Анхдугаар Далай лам Гэндэндүв

Анхдугаар Далай лам Гэндэндүв 1391 онд Төвөдийн төв Зан мужийн Сажагийн ойролцоох Жүрмэд Риба хэмээх газар нүүдэлчин айл Гомбодорж, Жомонамхайжэд нарын хүү болон мэндэлжээ. Түүнийг төрөхөд Бадамдорж хэмээх нэрийг хайрлажээ.
Тэрээр Жадон Цэндэбалаар төвөдөөр унших, бичихийг заалгасан бөгөөд 14 настайдаа Нартан хийдийн хамба лам Хэнчэндүв Шэйраваас гэцэл сахилыг хүртэж, Гэндэндүв хэмээх нэрийг авчээ. Хожим 1411 онд хамба ламаас гэлэнгийн сахилыг хүртсэн байна.
Залуу Гэндэндүв бээр шарын шашныг үндэслэгч агуу Богд Зонховын алдар нэрийг ихэд сонсож байсан бөгөөд 1416 онд түүнд шавь орсон гэдэг. Богд Зонховт үнэнч шударга, нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчилсэн тул Гэндэндүвийг өөрийн гол шавиа болгожээ. Тэрбээр Гэндэндүвд бурхны шашны сургаалыг Төвөд даяар түгээн дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгон цоо шинэ жанч өмсгөл гардуулжээ. 1447 онд Гэндэндүв Шигацэд шарын шашны уламжлалын хамгийн том сургууль дацангуудын нэг Дашлхүмбэ хийдийг үүсгэн байгуулсан юм.
Анхдугаар Далай лам Гэндэндүв ихэд эрдэм мэдлэгтэй, онол, бясалгалыг хослуулснаараа алдаршсан, Бурхан багшийн сургаал, гүн ухааны талаарх өөрийн ойлголтуудыг эмхэтгэн багтаасан 8 боть номыг зохиосон агуу нэгэн байв. Тэрбээр 1474 онд 84 насандаа бясалгалын үеэрээ Дашлхүмбэ хийдэд таалал төгсжээ.
II Далай лам Гэндэнжамц

II Далай лам Гэндэнжамц Төвөдийн төв Зан мужийн Шигацийн ойролцоох Данаг Сэгмэ хэмээх газар тариачин эцэг Гунгаажалцан, эх Мажиггунгаабадам нарын хүү болон мэндэлжээ.
Түүний аав нинма буюу улааны шашны нэрт тарнийн аймгийн номын бүтээлч байсан бөгөөд Гэндэнжамц хэлд орсон даруйдаа эцэг эхдээ өөрийн нэрийг Бадамдорж (Анхдугаар Далай ламын төрөх үеийн нэр) гэдэг бас Дашлхүмбэ хийдэд амьдрахыг хүсэж буйгаа хэлсэн гэдэг. Түүнийг эхийн хэвлийд байхад аавынх нь зүүдэнд цагаан хувцастай хүн үзэгдэж, хүүдээ Гэндэндүв хэмээх нэр өгөхийг зөвлөөд, хүү нь өмнөх төрлүүдээ санах чадвартай хүн болно гэдгийг хэлсэн аж. Хэдий тийм ч аав нь түүнийг Санжайпэл хэмээн нэрлэжээ.
Тэрбээр ааваасаа анхан шатны боловсролоо олж авсан бөгөөд 11 настайдаа Анхдугаар Далай лам Гэндэндүвийн хойд дүрээр тодорч, Дашлхүмбэ хийдийн ширээнд залагджээ. 1486 онд Далай лам Банчин Лүнригжамцаас гэцэл сахилаа, Чойжэ Чойжижалцангаас гэлэн сахилаа хүртэж Гэндэнжамц хэмээх алдрыг авчээ. Тэрээр Дашлхүмбэ, Бэрээвэн хийдэд шавилан суралцаж байв.
1517 онд Гэндэнжамц Бэрээвэн хийдийн хамба болсны дараа жил нь шарын шашны гурван их сургууль Сэра, Бэрээвэн, Гандан хийдийн лам нартай хамтран Их Ерөөлийн хурлыг сэргээн зохион байгуулж, өөрийн биеэр удирдан, 1525 онд Сэра хийдийн хамба ламаар томилогджээ. Гэндэнжамц Далай лам 1542 онд 67 насандаа жанч халсан билээ.
III Далай лам Содномжам

III Далай лам Содномжамц 1543 онд Лхас хотын ойролцоох Толун хэмээх газар чинээлэг айл Намжал Дагва, Балжамбуд нарын гэрт мэндэлжээ.
Хэдийгээр түүний аав ээж олон хүүхэд төрүүлж өсгөж байсан ч бүгд бага балчиртаа насан эцэслэсэн тул шинэ төрсөн хүүхдийг өөрсдөөс нь авч явж мэдэх аливаа гай зовлонгоос сэргийлэхийн тулд хүүг цагаан ямааны сүүгээр угжин, Рано Сичо Балжэн буюу "Ямааны сүүгээр амь гарсан азтай нэгэн" хэмээх нэрийг өгчээ.
1546 онд гурван настай байхад нь Төвөдийн захирагч Содном Дагважалцан, Банчин Содномдагва нар Гэндэнжамцын хойд дүрээр тодруулснаар хүндэтгэлийн их жагсаал дунд Бэрээвэн хийдийн ширээнд залсан бөгөөд хорвоогийн үйлээс татгалзсаныг нь бэлгэдэн үсийг нь хусжээ. III Далай лам 7 настайдаа Содномдагваас гэцэл сахил хүртэж, Содномжамц хэмээх алдрыг авч, 22 насандаа хувраг Гэлэгбалсангаас гэлэн сахил хүртжээ.
1552 онд Содномжамц Бэрээвэн хийдийн, 1558 онд Сэра хийдийн хамба лам болжээ. Тэрбээр 1574 онд шашны үйл ажиллагаагаа явуулахад туслуулах зорилгоор Пандэ Лэгшэлин хийдийг байгуулсан нь Намжил хийд нэрээрээ алдаршин, өдгөө ч Далай ламын хувийн хийд байсаар байна. Монголын хаан Алтан хан түүнд "Билгүүний далай" хэмээх утгатай "Далай лам" цол өргөмжилсний хариуд нь Алтан ханд "Шашныг хамгаалагч хаан" буюу "Брахма" цолыг хүртээсэн ажээ. III Далай лам богд Зонховын төрсөн нутагт Гүмбүм хийд, Хам нутагт Литан хийдийг байгуулсан билээ. Тэрбээр 1588 онд Монгол оронд ном айлдаж байхдаа мөнх бусыг ёсыг үзүүлсэн юм.
IV Далай лам Ёндонжамц

IV Далай лам Ёндонжамц 1589 онд Монголд, Түмэдийн Алтан хааны ач Сүмбэр дайчин хунттайж, түүний хоёр дахь гэргий Бэгчог бэйж (Бааханзул) нарын хүү болон мэндэлжээ.
Төрийн сахиуснуудын төлөг, мэндэлсэн үеийнх нь шинж тэмдгүүдийн дагуу Гандан хийдийн хамба лам түүнийг III Далай ламын жинхэнэ хойд дүр хэмээн таньж, Ёндонжамц хэмээх нэрийг хайрлажээ. Гэвч эцэг эх нь түүнийг том болтол хажуугаас нь холдохоос татгалзсан тул тэрбээр шашны суурь боловсролоо Монголдоо төвөд лам нараас хүртсэн байдаг.
Ёндонжамц 1601 онд буюу 12 настайдаа эцэг болон Гандан хийдийн хуучин ширээт лам Санжай Ринчен нарын хамтаар Төвөдөд очин, тэндээ гэцэл сахил, 1614 онд 26 настайдаа IV Банчин лам Лувсан Чойжилоос гэлэн сахил хүртжээ. Удалгүй Бэрээвэн, Сэра хийдийн хамба лам болсон боловч 1617 онд буюу 27 насандаа Бэрээвэнд нирваан дүрийг үзүүлжээ.
V Далай лам Лувсанжамц

V Далай лам Лувсанжамц 1617 онд Лхасын өмнөд хэсэгт орших Лоха Чинвар Дагзэ хэмээх газар Дүдүл Равдан, Гунга Лханзи нарын гэр бүлд мэндэлжээ.
IV Далай ламын тэргүүн туслах Содном Чоймпэл нь Чонжэ хүүгийн ер бусын чадварын тухай сонсоод, түүнтэй уулзан, өмнөх Далай ламын эд тэргүүтнийг үзүүлэхэд хүү тэр даруй “Минийх” хэмээн таньсан ажээ. Содном Чоймпэл тухайн үеийн улс төрийн нэн тогтворгүй байдлаас шалтгаалан V Далай ламыг тодруулснаа ихэд нууцалсан бөгөөд нөхцөл байдал намжсаны дараа V Далай ламыг Бэрээвэн хийдэд залж, IV Банчин лам бээр Лувсанчойжил хүүд хуврагийн санваар хүртээснээр Агваан Лувсанжамц хэмээх алдрыг авчээ.
Төвөдөд улс төрийн үймээн самуунтай байх үед V Далай ламыг тодруулсан билээ. Харин энэхүү тодорхойгүй байдлыг Монголын Гүүш хаан намжааснаар 1642 онд Далай дамыг Шигацэгийн гол танхимд Төвөдийн шашин, төрийг хослон баригч тэргүүнээр өргөмжлөв. 1645 онд Далай лам Гандан Поврангийн дээд түшмэдтэй хуралдан, Төвөдийн Соронзонгомбо хааны босгож байсан улаан цайз байрлах Улаан толгой хэмээх газар Потала ордныг бүтээх ажлыг хэлэлцжээ. Барилгын ажил мөн ондоо эхэлсэн ч 43 жилийн дараа л бүрэн дууссан юм.
1649 онд Манжийн эзэн хаан Сүньзи бээр Далай ламыг Бээжинд урив. Далай лам Хятадын Ниншиа мужид хүрэлцэн ирэхэд түүнийг 3000 морьт цэрэг дагуулсан эзэн хааны сайд, цэргийн жанжид угтан, эзэн хаан өөрийн биеэр Бээжингээс хөдөлж, Котор хэмээх газар тосон мэндчилжээ. Далай лам Бээжинд хүрээд, эзэн хаанаас өөрт нь тусгайлан бариулсан Шар ордонд байрласан билээ. Тэрбээр 1653 онд Төвөддөө эргэн ирэв.
1655 онд Гүүш хаан болоод тэргүүн туслах Содном Чоймпэл нар мөнх бусын ёсыг үзүүлснээр Далай лам Гүүш хааны хүү Данзандоржийг Монголын хаанаар өргөмжилж, тэргүүн туслахаар Бронмэдба Пэрэнлэйжамцыг томилов. 1662 онд Манжийн эзэн хаан жанч халж, түүний хүү Канси хаан ширээнд суухуйд Банчин лам 91 насандаа дүрст лагшнаа номын агаарт хураасан ба 1665 онд Дашлхүмбэ хийдээс өргөх бичиг хүргүүлсний дараа Далай лам Зан мужийн нэгэн хүүг Банчин ламын хойд дүрээр тодруулж, Лувсан-Иш хэмээх алдрыг хайрлажээ.
V Далай лам санскрит хэлэнд нэвтэрхий суралцсан, туйлын эрдэмт нэгэн байлаа. Тэрбээр олон ном бичсэний дотор яруу найргийн ном ч буй. Мөн боловсролын хоёр институцийг байгуулсны нэгэнд эгэл ард, нөгөөд хуврагууд суралцан, монгол хэл, санскрит хэл, одон орон, яруу найраг болоод засаг захиргааны олон хичээлийг үздэг байжээ. V Далай лам цөөн үгтэй нэгэн байсан ч хэлсэн үгс нь жинтэй, итгэлтэй тул Төвөдтэй хил залгаа улс орны удирдагчдад ч нөлөөлдөг байв. 1682 онд буюу 65 насандаа тэрбээр нирваан дүрийг үзүүлэхээсээ өмнөхөн тэргүүн туслах Санжаажамцад Потала ордны барилгын ажлыг дуусгах ажлыг хариуцуулан өгөхдөө өөрийн жанч халсан тухай түр хугацаанд нууцлахыг зарлиг болсон ажээ.
VI Далай лам Цаянжамц

VI Далай лам Цаянжамц нь 1682 онд одоогийн Энэтхэгийн Аруначал Прадешийн Мон Таван хэмээх газар Даши Дэнзин, Цэвээн Лхам нарын хүү болон мэндэлжээ.
Потала ордны барилгыг дуусгах зорилгоор засаг баригч Санжайжамц нь V Далай ламын зааврын дагуу түүний нирваан дүр үзүүлснийг 15 жил нууцалсан гэдэг. Тэрээр ард иргэдэд аугаа V Далай лам урт хугацааны бясалгалаа үргэлжлүүлж буй хэмээн хэлэх бөгөөд чухал арга хэмжээний үеэр Далай ламын ёслолын дээлийг сэнтийд нь залдаг байв. Монгол ноёд бараалхахыг шаардахад Далай ламтай төрх адил Намжал хийдийн Дэва Дэйрав хэмээх өвгөн ламыг дүр эсгүүлэхээр хөлсөлдөг байжээ. Насан өндөр ламд Далай ламын цоо ширтэх харц дутаж байсан тул малгай өмсөж, нүдэндээ будаг түрхдэг байсан аж. Засаг баригч бээр нутгийн нэгэн хүүгийн онцгой чадварын тухай дуулах хүртлээ ийнхүү хуурч дөнгөсөөр байв. Тэрээр өөрийн итгэлт хүмүүсээ илгээж, хүүг 1688 онд Лхас орчмын Нангарцэ хэмээх газар авчирсан байна. Тэнд хүү 1697 он хүртэл засагч баригчийн томилсон багш нараар ном заалгасан агаад энэ үед засаг баригч өөрийн итгэлт сайд Шавдун Агваан Шонуг Манж улс руу илгээж, эзэн хаан Кансид V Далай лам жанч халж, VI Далай ламыг тодруулсан тухай мэдэгджээ. Санжайжамц энэ мэдээг Төвөдийн ард түмэнд зарлахад тэд жаргаж буй нарны хойноос гашуудахын оронд мандах нарыг баяр баясгалантайгаар угтуулсан засаг баригчид талархаж, энэ мэдээг баяр хөөртэйгөөр хүлээн авсан гэдэг.
Санжайжамц V Банчин лам Лувсан Ишийг Нангарцэд урьснаар тэнд Төвөдийн шашны хоёр дахь нөлөө бүхий лам тэрбээр залуу хүүд гэцэл сахил хүртээж, Цаянжамц хэмээх нэрийг хайрлажээ. 1697 онд 14 настай хүүг VI Далай ламын сэнтийд залах ёслолд Сэра, Гандан, Бэрээвэн тэргүүт гурван том хийдийн төлөөлөл, түшмэд, монгол ноёд, эзэн хаан Кансигийн төлөөлөгчид, Лхасын ард иргэд оролцсон ажээ.
1701 онд засаг баригч болон Гүүш хааны удмын Лхасан хан нарын хооронд зөрчил үүсэж, Санжайжамцын амийг хөнөөсөн нь залуу Далай ламын сэтгэлд хүндээр нөлөөлжээ. Тэрбээр хийдийн сургалтаа орхиж, чөлөөт амьдралыг сонгосон бөгөөд гэлэн сахил хүртэх бодолгүй байснаар барахгүй Шигацэд Банчин ламтай уулзаж, өршөөл эрээд, гэцэл сахилаасаа ч татгалзсан аж. Хэдийгээр тэрээр Потала ордонд үргэлжлүүлэн амьдарсан боловч Лхас болоод бусад эргэн тойрны тосгодоор хэрэн хэсүүчлэн, өдрөө Потала ордны арын цэцэрлэгт найз нөхөдтэйгөө өнгөрөөж, шөнөдөө Лхас, Шол (Доод Потала)-ын уушны газруудад чан (төвөд нэрмэл архи) ууж, дуулан цэнгэж өнгөрөөдөг байлаа. Залуу лам гайхалтай яруу найрагч, зохиолч гэдгээрээ алдартай байсан агаад хэд хэдэн шүлэг туурвисан байдаг. Тэрбээр 1706 онд Хятадад уригдан явж байх замдаа мөнх бусын ёсыг үзүүлжээ.
VII Далай лам Галсанжамц

Өнөөг хүртэл mөвөдүүд Цанъянжамц өөрийн дараагийн төрлийг Хам мужийн Литанаас тодорно хэмээн дуундаа зөгнөн хэлсэн гэдэгт итгэдэг байв.
Цагаан тогоруу минь
Надад даль жигүүрээ зээлээч
Би Литанаас хол явахгүй
Тэндээсээ дахин эргээд ирнэ.
Үнэхээр ч VII Далай лам өмнөх Далай ламыг сураггүй болсноос хоёр жилийн дараа буюу 1708 онд Содном Даржаа, Лувсан Чоцо нарын хүү болон Литанд мэндэлсэн ажээ.
III Далай ламын Литанд байгуулсан Түвдэн Жамбаалин хийдийн лам нар шинэ төрсөн хүүхдийн гайхамшгийг биширч мөн Литан дахь төрийн сахиуснууд хүүг өмнөх Далай ламын хойд дүр хэмээн зөгнөсөн ажээ. Гэвч тухайн үеийн улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан тэд шинэ Далай ламыг Лхас руу авч явж чадалгүй Гүмбүмийн хийдэд залан, Агваан Лувсан Дамба Жалцан ламтан хүүд сахил хүртээв.
1720 онд түүнийг Потала ордны ширээнд залж, Банчин лам Лувсан Иш гэцэл сахилыг хүртээснээр Галсанжамц хэмээх алдрыг авсан бөгөөд 1726 онд Бурхан багшийн дүйчэн сарыг тааруулан Банчин богдоос гэлэн сахил хүртжээ. Тэрбээр тухайн үедээ Жүмэ хийдийн хамба лам Банчин лам, Шалу хийдийн хамба лам Агваан Ёндон нарыг багшаар сонгон, бурхны шашны бүх гол гүн ухааны сургаалуудыг судалж, судар тарнийн аль алинд мэргэшсэн байна.
Тэрбээр 1751 онд буюу 43 настайдаа Төвөдийн төрийг захиран тохинуулах зорилгоор "Гашаг" буюу сайд түшмэдийн зөвлөлийг байгуулан, нэгэн хүний гарт хэт их эрх мэдэл төвлөрч байсантай холбогдуулан дэси буюу засаг баригчийн албан тушаалыг халжээ. Ингэснээр Далай лам Төвөдийн шашин төрийг хослон баригч болсон юм. Тэрбээр 45 настайдаа Потала ордонд Цэ сургуулийг байгуулж, Норлин Галсан Поврангийн шинэ ордонг бариулсан билээ.
VII Далай лам нэн их эрдэмтэй лам байсан бөгөөд олон шастир, түүн дотроо олон тооны тарнийн бүтээл туурвисан байдаг. Тэрбээр мөн нэрт яруу найрагч байсан ба Цаянжамцаас ялгаатай нь шүлгээ шашны сэдвээр бичдэг байж. Түүний энгийн агаад зөв явдалт амьдрал нь бүх төвөд хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрбээр 1757 онд нирваан дүрийг үзүүлжээ.
VIII Далай лам Жамбалжамц

VIII Далай лам Жамбалжамц 1758 онд Төвөдийн баруун өмнөд Зан мужийн Лхари Ган нутгийн Товжил хэмээх газар мэндэлжээ. Эцэг Содном Даржай, эх Пунцаг Ванжмо нар Хам нутгаас гаралтай бөгөөд Гэсэр туульсын домогт баатруудын нэг болох Дала Цэжилийн угсааны хүмүүс байв.
Анх эх нь Жамбалжамцыг хэвлийдээ тээх үетэй зэрэгцэн Лхари Ганд нутаг урьд үзэгдээгүй их ургац хураасан бөгөөд арвайн иш бүр 3, 4, 5 түрүүтэй ургасан гэдэг. Мөн ээж нь хамаатан садны хамтаар цэцэрлэгт өдрийн хоолоо идэж байхуйд асар том солонго татаж, нэгэн үзүүр нь эхийн мөрөнд хүрчээ (Ийм шинж тэмдгийг онцгой дээд хүмүүн мэндлэх машид ерөөлтэй бэлгэдэл хэмээн үздэг аж). Жамбалжамц төрөөд удаагүй байхдаа тэнгэр өөд мишээх нь олонтоо ажиглагдсанаас гадна дөнгөж сууж сураад байх үедээ бясалгалын очир завилгаагаар суухыг оролдож эхэлсэн гэдэг.
Хүү хэлд ормогцоо "Би 3 настайдаа Лхаст очно" хэмээснээр бүх Төвөд даяар түүнийг VIII Далай лам мөн гэдэгт итгэжээ. VII Далай ламын ахлах туслах Дарба Тэй гол лам нар, түшмэдийн хамтаар Лхаст ирж, тэр үед 2 ой хагастай байсан хүүг Шигацэгийн Дашлхүмбэ хийдэд залан, тодруулах ёсыг үйлдсэнээр Банчин лам бээр хүүд Жамбалжамц хэмээх алдрыг хайрлажээ.
1762 онд хүүг Лхаст хүргэн, Потала ордонд ширээнээ залах ёслол үйлджээ. Уг ёслолыг нас бага Далай лам нарыг насанд хүрэх хүртэл өмнөөс нь төлөөлөн удирдах үүрэгтэй анхны засаг баригч Дэмо хувилгаан Жамбал Иш хөтөлсөн байна. Жамбалжамц 7 настайдаа Банчин ламаас гэцэл сахил, 1777 онд гэлэн сахилыг хүртсэн байна. VIII Далай лам нь шашны үйл хэрэгт онцгой өв санг үлдээснээс гадна Лхасын захад оршдог цэцэрлэгт хүрээлэн бүхий алдарт Норовлингаа зуны ордонг бариулсан юм. Тэрбээр 1804 онд 47 насандаа дүрст лагшнаа номын агаарт хураажээ.
IX Далай лам Лүндээжамц

IX Далай лам Лүндээжамц 1805 онд Хам мужийн Дан Чохор хэмээх жижиг тосгонд Дэнзин Чойжон, Дондов Дулмаа нарын хүү болон мэндэлжээ.
Тэрбээр 1807 онд VIII Далай ламын хойд дүрээр тодорч, их ёслол хүндлэлтэйгээр Лхаст морилж, 1810 онд Потала ордны ширээнд заларсан аж. Банчин лам бээр хүүд гэцэл сахил хүртээж, Лүндээжамц хэмээх нэрийг хайрлажээ. Харамсалтай нь тэрбээр 1815 онд ердөө 9 насандаа жанч халсан юм.
X Далай лам Цүлтэмжамц

Х Далай лам Цүлтэмжамц нь 1816 онд Хам мужийн Литан хэмээх газар Лувсан Дагва, Намжил Бүд нарын гэрт мэндэлжээ.
Түүнийг 1822 онд Далай ламын дүрээр тодруулж, Потала ордны ширээнд залсан бөгөөд мөн ондоо Банчин лам Дэнбэ Нямагаас гэцэл сахил хүртэж, Цүлтэмжамц хэмээх алдрыг авчээ. Хүү 1826 онд буюу 10 настайдаа Бэрээвэн хийдэд шавилан сууж, бурхны шашны гүн ухаанд хичээнгүйлэн суралцсанаар судар, тарнийн ёсыг төгс эзэмшсэн байна. Тэрбээр 1831 онд Потала ордныг сэргээн засварлуулсан ба 19 настайдаа Банчин ламаас гэлэн сахил хүртэв. Далай лам Цүлтэмжамцын лагшин байнга чилээрхдэг байсан бөгөөд 1837 онд мөнх бусын ёсыг үзүүлжээ.
ХI Далай лам Хайдавжамц

XII Далай лам Хайдавжамц нь 1838 онд Хам мужийн Гатар хэмээх газар Цэдэн Дондов, Юндэн Бүд нарын гэрт мэндэлжээ.
Тэрбээр 1841 онд Далай ламын дүрээр тодорч, Банчин лам Дэнбэ Няма үсийг нь хусаж, Хайдавжамц хэмээх нэр хайрласан байна. Хүүг 1842 онд Потала ордонд ширээнд залж, 11 настайд нь Банчин лам гэцэл сахил хүртээжээ. Тэрбээр хэдийгээр бага залуу насандаа Төвөдийн ард түмний хүсэлтээр шашин, төрийг хослон барих үүргийг хүлээсэн боловч 1856 онд Потала ордонд зуурдаар таалал болжээ.
XII Далай лам Пэрэнлэйжамц

XII Далай лам Пэрэнлэйжамц 1856 онд Лхас орчмын Лхока хэмээх газар Пунцаг Цэвээн, Цэрэн Юндэн нарын хүү болон мэндэлжээ.
1858 онд бага хүүг Далай ламаар өргөмжлөн Лхаст залахад Төвөдийн засаг баригч Рэтэн Агваан Иш Цүлтэмжалцан бээр түүнд Пэрэнлэйжамц хэмээх алдрыг хайрласан байна. Далай лам Пэрэнлэйжамц 1860 онд 5 настайдаа гандан ширээт Лувсангэнрэв ламтнаас гэцэл сахил залж, Потала ордонд ширээнд заларсан бөгөөд 1873 онд буюу 18 насандаа Төвөдийн шашин, төрийг хослон барих үүрэг хүлээж авсан ч төдөлгүй 1875 онд Потала ордонд жанч халжээ.
XIII Далай лам Түвдэнжамц

XIII Далай лам Түвдэнжамц нь 1876 оны гал хулгана жил Дагбо дахь Ландун хэмээх газар тариачин гэр бүл Гунгаа Ринчэн, Лувсан Дулмаа нарын хүү болон мэндэлжээ.
1877 онд түүний төрсөн газарт үзэгдсэн онцгой бэлгэ дэмбэрэлтэй шинж тэмдгүүд болон Найчүн төрийн сахиусны таамаглан айлдсаны дагуу XII Далай ламын хойд дүрээр тодруулсны дараа хүүг Лхаст залжээ. 1878 онд VIII Банчин лам Дэнбэ Ванчүг үс авах ёслол үйлдсэний дараа Далай ламд Агваанлувсанчүлтэмданзанжамцжигдэлчоглоонамжал хэмээх алдрыг хайрласан бөгөөд тун удалгүй буюу 1879 онд түүнийг Потала ордны Их танхимын ширээнд залжээ. Мөн оны сүүлээр хүү Төвөдийн засаг баригч Дагцаг ринбүүчи Агваан Балдан Ишээс гэнэн сахил, 1882 онд буюу 6 настайдаа гэцэл сахил хүртсэн байна.
1895 онд XIII Далай ламд Лхасын Жохан хийдэд гэлэн сахил хүртээх ёслол болж, уг ёслолыг өөрийнх нь багш Пүрцог Агваан Жамба ринбүүчи тэргүүлэн зохион байгуулж, гэлэн сахил хүртээжээ. Пүрцог ринбүүчид тухайн үеийн Төвөдийн бурхны шашны олон нэр хүндтэй тэргүүлэх лам тусалсны дотор Лин ринбүүчи Лувсан Лундог Данзан Пэрэнлэй, ёслолын журмын дагуу нууцаар асуулт асуух ёсыг үйлдсэн Гандан ширээт нар байжээ. Далай лам бээр 1895 оны 9 дүгээр сарын 27-нд Төвөдийн шашин, төрийн эрхийг барих болсноор Хаант Орос, Британийн эрхшээлд байсан Энэтхэг улсын өрнүүлсэн улс төрийн тоглоомд татагдан оржээ. Тэрбээр 1904 оны Британийн халдлага, 1909-1910 оны Хятадын түрэмгийллийг даван гарснаар эрх мэдэл нь асар нэмэгджээ.
XIII Далай лам 1910 онд Манжийн цэргийн хятад генерал Лу Чан Лхаст нэвтэрсэн мэдээг сонсоод, нөлөө бүхий түшмэдийн хамтаар Лхасаас дүрвэн, Энэтхэгийг зорьжээ. Тэд Домо хэмээх нутгийг гатлан, Төвөд, Сиккимийг тусгаарладаг Желеб-ла хавцлын дэргэд хятадын түрэмгийлэгчидтэй хэлэлцээр хийсэн байна.
Төвөдүүд 1911 онд Манж гүрэн бутран унасан боломжийг ашиглан, манжийн үлдэгдэл цэргийг хөөж явуулсны дараа XIII Далай лам Төвөдөд буцан ирж, V Далай ламаас хойш байгаагүй улс төрийн асар их эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэрбээр Төвөдийг орчин үетэй нийцүүлэн шинэчлэхийг оролдсоноос гадна Төвөдийн шашны тогтолцооны зарим дарангуйлан хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахыг хичээсэн юм. Далай лам Энэтхэгт байх хугацаандаа орчин үеийн ертөнцийн олон талыг ажиглан харсан тул эргэж ирээд, Төвөдийн анхны мөнгөн дэвсгэрт, зоосон мөнгийг нэвтрүүлсэн ажээ. Мөн тэрбээр 1913 оны 2 дугаар сарын 13-нд Төвөдийн тусгаар тогтнолыг дахин баталгаажуулсан 5 зүйл бүхий мэдэгдлийг олон нийтэд зарлан, тус ондоо Төвөдийн анхны шуудангийн газрыг байгуулж, 4 төвөд залууг Англи улсад инженерийн мэргэжлээр суралцуулахаар илгээсэн байна.
XIII Далай лам 1914 онд Төвөдийн армид тусгай бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулж, цэргийн хүчийг бэхжүүлсэн ба 1917 онд төвөдийн өвөрмөц уламжлалт анагаах ухаан, одон орон судлалын тогтолцоог хадгалах зорилгоор Лхас хотод Мэнцэхан (Төвөдийн анагаах ухаан, одон орон судлалын хүрээлэн)-г байгуулжээ. Энэ зорилгоор тус хүрээлэнд 100 орчим ухаан сэргэг залуу оюутныг сургахаар сонгосон аж. Тэрбээр 1923 онд Лхас хотод төвөд иргэдийн аюулгүй байдал, сайн сайхныг баталгаажуулах үүрэгтэй Цагдаагийн газрыг байгуулсны зэрэгцээ мөн ондоо Жалцэ хотод Төвөдийн анхны англи сургуулийг нээсэн байна. XIII Далай лам Төвөдийг шинэчлэх зорилгоо бүрэн гүйцээж чадалгүй 1933 онд буюу 58 насандаа нирваан дүрийг үзүүлсэн юм.










