Энэтхэг, ХП, Дарамсала –Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өрөөнд орж ирээд түүнийг дэлгэцийн цаана хүлээж буй залуучуудтай “Даши дэлэг” гэж шаламгайлан мэндчиллээ. Өөрийн тайлбараа шууд эхэлсэн даруйд тэрээр буддизмын гүн ухааны үзэл нь шүтэн барилдлага, явдал мөр нь хүч үл хэрэглэх, бусдад хор хөнөөл учруулахгүй байж аль болохоор тусалж дэмжих зарчим гэдгийг тайлбарлав. Энэ хоёр санаа нь дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж чадна.
“Оршиж буй юмс бүгд бусад хүчин зүйлсээс хамаарна. Хэрэв та аз жаргалтай байвал таны эргэн тойрны уур амьсгал өөдрөг, цэнгэлтэй болдог шүү дээ. Хэрэв таны амьдарч буй орчин амгалантай бол та ч бас амар амгалан байх болно. Нэгэнтээ бид зовлон эдлэхийг хүсдэггүй учраас бусдад ч зовлон, шаналалыг учруулахгүй байх нь зүй ёсны хэрэг билээ. Миний өмнө дурьдсан гүн ухааны үзэл болон энэхүү ёс суртахууны зарчим нь хоорондоо харилцан уялдаатай. Та бүгдэд энэ үзэл, зарчмыг сэтгэлдээ сайтар тогтоож авахыг би зөвлөе.”
“Би байнга хэлдэгчлэн дэлхий дээр энх тайвныг бий болгохын тулд бид өөрсдөө эхлээд сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй. Харин сэтгэлийн амар амгаланг алдагдуулагчид нь бидний хөнөөлт, нисванист сэтгэлүүд билээ. Материаллаг хөгжлийг голчлон чухалчилдаг хүмүүс аз жаргал ба сайн сайхан байдлыг зөвхөн бие махбодь эрүүл байх талаас нь боддог боловч сэтгэл эрүүл байх нь бас нэн чухал юм. Эртний Энэтхэгт хүний сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны тухай баялаг, гүн гүнзгий ойлголт мэдлэгүүдийг хөгжүүлж чадсан нь өнөөдөр ч бидэнд машид хэрэгцээтэй байж болохоор байна.”
“Бурхан Багш төгс гэгээрлийн хутгийг олсоны дараа:
Гүн бөгөөд амгалантай, цацралаас хагацсан, гэрэл гэгээ бүхий
Рашаан мэт Дээдийн номыг би олов.
Гэвч үүнийг номловол хэн бээр ч үл ойлгох тул
Аглагт чимээгүй оршиё хэмээн өгүүлжээ.”
“Эдгээр үгсээс “гүн ба амгалантай” гэсэн нь Бурхан Багшийн анхны номын хүрдэнг хэлж буй бөгөөд энэ үедээ Тэрээр Хутагтын дөрвөн үнэнг номлосон билээ. “Цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар хүрдний билиг билгүүний номлолыг хэлсэн болно. “Гэгээн гэрэл”-ийн ойлголт нь Бурхан Багшийн гуравдугаар хүрдний айлдварууд, тэр дотроо Бурханы мөн чанар ба “Жүд Лама” судрын агуулгуудтай уялдах юм.”
“Хоёрдугаар хүрдний үед Бурхан Багш орон гэгээн гэрэл буюу обьектив хоосон чанарыг айлдсан бол гуравдугаар хүрдний үед оронт гэгээн гэрэл буюу сэтгэлийн мөн чанарыг номлосон юм. Жонангийн уламжлал дахь “Бусдаар хоосрох” болон дандрын номлолд гардаг гурван үзэгдлийн ойлголт үүнтэй холбоотой.”
Өөрийн тусыг бүтээснээр бурханы мөн чанарын лагшин, бусдын тусыг үйлдсэнээр бий болдог төгс жаргалангийн лагшин, хувилгаан лагшингийн тухай Дээрхийн Гэгээнтэн ярив. Үүний дараа тэрээр Дигнагын “Шалгадаг ухааны хураангуй”-н магтаал өргөсөн бадгаас эш татлаа.
Үнэнийг өгүүлэгч, энэрлийн эрхээр
Амьтан бүгдийн тусыг бүтээгч,
Төрөлхтөний багш, Түүнчлэн одсон,
Амьтан бүгдийн өмөг түшиг түүн дор би мөргөмүй.
Бид Бурхан Багшийн айлдсан сургаалиудын утга агуулга ба чанарыг шинжлэн судлах замаар түүний жинхэнэ үнэнийг өгүүлэгч багш болохыг ойлгох боломжтой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
Өөрийн товч намтар болгон бичсэн “Онол өгүүлэхүй” номондоо Богд Зонхов Төвөдийн зарим хүмүүс логик, учир шалтгаан ба шалгадгийн ухааны зохиол бүтээлүүд нь гэгээрлийн хутаг олохтой огт хамаагүй гэж үздэг тухай өгүүлснийг Дээрхийн Гэгээнтэн дурьдав. Гэвч ирээдүйд маш хэрэгтэй болох учраас чухамдаа Манзушир бурхан ловон Дигнагаг өөрийн бүтээлээ гүйцээхэд нь урамшуулан дэмжсэн байна. Мөн ловон Шантаракшита Төвөдөд ирээд логик ба учир шалтгааныг ашиглахыг машид чухалчлан үзэж байжээ.
Дигнагын “Шалгадгийн ухаан”-ы магтаалыг өргөсөн энэхүү бадгийг Дармакирти өөрийн “Шалгадаг ухааны тайлбар”-таа дараалуулан болон эсрэг дараалал аль алинаар нь тодорхой тайлбарласан болохыг Богд Зонхов тодруулан өгүүлжээ. Бурхан Багшийн айлдваруудыг шинжлэн үзсэнээр үнэнийг заасан Төрөлхийтний багш болохыг бид мэдэх боломжтой гэдгийг учир шалтгааны үүднээс нотлон буулгасан байна. Буддизмын уламжлал ба урсгалуудын дундаас зөвхөн Төвөдийн буддизм л учир шалтгаан ба логикийг өргөн дэлгэр ашигладаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Чандракиртийн “Төвд орохуй”-н бадгаас эш татаад тухайн бадгийн өөрийн тайлбарт Васубанду, Дигнага болон Дармапала нар Нагаржуна гэгээний үзэл санааг хэрхэн буруу ойлгосон тухай өгүүлснийг дурьдлаа. Эдгээр эрдэмтэд гол утгыг ухаарч чадаагүй учраас хутагт Нагажунайн үгсээс болгоомжлон, ертөнцийн суурийг ганхуулсан эдгээр гайхамшигт утга санаануудаас татгалзсан ажээ.
Цаглашгүй уужим далай мэт Нагаржунайн билгүүний гэрлээс айсан,
Зарим нэг нь энэхүү асар гайхамшигт уламжлалаас зугатсан болой.
Гэвч шүүдрээр чийглэгдсэн сараана цэцгийн дэлбээн адилаар эдгээр шүлгийн мөрүүд амилснаар
Чандракирти миний итгэл найдвар одоо биелэлээ олов.
“Хуучин цагт Сэра, Брайбун, ба Гандан хийдүүд учир шалтгаан ба логикийг ашиглан суралцдаг Төвөдийн эрдмийн гол төвүүд байв. Эдгээр хийдүүдийг өмнөд Энэтхэгт дахин байгуулсан бөгөөд уламжлал нь одоо ч тасраагүй байна. Тэнд суралцаж байгаа хуврагууд өнөөдөр шинжлэх ухааны сэдвүүдийг бас нэмж судалж байгаад би баяртай байна.”
“Мөн үүнээс гадна Хималайн бүс нутгийн ард иргэдийн хамтран санаачилсан байгууллага өөрсдийн мэдлийн хийдүүдээ сургалт судалгааны эрдмийн төв болгохыг зорин ажиллаж байна.”
“Шантаракшита анх Төвөдөд буддизмын үндсийг тавьж байхдаа логик ба төв үзлийг чухалчилж байсан ч тухайн үед олон хүн дандрыг илүү их сонирхож байсан бололтой. Гэвч тэрээр өнөөдрийн бидний уламжлалыг тодорхойлсон загварыг анх гаргаж хэвшүүлсэн бөгөөд үүнд нь бид талархах ёстой юм.”
“XX зуунд Махатма Ганди хүч үл хэрэглэх зарчмыг дэлхий дахинд таниулж чадсан. Харин энэ зуунд бид сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны тухай эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг дахин сэргээж дэлхий дахинд таниулж чадвал их сайн хэрэг болох юм шүү.”
Дээрхийн Гэгээнтэн өчигдөр зогссон хэсгээс цааш үргэлжлүүлэн “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг уншлаа. 9 ба 10-р бадгуудад шүтэн барилдлагыг ойлголт нь номын шим, хоосон чанарыг тодруулах ханьцашгүй зам мөр гэж магтсан байна. Дээрхийн Гэгээнтэн Жамьян Шадва Агваан Зондуйн анх дүрсэлсэн, Төв үзэл ба Шалгадгийн ухааныг бэлэгдсэн хүзүүгээрээ хэлхээтэй хоёр арслангийн тухай онцлов. Түүний зохиосон “Тогтсон тааллын их шастир”-аас үзэж болох бөгөөд энд дээрх уламжлалуудын төлөөлөл болсон Шантаракшита, Гамалашила, Вимуктисена, Харибадра, Буддажнана, Зитари гэх мэт олон буддын эрдэмтдийг дурьджээ.
Богд Зонхов анх Амдогийн цорж Дондов Ринчэнгээр ном заалгажээ. Төвөдийн төв нутагт ирсэнийхээ дараа Рэндава ламын дор Төв үзлийг маш хичээнгүйлэн төвлөрч суралцсан учраас түүний тухай “явсан газар бүртээ Төв үзлийг ярина, суусан газар бүртээ Төв үзлийг л бодно” гэсэн хэллэг ч гарчээ. Богд Зонхов сонсож мэдэх, мэдсэнээ тунгаан бататгаж бясалгах замаар мэдлэгээ өөртөө шингээх тал дээр онцгой байсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
Мэдрэхүй ба мэдрэмж биед түгэн тардаг шиг бодит байдлыг буруу ухаарсан мунхаг сэтгэл нь бүх нисванист сэтгэл бүрт түгэн тархдаг болохыг шинжилсэн хутагт Арьяндэвийн шүлгээс Дээрхийн Гэгээнтэн эш татав. Мунхагийг арилгаснаар нисванист сэтгэлүүд арилах юм. Дараа нь тэрээр Чандракиртийн “Төвд орохуй”-гаас эшлэв.
Бүх нисванист сэтгэлүүд хийгээд гэм түйтгэр бүгд
Бүдгэрэн арилах зуурдын цуглуулгаас бодитойг хайсан бодлоос үүдэлтэй ба
“Би” хэмээх нь энэхүү бодитойд хайхын орон мөн тул
“Би” үгүйг егүзэр чухам баталж үйлдэнэ.
Дээрхийн Гэгээнтэн номыг цааш жигд үргэлжлүүлэн уншихдаа товч товч тайлбаруудыг өгч байлаа. Тэрээр 19-р бадгийн:
Эл шүтэн барилдлагын шалтгаанаар
Эцэслэн баримтлах үзэлд үл шүтнэ
гэсэн мөрийг “Мөрийн гурван эрхэм”-ийн:
Басхүү үзэгдлээр буйн хязгаарыг арилгах болон
Байхгүйн хязгаарыг хоосноор няцаах ба
гэсэн мөртэй харьцуулав.
Тэрээр “Шүтэн барилдлагын мөрөөр бусад зарлигийг тань шалгарсан үнэнд барих магадлалыг олмуй” гэсэн мөрөөр төгссөн 30-р бадаг хүрээд зогслоо.
Өнөөдөр Бангалор дахь ТХС Коллеж ба Чаунтра дахь Төвөдийн хүүхдийн суурингийн сургуулийн сурагчид Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавьлаа. Тэдний асуултанд хариулж байхдаа тэрээр өрсөлдөөн зөвхөн хэн нэгний ялалт байгаад бусад бүх талуудын ялагдал болдогоор бус харин бүх оролцогч талуудад үр өгөөжтэй үр дүнд хүрч явагддаг бол түүнийг эрүүл зөв өрсөлдөөн гэж үзнэ гэдгийг онцлов.
Шүүмжлэл сонссон бол энэ нь үнэн, зөв эсэхийг тунгаах хэрэгтэйг Дээрхийн Гэгээнтэн мөн зөвлөв. Хэрэв өөрийн чинь залхуу хойргыг зөв хэлсэн бол илүү хичээн суралцаж үүнийгээ давах хэрэгтэй. Хэрэв шүүмжлэл шударга бус байвал тухайн шүүмжлэгчээ энэрлийн сэтгэлээр бодох хэрэгтэй.
Шантарч сэтгэлээр унахаас хэрхэн сэргийлэхийг асуусан сурагчид тэрээр бодь сэтгэлийн дадуулга нь бусдад туслахын тухайд болохыг онцоллоо. Тухайлбал энэ нь бусдад туслахад саад болж буй хүмүүст тэвчээртэй хүлээцтэй хандах явдлыг бас хэлнэ. “Би үүнийг хийж чадна, би үүнийг хийхэд суралцаж чадна” гэсэн өөртөө итгэх сэтгэл, бодол чухал юм. Төвөдүүд бид өөрт хадгалагдан ирсэн Наландын уламжлалд бахархалтай хандах ёстойг тэрээр нэмж хэлэв. Учир нь өөрсдийн соёл уламжлалыг хадгалаад зогсохгүй үүнийгээ бусдад туслахад ашиглаж байгаа ийм дүрвэгсэд Төвөдүүдээс өөр үгүй юм.
Аз жаргалыг тодорхойлохыг түүнээс хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн аз жаргалыг материаллаг зүйлсийн талаас болон сэтгэл ухамсрын талаас нь харж тодорхойлж болохыг тайлбарлалаа. Орчин үеийн хүмүүс сэтгэлийн таашаалыг биет, материаллаг зүйлсээс хайх хандлагатай бөгөөд сэтгэл дотроосоо амар амгаланг олоход бага анхаарал хандуулж байна. Гэтэл ууланд амьдрагч даяанч бие махбодийн хувьд хэцүү бэрхийг эдэлж буй боловч сэтгэлийн амар амгалантай учраас аз жаргалтай байж чадна. Тэрээр “Бодьсадийн явдалд орохуй”-гаас ишлэв:
Олон үг нуршаад яах вэ,
Эгэл нялхас амиа бодож,
Бурхад амьтанд тусалсны
Ашиг, гэмийг мэдэхтүн.
Өөрийн жаргалыг бусдад өгч,
Бусдын зовлонг өөртөө авалгүйгээр
Бурханы хутаг гэгээрэл бүү хэл
Орчлонд ч жаргал амсах нь үгүй
“Хүн нийгмийн амьтан мөн. Хэрэв бид бусдад хайр энэрэлээр хандаж чадвал бид аз жаргал, амжилтаар дүүрэн байх болно. Бид дүрвэгсэд хэдий ч “Хамаг амьтан амгалан жаргалантай байж зовлон бүгдээсээ ангижирах болтугай” гэж өнөөдөр ч сэтгэлээсээ залбирч чадаж байна.”
“Хэрэв та хойд төрлөө бодож, эсвэл гэгээрлийн хутгийг бодож бусдад сайнаар ханддаг бол энэ нь шашны ёс суртахуун юм. Харин та бусдад туслахдаа бүгдээрээ өнөөдөр энд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг бол энэ нь шашнаас ангид ёс суртахуун юм. Тариан талбайд ургацаа тарихын тулд бид талбайгаа арчилдаг. Үүнтэй адил бид бусдаас хамаардаг учир тэдэнд анхаарч, санаа тавьж байх нь зүй ёсны хэрэг билээ. Бүхий л зүйлс хоорондоо шүтэн барилдлагатайн үүднээс энэрэл нигүүлсэл ба хүч үл хэрэглэх зарчмыг санаж бодож байгаарай.”
“Баярлалаа, маргааш уулзацгаая.”