эдгээр үнэт зүйлсийг шашнаас ангид ёс зүй буюу бүх нийтийн үнэт зүйлс хэмээн тодорхойлдог ба эдгээрийн ач холбогдлыг хүмүүст ойлгуулж, уулзсан хүн бүртэй хуваалцахыг үндсэн үүрэг хариуцлагаа болгосон юм.
Хоёрдугаарт, бурхны шашны хувраг хүний хувьд Дээрхийн гэгээн дэлхийн шашны уламжлалуудын хооронд эв нэгдлийг эрхэмлэн дэмждэг. Гүн ухааны үзэл онолуудын хувьд ялгаатай байж болох ч дэлхийн бүх томоохон шашнууд сайн, сайхан сэтгэлтэй хүмүүсийг төрүүлэх боломжоороо адил юм. Иймээс бүх шашны уламжлал бие биенээ хүндэтгэж, тус тусын уламжлалын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь чухал билээ. “Нэг үнэн, нэг шашин” гэдэг санаа нь зөвхөн тухайн хувь сүсэгтэнд хамааралтай бөгөөд харин өргөн хүрээний хувьд хүн төрөлхтөн хэд хэдэн шашин, үнэний хэд хэдэн талыг баримталдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг сургадаг.
Гуравдугаарт, Дээрхийн гэгээн өөрөө төвөд хүн мөн “Далай лам”-ын хувьд Төвөдийн ард түмний итгэл найдварын гол төвд оршдог учраас тэрээр төвөд хэл, соёл уламжлал мөн Энэтхэгийн Наланда Их Сургуулийн мэргэд дээдсээс дамжсан бурхны шашны өв уламжлалыг хадгалан хамгаалахыг өөрийн үүрэгт үздэгийн зэрэгцээ Төвөдийн байгаль орчныг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөдөг юм.
Нэмж дурдахад Дээрхийн гэгээн сүүлийн үед энэтхэг залуучуудын дунд эртний Энэтхэгийн мэдлэгийн үнэ цэнийг ойлгох, сонирхох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхийг өөрийн үүрэг хариуцлагад авч, үүнийгээ тогтмол илэрхийлэх болсон билээ. Ухамсар, сэтгэл хөдлөлийн үйл ажилбарын тухай эртний Энэтхэгийн баялаг ойлголт, мэдлэг, түүнчлэн энэтхэгийн уламжлалт бясалгал тэргүүтэй оюун санааны сургалтын арга техникүүд өнөө үед асар их ач холбогдол, уялдаатай хэмээн тэрээр итгэдэг. Энэтхэг улс нь логик, учир шалтгаан судлалын урт удаан түүхтэй тул түүний эртний мэдлэгийг шашнаас ангид, академик сургалт судалгааны үүднээс орчин үеийн боловсролтой хослуулах боломжтой гэж Дээрхийн гэгээн үздэг юм. Тэрээр Энэтхэг улс нь эртний болон орчин үеийн мэдлэгийн хэлбэрүүдийг үр дүнтэй хослуулж, орчин үеийн нийгэмд илүү нэгдмэл, ёс зүйтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгод онцгой байр суурь эзлэх боломжтой хэмээн айлддаг билээ.
Англи хэлнээс орчуулсан Г.Лутаа