Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Ли Жэ-мёнд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж захидал илгээлээ.
Тэрбээр захидалдаа "Дэлхий даяар хүн төрөлхтний харилцан хамаарал, нэгдмэл байдлын мэдрэмж улам бүр нэмэгдэж байгаа хэдий ч өнөөдөр дэлхий ертөнц маань маш хэцүү цаг үеийг туулж байна. Солонгосын хойг дахь энх тайвны тогтвортой байдал дэлхий дахины хувьд нэн чухал ач холбогдолтой. Дипломат харилцаа, яриа хэлэлцээгээр дамжуулан бүс нутагт тогтвортой энх тайвныг тогтоохын төлөө тууштай хүчин чармайлт гаргасаар байх болно гэдэгт тань би итгэлтэй байна.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгт сэргээн байгуулсан сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой Солонгосын буддын шашинтнуудын тоо нэмэгдсээр байна. Мөн би Энэтхэгт эргэл мөргөл хийхээр ирсэн Солонгосын буддын шашинтай ахан дүүстэй байнга уулздаг билээ.
Таныг өмнөө тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулж, Өмнөд Солонгосын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэн, илүү эв найрамдалтай, амар амгалан дэлхийг цогцлооход хувь нэмрээ оруулах ажилд тань амжилт хүсье." хэмээсэн байна.
Дээрхийн гэгээн залбирал, сайн сайхны төлөөх ерөөлөөр захидлаа төгсгөжээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл