Авир чанар муут нэгэн бээр
Аймшигт хилэнц, зовлонд нэрвэгдэхийг
Олж харсан даруйдаа эрдэнийн сантай учирсан мэт
Олдохуйяа бэрх түүнийг энхрийлэх болтугай.
Энэ бадагт магадгүй зан ааш, гадаад төрх, ядуу зүдүү байдал эсхүл ямар нэгэн өвчний улмаас хэвшмэл ойлголтоос өөрөөр харагддаг учир нийгмээс гадуурхагдсан хүмүүстэй харилцах онцгой тохиолыг өгүүлжээ. Бодь сэтгэлийг бясалгагч хэн боловч эдгээр хүмүүсийг тусгайлан анхаарч, тэдэнтэй учрахад жинхэнэ эрдэнэс олсон мэт хандах ёстой билээ. Жинхэнэ бүтээлч нь ийм нөхцөлд сэжиглэх, дургүйцэх гэх мэт мэдрэмж төрүүлэхийн оронд эдгээр хүмүүстэй харилцааг үүсгэн зовлон шаналлыг нь ойлгохыг хичээх ёстой. Авир чанар муут хүмүүсийг ойлгож мэдрэх нь бидний бодь сэтгэлийг дадуулах бясалгал бүтээлд асар их түлхцийг өгч чадна.
Энэ хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн гишүүдэд онцгойлон хандаж, хүмүүнлэгээр асран халамжлах тусламж үзүүлж ажилладаг христийн шашинт ахан дүүс нарын минь гайхамшигтай үлгэр дуурайллыг би энд цохон дурдвал зохистой. Бидний энэ цаг үеийн нэгэн тод жишээ бол амьдралаа ядуу дорой хүмүүсийг асарч халамжлахад зориулсан Тереза эх билээ. Энэ эмэгтэй дээрх бадагт дүрслэгдсэн утга санааны төгс илэрхийлэл мөн юм шүү.
Энэхүү чухал агуулгад суурилаад хэлэхэд би дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа бурхны шашны төвүүдийн гишүүдтэй уулзахдаа тэдэнд зөвхөн ном сургаалыг заах эсхүл бясалгалын хөтөлбөр явуулах нь хангалтгүй гэдгийг байнга хэлдэг. Лам нар кларнет хөгжмийг төвөдийн уламжлалт маягаар тоглох чадвартай болтлоо сайн бэлтгэжээ. Бурхны шашны бясалгалын сэтгэл догдлом төвүүд барууны орнуудад байдаг нь үнэн. Гэхдээ бурхны шашны сургаал зарчмууд нь нийгэмд хувь нэмэр оруулж байх ёстой учраас хөтөлбөртөө нийгэмд хандсан, бусдыг халамжлах, тэтгэх үйл ажиллагаануудыг тусгаж байх шаардлагатайг тэдэнд би ямагт сануулдаг билээ.
Үүнтэй уялдуулаад зарим төвүүд бурхны шашны онол сургаалуудыг нийгмийн үйл ажиллагаандаа чиглүүлж эхэлснийг сонссондоо ихэд баяртай байгаа. Жишээлбэл, Австралид бурхны шашны төвүүд хоспис[1] байгуулж, эдгэшгүй өвчтэй хүмүүст туслахаас гадна ДОХ-ын халдвартай хүмүүсийг асран халамжилж буйг сонссон санагдаж байна. Түүнээс гадна шоронгийн хоригдлуудад шашны тодорхой түвшний мэдлэг олгох, яриа хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг бурхны шашны төвүүдийн тухай би дуулсан. Энэ бүгд бол үнэхээр гайхамшигтай үлгэр дуурайлал яалт ч үгүй мөн.
Хүмүүст тэр тусмаа хоригдлуудад нийгмээс тусгаарлагдсан, гадуурхагдсан мэдрэмж төрдөг нь гүнээ харамсалтай. Ийм нөхцөл нь тэдэнд сэтгэлийн ихээхэн шаналал авчирдгаас гадна өргөн хүрээнд нь авч үзвэл нийгэмд ч хор хохиролтой. Эдгээр хүмүүс нийгэмд бодитой хувь нэмэр оруулж чадах атал бид тэдэнд энэ боломжийг нь олгохгүй байна. Тиймээс нийгэм бүхэлдээ энэ хүмүүсийг түлхэх бус харин хүлээн авч, тэдний оруулж болох хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх нь чухал хэмээн бодож байна. Ингэснээр тусгаарлагдсан мэдрэмж бүхий хүмүүс нийгэмд өөрийн гэсэн байр суурьтайгаа мэдэж, надад бусдад туслах зүйл үнэхээр байгаа юм байна гэж бодож эхлэх болно.
Орчуулсан Г.Лутаа