Роттердам, Голланд – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Голландын парламентын зургаан гишүүнтэй уулзахдаа Төвөдийн төлөө тэдний зүгээс сэтгэл, зүтгэл гаргаж байгаад ихэд талархаж байгаагаа юуны түрүүнд илэрхийлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам Төвөдийн соёл хичнээн гүн гүнзгий, ач холбогдолтой болохыг улам олон хүн мэдэж ойлгож байхад Төвөдөд энэхүү соёлыг зогсолтгүй устган үгүй хийсээр байна. Төвөд нь Энэтхэг, Хятад хоёр улсын дунд оршиж байдгийн хувьд ямагт улс төрийн чухал ач холбогдолтой байсан гэдгийг тэрээр онцолсон юм.
“Бид тусгаар тогтнолын тухай яриагүй, учир нь энэ нь бараг боломжгүй болов уу, гэхдээ хэрэв чадлаа гэхэд бид ядуу хэвээрээ үлдэнэ. Төвөдүүд бид бусадтай л адил хөгжин цэцэглэхийг хүсэж байна. Хэрэв бид БНХАУ-тай нэгдмэл байдлаараа үлдвэл Хятадын хүчирхэг эдийн засгийн үр өгөөжийг хүртэж чадна.”
“Хятадын хууль Төвөдийн бүс нутгуудыг хүлээн зөвшөөрч байгаа тул эдгээр нутгуудад бид өөрсдийн хэл соёлоо хадгалан авч үлдэх эрхтэй байх ёстой. Бид хамтарч ажиллаж болно. Хятадууд бидэнд материаллаг боломжуудыг хангаж бид сэтгэл оюуны дэмжлэг үзүүлж болно шүү дээ. Нэг үндэстний явцуу үзлээс давж нийт олны сайн сайхныг чухалчилж чадсан Европын Холбооны шийдэл зоригийг би маш ихээр биширдэг. Ийм холбоог бид Хятадтай үүсгэж болно шүү дээ.”
“Түүхийн хувьд Төвөд улс тусгаар улс байсан. Хятадын түүхэн сурвалжууд 7, 8, 9-р зуунд бие даасан гурван эзэнт гүрэн байсныг тэмдэглэсэн байдаг нь Хятад, Монгол, Төвөд гурав юм. Үүнтэй ч уялдаатайгаар Тан улсаас Манж гүрэн хүртэлх түүхийн тэмдэглэлүүдэд Төвөдийг Хятадын хэсэг байсан гэсэн мэдээлэл огт байхгүй. Энэ бүгд нэгэнтээ өнгөрсөн түүх хэдий ч Европын Холбооны гишүүн улсууд тусгаар улсууд хэвээрээ байгаа гэдгийг би тэмдэглэж хэлмээр байна.”
“Бид 1951 онд Төвөдийн асуудлыг НҮБ-д гаргаж тавьсан ч юуг ч шийдэж өгөөгүй. Ахиад 1959 болон 1965 онд Энэтхэг улсаар дамжуулан дэлхийн байгууллагад хандсан боловч бас л шийдэж өгөөгүй юм. Төвөдийг чөлөөлөхийн төлөө АНУ Хятадтай дайн хийхгүй гэж Бандит Неру надад хэлж билээ. Тиймээс Хятадын удирдлагуудтай ярихаас өөр арга зам бидэнд байхгүй гэж тэр хэлсэн юм. Нэг удаагийн уулзалтан дээр “Төвөдийг тайван замаар чөлөөлөх” тухай 17 Зүйлт Гэрээг авчраад аль заалтууд дээр үр дүнтэй хэлэлцэж болохыг Неру надад тайлбарлаж билээ.”
“1956 онд Энэтхэгт айлчлахад Бандит Неру намайг Төвөд руу буцахыг зөвлөсөн тул би буцсан. Нөхцөл байдлыг хяналтаас гарах хүртэл Хятадын удирдлагуудын хүсэл шаардлагад би өөрийн үйл ажиллагаагаа нийцүүлэхийг хичээж байсаан. 6 сая Төвөд хүмүүс чанга хатуу шүү. Хятадууд бидний урам зоригийг мохоох гэж төрөл бүрийн арга хэрэглээд амжилтанд хүрээгүй. Тэр хооронд аллага, өлсгөлөн ба амиа хорлолтоос болж 340 мянган Төвөд хүн амиа алдсан даа.”
“Эхлээд үндсэрхэг үзэл тийм их түгээмэл байгаагүй боловч 1959 оноос Төвөдүүд болон Хан үндэстнүүдийн хооронд байдал хурцадсанаар нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Бүхий л Төвөдийн бүс нутгаар бидний шийдэл зориг хүчтэй хэвээр байлаа. Өнөөдөр Хятадын удирдлага өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа нухчин дарах бодлого нь үр дүнд хүрэхгүй байгааг ойлгоод илүү бодитой, амьдралд ойрхон арга хэмжээнүүд авч эхэлж байх шиг байна. Үнэхээр ч Төвөдийн асуудлыг бодитойгоор харж шийдэхгүй бол энэ асуудал өөрөө алга болчихгүй. Хятадын дээд удирдлагууд Далай Ламыг цааш түлхэх нь тэдэнд тус болохгүй гэдгийг ойлгож эхэлж байх шиг байна. Цааш яаж өрнөхийг харж л байя даа.”
Парламентын гишүүдийн нэг боловсролын системийн материаллаг байдалд төвлөрсөн хандлагыг хэрхэн багасгах вэ гэж асуухад Дээрхийн Гэгээнтэн дотоод үнэ цэнүүдийг сэтгэл оюунд нь сайтар суулгах, мөн сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох тухай тайлбарлан ойлгуулах нь илүү чухал гэж боддогоо хэллээ. Мөн тухайн хүүхэд төрөхөөсөө эхлээд эерэг зан чанараа хөгжүүлэн сайжруулахад боловсрол чухал үүрэг гүйцэтгэж чадна гэлээ.
“Хувь хүмүүс сэтгэлийн амар амгаланг олж байж нийтийн энх тайван тогтох боломжтой юм. Энх тайвныг уур хилэнгээр, зэр зэвсгээр тогтоох боломжгүй. Бид дэлхийд хангалттай хүчирхийлэл үйлдсэн шүү дээ. 21-р зуун энх тайвны зуун байх ёстой – инээмсэглэлийг инээмсэглэлээр угтах ёстой.”
Айлчлалын 2 дахь өдөр Ахое ордонд Паула Де Вийс Дээрхийн Гэгээнтэн, хуврагууд болон ордонд цугласан хүн бүрт мэнчилгээ дэвшүүллээ. “Энэрэл нигүүлслийг зөвхөн Буддизмд бус бүхий л шашны уламжлалуудад ярьдаг. Хүн бүрт энэрэл нигүүлсэл хэрэгтэй учраас өнөөдрийн энэ сургааль айлдварууд бид бүгдэд хэрэгтэй, биднийг урамшуулан зоригжуулах болно.”
Дээрхийн Гэгээнтэн сэдвийг үргэлжлүүлэн үгээ эхлэв. “Өнөөдөр би энэрэл нигүүлсэлийн тухай голчлон өгүүлэх “Сэтгэл оюуныг дадлагжуулах найман шад” гэдэг энэ жижиг номыг тайлбарлах болно. Паулагийн хэлснээр энэ ном зөвхөн Буддистууд бус, хүн бүрт хэрэгтэй байж чадна. Еврей, Христ эсвэл Лалын шашинтан байхаас үл хамааран хэрэв та сургааль номлолоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч хүн бол хайр энэрэл, зөөлөн сэтгэлийг дадуулахын үнэ цэнийг сайтар үнэлж чадна. Заримдаа бидний унших ном их зузаан байвал бидэнд залхуутай санагддаг, харин энэ номыг халаасандаа хийчихэж болмоор жижигхэн юм. Би 15, 16 настай байхдаа энэ номыг заалгаж байсан юм. Текстүүдийг би бүрэн цээжилсэн, өдөр бүр давтан хэлэх дуртай, надад ямагт хэрэгтэй санагддаг шүү.”
“Эхлээд би дээдийн номыг ерөнхийд нь тоймлон яримаар байна. Буддизм нь Энэтхэгт үүссэн гол шашнуудын нэг юм. Жейнизм, бас Самхия уламжлалд байдаг нэг урсгалд үздэгийн адилаар Буддизмд бүтээгч “эзэн” гэж байхгүй. Эдгээр уламжлалуудыг үндэслэгчид болох Махавира болон Будда нь жирийн хүмүүс байсан бөгөөд гэгээрлийн хутгийг олсон билээ. Тэд Энэтхэгт өргөн ашиглагддаг амирлан оршихуй сэтгэлийг төрүүлэх арга болон үлэмж үзэхүйн аргуудыг (шамата ба випашиана) хэрэглэсэн байдаг. Бурхан багшийн хувьд сэтгэл оюуны төлөв шинжэд гүн гүнзгий нэвтэрч өөрийн “би”-ийн мөн чанараа сайтар шинжилсэний дараа бие сэтгэлийн нэгдлээс тусдаа ямар нэг “би” гэж үгүй гэж дүгнэсэн билээ.”
“Эх сурвалжуудад өгүүлснээр хэрэв та өөрийн “би”-г хайвал энэ нь зөвхөн үзэл болохыг л олж мэднэ. Энд бие ба сэтгэлийн нэгдлээс илүү ямар нэгэн зүйл огт байхгүй. Сүйх тэрэгний эд анги бүрийг нийлүүлээд бид сүйх тэрэг гэж хардагийн адилаар харьцангуй “би” нь зөвхөн бие сэтгэлийн нэгдэл дээр л суурилдаг бөгөөд үүнээс тусдаа бие даасан “би” гэж үгүй. “Билгүүний үндэс” зохиолдоо хутагт Нагаржуна:
“Үйл хийгээд нисваанисыг арилгахуй цагт амгалантай
Үйл хийгээд нисваанис нь төсөөлөлөөс үүднэ
Тэдгээр төсөөллөөс цацарсныг
Хоосон чанараар арилгана гэжээ.
Бурхан Багш гэгээрлийн хутгийг олсныхоо дараа номоо айлдах эсэхтээ хэсэг хугацаанд эргэлзсэнийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэлээ. Тэрээр Бурхан багшийн тэр үед хэлсэн айлдварыг эш татав:
Гүн бөгөөд амгалантай, цацралаас хагацсан, гэгээн гэрэл бүхий
Рашаан мэт Дээдийн номыг би олов
Гэвч үүнийг номловоос хэн бээр ч үл ойлгох тул
Аглагт чимээгүй оршиё
“Энд “гүн бөгөөд амгалантай” гэсэн нь орчлон хорвоогийн зовлонгийн шалтгаан ба үр дагавар, мөн түүний уг үндсийг хэлснээс гадна зовлонгоос гарах шалтгаан ба үр дагавар, мөн гэтлэхүйн зам мөрийг, өөрөөр хэлбэл анхны номын хүрдний уг үндсийг номлосон юм.” “Цацралаас хагацсан” гэдэг нь хоёрдугаар номын хүрдний хоосон чанар ба билиг барамидын сургаалиудыг хэлж байна. Харин “гэгээн гэрэл” гэдгээр гуравдугаар номын хүрдний үед тайлбарласан утгын гэгээн гэрлийг өгүүлсэн байна. Энэхүү утгын гэгээн гэрэл нь Ханьцашгүй дандрын ёсонд маш чухал юм.”
“Бурхан Багш гэгээрэлд хүрсний дараах анхны энэ айлдвартаа ирээдүйд юу номлох гэж буйгаа тодорхойлжээ. Удалгүй өөрийн шавь Каундиньяа болон хүмүүн бус төрөлтнүүдийн айлтгалаар тэрээр номоо заасан билээ. Варанаси хотод айлдсан анхны номын айлдвар нь Хутагтын Дөрвөн Үнэний тайлбар байсан юм. Ингэхдээ зовлонгийн шалтгаан ба үр дагавар, түүний уг үндсийг амгалан үгүйн шалтгаан ба үр дагавар, харин зовлонгоос гарахуйн үр дагавар ба шалтгаан, түүний зам мөрийг амгалангийн шалтгаан ба үр дагавар гэж айлдсан юм.”
“Хутагтын Дөрвөн Үнэн тус бүрийг дөрвөн шинж чанартай уялдуулан ойлгож болно. Жишээлбэл зовлонгийн үнэнг бодохдоо зовлон мөн чанартаа мөнхийн бус, зовлонтой, хоосон бөгөөд өөрийн мөн чанаргүй гэж ойлгож болно. Зовлонгийн шалтгааны үнэний шинж чанарууд нь уг үндэс, бүхэн гарах, шалтгаан, машид төрүүлэгч юм. Зовлонгоос гарахуйн үнэнг арилгагч, амгалантай, тэгш оршихуй ба бүрэн гэтлэхүй, мөрийн үнэнг мөр, ухаан, ололт ба ангижрахуй гэсэн шинж чанаруудаар бясалгадаг. Эдгээрийг бодож бясалгах нь маш үр дүнтэй дадлага болно шүү.”
“Зовлон шаналал үүдэж буй сэтгэлийн хөдлөлүүд нь хэр хүчтэй эсэхээсээ үл хамааран бодит байдлыг эндүүрсэн гэмт сэтгэл дээр үндэслэсэн байдаг учраас хүчтэй суурь, тулгуур үгүй тул эдгээрийг арилгах боломжтой.” гэж Дээрхийн Гэгээнтэн цохож хэллээ. Мунхаг сэтгэл ба билиг ухаан хоёр нь сэтгэлийн эсрэг тэсрэг төлөв байдлууд гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулан хэлэв. “Гэрэл гарахад харанхуй арилдагийн адилаар “би” үгүй ба хоосон чанарын билиг билгүүн нь мунхагийг үндсээр нь тасалдаг. Билиг барамидийн сургаалиуд нь Хутагтын Дөрвөн Үнэн, тэр дотроо зовлонгоос гарахуйн үнэн ба мөрийн үнэнг дэлгэрэнгүй тайлбарладаг. Шүтэн барилдлагыг ойлгосноор бид Хутагтын Дөрвөн Үнэнг жинхэнэ утгаар нь ухаарна гэж Хутагт Нагаржуна айлджээ.”
“Билгүүний зүрхэн” сударт ‘Дүрс хоосон, хоосон нь ч дүрс болой. Дүрсээс тусад хоосон чанар үгүй, хоосон чанараас ч тусад дүрс үгүй.’ гэсэн нь оргүй хоосон оршдог гэсэн үг биш, харин юмс үзэгдэл үзэгдэж буй мөн чанараараа оршдоггүй гэдгийг хэлсэн билээ. Дүрс оршдог хэдий ч оноосон төдий, нэр төдий л юм. Сэтгэл дэх үзэл, бодлууд ч оноолт, нэр төдий л оршдог.”
“Хэрэв үүнийг ойлгож байвал та хоёр үнэний, юмс үзэгдэл оршин байдаг харьцангуй үнэн ба тэдний хоосон чанартай болох үнэмлэхүй үнэний уялдаа ач холбогдлыг ойлгох болно.”
Дээрхийн Гэгээнтэн Майдрын гэгээн/Хутагт Асангагийн “Илтэд онохуйн чимэг”-т гаргасан билиг барамидын сургаалиудын ил болон далд утгуудаас үргэлжлүүлэн тайлбарлалаа. “Шууд утга нь хоосон чанарын тайлбар боловч далд утгаараа зам мөрийн шатуудыг харуулсан юм. Далд утгаараа зам мөр нь Хоёр Үнэнээс эхлэх бөгөөд дараа нь Хутагтын Дөрвөн Үнэнг судлана. Үүнээсээ Чухаг Дээд Гурав буюу Бурхан Багш гэж хэн болох, түүний айлдсан номлол ба хуврагуудын үүргийн тухай ойлголтыг сайтар өгөхөд оршино.”
Атиша гэгээний номлосон “Бодь мөрийн зул” шастирын арга барил, бүтэц нь дараа дараагийн Мөрийн зэргүүдийн бүтэц зохион байгуулалтуудыг тодорхойлсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлаад энэ шастир нь уншигчийг дээдийн номын тухай урьдчилсан суурь ойлголттой гэсэн үндэслэл дээр бичигдсэн байдаг гэлээ.
Практик дадлагын хувьд авч үзвэл номыг үргэлжлүүлэн дадуулж дээшлэхийн тулд өндөр зэрэг, эсвэл сайн төрөл хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлов.
“Хутагт Нагаржунайн “Эрдэнийн эрхи” шастирт өндөр зэрэг олохын 16 шалтгааныг дурдсан байдаг. Үүнээс 13 нь хориглох ёстой үйлүүд юм. Эдгээрээс үйлдэх учиргүй арван хар нүглийн гурав нь бие махбодийн – амь таслах, хулгай хийх, зүй бусын хурьцал, дөрөв нь хэлний – худал ярих, хов жив, хатуу үг, чалчих тэргүүтэн, үлдсэн гурав нь сэтгэлийн – шунахай сэтгэл, хорт сэтгэл ба буруу үзэл зэрэг үйлүүд байна. Хязгаарлах ёстой нэмэлт гурван үйл нь архи уух, буруу аргаар амьдрах, бусдад хорлолыг үйлдэх зэрэг юм. Дадуулах гурван үйл нь хүндэтгэлтэйгээр өглөг өгөх, сайн нэгнийг дээдлэх, хайр гурав болно. Мөн Арьяадэва ингэж зөвлөсөн байдаг:
Эхэнд нүгэлт үйлээс сэрэмжил
Дараа нь “би” хэмээхээс сэрэмжил
Эцэст нь үзэл хийгээд бүхнийг буцаа
Үүнийг мэдэгч нь цэцэн бөлгөө
Дээрхийн Гэгээнтэн дараа нь “Найман шад”-аас уншиж эхэллээ. Эхний шад нь бид бусдаас хэрхэн хамаардагийг онцлоод энэрэл нигүүлслийг хэрхэн дадуулахыг харуулсан байгааг тайлбарласан юм.
“Үүнд хоёр үндсэн арга байна: Шалтгаан, үр дагаврын долоон увидас, мөн өөрийгөө бусдаар солих увидас юм.”
“Хоёрдугаар шаданд бусдыг өөрөөсөө илүү дээдлэхийн тухай өгүүлсэн байна. Гуравдугаарх нь шаналалт сэтгэл хөдлөлүүдээс сэргийлэх тухай зөвлөсөн бол дөрөвдүгээр шад нь өөрт тань зовлон бэрхшээл учруулагч хүмүүсийг сэтгэлдээ дотно үзэхийн үнэ цэнийг, тавдугаар шад нь ялалтыг бусдад өгч сурахыг, харин зургаадугаар шаданд өөрийн дайснаа номын садан гэж харахыг зөвлөсөн байна. Долдугаар шаданд өгөх, авахын дадлагыг нарийн тайлбарласан бөгөөд их асрал энэрлийн сэтгэлээр бусдын зовлон шаналалыг өөртөө авч байна гэж төсөөлөөд, их хайр нигүүлслийн сэтгэлээр хариу өөрийн аз жаргал амар амгалангаа өгч байна гэж төсөөлөх юм. Энэ бясалгалыг нууц гэсний шалтгаан нь энэ арга нь хүн бүрт тохирох арга биш гэдгийг илэрхийлж байна.”
“Төгсгөлд нь наймдугаар шадны эхний хоёр мөр нь магтаал, муушаал зэрэг ертөнцийн найман явдалд автахын эсрэг анхааруулсан байна.”
Сүүлийн хоёр мөр нь юмс үзэгдэл бүгдийг зэрэглээ мэт харахыг зөвлөсөн гэдгийг дурдаад Дээрхийн Гэгээнтэн хоосон чанарыг ойлгоход та буддист байх албагүй гэж тодруулж хэллээ.
“Сэтгэл оюуныг дадлагжуулахад үнэхээр их ялгаа гардаг.” гэж тэрээр тэмдэглэн хэлэв. “13 нас хүртлээ би үзэж судалж байсан зүйлсдээ сонирхол төрүүлж байсангүй. Аажимдаа энэ бүхэн үнэхээр хэрэгтэй юм байна шүү гэсэн бодол сэтгэлд төрсөн билээ. Энэтхэгт ирээд би өмнө нь үзсэн зүйлсээ дахин сэргээж судалсан даа. Тэгэхдээ энэ удаа миний зорилго бол зүгээр нэг шалгалт давах бус гэгээрлийн хутгийг олъё гэсэн хүсэл байсан юм. Хоосон чанарыг ойлгох, бас бусдыг энэрэн хайрлах сэтгэлээ тэлэх гэж оролдох нь өөр дээрээ төвлөрсөн сэтгэлийг аажмаар сулруулж байгааг би олж мэдсэн юм. Хэрэв би үүний үр дүнг хүртэж чадаж байгаа бол хичээн суралцвал хүн бүр үр дүнг нь бас сайтар хүртэж чадна гэдэгт би итгэдэг.”
Нийтдээ 21,000 хүн энэ удаагийн номын айлдварт оролцож, 400,000 хүн шууд дамжуулалтыг үзэж сонирхож, мөн 250 сайн дурын ажилтан үйл ажиллагаанд их туслалцаа үзүүлснийг Далай Ламын Сангийн Рэйниер Тиланус онцлон хэллээ. Голланд улсад зохион байгуулагдсан энэхүү гурван өдрийн арга хэмжээний үр дүнд 70,000 гаруй евро цугларчээ. Голландад амьдарч буй Төвөд хүүхдүүдэд Төвөд хэлийг заахад дэмжлэг болгох үүднээс 20,000 еврог нь хандивлахыг Дээрхийн Гэгээнтэн хүссэн байна. Үлдсэн мөнгийг Эмори Их Сургууль дээр хийгдэж буй нийгмийн, сэтгэл зүйн ба ёс суртахууны хөгжлийг дэмжих төсөлд хандивлах болно.