“Оюун судлахуйн найман бадагт”-ын гүн утга агуулгыг судлан дадуулагчдын хувьд бодь сэтгэлийг төрүүлэхийн тухайтад дараах шүлгүүдийг уншиж байвал ихээхэн тустай билээ. Номыг үйлдэгч бурхны шашинтан хүмүүс шүлгийг уншлага болгохдоо утгыг нь бодож, бусдын төлөөх сэтгэл, бодийн сэтгэлээ өсгөн хөгжүүлэхэд оролдох хэрэгтэй. Өөр бусад шашны хүмүүс ч өөр өөрсдийн шашны номлолоосоо дүгнэлт хийж, өрөөл бусдыг гэсэн үзэл бодлын дор бусдад санаа тавьсан сэтгэлийг үүсгэхэд хичээгтүн.
Бүхий л амьтан бүгдийг чөлөөлөхийн тулд төгс гэгээрлийг олох хүртлээ
Бурхан, ном хийгээд хуврагын чуулгад авралыг эгнэгт одуулъя.
Билгүүн хийгээд энэрэл нигүүлсэлд хөтлөгдөн
Бурхныг гэрчид барьж хамаг амьтдын тусын тулд
Би бээр бодийн сэтгэлийг төрүүлж үйлдье.
Огторгуй хэзээ хүртэл оршиж
Орчлонгийн амьтад төдий чинээ эргэлдэнэ
Би ч төдий хугацаанд оршоод
Бүхий л амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэх болтугай.
Эцэст нь дүгнэн хэлэхэд миний адилаар өөрсдийгөө бурхны шашинтан гэж тооцдог хүн бүр чадах чинээгээрээ бүтээл бясалгалыг дадуулж байх ёстой юм шүү. Бусад өөр шашныг дагагчдад би үүнийг хэлмээр байна. “Та бүгд өөр өөрийн шашнаа нухацтайгаар, үнэн сэтгэлээсээ сайтар дадуулан үйлдэх хэрэгтэй”. Мөн шашингүй үзэлт хүмүүст хэлэхэд халуун дулаан сэтгэл зүрхтэй байгтун. Үүнийг яагаад хэлээд байна вэ гэвэл халуун дулаан сэтгэлийн мэдрэмж нь бидэнд жинхэнэ аз жаргалыг авчирдаг юм. Өмнө би хэлснээр бусдад санаа тавих нь бид бүхэнд бодитой ашиг тустай билээ.
Орчуулсан Г.Лутаа










