Долдугаар бадаг нь бидний дээр авч үзсэн бүх бясалгал бүтээлүүдийг нэгтгэн гаргасан байна. Үүнд:
Товчилбоос шууд болоод дам алинаар
Тус амгаланг үлдээл үгүй бүгдэд өргөе
Эх тэдний хорлол болоод зовлон бүгдийг
Би бээр өөртөө нууцлан авах болтугай.
Энэ бадаг нь бурхны шашны тусгайлсан бясалгал болох “өгөх авахуйг дадуулах” (тонлэн)-ын иогийг үзүүлж буй бөгөөд энд бид өрөөл бусдын оронд өөрийгөө тавьж, тэдэнтэй өөрийгөө адилтган солих дадуулгыг өгөх авахаар баяжуулан төсөөлөн бясалгаж үйлдэх юм.
“Өрөөл бусадтай өөрийгөө адилтган солих” гэдгийг өөрийгөө бусдад, харин бусдыг өөртөө хувиргах гэсэн шууд утгаар ойлгож болохгүй юм. Угаас энэ нь тэртэй тэргүй боломжгүй. Адилтган солих нь өөртөө болоод бусдад чиглэсэн түгээмэл хандлагаа эсрэгээр нь урвуулах гэсэн утгатай болно. Бид “би” гэж барьсан сэтгэлээ өөрийн амин төв болгоод, үүнийгээ хамгийн чухал хайрлан хамгаалах зүйл хэмээн сэтгэснээр бусдын сайн сайхныг орхигдуулах, үл хайхрах байдалд хүрдэг. Өөрөөр хэлбэл бидний бусдад хандах хандлага нь үл анзаарах, үл тоох хэлбэр бөгөөд магадгүй зарим нэг санаа тавих сэтгэл төрүүлж болох ч энэ нь ердөөс мэдрэмж, сэтгэл хөдлөл төдийд илэрдэг. Бүхэлд нь харвал бусдын сайн сайхан байдал бидэнд сонин биш бөгөөд үүнд чухалчлах, нухацтай хандах сэтгэлийг үл үүсгэх билээ. Тиймээс энэ бясалгалын зорилго нь дээрх хандлагыг урвуулах замаар өөртөө шунаж, өөрийгөө машид чухалчлан барьсан бидний энэ сэтгэлийг сулруулж, өрөөл бусад, тэдний сайн сайхан байдал нь үнэхээр хамаатай, чухал хэмээх сэтгэлийг төрүүлэхэд оршиж байгаа юм.
Бурхны шашны ийм төрлийн бясалгалын хүрээнд өөртөө гэм болоод зовлон шаналал бүгдийг авах тухай бодохдоо үүнд болгоомжтой хандаж, зөв утга агуулгаар нь ойлгох нь чухал гэж боддог юм. Энд гарч буй санаа нь зам мөрийг дадуулан, бусдын сайн сайхны тухай бодох сэтгэлд суралцах явцдаа та зарим нэг хүнд хэцүүг туулах, бүр зовлон эдлэхэд хүрвэл үүнийг бүрэн хүлээн авахад бэлэн байх ёстойг үзүүлж байгаа юм. Шүлэгт өөрийгөө үзэн ядах, өөртөө хатуурхах эсхүл ямар нэг мазохист сэдлээр өөртөө зовлон шаналлыг хүсэх тухайд огтоос өгүүлээгүй юм шүү. Үүний утгыг мэдэх нь чухал.
Бид утгыг нь буруу ойлгож болохгүй бас нэг жишээ бол Төвөдийн нэгэн алдартай шастирт гардаг:
“...Хамгийн адаг тамд ч галаваас галавыг дамжин
Хэрэгтэй гэвэл тоолшгүй олон төрлийг авах
Харьшгүй хатан зоригийг олох болтугай би...”
хэмээх мөр юм. Дээр өгүүлснээр энд гарч буй утга нь бусдын сайн сайхныг зам мөр болгох явцад та ийм түвшний шийдэмгий зориг, хатуужлыг гаргах шаардлагатай бол танд үүнийг хүлээн зөвшөөрөх хүсэл эрмэлзэл бас шийдэл байх ёстой гэдгийг харуулж байгаа юм шүү.
Энэ илэрхийлэл, энэ санааг зөв ойлгох нь маш чухал юм. Учир нь буруу ойлгосон нөхцөлд “Би гэдэг нь өөртөө төвлөрөхийн гол төв нь юм бол хүн өөрийгөө л бүрэн шийтгэх хэрэгтэй юм байна” гэж бодсоны үндсэнд өөрийгөө үзэн ядах сэтгэлийг ийм буруу үзлээрээ тэжээн тэтгэх болно.
Гэгээрлийн зам мөрийг сонгон дадуулахыг хүсэж эрмэлзэхийн сэдэл нь эцсийн эцэст төгс амгалан жаргаланг олоход л оршиж буй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс бусдад аз жаргалыг хүсэхдээ өөртөө ч мөн энэ аз жаргалаа эрэлхийлэх ёстой. Практик өнцгөөс ч авч үзэхэд бусдыг гэх жинхэнэ энэрэл нигүүлслийг төрүүлэхийн тулд тухайн хүнд энэ сэтгэлээ дадуулан бясалгах суурь хэрэгтэй бөгөөд энэ суурь нь хүн өөрийнхөө сэтгэлтэй холбогдож, өөрийнхөө сайн сайхан байдалд анхаарал халамж тавих тэр чадвар байх юм. Хэрэв хэн нэгэнд ийм чадвар үгүй болбоос хэрхэн бусдыг мэдэрч, бусдын төлөө санаа тавьж чадах билээ. Бусдыг гэсэн сэтгэлийг үүтгэхэд өөртөө халамж анхаарал тавих сэтгэл заавал шаардана.
Тонлэн бясалгал буюу өгөх авахуй нь хайр, халуун сэтгэлийн болоод энэрэл нигүүлслийн дадуулга хэмээх хоёр хэсэгтэй байна. Өгөх бясалгал нь хайр халуун дулаан сэтгэлд төвлөрдөг бол авах бясалгал нь энэрэл нигүүлслийн сэтгэлд төвлөрнө.
Шантидэва өөрийн “Бодьсадвын явдалд орохуй” зохиолдоо өгөх авахуйг дадуулах их сонирхолтой арга замыг үзүүлсэн байдаг бөгөөд энэ төсөөлөх бясалгал нь “би” буюу өөртөө төвлөрсөн сэтгэлийн гэмт муу талуудаа танихад туслахаас гадна эдгээртэй тэмцэх арга техникийг санал болгодог юм. Тодорхой авч үзвэл нэг талд нь та өөрийн ердийн үеийн “би”-г төсөөлнө. Энэ бол бусдын сайн сайханд огтоос анхаардаггүй, өөрт төвлөрсөн хандлагын жинхэнэ дүр болох юм. Энэ “би” нь зөвхөн өөртөө л санаа тавих бөгөөд өөрийн энэ сайн сайхан байдлыг хангахын тулд бусдыг ч нэлээд ичгүүр дээрэнгүйгээр ашиглахад бэлэн байна. Тэгвэл нөгөө талд нь та ямарваа нэгэн аврагч үгүй, хамгаалах орон газар үгүй, зовлон шаналалд автсан бүлэг хүмүүсийг төсөөлнө. Хүсвэл та хэн нэг тодорхой хувь хүнийг ч төсөөлсөн болно. Жишээлбэл, хэрэв та сайн таньдаг, санаа тавьдаг бас зовж шаналж байгаа хүнийг төсөөлөхийг хүсвэл тэр хүнээ тусгайлан төсөөллийн орон болгож өгөх авах дадуулгаа зөвхөн энэ хүнтэйгээ уялдуулан хийнэ. Гуравт нь та өөрийгөө гуравдагч, хөндлөнгийн ажиглагчаар төсөөлөөд, энд аль талынх нь ашиг сонирхол илүү чухал вэ гэдгийг үнэлэхийг оролдох юм. Өөрийгөө хөндлөнгийн ажиглагчаар тусгаарласнаар та өөртөө төвлөрөх сэтгэлийн гэмтэй муу талуудыг олж хараад, бусад амьтдын сайн сайхан байдалд санаа тавих нь хэчнээн шударга бас зөв зүйтэй болохыг ухааран танихад маш хялбар байх болно.
Орчуулсан Г.Лутаа