Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам С.П. Радхакришнанд Энэтхэгийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа,
“1959 онд Төвөдөөс дүрвэн гарах шаардлагатай болсон цагаас хойш Энэтхэг улс надад болон төвөдийн бусад дүрвэгсдэд халуун дотно зочломтгой зангаар хандсаар ирсэн. Үүнд бид маш их талархаж явдаг. Энэтхэгийн засгийн газрын хамгийн удаан хугацаагаар саатаж буй зочны хувиар энэ улсаар аялж байх үед надад нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй уулзах завшаан тохиосон билээ.”
“Энэтхэг улс олон мянган жилийн турш каруна (энэрэл, нигүүлсэл) болон ахимса (хүч үл хэрэглэх) зарчмуудыг баримталсаар ирсэн. Өнөөдөр эдгээр зарчмын талаарх ойлголт маш хол, маш өргөн тархаад байна. Эдгээр зарчим нь хувь хүмүүсийн дотоодод болон дэлхий дахинд энх тайвныг дэмжин тэтгэх чадвартай. Түүнээс гадна Энэтхэг бол олон янзын нийгмийн бүлгүүд зэрэгцэн амьдардаг шашин хоорондын эв нэгдлийн орон юм.”
“Би өөрийгөө голдуу 'Энэтхэгийн хүү' гэж тодорхойлдог. Учир нь миний сэтгэлгээний хэв маяг тэр чигээрээ эртний Энэтхэгийн гүн ухааны нэг хэсэг болох буддын шашны сургалтаар төлөвшсөн юм. Төвөдийн буддын шашны соёл нь Наландагийн их сургуулийн эрдэмтэн мэргэдийн боловсруулсан учир шалтгаан, судалгаа шинжилгээний уламжлалд бат бөх суурилсныг бид бүхэн сайн мэднэ." хэмээсэн байна.
Захидлынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн дэд ерөнхийлөгчид энэ агуу улсын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх ажилд нь амжилт хүсчээ.
Орчуулсан Б.Одгэрэл