Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хүүхэд залуучуудад зориулсан энэ жилийн номын айлдвараа Төвөдөд анх буддын шашин дэлгэрсэн түүхээр эхлүүлэв.
“Төвөдүүд VII зууны үед Энэтхэгийн диванагарын цагаан толгойд үндэслэн өөрийн бичгээ зохиосон билээ. Үүний дараагаар буддын шашны зохиол бүтээлүүдийг төвөд хэлнээ орчуулж эхэлсэн ба Энэтхэгийн хэлнээс буддын шашин, гүн ухааны чиглэлээр 300 гаруй ном зохиолыг орчуулсан юм. Ингэж орчуулсны үр дүнд Төвөдөд буддын шашныг өөрийнхөө эх хэлээр бүрэн судлах боломжтой болж, маш олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан юм."
“Буддын шашныг учир шалтгааны үүднээс судлах уламжлал эдүгээ зөвхөн Төвөдөд хадгалагдан үлджээ. Хятадад дэлгэрсэн буддын уламжлал нь учир шалтгааныг дагадаггүй, харин пали уламжлалынхан сударт бичсэн зүйлийг шууд хүлээн авч дагадаг. Иймд би тэдэнд “Гүн гүнзгий ойлголтуудыг судлах гэвэл яах аргагүй учир шалтгааны ухаанд дулдуйдах хэрэгтэй. Тэргүй бол хатуу хөтүүг зажлах шүдгүйтэй адил.” гэж хошигнон хэлдэг юм.”
“Учир шалтгааны онол, арга зүй бидэнд өвлөгдөн ирсний ачаар эдүгээ бид олон жилийн турш өрнийн эрдэмтэдтэй хэлэлцүүлэг, яриа өрнүүлсээр ирлээ. Эртний Энэтхэгчүүдийн дэлгэрэнгүй, гүнзгийн судалж үлдээсэн сэтгэл ба сэтгэл хөдлөлийн талаарх эрдэм мэдлэг, үүн дээр учир шалтгааны ухаан, юмсын бодит оршихуйн үнэнийг таниулах төв үзлийн онол нэмэгдээд ирэхэд бид эрдэмтэн, судлаачидтай мэдлэгээ солилцох, хэлэлцэх бүрэн бэлтгэлтэй болж байгаа юм. Учир шалтгаан ба төв үзлийн онолыг хос арслантай зүйрлэдэг.”
“Энэтхэгт дүрвэж ирснийхээ дараа бид төвөд хүүхдүүдийг сургах сургууль байгуулахад дэмжлэг, тусламж үзүүлнэ үү хэмээн тухайн үеийн ерөнхий сайд Жавхарлал Неру тэргүүтэй Энэтхэгийн засгийн газарт хүсэлт тавьж билээ. Удалгүй сургуулиа байгуулж өөрсдийн багш нарыг томилон ажиллууллаа. Мөн тухайн үед Төвөдөөс дүрвэн ирсэн маш олон эрдэмтэн, багш нар Чамба нутагт зам барих ажилд дайчлагдаж байсан үе. Заримдаа би тэднийг зам барих ажлаа хийж байх үеэр нь очиж, замын хажууд ном хаялцдаг байж билээ."
"Тэр үед нөхцөл байдал маш их ээдрээтэй байсан боловч бид явцын дунд уламжлалт номын төв дацан хийдүүдээ Өмнөд Энэтхэгт олноор нь сэргээн байгуулж чадсан юм. Одоо тэдгээр дацан, хийдүүд эрдэм мэдлэгийн их уурхай, оюуны өргөө болжээ. Сүүлийн үед бид уламжлалт сургалтандаа орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгт суурилсан хичээлийг тусгана оруулдаг боллоо.”
“Өнөөдөр би та бүгдэд Богд Зонховын “Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй” хэмээх бүтээлийг тайлбарлан хөтлөх юм. Энэ зохиолд Богд Зонхов өөрийн эрдэм мэдлэг, дадлагын увдис тэргүүтнийг дэс дарааллын дагуу тайлбарлан өгүүлжээ.”
“Хамаг амьтан буюу хүн, адгуус ялгалгүй бүгд амар амгаланг хүсэж, зовлонг огтхон ч хүсдэггүй билээ. Үүгээрээ хүн, амьтан бүгд ижил юм. Харин хүнд аливааг ялган салгаж, ойлгох чадвар бүхий уураг тархи бий. Эртний энэтхэгт, Бурхан Багшийг мэндлэхээс өмнө ч нэгэн үзүүрт төвлөрөл болон дотоод эрдмийг хөгжүүлэх арга ухаан дэлгэрсэн байжээ.”
“Харин Бурхан Багшийн бусдаас ялгарах онцлог нь тэрээр өөрийн дагалдагч шавь нартаа “Та бүхэн миний сургаал номыг сайтар шалгаж нягталж байж дагаарай. Зөвхөн намайг хэлсэн гэдгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Сайн дархан алтыг хайлуулж, тасалж, үрж байж чанарыг нь мэддэг лугаа миний сургаалыг энэчлэн сайтар нягталж үзээрэй” гэж захисан явдал юм.”
“Эртний Энэтхэгийн Наландагийн их сургууль нь гүн ухааны сургалтын гол төв байсан бөгөөд эндээс их сэтгэгчид болох хутагт Нагаржуна, ловон Чандракирти нар төрсөн юм. Ловон Чандракирти бээр “Төвд орохуй” хэмээх зохиолынхоо төгсгөл хэсэгт Дигнага, Васубанду нар Нагаржунайн үзлийг буруу ойлгосон хэмээн өгүүлсэн нь бий.”
Дээрхийн Гэгээнтэн “Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй”-г цааш тайлбарлав. Эхний хэсэг нь аврал одуулах, удаах хэсэгт даган баясах сэтгэлийг төрүүлэх тухай байлаа. Богд Зонхов тухайн үеийн Төвөдийн төв нутагт оршиж байсан хийд, дацангуудад суралцаж, өргөн дэлгэр мэдлэг хураасан юм. Дараа нь Манзушри бурхан түүнд дан ганц ном үзэх нь хангалтгүй хэмээн айлдсан тул шадар найман шавийн хамт бүтээл, бясалгал хийхээр аглагт морилжээ.
“Богд Зонхов аглагт сууж байх үед нэгэн шөнө Нагаржуна гэгээн ойрын таван шавийн хамт зүүдлэгдэж, шавь нарын дундаас ловон Буддапалита алхан ирж өөрийн бичсэн Буддапалита номоор адис өглөө гэж зүүдэлжээ. Маргааш өдөр нь тэрээр хутагт Наржунайн “Билгүүний үндэс” зохиолын “Буддапалита” тайлбар бүтээлийг унших үедээ их онолын эрдэм төрснөөр “Шүтэн барилдлагын магтаал”-аа зохиосон гэдэг.”
“Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй” бүтээлдээ Богд Зонхов өөрийн судалсан зохиол, ном, дагаж хэрэгжүүлсэн бясалгал тэргүүтнийг дурдсан байна. Тэрээр Энэтхэгийн судар, номын эх сурвалжуудыг учир шалтгааны үүднээс сайтар судалж, нягталсан юм. “Хүн хэдий ухаантай ч энэ мэт номд сайтар суралцахгүй бол зааж байгаа зүйлдээ итгэл төгс байж чадахгүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцоллоо.
“Энэ зохиолын 5 ба 11-р бадагт дандрын аймгийн буюу үйлийн, явдлын, иогийн болон ханьцашгүй дээд тарнийн аймгуудад хэрхэн суралцсанаа дурджээ. Дараагийн хэсэгт судар, ном зохиолууд, тэр дундаа билиг барамидын номыг сайтар судалж, анхааран авснаа тодорхой тайлбарласан байна.”
“Зохиолын 14-р бадагт ловон Дигнагагийн зохиосон “Шалгадаг ухааны тайлбар”-т болон Дармакирти гэгээний зохиосон “Шалгадгийн долоон аймаг” зохиолд гэгээрлийн мөрд хүрэх үе шатуудын талаар тайлбарласан тухай дурджээ. Цаашлаад “Шалгадаг ухааны тайлбар”-т Бурхан Багш хамаг амьтныг гэгээрэлд хөтлөх эрх бүхий хөтөч нь юм гэж өгүүлсэн мөрүүд бий.”
“Хоёр дахь хэсэгт, тэрээр завсарт нь ном сургаалыг бясалган бүтээх заавар, анхааран авлагыг сайтар хэрэгжүүлсэн тухайгаа өгүүлэхийн хамт Гухяасамажа, Самвара, Хэ Базар, Калачакра тэргүүтэй ханьцашгүй дандрын гол гол ядмын ном дамжлагыг хэрхэн судласан талаар бичсэн байна.”
“Богд Зонхов бээр төв үзлийн талаар таван боть зохиол туурвисан нь Нагаржунайн “Билгүүний үндэс”-ийг тайлбарласан “Учир шалтгааны далай”, Төвд орохуй зохиолын тайлбар болох “Таалалыг машид тодруулахуй”, “Их үлэмж үзэхүй”, “Бага үлэмж үзэхүй”, “Сайтар номлолын шим” номууд юм.”
“Мөн Богд Зонхов “Алтан эрхи” буюу “Илт онохуйн чимэг” бүтээлд зориулсан тайлбараа бичихээс өмнө Энэтхэгийн холбогдох 21 тайлбар номыг бүгдийг нь уншиж судалсан байна.”
“Тэр үед сажа, гаржүд, нинма ёсны олон эрдэмтэн төрөн гарсан байжээ. Мөн Лончэн Равжамба зэрэг гаадамбын болон нинма ёсны мэргэд тэр үед ид бүтээлээ туурвиж байв.”
“Богд Зонхов Амдо нутгаасаа гарч, урт бөгөөд бэрх замыг туулсаар төв нутагт ирж суралцжээ. Дараа нь Гандан хийдээ байгуулсан байна. Түүнийг нирваан дүрийг үзүүлсний хойно шавь Жалцав Жэ орыг нь залгасан түүхтэй.”
“Богд Зонховын үед лам нар “Гурван их газар” хэмээгдэх чойрын дацангуудад шавилан сууж буддын гүн ухааны сургалтыг дүүргэх ёстой ба дараа нь тарнийн ёсны дацанд суралцдаг байжээ. Ийнхүү суралцсаны дараа Гандан Ширээт албанд сонгогдох боломжтой болдог.”
Далай Ламын анхдугаар дүр Гэндэндүв бээр Богд Зонховын шавь байжээ. Тэрээр Дашлхүмбо хийдийг байгуулсан бөгөөд тус хийдэд учир шалтгааны ухааны сургалтыг түлхүү явуулдаг байв. Тэрээр өөрийн зохиосон “Зүүн зүгийн цаст уулсын дуун” хэмээх шүлэгтээ тухайн цаг үеийн шашны хагарал, зөрчлийн тухай,
Цаст уулсын дундах энэ буйд газарт
Цагийн байдлыг ажин суухад
Өөрийн уламжлалаа оройн дээд хэмээн бат баримталж
Өрөөл бусдын сургаал, номыг илтэд дорд үзэн
Эгээ л тэднийг дайсан мэт санаж,
Эвлэршгүй өстөн мэт хорсох зэвүүцэх хүмүүн олон юм
Тэдний ийн сэтгэж, авирлахыг үзэхүй дор
Тэсэшгүй их гуниг зүрхэнд хурах нь уйтай
хэмээн бичжээ.
“Төвөдийн бурханы шашин нь өнөө цагийн буддизмыг цогц төлөөлөх уламжлал мөн билээ. Энэ уламжлалыг бидэнд өвлүүлсэн Богд Зонхов болон бусад их мэргэдийн эрдэм ухаанд ихэд талархахын хамт бид ч бас тэдэнтэй адил эрдэм мэдлэгээ бусдад харамгүй түгээж байх учиртай.”
Намжал дацангийн гэвш бөгөөд Дарамсалад төвтэй, бурханы шашныг олон нийтэд танилцуулах чиглэлээр ажилладаг байгууллагын тэргүүлэгч багш Лувсан Дагба Дээрхийн Гэгээнтэнд талархал дэвшүүлээд Төвөдийн хүүхэд, залуусын төлөөлөл болох 12 хүүхэд асуулт тавих гэж буйг уламжиллаа.
Эхний асуулт нь цар тахалтай холбоотойгоор сэтгэлийн хямралд өртөх эрсдэлээс хэрхэн сэргийлбэл зохих тухай байв. Энэ асуултад “Та энэ өвчнөөс айж, сэтгэл зовниж буй бол буддын шашинтан хүн үхлийн дараа ахин дахин төрөл авдаг гэдэгт итгэдгийг санаарай.”
“Мөрийн гурван эрхэм”-д дурдсанчлан бид гурван муу сэтгэлийн улмаас зах хязгааргүй сансрын хүрдэнд тэргүүлшгүйгээс, тоолшгүй олон төрөл дамжин төрсөөр ирсэн билээ. Уур, мунхаг, шунал гэх гурван хорт сэтгэлийн улмаас бид ийнхүү зовлонд хүлэгдсэн. Эндээс гэтэлж, гэгээрэлд хүрэхийн тулд бид өвчин, зовлон тэргүүтнийг даван туулах ёстой гэсэн зорилго тавих хэрэгтэй. Гэгээрлийн мөрийн нэг хэсэг нь энэхүү өвчин, зовлонг даван туулах явдал юм гэж санаарай.” хэмээн зөвлөв.
“Төрөх, өтлөх, өвдөх, үхэх нь амьдралын салшгүй хэсэг мөн. Иймд та “Би үйл, нисваанисаас ангид байх болтугай” хэмээн залбирч, гэгээрлийн мөрд шамдах зоригоо чангалаарай. Аливаа бэрхшээл, саадыг номын мөрд урвуулах тухай Багшийг тахихуйн үйлд дараах мөрөөр шүлэглэсэн байдаг.
“Нүгэл хилэнц үйлдсэн бол Гурван эрдэнийн өмнө наманчлах зан үйл үйлддэг. Нэгэнт бидний нэн тэргүүний зорилго бол хилэнцийг ариусгаж, сэтгэлийн хувирган өөрчлөх явдал юм. Хамгийн гол нь хамаг амьтны тусыг бүтээх бодь сэтгэлийг төрүүлэх нь чухал. Ийнхүү бодь сэтгэлийг төрүүлж чадвал нүгэл хилэнцээ ариусгаж, буян болон билгүүний хоёр чуулганыг хураах болно. Гурван суртгаалд суралцахгүйгээр эргэл мөргөл хийх нь ердийн л зан үйл болохоос цаашгүй юм.”
Дээрхийн Гэгээнтэн мөн ямар нэг буруу үйл үйлдсэн тохиолдолд тухайн үйлийг хийх үеийн сэтгэлийн сэдэл их чухал гэв. Шоргоолж алсан бол тэр шоргоолжийг санаандгүй, эсвэл санаатай алсан эсэхээс үйлийн хүнд, хөнгөн байх нь хамаардаг гэлээ.
“Би энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнийг бүгдийг нь буддын шашинтан болоосой гэж хүсдэггүй. Харин хүн бүр энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлтэй байж, энэ дэлхий дээр энх тайван цогцлох болтугай хэмээн ерөөл, залбирал уншдаг.”
“Хэрэв хүн энэрэл нигүүлсэл, асрал хайрыг дадуулдаг болвол бусдад хор учруулдаг муу үйл эцэс болно. Бид дор бүрнээ сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэв бидний сэтгэл уур хийгээд муу сэтгэлийн хөдөлгөөнд эзлэгдвэл сэтгэл тайван бус байх ба дэлхий дахинд ч амар амгалан цогцлох боломжгүйд хүрнэ. Шантидэва гэгээнтэн “Бодьсадвын явдалд орохуй” номондоо өөрийн жаргалыг бусдад өгч, бусдын зовлонг өөр дээрээ авах чадваргүй бол гэгээрлийн хутагийг олохыг бүү хэл энэ орчлонд ч жаргалтай байж чадахгүй гэдгийг онцгойлон айлдсан байна.”
“Бид бол нийгмийн амьтад бөгөөд нийгмээсээ хамаарч оршдог. Ямар нэгэн итгэл үнэмшил, сүсэг бишрэлгүй хүн ч нийгмийн нэг гишүүнийхээ хувиар бусдад санаа тавьж, үнэнч, шударга байснаар сэтгэлийн амар амгаланг олох болно. Шударга, энэрэнгүй байна гэдэг нь заавал шашны сургаал, номоор олж авдаг эрдэм биш юм. Шударга, энэрэнгүй байвал аз жаргалтай амьдралыг бүтээхэд ихээхэн тус болдог. Өөрийн амьдарч буй нийгэмдээ санаа тавьснаар хүн зөв амьдарч чадна. Үүний гол хүчин зүйл нь энэрэл нигүүлсэл бөгөөд уур хилэн эсрэг тал нь билээ. Иймээс энгийн болон лам хувраг бүх хүн муу сэтгэлийг дарахыг хичээх хэрэгтэй.”
Энэ насны таашаалд шунах дадлыг хэрхэн багасгах талаарх асуултад Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм”-ийн 7 ба 8-р бадгийг эш татан бодь сэтгэлийг төрүүлэх талаар айлдлаа. Бодь сэтгэлийг төрүүлснээр магад гарахуйн сэтгэл болон зовлонгийн хүлээснээс гэтлэх чин эрмэлзэл хүчтэй болдог гэв.
Мөн Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө хувиа хичээх үзэлд баригдаагүйн дээр мунхагийн харанхуйд бүрэн автаагүй тул нэгэн цагт жинхэнэ гэгээрэлд хүрч чадна гэдэгтээ итгэдэг хэмээн өгүүлэв.
“Би өөрийнхөө нөхцөл байдлаас үүдэн эргэцүүлж үзвэл миний оюуны мунхаг багассаар, улам нимгэрсээр байна. Муу сэтгэлийн хүлээснээс ангижирч чадсан хамаг амьтан бодь сэтгэлийг хөгжүүлж чадна. Сэтгэл оюуны сахилга батыг дадуулахын тулд эртний Энэтхэгийн уламжлалт сургаалд заасан сэтгэл хөдлөлийн талаарх арга ухаанд суралцах хэрэгтэй. Үүнд уур гэх мэт муу сэтгэлийг хэрхэн дарахыг тайлбарласан байдаг юм. Энэ бүгдэд суралцахын тулд заавал бурханы шашинтан байх албагүй. Бурханы шашнаас хэрэгтэй зүйлээ сурах хэрэгтэй.”
“Бодьсадвын явдалд орохуй” зохиолын 6-р бүлгийг уншиж, уурын гэмийн талаар судлаарай. Харин 8-р бүлэгт амин хувиа хичээсний хор уршиг, бусдыг хайрласны тус эрдмүүдийг мэдэх боломжтой. Уншсан зүйлээ эргэцүүлж, дараа нь бясалгал хийх замаар өөртөө дадуулах хэрэгтэй. Энэ уламжлал Төвөдийн ард түмний дунд олон зууны турш оршиж, тэдний амьдралын хэв маягт бүрэн шингэсэн билээ. Жишээлбэл Төвөдүүд амьтны амь таслахыг ихэд цээрлэдэг. Энэ мэт соёлыг дагаж чадвал дэлхий нийтээрээ амар амгалан байж болно гэдгийг бодитой харуулах юм.”
Дараа нь “Маргааш эргэн уулзацгаая.” хэмээгээд энэ өдрийн номын айлдвараа өндөрлөв.