Энэтхэг, ХП, Дарамсала - “Висдом” хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Даниел Айткен “Шинжлэх ухаан ба үзэл онолын хураангуй” номын 2-р боть “Шинжлэх ухаан ба Энэтхэгийн Буддын сонгодог үзэл онолын хураангуй”-г нээхийн өмнө Дээрхийн Гэгээнтнийг уриад “Өглөөний мэнд” хэмээн мэндчиллээ. Тэрээр мөн энэхүү цахим номын нээлтэнд редактор Түптен Жинпа, орчуулагч Дэчин Рочард болон Жонн Данне, 1-р ботийн орчуулагч Иан Кохглан болон Доналд Лопез нартай хамт оролцож байгаад талархал илэрхийлэв.
“Энэхүү ботийг эрхлэн хэвлүүлсэн нь аугаа их үйл хэрэг байлаа.” хэмээн Айткен мэдэгдлээ. Тэрээр “Төвөд үндэстэн нь Наландын уламжлалыг хадгалж, хамгаалж ирсэн бөгөөд өнөөдөр энэхүү ботиор дамжуулан дэлхий дахинд, мөн уугуул Энэтхэг оронд нь буцаан өргөж байна.” хэмээв. Мөн “Висдом” хэвлэлийн газраас уг ботийг хэвлүүлсэн нь нэр төрийн хэрэг байлаа хэмээгээд хэвлэлтийн дээжийг цагаан хадагтай Дээрхийн Гэгээнтэнд өргөн бариж буй үйлдэл хийв.
Дараа нь тэрээр Висконсоны Мэдисоноос оролцож буй Жонн Даннег урилаа. Эрдэмтэн Жонн Данне “Оюун ухаан” номын бүлэг тус бүрийг тусгайлан барууны уншигчдад зориулан тайлбарласан нь орчин цагийн шинжлэх ухаанд дулимаг тодорхойлогдсон ойлголтуудыг буддизмын үүднээс тайлбарлахад чухал ач холбогдолтой болсон юм.
Буддистуудын хувьд сэтгэл оюун нь зовлонг даван туулахад оршдог гэж тайлбарладаг. Цаашилбал буддын онолд эртний баруун Европын хэв загвараас ялгаатай бие даасан “Би” гэж байхгүй гэж номлодог. Ийм ялгаатай байдлыг харгалзан тайлбарлах замаар орчин цагийн шинжлэх ухаан ба буддын шинжлэх ухааны хооронд гүүр болохыг эрэлхийлсэн байна.
Барууны танин мэдэхүйн шинжлэх ухаанд үзэгдэл ба мэдэгдэхүүн хоорондоо ялгаатай байдаг бол буддын номлолд сэтгэлгээний 5 хэв шинжээр обьектийгтодорхойлогддог тухай ялгаатайгаар тайлбарладаг.
“Уншигчид маань Наландын уламжлалаар оюун ухааны талаарх ойлголтыг авна гэдэгт бид итгэлтэй байна. Бид үүний ашиг тусыг тайлбарлахад хичээх болно. Бие, сэтгэлийг холбосон төвлөрөх бясалгалын үр дүн нь эрдэмтэд болон эмч нарын сонирхолыг ихэд татаж байна. Тиймээс нэмэлт тайлбараар дамжуулан бясалгах үед ямар үр дүн гардаг талаар хариулт өгөхийг зорьсон юм. Энэ хэсэгт онолын хувьд юу вэ, мөн бясалгал хэрхэн явагддаг вэ гэдгийг тайлбарлаж буй.”
Энэхүү цуврал ботиуд нь буддын үзэл онолын үүднээс ч өвөрмөц юм хэмээн Айткен тэмдэглэн хэлээд Дээрхийн Гэгээнтнээс энэхүү эмхтгэлийг яагаад санаачилсан талаар сонсохыг хүсэж байгаагаа дуулгалаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
"Би шашны томоохон уламжлал бүгдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Үзэл онолын ялгааг үл харгалзвал бүгд хайр энэрэл, хүлээцтэй байдал, өршөөн энэрэх, хувийн сахилга батын тухай номлодог шүү дээ. Буддын шашны үүднээс авч үзвэл шашин хүний бүтээл бөгөөд энэрэнгүй сэтгэл, өршөөн нигүүлсэх зэрэг хүний сайн чанаруудад анхаардаг. Учир нь бидний аз жаргалтай амьдралд эдгээр чанар тун чухал үүрэгтэй билээ.” хэмээгээд яриагаа эхлэв.
“Буддын шашны дотор ч өөр өөр уламжлал бий. Гэсэн хэдий ч "миний уламжлал", "тэдний уламжлал" гэж бодох нь буруу юм. Ялангуяа шашны нэрийн өмнөөс хоорондоо тэмцэлдэх нь тун харамсалтай. Тиймээс бид шашин хоорондын эв найрамдлыг дэмжих ёстой.”
“Буддын шашны хувьд, Бурхан Багш өөрийн шавь нартаа хандан “Ухаант хүн алтыг хайлуулж, тасалж, үрж шинждэгтэй адил миний сургаалыг сүсэглэх төдийд бус, нягталж судалсны дараа дагаарай гэж айлдсан байдаг. Пали уламжлал нь Бурхан Багшийн сургаалд ач холбогдол өгдөг бол Наландын уламжлал нь тэдгээр сургаалыг учир шалтгааны үүднээс задлан суралцдаг сургалтын гол зарчимтай. Иймээс Наландын эрдэмтэд Бурхан Багшийн айлдварыг ч учир шалтгааны ямар үндэслэлтэй болохыг нягтлан шалгаж ирсэн билээ.”
“Билгүүний үндэс” номондоо хутагт Нагаржуна Бурхан Багшийн сургаал 2 үнэн буюу үнэмлэхүй ба харьцангуй үнэний хүрээнд байх ёстой хэмээн өгүүлсэн байдаг. Энэхүү хандлагын амин чухал зарчим нь бодит байдлын мөн чанарыг ойлгоход оршино. Бурхан Багш харьцангуй ба үнэмлэхүй үнэний ялгааг бий болгоогүй, энэ нь юмс үзэгдлийн мөн чанар билээ. Буддын шашинд бодит байдлын мөн чанарыг ойлгоход гол анхаарлаа хандуулдаг. Харьцангуй үнэн нь аливаа зүйлийн гадаад байдлын талаарх ойлголт дээр тулгуурладаг. Харин үнэмлэхүй үнэн нь аливаа зүйлийн туйлын мөн чанарыг илэрхийлдэг юм. Гадаад төрх байдал, түүний дотоод мөн чанарт энэ мэт ялгаа бий.”
“Бурхан Багш хоёр үнэний тухай тайлбарлахдаа зовлон шаналал, түүний үндэс тэргүүтэй Дөрвөн Үнэний тухай тайлбарласан билээ. Зовлонг тодорхойлох гурван төвшин бий. Нэгдүгээрт, амьтад хүртэл мэдэрдэг бие өвдөх гэх мэт зовлон юм. Дараа нь хүмүүсийн таашаал, сэтгэл ханамж гэж андуурдаг хувирч өөрчлөгдөх зовлон буюу хувирахуйн зовлон орно. Эдгээр зовлон бүгдийн үндэс нь нийтлэг нөхцөлөөс буюу түгээмэл зовлонгоос үүдэлтэй. Аливаа зовлон бүхэн уг шалтгаанаас үүдэлтэй байдаг тул хэрэв бид зовлонтой тулгарахыг үл хүсвээс түүний шалтгааныг олж, арилгах хэрэгтэй юм."
“Зовлонгийн хоёр гол шалтгааныг үйл ба хорт сэтгэл гэж хутагт Нагаржуна тодорхойлсон билээ. Энэ хоёрыг арилгавал гэгээрэл (эрх чөлөө) бий болдог. Үйл нь хорт сэтгэлээс үүдэлтэй, тэр нь мунхагаас үүсдэг. Бодит байдлын мөн чанарыг ойлгосноор мунхаг буюу мэдэхгүйгээ даван туулна.”
“Зовлонгийн эдгээр шалтгаанаас салах боломжтой гэдгийг ойлгосны дараа түүнд хүрэх зам мөрөөр явах хүсэл эрмэлзэл төрж эхэлдэг. Итгэл, залбирлаар сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахгүй ба харин оюун ухааныг хөгжүүлэх замаар даван туулна. Гэгээрлийн зам мөрөөр замнахын тулд та сэтгэл оюуны талаар мэдэх хэрэгтэй. Сэтэл оюуныг ойлгож, сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулахын тулд та сэтгэлийн мөн чанарыг мэддэг байх хэрэгтэй. Буддын эх сурвалжуудад сэтгэл оюуны үндсэн шинж чанарыг тунгалаг, гэгээн гэрлийн мөн чанартай гэж тодорхойлдог.”
“Оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хэд хэдэн төвшин бий. Хорт сэтгэл хөдлөл нь тодорхой хүчин зүйлээс шалтгаалан оюун санааны бүдүүн төвшинд оршдог. Харин бясалгалын үед, эсвэл гүн нойронд автах үед сэтгэл илүү нарийн чанарт шилждэг бол оюун санааны хамгийн нарийн төвшин нь үхлийн үед бий болдог. Тэр үед тунгалаг, гэгээн гэрлийн оюун ухаан нь аливаа нөлөөллөөс ангид, өөрийн үндсэн чанараар илэрнэ.”
“Энгийн хүмүүс ч үхлийн цагт хамгийн нарийн, хамгийн дээд оюун ухаан, тунгалаг бөгөөд гэгээн гэрлийн чанарыг мэдэрдэг тул оюун санаа, ухамсрын янз бүрийн төвшинг судлах нь чухал ач холбогдолтой билээ.”
“Буддын шашны гол зүйл нь бодит байдлын мөн чанарыг ойлгоход анхаарлаа хандуулдагт оршдог. Өмнө хэлсэнчлэн бидэнд тулгардаг асуудлын үндсэн эх үүсвэр нь бодит байдлын мөн чанарыг мэдэхгүй байх явдал юм. Бид мунхагаас улбаатай сэтгэлийн зовлон үүсдэгийг зогсоох хэрэгтэй. Бурхан Багш гуравдугаар номын хүрдийг айлдахдаа тарнийн номлол дахь сэтгэлийн гэгээн гэрлийн тухай онцолсон юм.”
“Нууц тарнийн буюу очирт хөлгөнд сэтгэл ухамсрын нарийн төлвүүдийг нарийвчлан айлсдан билээ. Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ‘пранаяма’ гэх мэт арга техникийг ашиглахаас эхлэн ухамсарыг хамгийн нарийн байдалд нь оруулах боломжтой. Энэ бол цэвэр, тунгалаг, тодорхой ухамсрыг мэдрэх боломж юм.”
“Билиг билгүүний төгс төгөлдөр байдлыг тайлбарласан хоёрдугаар номын хүрдний сургаал дээр өөр нэгэн хандлага гарч ирсэнийг хутагт Нагаржуна, хутагт Аряадэва нар зохиол бүтээл дээрээ дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэдний үзэж буйгаар бид бодит байдлын тухай буруу ойлголттой байдаг гэжээ. Тиймээс бид буруу үзлээрээ бодит байдлыг хүлээн авч, сэтгэлгээний буруу хандлагыг бий болгодог. Тиймээс энэ буруу ойлголтыг зөв болгож авахыг бид зорьж байна. Олон төрлийн мунхаг үүсдэг бөгөөд түүнд дүн шинжилгээ хийж, задлан шинжилж, юмс үзэгдэл бидэнд харагддаг шигээ биш гэдгийг ухаарах ёстой. Мунхаг хорт сэтгэлийг бий болгож, улмаар бүхий л мэдэрхүйн мэдэлд түгэн нөлөөлдөг гэж хутагт Аряадева тайлбарласан юм.”
“Мунхагийн харанхуйг даван туулах арга зам бол хоосон чанарыг шүтэн барилдлагатай хослуулан ойлгох явдал юм. Бид хоосон чанарын тухай сургаалыг ойлгож, юмс үзэгдлийн мөн чанарын талаарх ойлголтоо зөв болгох хэрэгтэй.”
“Хүлээснээс ангижрах ба оршихуй нь хоёулаа оюун санааг чиглүүлдэг. Эртний Энэтхэгийн уламжлалд, тэр дундаа буддын шашны уламжлал нь оюун санааны мөн чанарыг ойлгохын тулд шашны зан үйлийн үүднээс бус, бодит байдлын мөн чанарыг таньж мэдэхийг чухалчилдаг.”
“Орчин үеийн шинжлэх ухаан нь бодит ертөнцийн талаар нарийвчлан шинжилдэг боловч сэтгэл оюуны тал дээр Энэтхэг болон буддын шашны уламжлал нь хавьгүй илүү буюу өөрийн онолтой төдийгүй түүнийг сургах арга техникийг эртнээс бий болгосон билээ. Энэ нь оюун ухааны төвлөрлийг хөгжүүлэх, мөн аливааг эргэцүүлэн дэнслэх, шүүмжлэлтэй хандах чадвараа хэрхэн хөгжүүлэх тухай юм. Эдгээр нь хоёр үндсэн аргатай бөгөөд нэг нь тайвнаар анхаарлаа төвлөрүүлж, нөгөө нь эргэцүүлж тунгаах замаар судлагаа хийх юм. Эцэст нь дүгнэхэд эрдэмтэд буддын шашныг судалсанаар заавал үр дүнд хүрэх болно.”
“Мэдрэл судлалын эрдэмтэд сэтгэл оюуныг тархитай холбон тайлбарладаг боловч Энэтхэгийн уламжлалд илүү нарийвчлан авч үздэг тул мэдрэхүй ба сэтгэлийн хэлбэрт ялгаатай байдлаар тайлбар хийдэг юм.”
“XX зууны сүүл хүртэл барууны хүмүүс оюун санаанд бага анхаарал хандуулдаг байв. Тэд оюун ухаан гэдэг үгийг зөвхөн тархи гэж боддог байлаа. Гэсэн хэдий ч, сүүлийн үед эмнэлзүйн хувьд нас барсан боловч бие цогцос нь муудахгүй олон хоног байж чаддаг лам нарын тухай яригдаж байна. Шинжлэх ухаан энэ үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байна. Түүнээс гадна бага насны хүүхдүүдэд өнгөрсөн амьдралынх нь талаар тод дурсамж үлдсэн тохиолдлууд байдаг. Тархинд нөлөөлж буй өөр зүйл байна гэдгийг эрдэмтэд аажмаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид үүнийг "сэтгэл оюун" гэж тодорхойлдог билээ.”
Дээрхийн Гэгээнтэн буддын сургаалын агуулгыг шинжлэх ухаан, философи, шашин гэсэн гурван хэсэгт хэрхэн ангилж болох талаар тайлбарлалаа. Тэрээр буддын үндсэн эх сурвалжаас шинжлэх ухаан, ялангуяа оюун санаа, философитой холбоотой судалгааны материалыг бүрдүүлэхийг эрдэмтэн лам хуврагуудаас хүссэн тухайгаа дурдав. Эхний ботийн орчуулгыг уншсан Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны арга барилаар батлагдсан Төвөдийн буддын шашны уламжлалыг гайхан биширч байсныг мөн дурдав. Тэрээр шашны номлолоос авсан шинжлэх ухаан, гүн ухааны тайлбарыг бодит байдал дээр болон эрдэм шинжилгээний хүрээнд шалгаж, судлах боломжтой гэлээ.
Даниэл Айткен эдгээр ботийг хэвлэн гаргаснаар дэлхий дахинд шинжлэх ухааны мэдлэгт нэмэр болохоос гадна өөр ашиг тус хардаг уу хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуухад тэрээр жирийн хүмүүст сэтгэлгээний эрүүл байдлыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэлээ. Хүн бүхэн эрүүл, аз жаргалтай байхыг хүсдэг ч сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэхийг мэддэггүй. Тиймээс хүмүүс зөвхөн бие махбодийн эрүүл мэнд бус, сэтгэлийн амар амгаланг олох тал дээр анхаарлаа хандуулах цаг болсныг тэрээр онцолсон юм.
Шинжлэх ухаан нь өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлэх талаар судлах боломжтой гэж тэр санал болгов. Ловон Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’-д тэвчээртэй байх талаар, бидний дайсан бол бидний хамгийн сайн багш бөгөөд бид түүнд талархах ёстой гэж айлдсан байдаг. Тэрээр хүмүүс бусдыг оюун санаандаа найз нөхөд, эсвэл дайсан гэж ялгадаг бөгөөд дайсандаа талархаж чадаж гэмээ энэ нь бидний сэтгэлийг амар амгалантай байлгадгийг онцолсон юм. Эдгээр бүхэн угтаа аливаа зүйл харагддаг шигээ байдаггүйг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой гэж нэмж хэлэв. Ийм бодол нь уур уцаар, сэтгэлийн үймэрлийг багасгахад тусалдаг. Үүгээр Дээрхийн Гэгээнтэн буддизмыг сурталчилж байгаа бус, харин сэтгэлийн амар амгалангийн тухай ойлголтыг дэлгэрүүлж байгаа юм гэж дүгнэлээ.
Айткен дараа нь Декен Рочардыг энэ номыг орчуулсан туршлагынхаа талаар ярихыг урьсан юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд орчуулагчаар ажиллах боломжийг олгосонд талархлаа илэрхийлээд "Орчуулга ихэвчлэн ганцаарчилсан үйл ажиллагаа байдаг, гэхдээ би энэ удаа Түптен Жинпа гэвш, Ян Коглан, Жон Данне нарын дөрвөн хүнтэй итгэлцэл, харилцан хүндэтгэлээр хамтран ажилласан юм.” гэлээ.
“Эх утга нь өөрөө олон төрлийн, нарийн төвөгтэй агуулгатай бөгөөд англи хэлтэй уншигчдад хүргэх нь тун ярвигтай ажил байсан. Оюуны ойлголтуудыг холбосон гүүр бий болгох нь урт хугацааны ажил юм. Энэхүү ном нь энэ үйл ажиллагааны нэг хэсэг нь л юм.”
“Энэ төсөл дээр ажиллах нь намайг Энэтхэгийн буддын шашны эх сурвалжтай танилцуулсан бөгөөд үүнийг ойлгохын тулд гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй байсан юм. Миний ойлголт баяжиж их зүйлийг мэдэж авсан, үүнд би их талархалтай байна. Баярлалаа.”
Айткен, Түптен Жинпа-г урьж цувралын ач холбогдлыг тайлбарлахыг хүсэв.
Түптен Жинпа,
“Эрхэм Дээрхийн Гэгээнтэн, хамт ажиллагсад, найз нөхөд минь, Энэтхэгийн буддын шашны сонгодог бүтээлээр Шинжлэх ухаан ба философийн хоёрдугаар ботийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа би маш их баяртай байна. Миний онцолж хэлэхийг хүсч буй зүйл бол энэ боть нь үнэхээр онцлог, өндөр ач холбогдол бүхий бүтээл болсон юм. Дээрхийн Гэгээнтний санаачлан, хийж гүйцэлдүүлсэн энэ ажил бол буддын шашны сэтгэлгээний 2500 жилийн түүхэнд үнэхээр шинэлэг үйл явдал боллоо. Энэ цуврал нь Энэтхэгийн Наландын агуу мастеруудын ойлголт, мэдлэг, мэргэн ухааныг дэлхий дахинд санал болгож буй билээ.”
“Төвөдүүд бид Наландын уламжлалыг хадгалагч гэдгээрээ бахархдаг. Абхидармын номлолд үндэслэн оюун санааны жимийг боловсруулан, бидний сэтгэлгээг нарийвчлан хөгжүүлж боловсруулсан болно. Ловон Дигнага, ловон Дармакирти нарын их сэтгэгчидийн арга ухааны зарчмаар ухамсарын мөн чанарыг задлан шинжилдэг. Очирт хөлгөний номлолд, ялангуяа ханьцашгүй их тарнийн номлолд сэтгэл оюун, бие махбодыг хий, ухамсар талаас нь авч үздэг өвөрмөц үзлийг харуулдаг юм. Үүн дээр нэмээд тарнийн уламжлал нь оюун санааг өөрчлөх бясалгалын арга техникээр хангадаг билээ. Жон Дүннигийн ажигласнаар энэхүү боть нь мэдрэл судлалын эрдэмтдийн хувьд онцгой сонирхолтой байх болно.”
“Цувралын редакторын хувиар, орчуулгыг хийсэн Дэчен Рочард, танилцуулга тайлбарыг бэлтгэсэн Жон Данне, хэвлэн нийтлүүлсэн “Висдом” хэвлэлийн Даниэл Айткен, ахлах редактор Дэвид Киттелстром, түүний хамтрагч Мэри Петрусевич нарт гүн талархал илэрхийлье. Түүнчлэн дацан хийдүүдийн эрдэмтэн лам нар болох Гандан Шарзэ дацангийн хамба лам Гэвш Жанчуп Сангей, Брайбун Лосолин дацангийн гэвш Агваан Сангей, Ганден Жанзэ дацангийн гэвш Чилса Дунчэн ринбочэ, Брайбун Гоман дацангийн гэвш Лувсан Гончог нарт олон жилийн нөр их хөдөлмөрөөр төвөд эх бичвэрийг бэлтгэсэнд гүнээ талархал илэрхийлье. Миний хувьд Дээрхийн Гэгээнтний энэхүү чухал алсыг харсан мэргэн санааг бодит ажил хэрэг болгоход зарим үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцсон нь нэр төрийн хэрэг байлаа.”
Даниэл Айткен цувралын талаарх түүний итгэл, хүлээлтийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн орчин үед материаллаг хөгжил асар их явагдаж байгаа ч бид дотоод ертөнцдөө төдийлөн анхаарал хандуулахгүй байна гэж хариулсан юм.
"Бид өөрсдийн хийсэн хүсээгүй асуудлуудтай тулгарсаар байна. Бид сэтгэл санаагаа амар тайван байлгах арга замыг хайх хэрэгтэй. Үүний тулд бид оюун ухаан, сэтгэл хөдлөл хэрхэн ажилдагийг мэдэх шаардлагатай болно гэсэн үг. Миний туршлагаас харахад ловон Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’, хутагт Нагаржунайн ‘Билгүүний үндэс’, хутагт Арядевагийн ‘400 шүлэг’ зэрэг бүтээлүүд надад сэтгэлийн амгалан тайван байдлаа хадгалахад тусалсаар байгаа билээ. Тиймээс би энэхүү мэдлэг хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.”
Айткэн Дээрхийн Гэгээнтэнд дахин талархал илэрхийлээд энэхүү ажилд оролцох нь түүний хувьд нэр төрийн хэрэг байсныг дурдав. Дээрхийн Гэгээнтэн цувралын хоёрдугаар ботийг гартаа барин, дэлгэцэнд харагдаж буй хувь нэмрээ оруулсан олон хүмүүсийн өмнө зургаа авахуулав.
Тэрбээр хэвлэгдээд удаагүй байгаа хоёр номыг орчуулсан орчуулагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлэн талархалаа илэрхийллээ. Мөн энэ ажлыг ашиг олохоос илүүтэй бусдад туслахын төлөө урам зоригоор хийх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн юм. Тэрээр ловон Шантидевагийн ‘Бодьсадвын явдалд орохуй’ номноос эш татан уншиж энэ удаагийн ярилцлагыг өндөрлүүлэв.
Ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлтэй
Ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсоноос гарна
Олон зүйлийг ярих хэрэг юун
Гэгээрсэн бурхадууд бусдын тусыг хийсэн
Эгэл нялхасууд амин хувиа хичээсний ялгааг хар
Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол
Бурханы хутаг олохыг бүү хэл орчлонд ч жаргалыг олж чадахгүй