Надад бусад бээр атаархаж
Гүтгэн буруутгах зохисгүй бүгдийн
Хохирол бүгдийг өөртөө авч
Ашиг бүгдийг тэдэнд өргөх болтугай.
Энэ бадагт бусад хүмүүс өөрт чинь чиглэн магадгүй шалтгаангүй эсхүл шударга бусаар хандах, дайран давшлах, буруутгах үйлдэл гаргавал үүнд сөргөөр хандах бус харин бусдыг гэсэн сэтгэлийг бодож дадуулдаг жинхэнэ бүтээлчийн хувьд та ийм хүмүүст хүлцэл тэвчээртэйгээр хандаж чаддаг байх ёстой хэмээх санааг үзүүлжээ. Та бусдын сөрөг хандлагад үл автан, сэтгэлийн амар амгалангаа хадгалдаг байх ёстой. Дараагийн бадагт ийм шударга бус хандсан хүмүүст бид хүлцэнгүй хандаад зогсохгүй тэднийг ном, зам мөрийг үзүүлэгч багш хэмээн хүлээж авах ёстойг харуулжээ.
Миний тусалсан нэгэн бээр
Миний найдсан тэр бээр
Машид зохисгүй хорлол үйлдэхэд
Магадтайяа буяны садан дор харах болтугай.
Шантидэвагийн “Бодьсадвын явдалд орохуй” шастирт ийм хандлагыг бид хэрхэн хөгжүүлэх бас эдгээр гэм хор хүргэж буй хүмүүсийг хэрхэн зам мөр, номд суралцах, дадуулахын орон болгож хэвшүүлэх тухай дэлгэрэнгүй үзүүлсэн байдаг. Мөн Чандракиртийн “Төвд орохуй”-н гуравдугаар бүлэгт хүлцэл тэвчээрт суралцах гайхамшигтай урам сэдэл өгсөн, ихэд үр дүнтэй арга замуудыг номлосон байдаг билээ.
Орчуулсан Г.Лутаа