Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эрт уулзалтын өрөөнд орж ирмэгцээ дэлгэцэн дээрх сурагчидтай мэндчилээд суудалдаа залрав. Оролцогчид залбирал ерөөл дэвшүүлж, мандал өргөсний дараа тэрээр айлдвараа эхэллээ.
“Өнөөдрийн номын айлдвар нь ерөнхийдөө Төвөдийн залуучуудад зориулагдаж байна. Дарма гэдэг үг олон мянган жил оршжээ. Бид өнөөдөр XXI зуунд, шинжлэх ухаан ба технологи өндөр хөгжсөн цаг үед амьдарч байна. Тэгвэл шашин шүтлэг өнөөдөр уялдаатай хэвээр байгаа юу гэж асуух нь зүй ёсны хэрэг юм.”
“Олон мянган жилийн туршид хүмүүс зовлон бэрхшээлүүдтэй учрах үедээ шашин шүтлэгтээ байнга найдаж, тулж түшиж иржээ. Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум гаруй хүмүүс амьдарч байна. Тэдний зарим нь шашинд итгэдэг бол зарим нь итгэдэггүй, зарим нь шашныг эсэргүүцдэг бол зарим нь ялгаагүй ханддаг билээ. Гэхдээ нийтлэг зүйл гэвэл хүн бүгд зовлонгоос зайлсхийж аз жаргалыг хүсдэгт оршино. Шашныг эсэргүүцдэг, эсвэл шашныг төдийлөн тоодоггүй хүмүүс бусдаасаа илүү аз жаргалтай байдаг болов уу? Ерөнхийд нь харвал шашин шүтлэгтэй хүмүүс илүү амар амгалан байдаг талтай.”
“Төрсөн цагаасаа эхлээд бид амьд байж цааш өсөн торниж амьдрахад хайр, энэрэл маш чухал үүрэгтэй билээ. Энэрэл нигүүлсэл нь хүний суурь үндсэн шинж чанар юм. Хүн нь нийгмийн амьтан учраас бие биенийгээ асран тэтгэж, харж ханддаг гэж шинжлэх ухааны эрдэмтэд үздэг. Энд юу хамгийн тодорхой байна вэ гэвэл бид дангаараа, ганцаараа амьдарч чадахгүй юм.”
“Шашин шүтлэг зөвхөн хүмүүст л байдаг боловч адгуус амьтад ч уур, шунал гэх мэт хорлолт нисванист сэтгэлүүдийг мэдэрдэг. Бид уур, шунал ихтэй хүмүүст таагүй ханддаг бол зөөлөн, халуун дулаан сэтгэлтэй нэгэнд бүгд дуртай шүү дээ.”
“Хайр ба энэрэл нигүүлсэл бүх шашинд нийтлэг боловч каруна-энэрэн нигүүлсэхүй дээр суурилсан ахимса – хүч үл хэрэглэх зарчим Энэтхэг орны уламжлал билээ. Тэгвэл Бурхан Багшийн сургааль Энэтхэгийн энэ уламжлал дээр суурилсан юм.”
“Хайр энэрлээр дүүрэн Эзэн тэнгэрт итгэдэг шашны уламжлалынхны хувьд түүн шиг байхыг эрмэлзэн зорьдог. Төвөдийн буддизмд догшин дүртэй бурхад ба сахиусууд байдаг бөгөөд эдгээрийг уур хилэнг зам мөрд авах дандрын зан үйлд ашигладаг юм. Ердийн хүмүүсийн ойлголтын түвшинд гурван хорт сэтгэл болсон уур, шунал, мунхаг гурвыг сэтгэлийн үндсэн чанараас арилгах ёстой боловч дандрын үзлээс авч үзвэл эдгээр сэтгэлүүдийг урвуулан ашиглах боломжтой. Хорыг урвуулан эм гаргаж авдагийн адилаар нисваанист сэтгэлүүдийг зам мөрд урвуулах арга замууд бий.”
Дээрхийн Гэгээнтэн Майдар бурханы айлдсан алдартай бадгийг эш татав:
Бурхан бусдын хилэнцийг усаар угаахгүй
Бас амьтны зовлонг мутраараа арилгахгүй
Өөрийн ухаарлыг бусдад юүлэхгүй
Зөвхөн үнэнийг зааж амьтдыг гэтэлгэнэ
Бурхад нь үнэн зам мөрийг заах замаар амьтанд тусладаг. Тэд зам мөрөөс олж авсан туршлага, бүтээл дадлагыг хэрхэн хийж төгс гэгээрлийн хутгийг олсон тухайгаа бидэнтэй хуваалцдаг юм. Бүхий л шашны уламжлалууд айдсыг амирлуулахад чиглэдэг учир бүгдээрээ тодорхой хэмжээнд дээдийн номын үүргийг гүйцэтгэж байгаа гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов. Дарма гэдэг үг нь сэтгэл ухамсрыг өөрчлөх утгыг агуулж байгаа билээ.
“Хэрэв та халуун дулаан сэтгэлтэй бөгөөд энэрэл нигүүлсэлтэй бол та өөрөө ч, таны эргэн тойрны хүмүүс ч аз жаргалтай байх болно. Өөрчлөлт гэдэг нь сэтгэл оюунтайгаа ажиллахыг хэлж байгаа юм. Тиймээс бидний зорилго бол сэтгэлдээ хайр ба энэрэл нигүүлслийг дэмжиж, тэтгэж, нэмэгдүүлэх явдал билээ. Мөн үүний зэрэгцээ уур хилэн, атаа жөтөө ба хүсэл шуналын сэтгэлүүдээ бид багасгах хэрэгтэй.”
“Бидэнд олон төрлийн сэтгэл хөдлөлийн төлөвүүд байдгийн зарим нь бидний сэтгэлийн амгаланг алдагдуулдаг чанартай. Тэдгээрийн шалтгаан нь буруу ойлголт, үнэн байдлыг буруу таньсан үзэл бодолтой холбоотой юм.”
“Буддизмын пали ба санскрит уламжлалууд аль аль нь гурван суртгаалийг заадаг. Шагшаабад буюу ёс суртахуун, сахилга бат – энэ нь үндсэндээ бусдад хор хөнөөл учруулахгүй байх тухай бөгөөд, самади буюу төвлөрөл – энэ нь сэтгэлээ дотогшоо төвлөрүүлэх, харин гурав дахь нь билиг билгүүн юм. Нисванист сэтгэлүүд мэдрэхүй ба мэдрэмжээс бус сэтгэл ухамсараас төрөн гардаг юм.”
“Нэгэн үзүүрт төвлөрсөн сэтгэлийн тэгш оршихуйг шагшаабад дээр суурилж бий болгодог. Үүнийг өглөө эрт дадуулж хөгжүүлбэл сайн юм. Дотоод сэтгэл дээрээ төвлөр. Саад болох зүйлс үгүй үед та бүгдэд хоосны мэдрэмж төрж магадгүй. Үүнийгээ бясалгалын орон, зоригдохуун болгоорой. Тухайн сэтгэлийн төлвөө шинжил. Түүний тунгалаг ба сэргэг байдал дээр төвлөр. Мөн та нар юу аз жаргал, харин юу зовлон болохыг шинжлэн ажиглаж болно.”
Жаргал, зовлон нь бие махбодийн ба сэтгэлийн төлөвүүдтэй болохыг Дээрхийн Гэгээнтэн тодруулав. Тэрээр Нагаржуна хутагтын “Төв үзлийн билгүүний үндэс”-ээс “Үйл хийгээд нисванисыг арилгахуй цагт амгалантай. Үйл хийгээд нисванис нь буруу бодлоос үүднэ. Эдгээр нь сэтгэлийн хуурмаг төсөөлөл ба төсөөллөөс цацарсныг хоосон чанарыг ухаарснаар арилгана” гэх утга бүхий эшлэлийг татлаа.
Муу үйлийн үр, муу үйлдэлүүдийн эрхээр бид сансрын хүрдэнд тасралтгүй эргэлдэнэ. Энэхүү хүрднээс зөвхөн муу үйл ба нисванист сэтгэлүүдээ арилган байж чөлөөлөгдөх юм. Нисванист сэтгэлүүд нь юмс үзэгдэл бүгд харагдаж байгаагаараа бодитой оршдог гэсэн мунхаг сэтгэлээс үүдэлтэй. Нисванист сэтгэлүүд нь хэтрүүлэгтэй төсөөллүүд дээр суурилсан хуурмаг бодлуудаас үүсдгийг хутагт Нагаржуна онцлон бичжээ. Ийм буруу үзлүүдийг зөвхөн үнэн мөн чанарыг ухаарсанаар л арилгах юм.
Юмс үзэгдэл бодитой оршиж байгаа мэт үзэгдэж буй боловч судлаад үзэхэд бодитой оршсон зүйл нэгээхэн ч үгүй байгааг квант физикт баталсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн дурьдав. Квант физик нь барууны орнуудад шинэ зүйл боловч ийм төстэй үзэл шинжлэлүүд эртний Энэтхэгт байсныг Ража Раманна Дээрхийн Гэгээнтэнд хэлсэн байна. Төв үзэлд юмс үзэгдлийн оршихуйг зөвхөн томьёололын төдийд гэж үздэг бол сэтгэл төдийтнүүд юмс үзэгдэлийг тэдгээрийг тодруулан тусгаж буй сэтгэлийн түвшинд л буй гэж үздэг билээ.
“Зүрхэн судар”-т Бурхан Багшийн “гүн бөгөөд үзэгдэл” хэмээх бясалгалд суусныг дурьдсан байдаг нь хоёр үнэн буюу янагуух ба үнэмлэхүй үнэнтэй уялдуулан тайлбарлах боломжтой юм. Юмс бидэнд нөлөөлж байгаа боловч тэднийг, тэдний мөн чанарыг хайх явцад олдох зүйлс нэгээхэн ч үгүй байна.”
Дээрхийн Гэгээнтэн хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”-ээс бурхантай уялдаатай бадгийг эш татав:
(Бие-сэтгэлийн) Нэгдэл бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл нь түүнд оршдоггүй, өөрөө ч нэгдэлд оршдоггүй
Ялж Төгс Нөгчсөн нь нэгдлийн “эзэн” бус,
Тэгэхээр Ялж Төгс Нөгчсөн өөр юу байх вэ?
Тэрээр мөн энэхүү шинжлэлийг өөр дээрээ тавьж бодож тунгаадагаа хэлэв:
Би нэгдэлтэй нэг бус, нэгдлээс тусдаа ч бус,
Нэгдэл надад оршдоггүй, би ч нэгдэлд оршдоггүй.
Би нэгдлийн “эзэн” бус.
Тэгэхээр би өөр юу байх вэ?
“Бидэнд “би”-ээс үүдэлтэй маш хүчтэй сэтгэл бий” гэж Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. “Гэвч үүнийгээ хайж үзэх үед зарим нь бие-сэтгэлийн нэгдлийн аль нэг нь, тухайлбал сэтгэл ухамсар нь “би” гэж үздэг. Мөн бид “би”, “миний сэтгэл”, бас “миний яриа” гэж яг л энд эдгээрийг эзэмшигч өөр нэг эзэн байгаа мэтээр ярьдаг билээ.”
“Анхны номын хүрдний айлдварын үед Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэнийг тайлбарласан юм. Гуравдугаар хүрдэнд хамаарах “Жүд Лама” зохиолд үнэн мөн чанарыг ухаараагүй буруу ойлголт буюу мунхаг оюун дээр суурилсан сэтгэлийн гэм түйтгэрүүд нь тохиолдлын, олдмол шинжтэй гэж тайлбарласан байна. Бид нар сайн бодох тусам юмс үзэгдэл бүгд үзэгдэж буй шигээ оршин байдаггүй нь улам тодорхой болно.”
“Хоёрдугаар хүрдний айлдварын үед Бурхан Багш билиг билгүүний сургаалиудыг шалтгаан ба логик дээр суурилан тайлбарласан байна. Энэ хандлагыг Наландын эрдэмтэд цаашид баримтлан хөгжүүлсэн бөгөөд Төвөдөд ч энэ хандлага дэлгэрсэн билээ.”
“Төв үзлийг (Мадхьямака) дадуулан суралцагч бүгд Нагаржуна хутагтыг Хоёрдугаар Будда гэж зүй ёсоор үздэг. Тэрээр өөрийн “Төв үзлийн билгүүний үндэс” зохиолдоо билиг билгүүний сургаалиудыг нэгтгэсэн билээ. Хутагт Арьяндэва ба Буддапалита нар ч түүний уламжлалыг үргэлжлүүлсэн хэдий ч хутагт Нагаржунагаас хойш мэндэлсэн төв үзлийн мастеруудын дунд оройн дээд нь хутагт Чандракирти болсон юм. Би одоо ч гэсэн түүний “Төв үзэлд орохуйн” өөрийн тайлбар болон Нагаржунайн “Учир шалтгааны зургаан чуулган” номуудыг үргэлжлүүлэн уншиж судалсаар байна.”
“Эхлээд уншиж сонсож ойлголт олж авах, дараа нь ойлгосноо бататган тунгаан гүнзгийрүүлэх, эцэст нь гүнзгийрсэн мэдлэгээ бясалгаж туршлага олж авах сургалтын аргыг ловон Шантаракшита Төвөдөд анхлан дэлгэрүүлсэн юм.”
“Төвөдийн сургуулийн сурагчид Дигнагын “Учир шалтгааны ухаан” зохиолын мөргөлийн шүлгийг тодорхой тайлбарласан Дармакиртигийн “Шалгадгийн ухаан”-ы хоёрдугаар бүлгийг үзэж судалдаг бол сайн байхсан. Энэ хэсэгт Бурхан Багшийн сургааль үнэн, түүний энэрэл нигүүлсэл ханьцашгүй, бас хэрхэн Бурхан Багш амьтан бүгдийн багш бөгөөд өмөг тулгуур нь болсныг сайтар тайлбарласан байдаг юм. Хэрэв та бүгд үүнийг үзэж судлавал хэн нэгэн бусдад багшлах чадвар, шинж чанаруудыг өөртөө бүрдүүлж чадсан эсэхийг мэдэх боломжтой болно.”
“Төвөдөд бид суралцаж, бас бясалгах сайн уламжлалуудыг хадгалж байсан билээ. Богд Зонхов төв үзлийг багаасаа сонирхдог байжээ. Лама Умава малчин хүү байхдаа л Манзуширтай учирсан байдаг. Тэрээр Богд Зонховыг Манзушри бурханаас асуулт асуухад тусалсан юм. Нэгэн удаагийн тохиолдлоор Богд Зонхов Манзушрид хоосон чанарын тухай өөрийн ухаарсан зөв үзлийг тайлбарлаад энэ нь сэтгэл төдийтөн, эсвэл төв үзлийн алинд хамаарахыг асуусан байна. Манзушир ч аль ч биш гэж хариулаад товч тайлбар өгсөнд Богд Зонхов тайлбарыг ойлгохгүй байгаагаа хэлжээ. Тэгсэнд Манзушри бурхан түүнд аглагт одож гэм түйтгэрээ арилган билиг билгүүн ба буян хураахад шамдахыг зөвлөсөн байна.”
“Богд Зонхов зөвлөмжийг дагаж аглагт гарсаны дараа Нагаржунайн “Билгүүний үндэс”-т хийсэн Буддапалитын тайлбарыг уншиж байхдаа хоосон чанарыг зөв оносон үнэн ойлголтыг олжээ. Улмаар Бурхан Багшид асар ихээр талархах, хүндлэх сэтгэл төрсөн учраас тэрээр “Шүтэн барилдлагын магтаал”-аа туурвисан байна. Би үүнийг өөрийн Ёнзон багш Лин ринбүчигээс хүртсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн номыг аваад шүтэн барилдлагыг номлосонд нь Бурхан багшид талархан магтсан эхний найман бадгийг уншив.
“Шүтэн барилдаж гараагүй
Нэгээхэн ч зүйл үгүй бөгөөд
Тиймээс хоосон чанаргүй орших
Нэгээхэн ч зүйл үгүй болой” гэж хутагт Нагаржуна бичсэний адилаар Богд Зонхов “нөхцөлүүдээс хамаарсан юмс бүгд өөрийн бие даасан мөн чанараар хоосон” гэж бичсэн байна.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Карнатака дахь Далай Ламын Дээд Боловсролын Институт болон Дарамсала дахь Төвөдийн суурингийн сургуулийн сурагчдын тавьсан хэд хэдэн асуултанд хариулав.
Өдөр тутмын амьдралдаа энэрэл нигүүлсэл ба шүтэн барилдлагыг хэрхэн дадуулах тухай асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа бид бүгдээрээ “би”-г эрхэмлэх зуршилтайг онцлов. Гэхдээ хэрэв бид бие биенээсээ хэрхэн хамаарч оршдогоо ухаарвал бусдад санаа тавих хичнээн чухал болохыг ойлгох болно. Чандракирти өөрийн “Төв үзэлд орохуй” зохиолдоо энэрэл нигүүлслийг машид ихээр магтан сайшаасныг тэрээр тэмдэглэн хэллээ. Бодьсадва нар бодь сэтгэлээр амьтан бүгд дээр төвлөрч, билиг билгүүнээр гэгээрэл дээр төвлөрдөг юм.
Орчин үеийн шинжлэх ухааныг буддийн шинжлэх ухаантай харьцуулан хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн эхнийх нь голчлон биет үзэгдлүүдийг судлахад чиглэдэг байсныг дурьдав. Харин өнөө цагт орчин үеийн эрдэмтэд сэтгэл ухамсар дээр илүү анхаарал хандуулах болжээ. Ричи Дэвидсон ба түүний хамтрагчид бясалгал хүний тархинд яаж нөлөөлдгийг судалсаар байгаа. Мөн өөр бусад эрдэмтэд түгдам буюу туршлагатай бясалгаачид клиник үхлийнхээ дараа тэгш агуулахуйн бясалгалд оршсоор байдаг үзэгдлийг сонирхон судалж эхлээд байна. Дээрхийн Гэгээнтэн Тайваньд саяхан таалал төгссөн нэгэн гэвшийн тохиолдлыг дурьдлаа.
“Бид нар унтах үед бидний мэдрэхүй зогсож, сэтгэлийн төлөв сэрүүн үеийнхээс илүү нарийсдаг. Бид зүүдлэх үед сэтгэлийн төлөв арай бүдүүн байх боловч гүн нойрсох үед нарийн сэтгэл ил гарна. Шинжлэх ухаанд энэ нарийн сэтгэлийн төлөвийг мөн судалж эхлээд байна. Сэтгэл ухамсар ба сэтгэл хөдлөлийн үйл ажилбарын тухай эртний Энэтхэгийн ойлголт ба мэдлэг маш гүн гүнзгий юм. Орчин үеийн шинжлэх ухаан энэ түвшинд дөхөж очоогүй.”
Дээрхийн Гэгээнтэн өмнөх болон хойд төрлийн амьдрал оршдог тухай өмнө төрлийнхөө дурсамжуудыг санасан хүмүүсийн жишээг татан ярьлаа. Нэг амьдралаас дараагийн амьдрал руу шилждэг нь нарийн сэтгэл ба ухамсар юм. Ээж нь түүнийг бага байхдаа өмнөх амьдралаа санадаг байсан гэж ярьдаг байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсав. Тэрээр Гандан Шарзэ гэвшийн дараагийн төрөл Лхаст төрсөн боловч Өмнөд Энэтхэгийн хийдэд амьдарч байснаа тодорхой санаж байсан тухай өгүүллээ.
Буддизмын зохиол бүтээлүүдийг шинжлэх ухаан, гүн ухаан ба шашин гэсэн гурван ангилалд хувааж болох тухай Дээрхийн Гэгээнтэн онцлов. Түүний тайлбар хийсэн өнөөдрийн зохиол нь аль ангилалд багтахыг дунд сургуулийн сурагч асуухад буддизмд гүн ухааны үзэл нь ямагт чухал байдгийг Дээрхийн Гэгээнтэн тодотгоод учир шалтгаан ба логик бүхий Наландын уламжлалын олон зохиол бүтээлүүд шинжлэх ухаан, гүн ухаан ба шашин гэсэн гурван ангилалын аль алийг нь агуулсан байдгийг тэмдэглэн хэллээ. Үүний дараа тэрээр өөрийгөө буддын гэлэн сахилтай, шинжлэх ухаанч, бас гүн ухаанч гэж тооцдогоо дурьдав.
Бүтээгч эзний үүрэг ба буддын учир шалтгаан ба үр дагаврын үзлийг харьцуулан тайлбар өгөхийг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн буддистуудын хувьд аз жаргал ба өвчин зовлон нь үйлийн үртэй холбоотой гэдгийг онцлов. Эерэг, зөв үйлийн эрхээр аз жаргал гарах бол зовлон нь буруу, муу үйлийн эрхээр бий болно. Аливаа зовлон, жаргал үйл болон дагалдах нөхцөлүүдээс гардагийг тэрээр хэлээд энэ утгаараа гадаад ертөнцийг бидний аз жаргалын дагалдах нөхцөл гэж үзэж болно гэлээ.
Төгсгөлд нь чухаг дээд гуравт итгэдэг байх, эсвэл ийм итгэл үгүй, зам мөр ба өөрийн амьдралаа шинждэггүй байхын ялгааг асуусан оюутанд Дээрхийн Гэгээнтэн зөвлөмж өгөхдөө аль нь илүү амар амгалантай байх вэ гэсэн асуултыг онцоллоо.
Наймдугаар бадгийг уншсанаар өнөөдрийн номын айлдвар өндөрлөв.