Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жайпурын утга зохиолын фестиваль (ЖУЗФ) дахь “Зоригт Шинэ Дэлхий” төслийн хүрээнд хуучны анд, зохиолч Пико Иертэй цахим сүлжээгээр ярилцсан юм.
Дээрхийн Гэгээнтэн өргөөнд орж ирмэгцээ дэлгэцээр холбогдсон Пико Иерийн зүг мэндлэв. Тэрээр Пико Иер болон Жайпурын утга зохиолын фестивалийн зохицуулагч Санжой Рой нарт “Өглөөний мэнд” хэмээлээ.
Санжой Рой ЖУЗФ-ийг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнтэй мэндчилээд Дээрхийн Гэгээнтэн болон Пико Иер нартай “Энэрлийн үндэс” сэдвээр ярилцах болсон нь өөрийн хувьд нэр төрийн хэрэг болж байна гэдгээ мэдэгдэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа буддын эгэл даруу хуврага, Нобелийн шагналт, хүчирхийллийн бус замыг бүх нийтэд сурталчилагч хэмээлээ.
“Тавтай морилохыг хүсье. Та сайн байна уу?” хэмээн Пико Иер яриагаа эхлэв.
“Миний царайг сайн хар. Миний дуу хоолойн хүчийг сонс. Миний хүндэлдэг, олон мянган жилийн турш бидэнд өвлөгдөн ирсэн каруна буюу энэрэл, ахимса буюу хүч үл хэрэглэх уламжлал нь өөртөө итгэлтэй байх болон дотоод сэтгэлийн хүчийг надад өгдөг юм.”
“Би хаашаа ч явсан бүх хүнийг надтай яг адилхан хүн байна гэж хардаг. Шинжлэх ухааны эрдэмтэд хүн төрөлхтнийг нийгмийн амьтад гэж тодорхойлсон ба бидэнд нийгмийн сэтгэлгээ ч бий. Бид төрсөн цагаасаа л эргэн тойрны хүмүүстэйгээ ойр дотно болдог адилхан мэдрэмжтэй билээ.”
“Өнгөрсөн үед хүмүүс хязгаарлагдмал түвшинд бусадтай харилцдаг байлаа. Гэтэл өнөөгийн дэлхий эдийн засаг зэрэг олон зүйлээс шалтгаалан нэг нийгэм болсон байна. Энэ нь баруун, зүүн, урд, өмнө гэх мэт газар нутгаас үл хамаарах болжээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийн дулаарал гэх мэт олон бэрхшээлүүдтэй бид адилхан нүүр тулгарч байна. Ийм үед дэлхийн долоон тэрбум хүмүүс нэгдмэл нэг гэсэн ойлголтыг ухаарах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс би хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан тэр хүн бүрийг ахан дүүс минь гэж хардаг.”
Пико, “Та ахимса болон карунаг хэрхэн мөрдлөгө болгодог вэ?” гэж асуув.
“Пандемик болсон энэ цаг үед бид биечлэн уулзахгүй байгаа тул миний хувьд амралт болж байна. Гэхдээ би өдөр бүр хийдэг дөрвөн цагийн бясалгал, өдөр бүрийн уншлагаа тогтмол уншсаар байна. Би өглөө сэрсэн даруйдаа карунаг бясалгадаг. Мөн зэрэгцүүлээд хоосон чанарын үзлийг бясалгадаг юм.”
“Уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэл нь хүчтэй “Би” гэх бодол дээр суурилдаг. Тиймээс “би үгүй”-н ойлголтыг хөгжүүлж, улам баттай болгож чадвал сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж чадна. Квантын физикт аливаа юмс үзэгдэл бидэнд үзэгдэж байгаа шигээ оршдоггүй гэдгийг нотлосон байна. Тэдгээр нь бусадтай хамааран оршдог. Хувь тус бүрээр нь нягтлах аваас үзэгдэж байгаа шигээ орших ямар ч боломжгүй ажээ. Бидний сөрөг сэтгэл хөдлөл нь энэхүү хуурмаг үзэгдэлд автдаг.”
“Энэтхэгийн цөмийн физикч Ража Рамана нэгэн удаа надад “Квантын физик нь өнөөгийн барууны нийгэмд шинэ ойлголт болон гарч ирсэн бол эртний Энэтхэгийн хутагт Нагаржуна тэргүүтэй эрдэмтдийн зохиолд байдаг, үүнийг урт хугацаанд хөгжүүлж чадсан юм.” гэж билээ.
“Тиймээс би өглөө сэрсэн даруйдаа “би”-г хайдаг, гэвч олдодгүй. Ийнхүү үндэс суурь үгүй тул уур хилэн, айдас, атаа хорсол, үзэн ядалт зэргийг арилгаж чадна. Нөгөөтэйгүүр энэрэл хайр гэх мэт эерэг сэтгэл хөдлөл нь учир шалтгаан дээр суурилдаг тул үүнд анхаарал хандуулах тусам улам батжиж байдаг билээ.”
“Мөн Энэтхэгт самади буюу сэтгэл төвлөрлийн бясалгал, випашяана буюу нягтлан судлах бясалгалууд өнө эртний уламжлал болон тогтсон юм. Эдгээр уламжлал нь сэтгэл оюуныг дадлагжуулах шалгарсан арга мөн.”
“Түрүүнд хэлсэнчлэн “би” гэгч яг хаана байна вэ? Далай Лам хаана байна вэ? Сайтар нягталж судалж үзвэл бид зөвхөн төсөөлөлд автсан гэдгээ мэднэ. Энэ нь Бурхан Багшийн айлдсан “Би үгүй”-н онол юм. Энэ нь сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга зам болдог. Сөрөг сэтгэл хөдлөл нь бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг ба улмаар биеийн эрүүл мэндийг ч доройтуулдаг билээ.”
“Би өдөр бүр есөн цаг унтдаг. Хэдэн жилийн өмнө Энэтхэгийн зүүн хойд нутгийн нэгэн улс төрч надтай уулзсан юм. Би түүнд өдөр бүр есөн цаг унтдаг, дараа нь дөрвөн цагийн турш бясалгал хийдэг тул хүмүүсийн толгойг хурдан эргүүлж чаддаг гэж хэлсэн юм. Гэтэл тэр хүн би өдөрт ердөө зургаан цаг унтдаг, тиймээс хүмүүсийн толгойг эргүүлж чаддаггүй юм байна гэж хариулж билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол нь эртний Энэтхэгийн мэдлэг бөгөөд эдүгээ Энэтхэгт ахин сэргээхийн төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа талаар тайлбарлав. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь гол төлөв материаллаг хөгжил дээр анхаарч, оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн тал дээр маш бага анхаарч байгааг онцолсон юм. Ямартаа ч Энэтхэг орон эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой холбох арга замаа олж чадвал хэрхэн дотоод сэтгэлийг хөгжүүлэхийг хүн төрөлхтөнд танилцуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр энх тайван эх дэлхийг бий болгохын тулд эхлээд өөрсдийн дотоод сэтгэлийг амар амгалан болгох хэрэгтэй гэж айлдлаа.
Пико Иер Дээрхийн Гэгээнтнээс сэтгэлийг боловсруулах нь оюун ухааныг боловсруулахаас ямар ялгаатай талаар асуулаа.
“Үүнийг дан ганц залбиралаар хийх боломжгүй. Бид саруул оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Бидний эрүүл байх эсэх нь ч оюун ухааны талаар илүү нарийн ойлголттой байхаас шалтгаална. Бид мэдрэхүйн ухамсарын талаар ярьдаг, гэвч үнэндээ сэтгэлийн ухамсар дээр илүү их анхаарах хэрэгтэй. Бид хүний саруул оюун ухааныг бүрэн дүүрэн ашиглаж чадна. Бид аль сэтгэл хөдлөл нь хор хөнөөлтэй, аль нь ашиг тустай вэ гэдгийг судалж үзэх шаардлагатай байна. Ингэхийн тулд сэтгэл хөдлөлийн уг үндэс нь юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Юунаас болж уур хилэн төрж байна, энэрэл хайрын уг үндэс нь юу вэ гэх зэргийг өөрөөсөө асууж үз. Эдгээрийг судалснаар гүн ойголтыг олж авна. Үр дүнд нь бид сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах ба эерэг сэтгэл хөдлөлийн уг шалтгааныг бүрдүүлж чадна.”
“Эртний Энэтхэгийн сэтгэл судлал нь дэлхий дахинд эрүүл сэтгэл, эрүүл оюун ухааныг хэрхэн бий болгох арга ухааныг түгээж чадна. Ялангуяа энэ талын ойлголт өнөөгийн Барууны ертөнцөд машид үгүйлэгдэж байгаа билээ. Энэ мэдлэг дан ганц сүсэг бишрэл дээр суурилдаггүй, шашнаас ангид, саруул билиг оюуны судлагаа дээр тогтдог юм.”
Дээрхийн Гэгээнтэн дараа нь өөрийн дөрвөн эрх үүргийг тайлбарласан юм. Эхний үүрэг нь дэлхийн долоон тэрбум хүн бүрийн үндсэн чанар нь энэрэнгүй гэдэгтэй холбоотой. Нэгэнт хүн бүр үндсэн чанартаа энэрэнгүй тул энэрэл хайрыг хөгжүүлэх боломжтой, үүний төлөө үүрэг хүлээн ажиллаж байгаа гэдгээ тайлбарлав. Хоёрдугаарт шашин хоорондын эв найрамдлыг хөгжүүлэх тал дээр үүрэг хүлээсэн талаар ярьсан юм. Бүх шашин энэрэл хайр, сайхан сэтгэлийг номлодог, гэтэл шашны нэрийн өмнөөс аллага үйлдэж байгаа нь санаанд багтамгүй хэрэг гэлээ. Энэтхэгийн жишээнээс харвал шашин хоорондын эв найрамдал биелэх боломжтой гэдгийг нотолж байна гэв. Энэтхэгийн уугуул шашин болон өөр бусад улс орноос нэвтрэн дэлгэрсэн дэлхийн томоохон бүх шашин эв найртай Энэтхэгт оршиж байна.
Тэрээр төвөд хүн, мөн Төвөдийн хүн ард түүнд итгэл хүлээлгэсэн тул тэдний өмнө үүрэг хүлээсэн гэдгээ тайлбарлалаа. Энэтхэг дэх Төвөдийн нийгэм нь жижиг боловч сонгуулиар удирдагчаа сонгодог ардчилсан зарчмыг хэрэгжүүлдэг гэдгийг дурдав. Тэрээр 2001 онд улс төрийн үүрэг, эрх мэдлээс татгалзсан бөгөөд ирээдүйн Далай Лам нар ч үүнийг эргүүлэн авахгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Төвөдийн хувьд түүний анхаардаг чухал зүйлийн нэг нь Төвөдийн байгаль экологи ажээ. Инд, Ганга, Брахмапутра, Мекон, Шар Мөрөн гэх мэт Азийн томоохон гол мөрөн Төвөдөөс эхтэй. Гэтэл дэлхийн дулаарлын улмаас цас унах нь багасч, аюултай байдалд хүрээд байна.
Байгаль цаг уурын асуудал дээр нэмээд Төвөдийн мэдлэгийг хадгалах асуудал буй гэдгийг тэрээр ярьлаа.
“VIII зуунд Төвөдийн Тисрон Дэзэн хаан Бурхан Багшийн сургаалийг судлах нь хичнээн чухал болохыг мэджээ. Тэрээр Наландагийн багш нарын хадгалж үлдсэн санскрит уламжлалыг ихэд сонирхож байсан тул тэндээс их эрдэмтэн Шантаракшитаг Төвөдөд урин залсан байна. Түүний заасан мэдлэг боловсролыг төвөдүүд бид сүүлийн мянга гаруй жилийн хугацаанд хадгалан авч ирлээ. Бид Наланда уламжлалыг цэвэр ариун хадгалан авч үлдэх явцад саруул, хурц ухаантай болж чадсан юм.”
“Бидний сургалт маань эхлээд үндсэн эх сурвалжийг цээжилдэг. Миний хувьд долоон наснаас эхлэн эх сурвалжуудыг цээжилж эхэлсэн юм. Дараа нь Энэтхэг болон Төвөдийн их эрдэмтдийн тайлбар зохиолуудыг нарийн судалж, үүн дээр үндэслэн бусадтай мэтгэлцээн өрнүүлдэг. Энэ нь учир шалтгааны логик зарчмаар явагдах ба өөрийн бодож ойлгосон зүйлээ зөв эсэхийг бусадтай мэтгэлцэн нягталдаг. Бурхан Багш “Миний сургаалийг алтны дархан шижир алтыг тасалж, хайлуулж, үрж таньдагтай адил олон дахин нягталсны дараа хүлээн авах хэрэгтэй” гэж айлдсан юм. Тиймээс Наланда уламжлалд яагаад, яагаад гэх асуултыг байнга тавьдаг болсон байна. Ингэснээрээ хүний саруул оюун ухааныг бүрэн дүүрэн ашиглах боломж ч бүрдэж чадсан билээ.”
“Энэхүү учир шалтгаан, логик байрь сууинаас суралцдаг уламжлал зөвхөн Төвөдөд хадгалагдан үлдсэн юм. Хэдийгээр Шуанзан лам Наландад суралцсанаар Хятадад Наланда уламжлал дэлгэрсэн боловч эх сурвалжуудад суралцахаас илүүтэй бясалгалд анхаарсан байна. Тиймээс учир шалтгааны ухааны их мэргэд болох Дигнага, Дармакирти нарын зохиолууд хятад хэлэнд орчуулагдаагүй, харин төвөд хэлээр орчуулагдаж өнөөг хүртэл хадгалан ирлээ.”
“Бид Энэтхэгт дүрвэн ирснийхээ дараа алгуур шинжлэх ухааны эрдэмтэдтэй сансар судлал, невробиологи, физик, сэтгэл судлалын чиглэлүүдээр харилцан ярилцаж эхэлсэн юм. Шинжлэх ухаан ч мөн адил учир шалтгаан, нотлогоог үндэслэдэг тул бидний ярилцлага маань харилцан ашигтай болсон билээ.”
“Би цагаачлан ирсэнийхээ дараа Энэтхэгт ая тухтай сайхан амьдарч байна. Бидний хувьд Энэтхэг нь ариун дагшин орон юм. Манай төвөдүүд амьдралдаа нэг удаа Бодьгаяад очиж мөргөхийг хүсдэг, энэ нь муслимчууд Мекад мөргөл үйлдэхийг хүсдэгтэй адил билээ. Энэтхэгт цагаачлан амьдарч байгаа бидний хувьд жил бүр Бодьгаяад очих боломж байна.”
“Өөр нэг чухал зүйл нь Энэтхэг улс эрх чөлөөг эрхэмлэдэг. Би Хятад соёлд дуртай боловч тэнд үг хэлэх эрх чөлөө байхгүй. Тиймээс эх орноосоо дүрвэн цагаачлах нь нэг талаараа гунигтай боловч нөгөө талаасаа бидэнд боломж бүрдүүлж өгсөн юм. Би энэ улсад аз жаргалтай амьдарч, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдэлж байна. Мөн хамгийн удаан зочилж байгаагийн хувьд Энэтхэгийн засгийн газарт би машид талархалтай, хүндэтгэлтэй ханддаг.”
Иер 2018 онд Дээрхийн Гэгээнтэнтэй Японд уулзахад тэрээр өнөөгийн дэлхий сэтгэл хямралын эрин үед явж байна гэж хэлжээ. Одоо ч гэсэн энэ тал дээр адилхан бодолтой байгаа эсэхийг асуулаа.
“Бид нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголтыг олж авах үнэхээр шаардлага байна. Дан ганц миний эх орон, миний хүмүүс, миний шашин гэж бодох нь үеэ өнгөрөөжээ. Зөвхөн өөртөө болон өөрийн хамааралтай зүйлд анхаарал хандуулсан өчүүхэн бодлын улмаас асар олон асуудал үүссэн нь тодорхой билээ. Энэ нь тэмцэл тулаанд хөтлөнө. Дайн тулаан нь феодалын үзэлтэй холбоотой. Өнгөрсөн цагт хаан, хатан, зарим үед шашны удирдагчид хүртэл өөрийн хүчин чадлаас үл хамаарч бусдыг дайнд оруулдаг байсан. Тэд шинэ цэргүүдэд “бид” ба “тэд” гэх ойлголт төрүүлж өөрийн өмнөөс дайнд оруулдаг байсан юм.”
“Өнөөгийн ардчилсан дэлхийд цэрэг эрсээс эх орныхоо төлөө үхэх үү, эсвэл энх тайвныг эрхэмлэх үү гэвэл тэдний ихэнх нь энх тайвныг илүүд үзнэ гэж хариулна. Гэтэл тэднийг сургаж, зэвсэглэж, тушаал өгч дайнд оруулдаг.”
“Бид саруул оюун ухаанаа ашиглаж, мэдлэг боловсролтой болсноор илүү энх тайван цогцолсон дэлхийг бүрдүүлж чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Хэрэв бүхий л улс орон, нийгэм, бүх хүн төрөлхтнийг тооцон үзэж чадвал хамгийн дээд ашиг тусыг хүртэж чадна.”
“Хуучин анд минь, миний ямар ямар үүрэг хүлээснийг сэтгэлдээ сайн хадгалаарай. Та сайн мэдэж байгаа, би эртний Энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн Энэтхэгт сэргээхийг хүсдэг. Британийн нөлөө бүхий боловсролын систем үүнд маш бага орон зай үлдээжээ. Махатма Ганди эртний Энэтхэгийн сэтгэл судлал дахь хүч үл хэрэглэх зарчмыг баримталдаг байсан мэт санагддаг. Харин Бандит Неру илүү барууны соёлыг дагадаг байсан юм. Гэвч дотоод сэтгэлийн талаарх эртний мэдлэгийг өнөөгийн боловсролтой холбоход оройтоогүй байна. Үүнийг битгий мартаарай.”
Пико Иер, “Дээрхийн Гэгээнтэн, та эдүгээ 85 нас сүүдрийг зооглож байна. Мөн та ихэд өөдрөг хүн билээ. Таныг хүүхэд ахуй үеэс өнөөгийн дэлхий илүү сайхан болсон гэж та боддог уу?” хэмээн асуулаа.
“Дээрдэж байна. Надад Еропын холбооны үзэл хандлага их таалагддаг. Асар их хүчирхийлэл, дайн тулаан явагдсан дэлхийн II дайны дараа Герман, Франц гэх мэт улс орнууд “үнэхээр хангалттай, одоо болсон” гэж үзжээ. Нэг нэгнээ алж, егүүтгэхийн оронд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг ойлгосон байна. Асар олон удаа дайтаж явсанаас үл харгалзан Франц, Герман хоёр улс Европын Холбоог байгуулах санал гаргасан бөгөөд үүний үр дүнд сүүлийн 70 жилийн хугацаанд энэ холбоонд багтсан улс орнуудад дайн тулаан гарсангүй. Гэтэл XX зууны эхэнд ийм зүйл болно гэж санаанд орохын аргагүй байсан шүү дээ.”
“Английн хувьд урьд өмнө эзэнт гүрэн болж явсан талаар өнөөдрийг хүртэл хэтэрхий их бодож байна. Өнөөдөр Англи улс нь жижигхэн арлын орон болсон шүү дээ. Хэдийгээр юу бодох, ямар шийдэлд хүрэх эсэх нь тэдний өөрсдийн эрх, миний асуудал биш ч Англи улс Европын Холбоонд үлдэх нь илүү дээр гэж би боддог. Мөн Африк болон Латин Америкийн улс орнууд яг үүнтэй адил холбоог байгуулах нь зүйтэй.”
“Мөн бид НҮБ-ыг улам тэлж, улс орнуудад адил тэгш статус өгөх хэрэгтэй. Цөөн хэдэн улс дээр анхаараад байвал ардчилал байхгүй болно. Дэлхийн хаана ч ямар нэгэн асуудал болоход НҮБ оролцдог байх хэрэгтэй. Рохинга болон Емейний асуудал дээр анхаарал хандуулах нь баян, хоосны ялгаанд анхаарал хандуулж байна гэсэн үг юм.”
“Өнөөгийн дэлхийд баян, ядуугийн ялгаа асар их гарч байна. Өлсгөлөн их түгээмэл байна шүү. Бид нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголт дээр үндэслэн энэ их ялгааг арилгах ёстой.”
“Тэгвэл тусгаарлах нь бодит бус болж байна уу?”
“Тийм ээ. Бид нийт хүн төрөлхтнийг бодох хэрэгтэй. Миний улс, миний эх орон, миний энэ, миний тэр гэж бодоод байвал тэмцэлд л хөтлөнө гэсэн үг. Бид “ахимса”-г дэлгэрүүлж зэр зэвсэггүй дэлхийг цогцлоох хэрэгтэй.”
Пико Иер ярилцлагийг өндөрлөхдөө өөрийн саруул мэдлэг оюунаас хуваалцсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархал илэрхийлэв. Санжой Рой мөн Дээрхийн Гэгээнтэн, Пико Иер, мөн үзэгч олонд ч талархалын үг хэллээ.