Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампад баяр хүргэж захидал илгээжээ.
"Би Америкийн Нэгдсэн Улсыг ардчилал, эрх чөлөө, хуулийн засаглалын төлөөх тэмцэгч гэж эртнээс хүндэтгэн ирсэн билээ. Дэлхий АНУ-ын ардчилсан үзэл баримтлал, манлайлалд ихээхэн найдвар тавьж байна. Дэлхийн хэд хэдэн хэсэгт тодорхойгүй байдал, үймээн самуунтай байгаа өнөө үед та энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход манлайлал үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.”
“Төвөдийн ард түмэн бид эртний буддын энх тайван, хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүй зэрэг хүн төрөлхтний үнэт өв соёлыг хадгалан хамгаалахдаа АНУ-ын ерөнхийлөгчид болон Америкийн ард түмний дэмжлэгийг хүлээн авсандаа баяртай байна.”
Тэрээр төгсгөлд нь:
“Америкийн ард түмний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг биелүүлэх, дэлхийн энх тайвныг цогцлооход хувь нэмэр оруулах олон сорилт бэрхшээлийг даван туулахад тань амжилт хүсье.” гэжээ.